Азийн сайд нар гамшгийн эрсдэлийг бууруулахаар зөвлөлдөж эхэллээ

2018-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА НҮБ-ын мандаттай Азийн 50 орны 3000 төлөөлөгч манай улсад чуулж эхэллээ. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид дөрвөн өдрийн турш хуралдаж дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид дуу хоолойгоо хүргэж буйгаараа онцлогтой гэж хэлж болно. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа Азийн сайд нарын II бага  хурал өчигдөр  “Оролцогч  талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан”-аар эхэлж Төрийн ордонд албан ёсоор нээлтээ хийсэн юм.  Ази тивийн гамшгийн эрсдэл нь Африк тивээс дөрөв дахин, Европ болон Хойд Америкаас 25 дахин өндөр байна. НҮБ-аас гаргасан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож буй нийт гамшгийн 45 хувийг эзэлж байгаа аж. Үүний зэрэгцээ гамшгийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын 38 хувь нь, гамшигт өртсөн хүн амын 85 хувь нь Ази, Номхон далайн орнуудад оногдож байна. Тиймээс дэлхийн улс орнууд гамшиг осолтой тэмцэж, хариу арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг тэргүүлэх чиглэлээ болгож байгааг сайд нарын хурлын үеэр онцолж байв. Мөн бүс нутгийн орнууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыг гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг хэмээн үнэлж байгаа төдийгүй энэ удаагийн олон улсын хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлогтойг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэсэн юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлтийн үеэр Шадар сайд, Ерөнхий сайд, НҮБ-ын ЕНБД-ын тусгай төлөөлөгч үг хэлснээс гадна Ази, Номхон далайн улс орнуудын хүүхэд, залуучуудыг төлөөлж монгол хүүхэд үг хэлснийг хүргэж байна.   Шадар сайд Ө.Энхтүвшин: БҮС НУТАГ ДАХЬ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ТОДОРХОЙ БОЛНО -Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна. Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө  гэдэгт итгэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна. Манай оронд цунами, далайн хар салхи зэрэг ихээхэн сүйрэл дагуулдаг гамшиг тохиолдож байгаагүй нь давуу тал мэт боловч ой, хээрийн гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин, ган, зуд зэрэг урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул байнга тохиолддог, хүн амын тоо бага, газар нутаг уудам, хот суурин газруудын хоорондын зай хол тул тээвэр, худалдааны зардал өндөр байдаг онцлогтой. Хурлын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтын талаар харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, олон улсын үзэсгэлэнгээр дамжуулан бид техник технологийн дэвшил, инновацийн хэрэглээг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЗОХИЦОХ, ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ НЭМЭГДҮҮЛЖ, АРГА ТЕХНОЛОГИО ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ -Улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал юм. Мэдээллийн санд тулгуурлан  шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй. Мөн Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгосноор гамшгийн эрсдэлийн талаар нэгдмэл, үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм. Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан болон албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар  дамжуулан олгох шаардлагатай. Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшиг тутмын гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт зэрэг гамшгийн давтамж болон далайц олширлоо. Иймд  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.  Гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглах,  түүнчлэн хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэ­вийн хад­галах боломж­той, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай . Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу эхнээс нь зөв загвар хийцээр, аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь зүйтэй. Гамшигт тэсвэртэй байх чадварыг бизнесийн байгууллагуудад бэх­жүү­лэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжье. Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажил­лагааны санхүүгийн меха­низмыг бүрдүүлэх нь зүйтэй.   Мами Мизутори: ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭЭС ГАДНА ШИНЭЭР ҮҮСГЭХГҮЙ БАЙХАД АНХААРАХ  ХЭРЭГТЭЙ   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн, хатагтай Мами Мизутори хэлсэн үгэндээ “Монгол оронд газар хөдлөлт, үер, ойн түймэр, ган гачиг тохиолддог. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн газрын Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхийг сайжруулах санаачлагыг бүс нутгийн хэмжээнд дэмжин ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Улаанбаатар хот гамшгийн эрсдэлийн менежментийн стратегиа Сендайн үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн сайжруулах туршилтын төслийг идэвхтэй хэрэгжүүлж байна.  Бид өнгөрсөн үе дэх гашуун туршлага санаж байж сайхан ирээдүйг цогцлоох болно. Гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улс бүс нутгаа тэргүүлж байгаа төдийгүй энэ хурлын дараа олон улс орон манлайлагч болж нэмэгдэнэ гэж итгэж байна. Ази-Номхон далайн бүс нутагт маш олон гамшиг тохиолдсон бөгөөд эдийн засгийн хохирол 34 тэрбум ам долларт хүрсэн нь Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатайг харуулж байна.   Бусад улс оронтой нэгэн адил, Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг байгуулан, нийгмийн бүхий л төлөөллийг багтааж, гамшгийн аюулд эмзэг байгаа байгууллага, иргэдийн санал бодлыг тус­гаж байгаа нь сайшаал­тай. Гамшгийн аюулд  өр­төж байгаа иргэдийн дуу хоо­­лойг бид сонсох нь чухал. Бидний өмнө тулгам­даж байгаа аливаа эрсдэ­лээс урьдчилан сэр­гийлэхээс гадна шинээр эрсдэл үүс­гэхгүй байхад ан­хаа­рал хандуулах хэрэгтэй.   З.Маралгоо: ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА   Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлтийн индэрээс “American school” сургуулийн V  ангийн сурагч  З.Маралгоо Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэлсэн юм. Тэрээр  “Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг зурагтаар харахад маш их айдас төрдөг. Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй хоцорч, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би уйлдаг. Ангийн найзууд болон багш нарынхаа хамтаар аюултай үед ба­рил­гаас болгоомж­тойгоор түргэн, шуурхай гарах сургуулилтуудыг хийдэг. Мөн  найз маань гэмтвэл анхан шатны тусламж үзүүлэх тухай ч зааж өгдөг. Эдгээр энгийн анхан шатны тусламжуудыг бид бүгд мэддэг байх хэрэгтэй. Ази-Номхон да­лайн бүсийн хүүхэд залуучуудтай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна” гэсэн юм. Энэ сарын 6-хүртэл үргэлжлэх энэ удаагийн хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг буу­­руу­лах “Улаан­баатарын тунхаглал”-ыг батлах юм. Харин салбар хуралдаануудаар улс орон бүр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратеги, төлөвлөгөөтэй болох, эрсдэлийн үнэл­гээг хөгжлийн төлөвлөлт­тэй уялдуулан гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох. Мөн жендэ­рийн мэдрэмжтэй, нийгмийн эмзэг буюу зорилтот бүлгийн хэрэг­цээ шаардлагыг хангасан гамш­гаас хамгаалах тог­тол­цоог хөгжүүлэх, тэд­ний оролцоо, манлайл­лыг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийн эрсдэ­лийг бууруулах үйл ажил­лагааг тогтвортой хөгж­­лийн зорилттой хэр­хэн уял­дуулах гээд олон чу­хал асуудлыг хөндөх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Өчигдөр 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин