Б.Үүрцайх: Охиныхоо сэтгэлийн тэнхээг мэддэг болоод намайг авч явсан байх

2014-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

Уулын спортын олон улсын хэмжээний мас­тер, гавьяат тамирчин Л.Болдбаатар энэ сарын 13-нд Баян-Өлгий айм­гийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван богд ууланд амжилттай гарч улмаар буулт хийх үедээ тус уулын Малчин оргилын хавцлаас унаж харамсалтайгаар амь эрсэдсэн. Болсон явдлын талаар зарим хэвлэл мэдээллээр өнгөрсөн өдрүүдэд буруу ташаа мэдээлэл гарсан аж. Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагууд болон талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд бодит мэдээлэл өгсөн юм. Талийгаач Л.Болд­баатарын охин Б.Үүрцайх­тай ярилцсанаа хүргэе.

-Аавыгаа уулнаас осолдох үед та хамт байсан. Ослын талаарх үнэн зөв мэдээллийг ганцхан та л хэлэх байх?

-Аав бид хоёр энэ сарын 6-ны өдөр Улаанбаатараас хөдөлж 8-нд Алтай Таван богд ууланд өвлийн спорт, тэр дундаа мөсөн авиралтын замыг тандах зорилготой авиралт хийх байсан. Аяллын үед хүйтнийг эс тооцвол цаг агаар харьцангуй тогтуун тайван байлаа. Энэ сарын 8-нд эхлүүлсэн авиралт тав хоног үргэлжилж 13-ны өглөө аав бид хоёр оргил руу сүүлийн дайралтаа хийж 18:00 цагийн үед оргилд амжилттай хүрсэн. Тухайн өдөр оргилоос буух замд үүлэрхэг, гэнэтхэн хүчтэй салхи дэгдэж аав хөл алдаж унасан. Осол гарах үед 20:00 цаг болж байсан шиг санагдана. Аз болоход би мөсөнд алхаа зоож амжсан. Тэгээд уулны урд талын мөстэй хэсгээр гулсаж буух техникээр доош буусан. Би аавын унасан газар руу хад, чулуутай хэсгээр дамжин хоёр цаг алхаж явсаар аавыгаа олсон юм. Хад асган дунд ухаангүй хэвтэх аавыгаа нас барна чинээ ер бодоогүй. Босчих байлгүй хэмээн хэсэг хүлээсэн. Аавыгаа цаг гаруй сахисны эцэст найдлага нэгэнт тасарсныг ойлгосон. Толгойдоо хүнд гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан. Осолдсон газраас мөн л цаг гаруй алхаж явсаар майхандаа хүрсэн. Энэ хооронд нэг километр орчим зайтай. Би майхандаа гэгээ орохыг хүлээсэн. Тэгээд тусламж хүсэхээр 14-ний өглөө гол дагаж 40-өөд км явсаар айлын бараа тэртээд үзэгдлээ. Тэнд Тува айл амьдардаг бололтой. Эзэнгүй айлд хоноод өглөө эртлэн босч хамгийн ойрхон байдаг “Загас нуур” бригадын төв рүү хөдөлсөн. Тэндээс Малчин ууланд осол гарлаа гэсэн мэдээлэл өгч холбоо барьсан даа.  

-Б.Үүрцайх олон янзын мэдүүлэг өгсөн гэж хэвлэлээр гараад байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Надад энэ хугацаанд олон янзын мэдээлэл өгөх зав гараагүй.  

-Бас болоогүй сэтгэл санааны гүн хямралд орж, оюун санаа нь самуурсан гээд байгаа?

-Би бага наснаасаа аавыгаа дагаж уул хаданд олон авирсан хүн. Уулчин хүнд байх ёстой хамгийн энгийн бэлтгэл бол сэтгэл зүй. Аав минь охиныхоо сэтгэлийн тэнхээг баргийн юманд нугарахгүй гэдгийг мэдэрсэн болоод энэ өндөр хайрхан руу авч явсан байлгүй дээ. Би аливаад тайван байж, хүнд байдлаас гарахад бэлтгэгдсэн гэж өөрийгөө боддог.

-Аврах багийнхан эрэн хайх ажиллагаанд муу оролцсон гэж ярих хүн байна?

-Эрэл хайгуул хийсэн зүйл байхгүй. Угаасаа болсон явдал нь тодорхой, осолдсон газраа би мэдэж байгаа учраас энэ тухай сөрөг мэдээлэлд би няцаалт өгмөөр байна. Аавын цогцосыг буулгах ажлын багт Онцгой байдлын албаны залуу аврагчид болон нутгийн иргэд нийлсэн 18 хүн ажилласан. Тэд эхний өдөр шарил байгаа газарт хүрч чадалгүй майхан байгаа газраас буцсан юм билээ.

-Яагаад тэр вэ?

-Аврах багийнхан майхан байгаа газраас цааш мэргэжлийн уулчингүй явахгүй гээд. Тэр нь ч зөв байсан. Дараа өдөр нь уулын спортын гурван тамирчин, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн н.Батхүү ахлагчтай тусгай бэлтгэгдсэн хүмүүс шуурхай ажилласан боловч техникийн асуудлаас болж мөн л эргэж ирсэн. Харин гурав дахь өдөр нь спортын мастер н.Баасанжав, н.Азаард, н.Агваанданзан, Хилийн цэргийн ангиас н.Болд тэгээд миний бие техникээ сайжруулаад дахин мацсан. Бид тав өглөө 06:00 цагт доороос хөдлөөд оройн 22:00 цаг гэхэд шарилыг амжилттай буулгасан. Шарил буулгах ажилд Монголын бүх уулчин явахад бэлэн гэдгээ мэдэгдэж байлаа. Гэвч энэ ажилд таван хүн байхад л хангалттай. Тэр оройдоо шарилыг Өлгий хот руу авч яваад Улаанбаатар руу явуулах үйл ажиллагаанд Монголын уулчдын үндэсний холбоо, ССАЖЯ-наас зардал дээр тусалж 21-ний 17:00 цагийн орчимд Улаанбаатарт авчирсан.

-Та өмнө нь аавтайгаа ямар ууланд авирч байв?

-Би 13 настайдаа аавтайгаа хамт Отгонтэнгэр уулын бэлд очиж үзсэн. Түүнчлэн хадтай ууланд нэг бус удаа авирсан. Харин аав маань Цамбагарав ууланд өвлийн авиралт хийж цана, чаргаар бууж хүртэл үзсэн туршлагатай нэгэн байлаа.

-Өөрөө Польш улсад сурдаг гэв үү?

-Тийм ээ. Польш улсад сурч байгаа, энэ жил магистераа хамгаалах учиртай. Би сүүлийн хоёр жил хадтай өндөр уулын авиралтаар тууштай хичээллэж байгаа.

-Таныг энэ авиралтыг санаачилсан гэж ярьж байна лээ?

-Энэ авиралтын багийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн бүрдүүлсэн. Бид хоёртой хамт Алтай Таван богдод авирах байсан 2-3 хүүхэд ар гэрийн шалтгаанаас энэ удаа өнжих болсноо дуулгасан юм. Тэгээд л аав бид хоёр авиралтаа хийсэн.

Энэ дашрамд тусгайлан талархал илэрхийлэх ёстой хүмүүсийн нэрийг дурдъя. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн н.Батхүү ахлагчтай хамт олон. Мөн гурван уулчин ахдаа баярлалаа. Уулын бэлээс 100-аад метрийн зайд аавын минь шарилыг уулчин н.Азат, Б.Баасанжав хоёр маань өндөр ур чадвар гаргаж буулгасан юм шүү. Түүнчлэн эрэн хайх ажиллагааны багийнханд газраа ойлгомжтой зааж өгсөн нутгийн иргэд, Байгаль хамгаалагч н.Гантулга, Цэнгэл сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч, Баян-Өлгий аймгийн шинжээч, цагдаа, ОБЕГ-ынхан зэрэг хүмүүст гүнээ талархаж байна. Үүнээс гадна миний бие буяны ажил гээд хэвлэл мэдээлэл унших завгүй явна. Миний ойр тойрныхоны хэлснээр “Буяны ажилд хандив хүсч байна” гэж мэдээлсэн гэнэ лээ. Тийм зүйл огт байхгүй. Монголчууд буяны ажлыг хандиваар бүтээдэг гэж би лав сонсоогүй юм байна. Харин “Оргил өөд” клубынхан талийгчийн маань хойдын буянд зориулж  1000 зул өргөсөн байна лээ. Үүнд маш их талархаж байна.

-Уулчид авиралт хийхийн өмнө зөвшөөрөл авдаг гэсэн. Холбооны зүгээс хориглосон зүйл бий юу?

-Бид хоёр зохих журмынх нь дагуу зөвшөөрөл авч авиралтаа хийсэн. 

-Манай уулын спортын түүхэнд үүнээс өөр осол гарч байв уу?

-Монголын уулын спортын түүхэнд дөрвөн осол гарсан гэдэг. 1961 оны аравдугаар сард Увс аймгийн Түргэний ууланд Р.Явуулан гэж кино зураглаач осолдож амь насаа алдсан гэж дуулсан. Мөн 1994 оны хавар Дуган хаданд болсон тэмцээний өмнөхөн бэлтгэл хийж байсан уулчны олс суларч улмаар н.Буянтогтох гэдэг уулчин амь эрсэдсэн. 

-Аавтайгаа хэдэн метрийн зайтай явж байсан бэ?

-Тухайн үед хоорондоо хоёр метрийн зайтай буулт хийж байсан. Бид хоёр уулын газрын байрлалаас шалтгаалан олсгүй явж байсан юм. Хүн гэдэг чинь их сонин. Юун түрүүнд осолдсон аав дээрээ эрүүл очих нь хамгийн чухал гэдэг зүйл бодогдсон. Би бараг чулуу болгоноос тэвэрч буусан даа. Миний буусан замаар өмнө нь уулчид бууж байгаагүй юм билээ.    

-Талийгаачийг хэзээ хөдөөлүүлэх вэ?

-Маргааш өглөө нэгдүгээр эмнэлгээс гаргана.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

12 цаг 34 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

12 цаг 36 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

15 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

18 цаг 37 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

18 цаг 45 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

23 цаг 46 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

23 цаг 46 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

23 цаг 46 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

23 цаг 46 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

23 цаг 46 мин