
Б.УРАН
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд хэрхэн захиалга авах журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болох боломж ийнхүү бүрдлээ. “Буянт-Ухаа” орон сууцны барилгын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм.
Метр квадратын үнэ нь 1 280 000 төгрөг байхаар тогтсон билээ.
Ашиглалтад орсон болон цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна. Ченжүүдийн гараар дамжихаас сэргийлэхийн тулд худалдан авсан иргэдэд байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүргийг хүлээлгэх зарчмаар зохицуулж байгаа юм. Хэрэв энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон cууцны тухайн үеийн нэгж талбайн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай ажээ. Залуу гэр бүл гэж хэнийг хэлэх, ямар шаардлага тавигдах, захиалгын өргөдлийг хэрхэн өгөх гээд Засгийн газрын баталсан журмын дэлгэрэнгүйг уншигчиддаа хүргэж байна.
35-ААС ДООШ НАСНЫ ЭХНЭР, НӨХРИЙГ ЗАЛУУ ГЭР БҮЛД ТООЦНО
“Буянт-Ухаа 1” хорооллын нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг зорилтот бүлэгт хуваарилах юм. Зорилтот бүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл гэсэн зохицуулалтыг хийж байгаа. Ахмад настан гэдэгт 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй, чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг гэж заажээ.
Харин залуу гэр бүл гэдэгт ямар насны хүмүүсийг хамруулах талаар иргэд ихээхэн сонирхож байсан. Тэгвэл журамд зааснаар албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёр тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд “Буянт –Ухаа 1” хорооллоос орон сууц худалдан авах эрхтэй болж байгаа юм.
Квот хуваарилах зарчмаар орон сууцыг борлуулна. Ингэхдээ хэн хэдэн хувийн квотод хамрагдах талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. Нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад зориулна гэдгийг дээр хэлсэн. ТОСК-ийн Бодлого зохицуулах хороо нь төрийн байгууллагуудад хуваарилах орон сууцны квотыг батлах юм байна. Харин үлдсэн 40 хувийг зорилтот бүлэгт хэрхэн хуваарилах вэ. Үүнээс хамгийн их буюу 70 хувийг нь залуу гэр бүлд, 20 хувийг нь ахмад настанд, 10 хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулахаар шийдвэрлэжээ. Хэрэв квотод багтсан хэрнээ захиалгаа өгч, худалдан аваагүй тохиолдолд бусдад шилжүүлэх юм байна.
АНХ УДАА ОРОН СУУЦ АВЧ БАЙГАА НЬ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Үндэсний компаниудын барьсан, хямд үнэтэй хорооллоос байр авах хүсэлтэй иргэдэд дараах нийтлэг шаардлагыг Засгийн газраас тавьж байна. Үүнд, Монгол улсын иргэн байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа, төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх, Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу хэрэгжүүлсэн “4000 төрийн албан хаагчийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх, Засгийн газраас хэрэгжүүлсэн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын дагуу хэрэгжүүлж байгаа жилийн найман хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх гэсэн шаардлагыг тавьж байна. Мөн захиалгын гэрээ байгуулж орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлж, худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхийг хориглолоо.
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭЖ АВАХДАА ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНА
Төрийн байгууллагууд өөрсдөдөө хуваарилагдсан квотын тоонд багтаан, энэ журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг нь ТОСК-д албан ёсоор ирүүлэх ёстой. Харин зорилтот бүлгийн иргэдээс захиалга авахдаа тэдэнд хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлах юм байна. ТОСК-аас цахимаар өргөдөл хүлээн авах хугацааг тодорхой өдөр, цаг, минутаар хязгаарлах бөгөөд энэ хугацаанд өргөдлийг илгээж, нууц /пин/ дугаар авсан иргэдийн дунд захиалгын гэрээ байгуулах сонголтыг хийнэ.
Энэхүү журмын шалгуурыг хангасан, байр худалдан авах сонирхолтой иргэн ТОСК-ийн цахим хуудсаар дамжуулан байр захиалах өргөдлийн маягтыг бөглөж, цахимаар пин дугаар авна. Хэрэв цахимаар захиалгын хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо нь тухайн зорилтот бүлэгт хуваарилах орон сууцны тооны хязгаараас хэтэрсэн тохиолдолд иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулна. Сугалаа явуулах журмыг
ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. Гэрээ байгуулах эрх авсан этгээд нь энэхүү журмын нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхийг ТОСК хянан үзэж, шаардлага хангасан этгээдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулна.
ХУДАЛДАН АВСАН БАЙРАА ЗӨВХӨН ТОСК-Д БУЦААН ХУДАЛДАНА
Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүн амыг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийн захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж орон сууцыг иргэдэд худалдан борлуулах ажиллагааг энэ журам болон захиалга авах, худалдан борлуулах талаар дотооддоо мөрдөгдөх холбогдох журмын дагуу хариуцан зохион байгуулж байгаа юм. Тус байгууллага захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн худалдан авагчид байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөд зээл олгохоор гаргасан банкны шийдвэрийг үндэслэн тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулж, гэрчилгээг банкинд хүргүүлнэ.Орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ. Хэрэв худалдан авагч 15 жилийн дотор орон сууцаа худалдах шаардлагатай бол ТОСК-иас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдах үүрэг хүлээх юм.