
Н.МӨНХЖИН, Д.ЖАВХЛАН
Төрийн өмчит “Автобус нэг” баазын жолооч, кондукторууд ажил хаялт зарлаж, нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ саатаж, бухимдсан иргэд олон байна. Тус баазын жолооч, кондуктортой уулзаж, энэ талаар тодруулга авлаа. Тэд нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Дүн өвлийн хүйтэнд нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг жолооч, кондукторууд ажил хаясан нь өнөөдрийн гол сэдвийн нэг болж байна. Яагаад ажил хаях болов?
-Ерөнхийдөө бол баазын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр солих шаардлага тавьж байгаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн томилгоогоор хуульч мэргэжилтэй гэх Ц.Одонтунгалаг манай баазын дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хариуцлага өндөртэй энэ салбарт мэргэжлийн бус хүн томилсон нь эхнээсээ алдаа байсан. Гэтэл Ц.Одонтунгалаг баазын дарга болсноос хойш боловсон хүчний орон тоог нэмж, үргүй зардал гаргахаас өөр гавьтай юм хийсэнгүй.
-Баазын удирдлагууд хэлэхдээ, та нарыг 800 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн цалин гар дээрээ авдаг гэж яриад байгаа?
-Манай удирдлагууд хэвлэл мэдээллээр тийм утгатай зүйл ярьсан байна лээ. Үнэн хэрэгтээ бидний дундаж цалин 350-500 мянган төгрөг. Тэдний яриад байгаа цалинг бид өмнө нь хэзээ ч авч байгаагүй. Ц.Одонтунгалаг гэдэг хүн манай баазын дарга болсноос хойш цалин улам дордсон. Тиймээс бид цалингаа нэмүүлэхийг шаардаж түр зогсолт хийсэн нь энэ.
-Удирдлагуудын зүгээс цалин нэмэх талаар юу хэлж байх юм?
-Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлснийхээ хөлсөнд хүүхэд 400, том хүн 600 төгрөг төлдөг болох юм гэнэ. Тэгж байж жолооч, кондукторуудын цалинг нэмэх юм байх. Автобусны тасалбарын үнийг 600 болгохгүйгээр бидний шаардаад байгаа цалинг нэмэх бүрэн боломжтой.
-Цалинг нэмэх өөр ямар арга зам байна гэж?
-Баазын бүх автобусыг цэнхэр өнгөөр будах, бариулуудыг шинэчлэх, суудлын бүрээсийг солих гээд хэрэггүй зүйлд зардал их гаргасан. Уг нь автобус болгонд гурван ээлжийн солих суудлын бүрээс бий. Баазын дарга Ц.Одонтунгалагийн нөхөр, улсын заан Д.Бумбаяр гадаад харилцааны дарга хийж явна. Д.Бумбаярын оруулж ирсэн тэр хоёр чингэлэг сэлбэг манай автобусанд тохирдоггүй. Тохирсон ганц нэг юм нь нэг донсолгоонд л хагараад уначихаж байгаа юм. Нягтлан нь бас Ц.Одонтунгалаг даргын найз юм гэнэ.Тэр хүн гадагшаа явж автобусны сэлбэг оруулж ирдэг юм гэсэн. Дашцэрэн даргын үед бид багадаа л гэхэд 500 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Одоо тэгэхэд төлөвлөгөөгөө биелүүлээд ч 400 мянган төгрөг авч чадахгүй байна. Гэтэл дарга нар хэвлэлээр ярихдаа кондуктор 800 мянга, жолооч 1.2 сая төгрөгийн цалинтай гэж ярилаа. Телевизэд жолооч, кондукторууд яриа өгөхөөр хасчихдаг юм билээ. Тухайлбал “Оллоо” ТВ-д өгсөн ярилцлага гараагүй байх жишээтэй.
-Жолооч нарт түлшний төлбөр ногдуулдаг гээд байгаа?
-Гурван есийн хүйтэнд нэмэлт халаагчаа тавихгүй гээд яах юм. Мөн хүйтэнд автобусаа унтраавал дахин асна гэсэн ойлголт байхгүй. Аргагүйн эрхэнд нормалдуулна. Хоолонд орсон ч тэр. Замын түгжрэлийг ч бас мартаж болохгүй. Гэтэл сарын эцэст жолооч нарт түлшний торгууль гээд цалингаас мөнгөн торгууль суутгадаг. Манай жолооч нар түлш хэмнэсэн үедээ урамшууллын мөнгө авдаг байсан. Одоо тэр урамшуулал олгогдохгүй л байна.
-Баазын удирдлагууд ажил хаясан жолооч, кондукторуудын төлөөлөлтэй уулзсан биз дээ?
-Уулзсан ч амжилтгүй болсон. Тэр бүү хэл Ц.Одонтунгалаг дарга бидний цалинг ч мэддэггүй юм билээ. Баазын 600 гаруй ажилчин сарын эцэст цалингийн мэдүүлгийн хуудас авдаг. Тэр хуудсанд нь хоол, унаа болон цалингийн шимтгэл гээд бүх зүйл тодорхой байдаг юм. 400 мянгаас дээш цалин авсан хүн тун ховор. Цалингаа эргэж тооцож үздэггүй хүмүүс байдаг. Саяхан манай ажилчид цалингаа тэр мэдүүлгийн хуудсаар нь шүүж үзтэл 40 гаруй ажилчны цалинг дутуу бодож олгосон байсан. Энэ юу болж байгаа юм бэ гээд үзүүлтэл баазын ерөнхий нягтлан Д.Юнгэр “Уучлаарай программын алдаа гарчээ. Маргааш дутуу цалинг нь оруулчихъя” гэсэн. Маргааш нь дансаа шалгатал тэр дутуу оруулсан байсан цалингийн 40 хувь нь шилжээд ороод ирсэн байгаа юм. Энэ олон хүний цалинг ингэж шүүрхий боддог нягтлан энд байх шаардлага байна уу. Бас болоогүй ажилчдын амралтын хоногийг дутуу боддог. Одоо болохоор бидэнд өгдөг тэр цалингийн мэдүүлгийн хуудсыг “Тэр бол худлаа тоо, яг үнэндээ бид нар үүнээс илүү цалин өгч байгаа” гэж байгаа юм даа. Ийм байж болох уу.
-Та нар хэвлэл мэдээлэлд хандсан л биз дээ?
-Хэт нэг талыг баримталсан мэдээ мэдээлэл гарч байна. Бидний яриад, шаардаад байгаа зүйлийг ерөөсөө гаргахгүй юм. “Автобус нэг” баазад Ц.Одонтунгалаг ганцаараа ирээд боловсон хүчний орон тоог нэмсээр ирлээ. Тээврийн яамны сайдын гаргасан тогтоолоор, жолоочийн цалин цагийн 5000, кондукторынх 4000 гэж байгаа. Бодит байдалд жолооч цагийн 2300, кондуктор 1800 төгрөгийн цалин авч байна. Гэтэл жолооч, кондукторууд илүү цагаар ажиллаад ч тэр 800 мянга, 1.2 сая төгрөгийг авч чадахгүй байна шүү дээ. Кондукторууд уртаар буюу нэг автобусанд гараад буунгуутаа өөр автобусанд гарч байж л 800 мянгын цалингийн захад хүрдэг. Бид нэг цаг ажиллах хөлсөө авч байвал ажил хаях шаардлага үнэндээ алга. Баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг хүлээж авахгүй байгаа манай удирдлагад ямар зорилго байгаа юм, ойлгохгүй юм. Бид Үйлдвэрчний эвлэлийн даргаа дотроосоо олонхийн саналаар хоёр удаа сонгосон. Баттөр гэж залуу бий, бид нартай адилхан жолооч байсан. Баттөр жолооч, кондуктор бидний төлөө их зүйл хийсэн. Гэтэл манай удирдлага тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй, сонгогдсоноос хойшхи найман сарын цалинг нь ч өгөхгүй боож байна. Үйлдвэрчний эвлэл нь удирдлага дээрээ ороод хамтын ажиллагааны гэрээ байгуулъя гэхээр цааргалаад байдаг. Энэ асуудлаар даргын өрөөнд орохоор биднийг хэл амаар доромжлоод, гарцгаа гэж хэлдэг. Цаашид улстөржсөн, энэ салбарыг мэддэггүй хүнээр “Автобус нэг” баазыг самруулмааргүй байна. Нийтийн тээврийн хамгийн том гэгдэх 120 гаруй автобустай бааз ажил хаялт зарлаад байхад төр засгийн удирдах хүмүүсээс нэг ч хүн бидэн дээр ирээгүй.
-Огт ирээгүй гэж үү?
-Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Эрдэнэбат л ирж бидэнтэй уулзсан.
-Баазын удирдлага та нарын шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Баазын удирдлагыг огцортол тэмцлээ үргэлжлүүлнэ.
-Тушаал нь гараагүй жолоочийг шугманд хөөж гаргасан юм уу?
-Тэр их сонин. Манай баазад өргөдөл өгсөн хэрнээ тушаал нь гараагүй туршлагагүй жолоочийг ном журмаа зөрчөөд шугаманд гаргачихсан байгаа юм. Хөөрхий түүнд “Таван сая төгрөг өгье, шугаманд гарчих” гэж хэлсэн гэсэн. Тэр Даваадаш гэдэг залуу дарга нарын хууль бус тушаалыг биелүүлэхээр 1-004 номерын автобусаар үйлчилгээнд гарах гэж байгаад баазын үүдэнд жирэмсэн эмэгтэйг шүргэчихсэн. Тэр залуу энэ дарга нарын хууль бус, увайгүй үйлдлийн золиос болчихлоо шүү дээ. Цагдаа, шүүх дээр дуудагдаад явж байна. Ном журмаа баримталсан бол мэдээж ийм юм болохгүй байсан.
-Түүнийг шугаманд гарахыг хэн тушаасан гэж?
-Баазын хяналтын албаны дарга Нарантуяа тэр залууг утсаар тушаасан юм билээ. Бас 1-070 номерын автобус дээр Мөнхбат гэж залуу согтуу гараад таван шарын цагдаагийн постон дээр баригдсан. Уг нь ном журмаараа бол шалгах механик автобусны бүрэн бүтэн байдал, жолоочийн үнэмлэх, согтуу, эрүүлийг нь үлээлгэж шалгаж байж сая шугаманд гаргадаг журамтай. Гэтэл тэр журмаа ч баримтлалгүй, тушаал нь гараагүй жолоочийг хуурч шугаманд гар гэж гаргаад ийм харамсалтай явдал болж, хүний амьдралаар наадаж байна.