
-Манай сонины тоймч Ч.Үл-Олдох “Бурхан халдуныг онцгой бүс болгоё” бүтээлээрээ шилдэг сэтгүүлч боллоо-
Д.БОЛОРМАА
Улиран одож буй 2013 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага болон шилдэг сэтгүүлчид өчигдөр тодорлоо. Сэтгүүлчдийн дээд байгууллага болох Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулсан энэ арга хэмжээ сэтгүүл зүйн салбарын бүхий л салаа мөчрийг хамарснаараа онцлог болов. Телевиз, сонин, фм радио, сайт, орон нутгийн телевиз болон сонин, салбарын хэвлэл гээд өргөн хүрээг хамарсан юм. Энэ нь үндэсний сэтгүүл зүйн 100, чөлөөт хэвлэлийн 25, Монголын сонины холбооны 15 жилийн ой зэрэг түүхэн баяр давхацсан жил 2013 онд тохиосонтой холбоотой гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид онцоллоо. Харин энэ түүхт жилд “Зууны мэдээ” шилдэг сониноор шалгарч, манай сонины Тоймчдын албаны дарга Ч.Үл-Олдох шилдэг сэтгүүлч боллоо. “Зууны мэдээ” сонин нь нийгмийн хариуцлагатай байгууллагын нэг гэдэгтэй та бүхэн санал нэгдэх байх. Бид нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн гаргаж нийтлээд зогсохгүй ажил хэрэг болтол нь хичээн ажилладаг баг хамт олон. Үүний нэг нь “Бурхан халдуныг онцгой бүс болгоё” хэмээх цуврал сурвалжлага юм. Цуврал сурвалжлагын маань дараа Засгийн газрын тогтоол гарч энэ хайрханыг “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн нь бидний их ажлын үр дүн байлаа. Мэдээж энэ хариуцлагатай үүргийг манай тоймч Ч.Үл-Олдох гүйцэтгэсэн учраас шилдэг сэтгүүлчээр шалгарсан юм.
“БИД УНШИГЧДЫНХАА ИТГЭЛ, УРМЫГ АЛДАХГҮЙ”
Бурхан халдуныг онцгой бүс болгох тухай нийтлэлээс гадна “Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна” гэсэн байгаль дэлхийнхээ төлөөх сурвалжлага, “Хуучин дугуйны импортыг хориглоё” гэсэн ард түмнийхээ эрүүл мэндийн төлөөх цуврал сурвалжлага маань нийгмийн хариуцлагатай хэвлэл мэдээлэл болоход чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Шилдэг сонин болсны цаана Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаярын менежмент, удирдах ур ухаан, ажлын зохион байгуулалт “нуугдаж” байдаг. Түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.
-2013 оны хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд бидний хувьд түүхэн он жил байлаа. Сэтгүүлзүйн 100, Монголын сонины холбооны 15 жил гээд олон чухал үйл явдал давхцсан энэ онд “Шилдэг сонин”-оор өргөмжлөгдсөндөө баяртай байна. Энэ бол манай хамт олны амжилт. Бид өнгөрч буй онд маш завгүй ажиллалаа. Мэдээллийн хэд, хэдэн акц зохион байгууллаа. Үүний заримынх нь үр дүн гарч Засгийн газраас тогтоол хүртэл гарлаа. Цаашдаа нийгмийн хариуцлага, хүний эрхийн төлөөх чиг баримжаагаа алдахгүй ажиллах болно. Бид уншигчдынхаа итгэл, урмыг алдахгүй үнэний төлөө, тэнцвэртэй мэдээллийн төлөө цаашид улам хичээж ажиллана. Уншигчиддаа шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
“НИЙТЛЭЛИЙН ҮР ДҮН ГАРАХ Л ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ БАЙДАГ”
Шилдэг сэтгүүлчээр шалгарсан Ч.Үл-Олдох эгчийнхээ баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
-Сонин уншдаг, захиалдаг, өглөө талх, сүүтэйгээ хамт сонины шинэхэн дугаарыг авч харьдаг бүх хүнд баярлалаа. 2013 он миний болоод манай хамт олны хувьд сайхан жил байлаа. “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин өдөр тутмын том сонины нэг. Бид өмнө нь барилгын салбарт өрнөж буй асуудлыг хөндсөн “Мантуушийн маапаап” нийтлэл, сурвалжлага, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ улс оронд ашгаа өгч буй эсэх талаар “Хөсөр хаяж сул асгасан газрын тос” асуудал хөндсөн нийтлэл, сурвалжлагаар Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж сан”-гийн шагналыг хүртсэн.Энэ удаа Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Монголын сэтгүүлзүйн 2013 оны сонины шилдэг сэтгүүлчийн шагналыг “Бурхан Халдунд халдагсдын мөрөөр” эрэн сурвалжлага, Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” редакцийн хэлэлцүүлгээр хүртсэндээ баяртай байна. Мөн манай хамт олон шилдэг байгууллага болсонд уран бүтээлч, сэтгүүлч нөхөд маань магнай тэнэгэр шинэ оноо угтаж байна. Бидний бүтээлийг салбарын сайд Ц.Оюунгэрэл “Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд том хувь нэмэр орууллаа” хэмээн өнгөрсөн хавар үнэлж байсан. Засгийн газраас
энэ намар Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрханаар өргөмжлөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан нь хэрэгжиж байна” гэсэн юм.
Манай хамт олноос гадна хэвлэл мэдээллийн олон байгууллага, сэтгүүлчид шилдгээр шалгарсан. Шилдэг сониноор манайхаас гадна “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Ардчилал”, “Монголын мэдээ” тодорсон. Харин шилдэг телевизээр “Ийгл”, “ETV”, “Bloomberg TV mongolia”, “Монгол” шалгарсан бол сонины шилдэг сэтгүүлчээр манай Ч.Үл-Олдохоос гадна “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Г.Отгонбаяр, “Өнөөдөр” сонины эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч Ц.Цэвээнхэрлэн, “Өдрийн сонин” сонины сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг, “Соёмбо” сонины сэтгүүлч Г.Баатарнум нар тодорлоо. Харин шилдгийн шилдэг сэтгүүлчээр “Ийгл телевизийн Олон улсын тоймч Ш.Гантулга, шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар UBS телевиз шалгарсан юм. Шилдгүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.
“UBS” телевизийн захирал Л.Балхжав:
-Манай телевиз байгуулагдаад 21 жил болж байна. Манайх хамгийн анхны гэсэн тодотголтой үйл явдлыг санаачлан хийсээр ирлээ. Нэрлэвэл олон төсөл бий. Энэ бүхнийг зөвхөн үзэгчиддээ зориулж хийдэг учраас хүндэтгэл үзүүлсэн мянга, мянган сэтгүүлчиддээ баярлалаа.
“Шинэ долгион ФМ 107.5”-ийн захирал Ц.Ариунаа:
-Энэ сайхан баярт мөчид түүх боддог юм байна. Би радиогийн салбарт ажиллаад 25 жил болсон байна. Тэр дотроо ФМ-д 18 жил зүтгэжээ. ФМ, радиог зүгээр нэг хөгжмийн нэгэн адил үздэг байснаас эхлээд хэвлэл мэдээллийн байгууллага болж хүлээн зөвшөөрөгдөх хүртэлх хугацаанд энэ салбарт ажилласандаа баяртай байна. Энэ салбар харьцангуй залуу гэдгийг мэднэ. Залуу салбар учраас би ч өөрийгөө залуухан гэж боддог байлаа. Гэтэл манайхан надад “ФМ, радиогийн загалмайлсан эмэг эх” гэдэг нэр зүүхийг бодоход энэ салбарын хөл нь дөрөөнд хүрчээ гэж харж байна. Сэтгүүлчид оюуныг цэнэглээд зогсохгүй сэтгэл зүрхийг нь амар амгалан, ариун байлгахад маш их зүйл хийх ёстой. Энэ ажилдаа та болон бид бүгдээрээ амжилт гаргах болтугай гэж хүсье.
“ТV5” телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа:
-Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжөөд 100 жил болжээ. Харин би үүнийх нь 18 жилд ажиллаж байна. Юуны өмнө мэргэжлийн дээд байгууллагаас энэхүү хүндтэй шагнал авч байгаадаа баяртай байна. Мэргэжлийн байгууллагаас шагнал авах нь төрийн дээд одон медаль авснаас илүү том үнэлэмж байдаг гэж боддог юм” гэсэн юм.
Ингээд хэвлэл мэ дээллийн байгууллагын шилдгүүдийг танилцуулъя.
Орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч
•П.Санаадагва Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч
•Б.Мөнгөнцэцэг Өвөрхангай аймгийн “Өвөрхангайн мэдээ” сонины эрхлэгч
•Ж.Сайнжаргал Өмнөговь аймгийн “Монгол Говь” сонины эрхлэгч
•Б.Сарантуяа Хөвсгөл аймгийн “Далай ээж” сонины ерөнхий эрхлэгч
Орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч
•Ш.Цоодол Говь-Алтай аймгийн “Алтай” радиогийн сэтгүүлч
•Т.Гэрэлцэцэг Дархан хотын “Лха” телевизийн ерөнхий редактор
•Б.Өлзийтогтох Сүхбаатар аймгийн “SB” телевизийн сэтгүүлч
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч
•Ц.Батбаатар “Фото монголиа”сэтгүүлийн эрхлэгч
•Ү.Одбаяр “Ардчилал” сонины гэрэл зургийн сурвалжлагч
•П.Төгөлдөр “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч
Радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч
•Ө.Цогт-Эрдэнэ МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны редактор
•Г.Сонинбаяр “Шинэ Монгол” радиогийн редактор
•Л.Мөнхтөр МҮОНР-гийн тоймч
Сайтын шилдэг сэтгүүлч
•Ч.Болортуяа iкоn.mn сайтын ерөнхий редактор
•С.Баттулга info.mn сайтын сэтгүүлч
•П.Нарандэлгэр shuud.mn сайтын сэтгүүлч
•А.Баярмаа dorgio.mn сайтын сэтгүүлч
•Б.Батчимэг bataar.mn сайтын сэтгүүлч
Телевизийн шилдэг сэтгүүлч
•Д.Долгорсүрэн МҮОНТ-ийн редактор
•Э.Дагиймаа TV5 телевизийн сэтгүүлч
•В.Есөнтөмөр Эх орон телевизийн сэтгүүлч
•П.Дэмбэрэл 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч
•Ж.Даваа С1 телевизийн сэтгүүлч, редактор
2013 оны орон нутгийн шилдэг сонин
•“Эрх чөлөө” сонин Хөвсгөл аймаг
•“Дорнод” сонин Дорнод аймаг
•“Ховдын мэдээ” сонин Ховд аймаг
•“Хэнтийн мэдээ” сонин Хэнтий аймаг
•“Завхан” сонин Завхан аймаг
2013 оны орон нутгийн шилдэг телевиз
•“TV-10” телевиз Орхон аймаг
•“Алтан говь” телевиз Өмнөговь аймаг
•“DBS” телевиз Дархан-Уул аймаг
•“DSB” телевиз Дорноговь аймаг
•“АВ” телевиз Архангай аймаг
Олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг байгууллага
•“Юнивишн” компани
•“ДДэшТВ” ХХК
•“Сансар кабель” ХХК
Салбарын шилдэг хэвлэл
•“Зар мэдээ” сонин Зар сурталчилгааны хэвлэл
•“Ган зам” сонин Тээврийн хэвлэл
•“Сурагч” сонин Хүүхдийн хэвлэл
•“Соёмбо” сонин Батлан хамгаалахын хэвлэл
•“Онош” сэтгүүл Анагаах ухааны хэвлэл
Шилдэг радио, ФМ
•Гэр бүлийн радио ФМ 104.5
•Шинэ долгион ФМ 107.5
•Р3 радио ФМ 100.9
•Авто радио ФМ 105.5
•“Шинэ Монгол” радио ФМ 101.7
Шилдэг сайт
•news.mn
•zaluu.com
•gogo.mn
•montsame.gov.mn
•wikimon.mn
Шилдэг сэтгүүл
•“Гранд” сэтгүүл
•“Mongolian Mining journal” сэтгүүл
•“Info” сэтгүүл
•“Соронз” сэтгүүл
•“Mongolian Economy” сэтгүүл шалгарлаа.