Т.САЙХАН
УДБЭТ-ын уран бүтээлчид Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг өнөөдөр маргааш хоёр тоглох гэж байна. Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаа тоглож байжээ. Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй бөгөөд УДБЭТ-ын тайзнаа анх Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байсан байна. Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балет хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Алдарт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын хөгжмийг УДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулж, УДБЭТ-ын залуу балетын гоцлоочид тоглон амилуулахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn