
Р.ОЮУН
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын өмнөх суултыг Сүхбаатарын талбайд зарлалаа. Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн мөлжлөг явж байна. Энэ мөлжлөгийг халж шударга үнэлэмжийг тогтоох ёстой. Өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн яамнаас шаардлагын хариу ирүүлсэн ч үр дүн гарахуйц хариу биш болохоор суултаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Бид суултаа ажил хаялт хийх хүртэл үргэлжлүүлнэ. Харин энэ тэмцлээс бодит үр дүн гарах ёстой. 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Энэ оны II улиралд багтааж 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Ажилтай ядуусын эгнээнд эрүүл мэндийн салбарынхан шилжээд байна хэмээн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагууд болон анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар ярьж байлаа.
Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар: ЦАЛИНГ 60 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ЯРЬЖ БАЙГАА
-Энэ сарын 8-нд манай салбарын эмч, сувилагч нар хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс хүнд байгаа талаар жагсаал хийж, таван тодорхой шаардлагыг ЭМЯ болон төр, засагт тавьсан. Үүний дагуу гурав хоногийн хугацаанд асуудлыг судалж, тодруулаад цаашид ямар бодлого, шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг хуулийн хугацаандаа багтаж өгсөн. Засгийн газрын 150 дугаар тогтоолоор хөдөлмөрийн үнэлэмж, ур чадвар, ажлын гүйцэтгэлээс нь хамаарч улиралд 10-15 хувийн нэмэгдэл олгох журам бий. Энэ журмыг шинэчлэхээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн ажил зохион байгуулаад Засгийн газрын тогтоолын саналыг боловсруулан бүх яаманд хүргүүлээд саналаа авч байгаа. Дараагийн шат нь Засгийн газар хуралдаанаар оруулж нэмэгдлийг 10-15 хувь байсныг 15-20 хувь буюу улиралд 60 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ гэсэн асуудал явж байна.
Нийгэм, хөдөлмөрийн салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа: ТӨСВИЙН ХОМСДОЛ ҮҮСЛЭЭ ГЭЭД ДӨРВӨН ЖИЛ ЦАЛИН НЭМЭЭГҮЙ
-2000 он хүртэл цалингийн бодлогыг барьж байхдаа нийтэд зарладаггүй, жилд хоёр удаа нэмдэг байсан. Ийм бодлого хүмүүсийг доройтуулдаггүй юм байна. Учир нь худалдан авах чадвар нь хадгалагддаг. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд талх, шатахууны үнэ нэмэгддэг. Гэтэл сүүлийн үед төсвийн хомсдол үүслээ гэх шалтгаанаар дөрвөн жил цалин нэмээгүй. Хувийн хэвшлийнхний дундаж цалин 950 мянгаас нэг сая төгрөг байна гэдгийг статистикаас харж болно. Гэтэл эрүүл мэндийн салбарынхных 2-3 дахин бага байдаг. Хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр байдаг улс хөгждөг. Лангууны ард хэчнээн алтан гартай багш, эмч нар байна вэ. Хэчнээн жил бэлтгэсэн хүний нөөцийг ашиглаж чадахгүй байгаа болохоор энэ хүмүүсийн зөв.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа: БИД САЙДТАЙ Л УУЛЗМААР БАЙНА
-Өнгөрсөн оны аравдугаар сараас цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Гуравдугаар сарын 16-нд хэлэлцүүлэг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 6-нд салбарын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөнөөр хэлэлцсэн ч шийдэгдэхгүй байна. Тиймээс ажил хаялт зохион байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ бид хүний алтан амь хариуцсан, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг турхирч байгаа юм биш. Хоёрдугаарт, ажил хаялт маань хуулийн дагуу хугацаатай явдал. Тиймээс ажил хаялтын өмнө энэ асуудлаа шийдэх боломж, гарц байна уу гээд суулт хийж байна. Ажил хаялтын өмнөх суултыг өдөр бүр нэг цагаар ахиулахаас гадна хүмүүсээ бас өдөр өдрөөр нь нэмнэ.
-Шаардлагын хариу ирсэн үү?
-Төсвийн байнгын хорооноос хариу ирсэн. Гэхдээ тэр хариу нь Сангийн яам руу энэ асуудлыг шийдэх талаар судалгаа, шинжилгээ хийгээч гэсэн бичиг байсан. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Содномжамцын гарын үсэгтэй бичиг ирсэн. Бид Д.Сарангэрэл сайдын нэр дээр энэ шаардлагыг явуулсан. Сайд яагаад өөрөө гарын үсгээ зураад шаардлагын хариуг ирүүлдэггүй юм бэ. Ер нь ирж байгаа бичгүүд дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй ирж байна. Сайд яагаад үүнд оролцдоггүй юм бэ. Сайд Засгийн газрын бүрэн эрхийг хангасан хүн хэрнээ шаардлагад гарын үсэгтэй хариугаа ирүүлдэггүй. Хоёрдугаарт, бид яамнаас бичгээр ирсэн хариунуудыг хариу гэж тооцохгүй. Сайдыг бидэнтэй нүүр тулан уулзаж асуудлаа шийдье гэсэн саналыг тавьж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин