М.Цэцэнбилэг: Яаралтай хамгаалах шаардлагатай 16 өв бий

2018-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл судалгааны төвийн дарга М.Цэцэнбилэгтэй биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх талаар ярилцлаа.   -Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй хэдэн биет бус өв байна вэ? -Манай улсад биет бус өвийг таван ай савд хувааж үздэг. Эхнийх нь эх хэл болон аман уламжлалын илэрхийллүүд. Үүнд 14 өв багтсан. Монгол үлгэр, ерөөл магтаал, зүйр цэцэн үг гэх мэт. Дараагийнх нь Ардын язгуур урлагийн ай сав. Үүнд уртын болон богино дуу, дэмбээдэх, морин хуурын ур хөөмийн уламжлалт урлаг гээд есөн өв багтсан байна. Үндэсний уламжлалт зан үйл, ёслол баяр наадам ай савд монгол наадам, адуу тамгалах зан үйл, айраг цагаатай холбоотой зан үйл, ёслолууд багтдаг. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи ай савд ардын уламжлалт анагаах ухааны төрлүүд, байгаль цаг агаар хэмжих ухаан, цагаан идээ бэлтгэх зэрэг өв орсон. Харин ардын уламжлалт гар урлал ай савд хөгжмийн зэмсэг бүтээх, уламжлалт арьс ширэн урлал, гэр барих зан үйл орсон байдаг. Эдгээрийг нэгтгэхээр 80 гаруй биет бус өв бий гэсэн тоо гарч байна. -Үүнээс одоогийн байдлаар яаралтай хамгаалах ёстой өвд хэд нь бүртгэгдээд байна вэ? -Манай үндэсний бүртгэлд ч  яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт гэж бий.  Олон улсын хэмжээнд ЮНЕСКО-д ч бас энэ төрлийн өвийн жагсаалт гэж байдаг. Үүнд монгол уран бичлэг, бий биелгээ, лимбэний уламжлалт арга, ингэнд ботго авахуулах зан үйл гэсэн зан үйл ЮНЕСКО-д бүртгэлтэй байна. Харин үндэсний бүртгэлд монгол тууль, цуур, бий биелгээ, ингэнд ботго авахуулах зан үйл, уул овоо тахих зан үйл гэсэн 16 өв байна. -Эдгээр өв устаж, мар­тагдах ирмэг дээр байна гэж ойлгож болох уу? -Эдгээр өв мартагдахад ойрхон байна. Учир нь цөөн тооны өвлөн уламжлагчтай. Тэдгээрээс өвлөж авах хүн байхгүй учир эдгээр хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд энэ өвүүд үгүй болох юм. Хойч ирээдүй болсон хүүхдүүд ийм өв байсан үгүйг мэдэхгүй өснө гэсэн үг. Тиймээс эдгээрийг яаралтай сэргээн дэлгэрүүлж, хамгаалах хэрэгтэй байна. -ЮНЕСКО-д эдгээр өвийг бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ? -ЮНЕСКО-д бүртгүүлснээр бид эдгээр өвөө алдах эрсдэлтэй байгааг олон улсад зарлаж байгаа юм. Ингэснээр гадны байгууллагуудын хөрөнгө оруулалт, тусламжтайгаар сэргээх, түгээн дэлгэрүүлэх дараагийн алхмыг хийх боломж бүрдэнэ. -Саяхан ЮНЕСКО-гийн хурлын үеэр яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтаас Вьетнам улс нэг өвөө төлөөллийн жагсаалт руу орууллаа гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ? -Төлөөллийн жагсаалт гэдэг нь зөвхөн тэр улсад байдаг онцгой өвийг хэлдэг. Бусад улс, оронд үзэх боломжгүй, үнэт зүйл гэж ойлгож болно. -Манайд энэ жагсаалтад бүртгэлтэй өв бий юү? -Манай улсаас морин хуур, уртын дуу, шувууч­лахуй, хөөмий, монгол наадам гэсэн өвөө бид төлөөллийн жаг­с­аалтад бүртгүүлсэн. Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтаас төлөөллийн жаг­саалт руу шилжих нь энэ өв мартагдах аюулаас аврагдлаа гэсэн үг. Цаашид энэ өвийг яаралтай хамгаалах шаард­лагагүй, үеийн үед өвлөг­дөн үлдэх боломж бүрдлээ гэж ойлгож болно. -ЮНЕСКО-гийн шугамаар манай улсад соёлын биет бус өвийг хамгаалах ямар арга хэмжээ авсан бэ? -Манай улс ЮНЕСКО-гийн соёлтой холбоотой таван конвенцид нэгдсэн байдаг. Үүнээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад эрчимтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг нь соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци юм. Энэ конвенцийн хүрээнд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2013-2016 оны хооронд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан. Үүнд манай мэргэжилтнүүд оролцож, соёлын биет бус өв гэж юу болох, үүнийг цаашид хэрхэн хамгаалах талаар сургалт авсан. -Одоо хэрэгжиж буй “Богцон дахь өв соёл” хөтөлбөрийн тухай танилцуулаач? -Энэ хөтөлбөрийн анхны туршилтыг 2016 онд Орхоны хөндийд хийсэн. Хүүхэд залуучуудад соёлын өвийн боловсрол ол­гох зорилготой. Төслийг БСШУСЯ хамт­ран хэрэгжүүлсэн байдаг. Богцон дотор Орхоны хөндийд байгаа соёлын дурсгалт газруудыг загвар маягаар хийж, хүүхэд залуучуудад танилцуулсан. Ихэвчлэн Орхоны хөндийн ойр, орчмын ерөнхий боловсролын сургуулиудаар тараасан. Энэ төрлийн төслийг байнга хэрэгжүүлбэл хүүхдүүд соёлын өвийн тухай мэдлэгээ тэлэх боломжтой. -Хүүхдүүд ер нь соёлын өв гэж юу болох, түүнийг хэрхэн хайрлаж хамгаалах тухай мэдлэг хэр байна? -Хүүхдүүдийн мэдлэг тун тааруухан байдаг. Бид соёлын өв гэж ийм зүйл байдаг. Та бүхэн үүнийг өвлөн уламжилж, хайрлан хамгаалах ёстой гэж лекц уншсаны дараа сонирхдог. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, багш, эцэг эхчүүд нь өөрсдөө мэдлэгээ тэлж, энэ тухай хүүхдүүддээ ойлгуулах, сурталчилах ажлыг зохион байгуулбал үр дүнд хүрэх байх. -Аль аймагт биет бус өвийг өвлөн уламжлагч олон байгаа вэ? -Зөвхөн бий биелгээний тухайд яривал Улаанбаатар хот болон баруун аймгуудад өвлөн уламжлагч нар нь ихэвчлэн байдаг. Нийлээд 400 гаруй хүн бий гэсэн судалгаа гарсан. Гэхдээ үүнийг тогтмол тоо гэж ойлгоход хэцүү. Учир нь зарим аймаг тоо авахаар 8-9 настай хүүхдээ бүртгүүлдэг жишээтэй. Мөн бий биелээчдийн авьяас, мэдлэгээс шалтгаалаад тоо хэлбэлзэнэ. Бүр нарийн тооцвол монгол бий биелгээний үндсэн шинжийг өнөөг хүртэл хадгалан өвлөн уламжилж буй 40 гаруй хүн байгаа гэж үздэг. -Ирээдүй хойч болсон залуус энэ тээгчдээс арга техникийг нь сурч, цааш түгээн дэлгэрүүлж байж энэ өв мартагдаж, сүйтэх аюулаас аврагдана. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? -Манай байгууллага зөвхөн судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг. Жил бүр аймгуудаар явж, өвлөн уламжлагчийнхаа тоог авдаг. Тэр аймагт ямар өв хадгалагдаж байна. Түүнийг яаралтай сэргээн засах, түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч уу гэдгийг судлах зорилготой. Харин энэ хүмүүст зориулсан тусгай бодлого, хөтөлбөрүүдийг  Засгийн газраас гаргадаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 цаг 42 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

3 цаг 9 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

9 цаг 6 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

9 цаг 6 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

9 цаг 6 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 22 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин