
Ц.МЯГМАРБАЯР
Хөшөөтийн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг Хятадын хөрөнгө оруулалтай “МОНЭНКО” компанийн уурхай Дарви сумын Хөшөөт багт байрладаг. Байгальд ээлгүй олон жилийн хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос болж нүүрсний тоосонцор бусад сөрөг нөлөөллөөр Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Түүнчлэн тус компани өнгөрсөн онд Үенч сум Цагаантүнгэ багийн Улаан үзүүр хэмээх газрыг Гаалийн хяналтын болон нүүрс ачиж буулгах бүс болгож энэ жилийн эхнээс нүүрсээ цагаалж эхэлсэн байна. Үүнээс шалтгаалан нутгийн иргэдийн бухимдал эсэргүүцэлтэй тулгарч байгаа тухай “ Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Эхний сууринг нүүлгэн шилжүүлэх мөнгө санхүүгийн асуудал бүрэн шийдэгдээгүй байхад дараагийн суурингийн асуудал хөндөгдөж буй. Тус газарт гаалийн хяналтын бүс байгуулах газар олгох асуудалд Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан илт хууль зөрчин олгосныг баримтаар ил болгож цуврал нийтлэлээр хөндөж байна. Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасанд “МОНЭНКО” компани өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 01/041 тоот албан бичгээр Хөшөөт дэх Гаалийн хяналтын болон нүүрс ачиж, буулгах талбайг тус суманд байршуулах зориулалтаар 50 га газар олгох хүсэлтийг ирүүлжээ. Уг хүсэлтийн хариуг тухайн сарын 22-ний 1/149 тоотоор өгөхдөө “Монгол Улсын газрын тухай хуулийн дагуу 2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг асуудал тусгагдаагүй тул газрын зөвшөөрөл олгох боломжгүй. Харин Ховд аймгийн Булган суманд энэ зориулалтаар баригдсан талбай байдаг. Тиймээс тус сумтай хамтран ажиллахыг зөвлөсөн тухай албан бичиг өгч байжээ. Гэтэл Засаг дарга Э.Уртнасан үүнээс гурван сарын дараа буюу тавдугаар сарын 22-ны өдрийн 1/157 тоотоор Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид Улаан үзүүрийн хар зам дагуу Хөрс ШТС-ын зүүн урд талд 50 га газрыг Гаалийн хяналтын талбай байгуулах зориулалтаар 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулж өгөхийг хүссэн албан бичгийг сумын ИТХ-ын шийдвэргүйгээр дур мэдэн илгээжээ. Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолгүй албан бичигт хариу өгөх боломжгүй гэсэн аж. Тэгэхээр нь сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн хуралдааныг долоо хоногийн дараа хуралдуулсан байна. Уг хуралдааны 27 тоот тогтоолд Улаан үзүүрийн хүнд даацын авто замын дагуу морины уралдааны замаас урагш 50 га газрыг аж ахуйн нэгжид олгуулахаар аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж тусгуулах санал хүргүүлэх нь зүйтэй гэж тогтжээ. Гэвч Засаг дарга аймаг руу дахин албан бичиг илгээхдээ уг тогтоолд заасан морины уралдааны замаас урагш гэдэг үгний оронд “Хөрс” ШТС-ын зүүн урд талд гэсэн үгээр байршлыг нь сольж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж батлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Уг нь морины уралдааны замаас урагш 50 га газар нь сумын төвөөс 20, Үенч голоос 17 км-ийн зайтай аж. Харин Гаалийн хяналтын бүс байгуулсан Улаан үзүүр буюу “Хөрс” ШТС-ын зүүн урд тал нь голоос 1.3, сумын төвөөс 20 км зайтай. Засаг дарга Э.Уртнасан, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Отгонбаяр нар ийнхүү албан тушаалаа ашиглан хуйвалдаж тогтоол шийдвэрийн үг, өгүүлбэрийг санаатай өөрчилсөн нь баримтаар нотлогдож байгаа юм. Түүнчлэн нэмэлтээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол уг газрыг дуудлага худалдаагаар аж ахуйн нэгжид эзэмшүүлэх ёстой. Гэтэл дуудлага худалдаа явуулсан эсэх нь тодорхойгүй. “МОНЭНКО” компанид давуу эрх олгон арван сая төгрөгийг дуудлага худалдааны орлого хэмээн тайлагнажээ. Мөн БОАЖЯ-наас тус компанид байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж 2018 оны I улиралд багтаан ирүүлэхийг А/367 тоот албан бичгээр мэдэгдсэн буй. Гэвч нарийвчилсан үнэлгээгээ хийлгээгүй байж аль хэдийн ачаа тээвэрлэлтийн ажил нь эхэлсэн нь Байгаль орчны тухай хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл болж байна. “МОНЭНКО”-ийн газар олгох хүсэлтэд боломжгүй гэсэн хариу өгч байсан Засаг дарга гэнэт яагаад шийдвэрээ өөрчлөх болсон. Мөн Цагаантүнгэ багийн иргэд болон тус багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг авалгүйгээр шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг эх сурвалж хэллээ.
[caption id="attachment_38058" align="alignnone" width="645"]
Үенч сумын ИТХ-ын 27-р тогтоол. /2017.05.29/[/caption]
[caption id="attachment_38059" align="alignnone" width="645"]
Үенч сумын Засаг даргын А/59 захирамж. /2017.06.16/[/caption]
Үргэлжлэл бий....
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

