Л.Наранбаатар: Засаглалыг тунгалаг болгохын тулд нээлттэй хувьцаат компани болох ёстой

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатартай ярилцлаа.   -Бээжин хотод өнгөрсөн сард болсон “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтын үр дүнг тодорхойлооч. Манай улсад ямар боломж байгаа вэ? -Хятадын “Фэнвэй энержи” компанитай хамтран Бээжинд найм дахь удаагийн чуулганыг амжилттай зохион байгууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үе тохиосноороо онцлог болсон. Хурлын зорилго нь коксжих нүүрсний зах зээл болон үнийн чиг хандлагад чиглэсэн байдлаар зохион байгууллаа. “Коал Монголиа”-гийн хувьд Монгол Улс руу Хятадын талын эц­сийн худалдан авагч, хө­рөнгө оруулагчдыг хол­бох гүүр болохыг зорьдог. Түүнчлэн энэ удаагийн чуулганд Австрали, Индонейз зэрэг манай гол өрсөлдөгчид оролцсоноороо чухал ач холбогдолтой байлаа. Хурлын үйл явцаас дүгнэхэд манай улсын 15 орчим төлөөлөгч оролцсон. Тухайлбал, “Эрдэнэс Монгол”, “Энержи ресурс”, “Монголиан энержи корпорэйшн”, АМГТГ-ын төлөөлөл зэрэг нүүрсний салбарын голлох компани, бодлогын хэмжээний төлөөлөгчид зорьж очсон юм. Чуулганы үеэр энэ жил коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй, үнэ тогтвор­той байх таамаглал гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нэг тонн коксжих нүүр­сийг 210 орчим ам.дол­ларын үнэтэй байна хэмээн шинжээчид хэлж байсан. Харин ирэх жилээс Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэй байгаа учир үнэ унах хандлага ажиглагдаж байгааг мөн шинжээч, судлаачид дэвшүүлж байна лээ. Тэгэхээр бид боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй. -Манай улсын хувьд өсөлтийг нааштайгаар ашиглаж чаддаггүй гэж шүүмжилдэг. Тэгэхээр энэ жил тохиох “цонх” үеийг хэрхэн ашиглах вэ? -Боомт дээр нүүрс­ний тээврийг өнгөрсөн хугацааных шиг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Нөгөө­тэйгүүр, төмөр замын асуудлыг дунд хугацаанд шийдэх нь зүйтэй. Түүнч­лэн боомтыг олон ул­сын төвшинд хүргэх ажлыг түргэвчлэх учир­тай. Бид “Коал Монголиа” чуулганаар долоон жилийн турш энэ асуудлуудыг ярьсаар ирсэн боловч дорвитой шийдэл гарч, ажил хэрэг болсонгүй. Гэсэн хэдий ч энэ жил дахиад үүнийг ярина. Хэрэв ший­дэгдэхгүй бол цаашид ч ярьсаар байх болно. -Боомтод үүссэн нөх­цөл байдлыг улстөрийн шалтгаантай гэдгийг та өмнө нь хэлж байсан. Тэг­вэл Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын үр дүнд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо өсөх хандлага ажиглагдсан уу? -Ерөнхий сайдын айлчлалын давуу талаар боомтоор гарч байсан тээврийн хэрэгслийн тоо өссөн статистик мэдээлэл бий. Эндээс харвал, улстөрийн нөхцөл байдал тодорхой төвшинд нааштай байх боломж бүрдсэн юмуу гэж харж байна. Гэвч хүссэн хэмжээнд хүрч чадаагүй л байна. -Хөрөнгө оруулагчдын хүлээлт ямар төвшинд байна. Тэд манай улсаас чухам юуг хүсч байгаагаа илэрхийлсэн үү? -Манай улсын улс төрийн тогтворгүй байдал хүлээлт үүсгэдэг. Бүр тодруулбал, Засгийн газар 1.7 жилээс хэтрэхгүй насжилттай байгаа нь тэднийг түгшээдэг тухай ярихад нь санаа зовж байсан. Нөгөөтэйгүүр, Монголын Тавантолгой орд нүүрсний арвин нөөцтэй ч дэд бүтцээ шийдээгүйгээс авто­маши­ны цуваа 160 км үргэлжилж байгаа нь Геннисийн номонд бичигдэх хэмжээнд хүрсэн талаар ярьсан. Энэ мэт асуудлууд Монгол Улсыг “муухай” харагдуулж байна. Цаашилбал, монголчуудтай бизнес хийхэд хүнд хэцүү, тогт­воргүй гэдэг сэтгэгдлийг үлдээж байгаа учраас гадны хөрөнгө оруулагч­дыг татах нь бэрх асуудал болохоос гадна асуудлаа шийдэж чаддаггүй улс гэдэг мэдээллийг олон ул­сын нүүрсний худалдан авагч, хөрөнгө оруулагчдад өгч байна. Нэг талаас нь харвал, ичгэвтэр хэдий ч бодит байдлыг өөрчилж, булзааруулах боломжгүй. Тэгэхээр ирэх есдүгээр сард болох чуулганаар энэ асуудлыг дариухан шийдэх талаар ярилцах хэрэгтэй. -Сүүлийн үед 1072 хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгаа харагдсан. 2008 оноос хойш бодит хөрсөнд буухгүй байгаа гэх шүүмжлэлийг дагуулсан энэ хувьцааг эргэлтэд оруулахын тулд юу хийхээр төлөвлөсөн бэ? -“Эрдэнэс Таван­толгой” хувьцаат компани гэдэг боловч үндсэн дүрмийг нь харахаар “ХХК”-ийн хэлбэртэй байсан. Тэгэхээр 1072 хувьцааг эзэмшиж байгаа иргэдийн мэдээллийг компанийн дансанд тусгаагүй нь Компанийн тухай хуулийг зөрчиж байгааг хэн ч мэдээгүй. Тиймээс эдийн засагч “Ард санхүүгийн нэг­дэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарын хамтаар хувь­цаа эзэмшигчийг хохироож болохгүй гэж үзэн тодорхой алхамуудыг хийсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ком­панийг шүүхэд өгч хууль зөрчсөн дүрмээ өөрчил, хувьцаа эзэмшигчдийг тайлан балансдаа бүртгэ, хувьцааг үнэлгээжүүл гэсэн шаардлагыг тавьсан. Тэр ч бүү хэл хувьцаа эзэмшигчдийн санал бодлыг хувьцаа эзэмшигчдийн хурал дээрээ сонсч байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Шүүх шударга шийдвэрлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг дүрмээ өөрчлөх үүрэг өгсөн. Ингээд өнгөрсөн сарын 27-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар “хаалттай” хувьцаат компани болсон. Түүнчлэн нэгж хувьцааг 930 төгрөгөөр үнэлэн 2.5 сая иргэний хувьцааг 2.8 их наяд төгрөгөөр үнэлж тайлан балансдаа суулгалаа. Тэгэхээр 1072 хувьцаатай хүн бол нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус компанид хийсэн гэж болохоор байгаа юм. -Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр 300 мянгөн төгрөгийн хувьцааг Засгийн газар иргэдээсээ авсан. Гэхдээ зарим иргэний мөнгө дутуу орсон гэдэг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -Засгийн газрын 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 20 хувийг нэрлэсэн үнээр ард ир­гэдэд үнэгүй эзэмшүүл, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдан борлуул, 20 хувийг нь га­даад, дотоодын хөрөн­гийн биржээр арилжаал, үлдсэн 50 хувь нь төрийн өмч байна гэсэн баримт бичиг бий. Харамсалтай нь Засгийн газар Монголбанкнаас мөнгө хэвлэн иргэдийн хувьцааг худалдан авах үйлдэл хийсэн. Тэгэхээр 200, 300 мянган төгрөгөөр хувьцааг иргэнээс төрийн мэдэлд шилжүүлсэн гэсэн үг. Энэ худалдан авалтыг хийснээр төр 85 хувийг нь эзэмшдэг компани болж хувирсан юм. Гэтэл тухайн үед хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллан ногдол ашиг хуваарилж байна гэж харсан байдаг. Өөрөөр хэлбэл, төр өөрийн эрх мэдлийг зузаатгаж байгаа гэж мэдээгүй учраас хүмүүс “Мөнгөө дутуу авчихлаа, хэдийд гүйцээж өгөх вэ” гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр энэ ташаа ойлголтыг залруулан бодит мэдээллийг хүргэх хэрэгтэй. -Хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах тухай ярьж байсан. Энэ ажил хэдийд бодит хөрсөнд буух вэ? -“Эрдэнэс Таван­тол­гой” компани Таван­толгойн ордыг 11.2 их наяд төгрөгөөр үнэлсэн. Энэ нь таван тэрбум ам.доллар гэсэн үг. Тэгэхээр үүнээс нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгийг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх замаар босгоно гэж зорилт тавьж байгаа юм. Гэхдээ энэ нь 2020 оноос өмнө хэрэгжихэд хүндрэлтэй. Жишээлбэл, Хонг Конгын хөрөнгийн бирж хамгийн бага шалгууртай. Энд гарахын тулд багадаа таван жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан байх шаардлагатай. Ер нь тус компани хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч компанийн за­саг­лалыг тунгалаг байл­гах тухай асуудал тул­гамдсан гэдгийг ойлгох учиртай. Өөрөөр хэл­бэл, засаглалыг тун­га­лаг болгохын тулд нээлт­тэй хувьцаат ком­пани болж дотоодын Хө­рөн­гийн биржид хувь­цаагаа арилжаалах ёстой. Ингэхдээ хө­рөнгө оруулалт татах зорил­гоор бус иргэдийн гарт түгжигдсэн хувь­цааг эргэлтэд оруулах нь маш чухал. Тодруул­бал, “Эрдэнэс Таван­толгой”-н хувьцааг Мон­голын хөрөнгийн биржид арилжаалснаар санхүүгийн зах зээлийг либералчлах томоохон хөшүүрэг болно.  Тэгэхээр энэ нь хөрөнгийн зах зээлд 1072 хувьцааг эргэлдүүлэх тухай асуудлаас илүүтэй макро эдийн засгийн төвшинд хөрөнгийн зах зээлийг тэлэх боломж бүрдэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

18 цаг 32 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

18 цаг 42 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

18 цаг 47 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

18 цаг 52 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

18 цаг 57 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Уржигдар 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Уржигдар 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин