
Ч.ОЛДОХ
Арга заль, хөрөнгө мөнгөөр төрд шургалж, харийнхантай хуйвалдан байгалийн баялгийг завшин хувьдаа хөлжигсөд хууль, шүүхийн байгууллагыг хахуулиар аргалан хариуцлага хүлээхгүй, ард түмэн цөхрөнгөө барлаа. Буруутай хүмүүсийг төр, хууль, шүүхийн байгууллага нь шийдэхгүй бол улс түмээ засч ирсэн бөө нар нэгдэн байгалийн хуульд мэдүүлж, тэнгэрт дуулгах зан үйл хийнэ хэмээн мэдээлсэн. Энэ талаар Онгодын хөх тамгат халх,ойрд бөөгийн төвийн тэргүүн, удган Н.Хишигжаргалаас тодрууллаа.
-“Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” тэргүүтэй бөөгийн 30-аад ТББ нэгдэн төрд шургалж улс орны баялгийг цөлмөн, ард түмнээ ядууруулж, хууль цаазгүй мэт авирлаж байгаа нэр бүхий эрхмүүдийг тэнгэрт мэдүүлж, хатуу хариу нэхэх зан үйл хийнэ гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Зан үйл энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнөөр Налайхын Нисэхийн ойролцоо нээлттэй явагдана. Хэн ч очиж болно. Хамгийн гол нь бид тэнд сэтгэлээ нэгтгэе, нэг зүйлийн төлөө нэг сэтгэлээр залбирцгаая гэж байгаа юм. Нийгэм маань хямарчихсан байна шүү дээ. Дээр байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан байгалийн баялгийг хувьдаа завшиж, доор байгаа ард түмний амьдрал тартагтаа туллаа. Үүнийг төр нь дийлэхээ байсан, хууль, шүүхийн байгууллага нь ч шийдэж чадахаа байсан байна шүү дээ. Бөө хүмүүс гээд өөр биш. Ард түмэнтэйгээ хамт, нийгмийнхээ амьдрал дотор холилдоод явж байгаа. Жишээ нь, би өөртөө учирч байгаа зүйлүүдийг ярихад, өдөрт дээд тал нь 10, доод тал нь таван хүнтэй уулзаж байна. Ямар их зовлон бэрхшээл, яасан их ачаалал ард түмний нуруун дээр ирчихсэн байгааг бид асар сайн ойлгож байна. Залуучууд нь ажил хийдэг ч, байгууллага, компаниуд цалинг нь өгдөггүй хулхидчихдаг юм байна. Хүмүүс өвдөж зовоод эмнэлэгт очиж байна, очихоор нь эмч нар алагчилж эмчилдэг юм байна. Энэ бүхэн амьдралаас нь гарч байна шүү дээ, тухайн хүний. Тэд өөртөө тохиолдсоныг л ярьж байна. Тэр хүмүүс шаналж, зовж байна шүү дээ. Үүнийг хэн хийчихсэн юм бэ гэхээр төрд шургалсан буруу хүмүүс, тэд буруу удирдаад, буруу зохион байгуулаад байна. Энэ бүхнээс болж бид зовж байна гэж хэлж байна. Ард түмэн доогуураа мянга зөв байх гээд ямар ч арга алга. Дээр байгаа хүмүүс нь бүх буруугаа ард түмэн рүү чихэж байна. “Та нарын сонгож байгаа царай”, Сонгуулиар та нар л гаргаж ирсэн шүү дээ” гээд тавлаад...тэгэхээр дээрээсээ зохион байгуулалт нь буруу байна. Эд нарт мэдээ, мэдрэмж өгье. Ойлгооч ээ, та нар гээд яриад хэлээд ойлгохгүй байгаа юм чинь одоо бид тэнгэрт мэдүүлж, яахыг тэнгэр мэдтүгэй гээд орхино.
-Хатуу хариу нэхэх бөөгийн зан үйл гэхээр хараал, жатга гэж буруу ойлгох хүн ч гарч бас мэдэх юм?
- Алив үйл хэргийг тэнгэрт мэдүүлж байгаа зан үйлийн талаар та бүхэн түүхэн зохиол, түүхээр бүтээсэн киноноос уншиж, харж байсан байх. Чингис хаан гэхэд л үргэлж тэнгэртээ дуулгаж, мэдүүлж, шийдлийг олж байсан байдаг. Би түрүүн хэлсэн “Дээр байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан байгалийн баялгийг хувьдаа завшиж, доор байгаа ард түмний амьдрал тартагтаа тулчихаад байхад үүнийг төр нь дийлэхээ байсан, хууль, шүүхийн байгууллага нь ч шийдэж чадахаа байсан байна шүү дээ” гэж. Тиймээс бөө нар нэгдээд үүнийг байгалийн хууль буюу тэнгэрт мэдүүлье гэж байгаа юм. Бурууг зөв болгож засч залруулж өгөөч гэж өргөж мэдүүлнэ, тэнгэр хараг, шийдэг. Өнөөдөр бодит байдлыг аваад үзэхэд, зохих хэмжээний албан тушаалтнууд ард түмнийхээ амьдрал дотор орохгүй, судлахгүй, юу болж байгааг нь мэдэхгүй байна шүү дээ. Гаргаж байгаа хууль шийдвэрүүд нь бодит байдалд нийцэхгүй, амьдралд наалдахгүй байна. Үүнд нь өртөж байгаа ард иргэд улам ядуурч, маш хүнд байна. Байдаг байсан нь байхгүй болж, болдог байсан нь болохоо байгаад байна. гэр бүлийн байдал маш хүнд болсон. Аавууд нь үр хүүхдээ хаяад явж байна. Ээжүүд нь сэтгэл санагаар унаж архи ууж байна. Энэ хэцүү байдлаасаа үүдээд сэтгэлзүйн доройтолд орж байна. Ард түмэн банкны зээлд дарагдаж дарамтад орчихсон дандаа сэтгэлзүйн доройтолтой. Орой болгон гэртээ ирээд шаналдаг, ийм хүн үр хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай байх вэ. Зовлон, бэрхшээл, шаналал зовлон юунаас болж байна вэ гээд бид хайж байна шүү дээ. Энэ Бат гуай, Оюун гуай өөрөөсөө болоод байгаа юм уу гэтэл үгүй, төрөөс, дээр байгаа хүмүүсээс ирсэн дарамт дандаа төрийн буруу бодлого, тэнд шургалсан хүмүүсийн явцуу бодлоос болоод байна. Тэрэнд нь ард түмэн нэрвэгдэж сөхөрч цөхөрч зовж шаналаад ядарч ягтаа тулахаар нь та нар арчаагүйдээ энэ, та нар ажил хийгээч гээд байдаг. Ард түмнээ буруутгаад, хохь нь гэж тавлаад, сонголтоо буруу хийсэн гэсэн зүйл яриад байдаг. Өөрсдийнх нь дээд систем, боловсруулаад гар өргөж батлаад гаргасан хууль нь амьдралд огт нийцэхгүй байна. Өдөр бүхэн ийм зовлон, шаналлын тухай бид сонсч байна. Ингээд тэсэхээ байгаад бүгд тэсэрч дэлбэрч байна шүү дээ. Бид бөө болсоных цааш юу хийх вэ. Хуяг өмсөөд бөөллөө , онгод оруулдаг боллоо. Олон түмэнд үйлчилж байна. Үйлчлээд байна, үйлчлээд байна, одоо цааш яах вэ. Энэ ард түмэн чинь бүгд сэтгэлзүйн шоконд орчихсон байна.
[embed]https://www.facebook.com/khishigjargal.norolhoojaw/videos/835358996619638/?t=2[/embed]
-Тухайлбал?
Хөөрхий, бүгд л яваад ажил хөөцөлддөг юм байна, зээл хөөцөлддөг юм байна. Өмнөөс нь дандаа хахууль, мөнгө нэхдэг юм байна. Тэгээд “Хэнд нь хахууль өгвөл болох нь вэ”, “Алинд нь мөнгө өгвөл бүтэх нь вэ” , “Хэнийг нь аргалвал ажил бүтэх бол” гээд бидэн дээр асууж орж ирж байна. Ард иргэд үнэн зөвөөр яваад тендер энэ тэрд орохоор бүтдэг юм байдаггүй. Тэгэхээр бид юу хийх вэ, яах ёстой вэ. Ингээд үзэхээр автоматаар төр руу явж орох, төрөө цэвэрлэх, төрд зөв хүмүүсийг гаргах хэрэгтэй байна. ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай гэгчээр олон хүн дотор төрд гараад олигтой ажиллах зөв бодол сэтгэлтэй аавын хүү, ээжийн охид зөндөө бий. Үүнийг л гаргаж ирэх хэрэгтэй. Ард иргэд бидэнд зөв удирдлага, зөв бодлого үгүйлэгдэж байна. Зөв байгаач, зөв ажиллаачээ гэсэн дохио санамжийг л бид зан үйлээрээ өгөх гэж байгаа юм. Айлгаж, сүрдүүлж байгаа юм биш. Асар тэнгэрт мөргөе, айлтган мэдүүлье, хар цагаанаар нь ялгаад өгөөч гэж байгаа юм. иймээс биднийг “Муусайн бөө нар тэнэг, мангар, худал хулхи” гэж битгий яриарай, битгий тэгж ойлгоорой гэх байна. Бидэн дотор үйлээ мэдрэхгүй шинэ залуу хүн зөндөө бий. Бөө хүний зөв, бурууг тэнгэр ялгачихдаг, үйлийн үрийг өөрт нь үүрүүлчихдэг юм. Тэгэхээр хэн нэг хүн энэ зөв, тэр буруу, энэ том, тэр жижиг бөө гэж ялгахгүй, тэнгэр ялгадаг. Ялгардаг гэдэг нь ч харагдаж байгаа. Тэгэхээр энд биднийг “Тэнэг, мангар бөө нар худал ярьж байна, айлгаж, сүрдүүлж байна” гэж битгий хэлээрэй, битгий тэгж ойлгоорой гэж хэлэх байна. Бөө нар яагаад нэг зүйлд бүгд бухимдаад байна вэ. Бүгд зэрэг сэтгэж байна шүү дээ. Яагаад нэгдэх болов, энэ бүхэн цаанаас тэнгэр биднийг нэгтгэж байна гэж ойлгож байгаа. Түүнээс бидэнд ямар нэг улс төр, ашиг сонирхол, аль нэг намын үйлчлэл огт байхгүй.
-Зан үйлийг хийхэд зардал, мөнгө гарч таарна. Үүнийг хаанаас гаргав?
-Манай бөө нар 50 нь 50, зуу нь зуу, арав нь арван мянгыг гаргаж зардлаа дундаасаа нийлүүлэн ард олныхоо төлөө энэ зан үйлийг хийж байгаа. Бид хувь хүнийхээ үүднээс, иргэн хүнийхээ хувьд бухимдаж байна. Үнэхээр бухимдаж байна. Залуучууд, оюутнуудыг цагаар ажил хий гэдэг, хийхээр нь компаниуд цалинг нь өгөхгүй хулхидчихдаг, худал үнэн яриад хөөгөөд явуулдаг дарга, захирал ч олон байна. Ерөөсөө шат шатандаа ийм болчихсон байна, улс орны байдал. Өвгөд дээдэс гэдэг ухаарал, хэн нэгнийг хүндлэх, нэгийгээ хайрлах сэтгэл байхгүй болчихсон байна, монголчуудад. Аргагүй шүү дээ, дээрээсээ дарамтлуулж, дээрээсээ идүүлэхээрээ тэр хариугаа доодчуудаасаа аваад, ингээд үе үе, шат шатаараа ард түмэн нэг нэгийгээ хохироодог сэтгэлгээнд орчихжээ. Тэгэхээр жаахан ч гэсэн гэгээрцгээе, гэгээрнэ гэхээр олон хоногоор сууж бясалгахыг би хэлээгүй.
-Тэгвэл өөрөөр яах ёстой юм бэ?
-Бүгдээрээ зөв бодолтой байя. Хэн нэгнийг гомдоохгүй байя. Хамгийн амархан, наад захын засал бол хэн нэгнийг битгий гомдоо. Хэн нэгэнд битгий муу, муухай үг хэл. Эндээс л монголчууд эхлэх ёстой. Энэ бол хамгийн наад захын, хамгийн эхний бөгөөд хамгийн зөв засал. Ажилчдынхаа цалинг өгөлгүй хөөгөөд явуулдаг захирлууд тэрийгээ больчих. Тэр чинь хожоо биш. Цалинг нь өгч чадахгүй бол боломжоо хэлээд, бага хэмжээгээр ч болов өгчих. Шат шатанд хүн гомдоохоо больж, буруу үйл хийхээ байчихад л бид засраад эхэлнэ гэсэн үг. Дээр нь мөнгө байвал бүх юм болдог гэсэн ухагдахуунд бүгдээрээ орчихоод хямраад байна. Үүн дээр асар их бухимдал үүсч байна. Хамгийн гол нь дээр байгаа удирдаж байгаа хүмүүс маань асуудалтай байгаа учраас тэдний ой санамжинд гэгээ оруулъя, тэнгэрт хэлье гэж байгаа юм.
-Төрд байгаа болохгүй хүмүүсийг тэнгэрт мэдүүлж, хатуу хариу нэхэх зан үйл явсаар төрийн эсрэг гэмт хэрэг болчих юм биш биз дээ?
-Бид төртэй тэрсэлдсэн юм биш. Бөө хүн төрийн эсрэг туйлдаггүй. Үүнийг олон удган зайрангууд мэдэж байгаа. Бид төрд шургалсан буруу үйл ажиллагаа хийгээд байгаа хувь хүмүүст асуудлыг хүргэе гэж байгаа юм. Тиймээс энэ үйлийг хэн ч даган баясч, хамтдаа итгэл сэтгэлээ нэгтгэн залбирахад нээлттэй. Мөн үйлээ нэгтгэн хэц хэнгэргээ барьж ирж оролцох тэнгэрийн сахиустай зайран, удган хэнд ч нээлттэйгээс гадна Монголыхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй бүх хүнийг ирээрэй гэж уриалъя. Зан үйлийн дараа галын тахилга хийнэ, үүнд ч мөн иргэд нээлттэй оролцож болно.
Эх сурвалж: www.polit.mn