
Т.САЙХАН
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /04.17/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хийсэн юм. Үүний дараа гишүүд саналаа хэлэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас олгож байсан. Хүний хөгжлийн сангийн үйлчлэлийг зогсоосон. Халамжийг угаасаа хавтгайруулж өгдөггүй. Хуулиа л дагах ёстой" гэв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад Ерөнхийлөгчийн санаалчилсан Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.04.06-ны өдөр хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл өргөн барьсан. Зөрүүлээд Засгийн газар 80 хувь нь хүүхдийн мөнгө олгох төсөл өргөн барьсан. Үүний зөрүү 20 хувь нь 208 мянган хүүхдээс л 22 тэрбум төгрөгийг өгөхгүй гэж байгаа юм. Хүүхдийн мөнгийг улстөрийн сонгуулийн амлалт, хэн нэгний улстөр хийх гэсэн зүйл гэхээсээ илүү Монгол Улсын хүн амаа өсгөх үндсэн бодлого гэдэг талаас нь Засгийн газар хандаасай. Тиймээс хүүдийн мөнгийг 80, 100 хувь олгох тухай хоёр тогтоолыг нэгтгэж хэлэлцүүлэх нь зөв. Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох 22 тэрбум төгрөгийг хаа нэгэн газраас хэмнэгдээд олдохгүй байгаа гэдэгт би итгэхгүй байна. 22 тэрбум битгий хэл хэдэн тэрбумаар нь та бүхэн үр ашиггүй зарж байгаа шүү. Сангийн яам энэ асуудал дээр хяналт тавьж чадаж байгаа эсэх талаар би асуулга тавьж асууна гэж бодож байгаа. Засгийн газарт хүүхдийн мөнгийг өгөх сэтгэл байвал 22 тэрбум төгрөгийг хаанаас ч хэмнээд хийнэ. ОУВС-ийн хэлэлцээр зөрчигдөх гээд байгаа гэдэг бол тийм үнэмшилтэй тайлбар биш. Учир нь аль хэдийн зорилтод бүлэгт олгоно гэдэг зарчим чинь алдагдчихаад л явж байгаа. Нийт хүүхдийн 60 хувиа зорилтод гэж үзэж байсан бол 80 болгоод, 20 хувийг нэмчихлээ. Тэгвэл 20 хувийг эсвэл 40 хувийг нэмэх аль аль нь ОУВС-ийн хэлэлцээр зөрчигдөж л байгаа хэрэг. Тиймээс ганц ч гэсэн асуудал дээр Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр нэгдээд хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг Монголын бүх хүүхдэд ялгаваргүй олгох нь Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэж байна гэж хэлээд байгаа. Нийгмийн гарал үүслээр нь Монгол Улсын хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Та бүхэн "зарим баян айл хүүхдийн мөнгө авдаггүй бүр мэддэггүй" гэж яриад байх юм. Тэр хүмүүс хүүхдийн хадгаламжийг бий болгож байгаа юм. Хүүхдээ багаасаа нь хадгаламжтай болгож, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж байгаа хэрэг. Гэтэл хүүхдийн хадгаламжид нь байгаа мөнгийг төр нь харчхаад мөнгөө хэрэглэхгүй байна гэж хэлж болохгүй. Хадгаламж гэдэг бол шинэ соёл. Баялаг бүтээх шинэ соёлд хүүхдүүдийг сургаж байна. Түүнээс "Мөнгөтэй айлын хүүхдүүд мөнгөө хэрэглэхгүй байна. Хүүхдийн мөнгө өгөхгүй ээ" гэдэг хөнгөн тайлбараар асуудалд хандаж болохгүй. Монгол Улс мөнгө санхүү муу байгааг би ойлгож байна. Гэхдээ хоёр жилийн өмнөхийг бодвол манай экспортын гол бараа бүтээгдэхүүний үнэ 3-4 дахин өсчихлөө. Тиймээс бололцоо, боломж байгаа. Төсвийнхөө үр ашиггүй зарлагуудыг буруулах хэрэгтэй. Хоёрхон жилийн өмнө одоогийн эрх баригч намын гишүүд хүүхдийн мөнгийг бууруулж болохгүй, бүх хүүхдэд олгох ёстой гэж байсан. Гэтэл тухайн үед эдийн засаг маш хунд байсан. Тиймээс манай эрх баригчдын санах ой муу болоогүй байх гэж ойлгож байгаа. Та бүхэн яг нэр нүүрээрээ байгаа ч эрх баригч намын сайд нар аа. Улстөржилтгүйгээр Үндсэн хуулийн Монгол Улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг үндсэн зарчмаа бариад хүүхдийн мөнгийг өгье. Хүүхдийн мөнгийг халамжийн мөнгөтэй битгий хольж хутгаад бай.
Тэдний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна. 2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 1079730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөвүү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа. Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн. 100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой. Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Эх сурвалж:www.polit.mn



