
Т.САЙХАН
Улс төрийн хүрээний гол сэдэв баривчилгаа байв. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнээ барьж хорьлоо. Мөн Ерөнхий сайд урьд хөршид айлчилсан долоо хоног өнгөрлөө. Ийнхүү өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д айлчиллаа. Хэлэлцээний үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.Талууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг(300 сая ам.доллар), “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр(600 сая юанийн буцалтгүй тусламж)”, Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, “Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа төлөвлөгөө”, “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурав.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорино
Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр орой буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн орой сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар дөнгөж сая албаныхан мэдээллээ. 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. Үүний өмнө буюу энэ сарын гуравны өдөр ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгасан. Улмаар тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Д.Гантулгын асуудлаар хуулийн төсөл өргөн барив
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал гол анхаарал татаад байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн чуулганаар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д өгсөн ч намынхан нь түүнийг үлдээжээ. УИХ-ын Халдашгүй дэд байдлын хуралдаанаар гишүүний эрхээс нь чөлөөлөх эсэхийг хэлэлцсэн ч хуулийн мухардалд орлоо гэсэн шалтгаанаар эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэнгүй. Хууль тогтоох төрийн дээд байгууллага байж хуулийн мухардал яриад суух ойлголт байхгүй гэсэн тайлбарыг ч Ардчилсан намаас мэдэгдсэн. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор мухардалд орсон энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг АН-ынхан болон олон нийт хүсч шахаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд орсон. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газарт санал хүргүүлжээ.
Их аваргаа сүүлчийн замд нь үдэв
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон харамсалтай өдөр өнгөрсөн долоо хоногт тохиов. Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.Тэрбээр 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа, 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа. Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn



