
Авлигатай тэмцэх газар (АТГ) байгуулагдаад 12 жил болж байна. Энэ хугацаанд тус газар дөрвөн ч даргаар удирдуулсан билээ. Анхны даргаар Б.Дангаасүрэн агсныг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр туршлага судалж явахдаа Австралид нас барсан. Одоо хүртэл түүний амиа алдсан шалтгааныг янз бүрээр тайлбарлах нь бий. Түүнийг удирдаж байх хугацаанд АТГ мөрдөн шалгах эрхээ аваагүй байсан юм. Б.Дангаасүрэн агсны дараа 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын саналаар цагдаагийн хурандаа Ч.Сангарагчааг АТГ-ын даргаар томилсон билээ. Гэвч түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон Олон нийтийн зөвлөлийнхөн нь янз бүрээр оролдож, эцэстээ 2011 онд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр шүүх ял шийтгэн ажлыг нь авсан. АТГ-ынхныг “тул барихгүй жараахайгаар оролддог” хэмээн байнга шүүмжилдэг. Жараахай ч байсан авлига авсан л бол хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчим байлтай. АТГ байгуулагдсан 10 жилийнхээ хугацаанд 314 хүнд холбогдох 123 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг улсын орлогод хураасан аж.
Ч.Сангарагчаагийн үед Л.Гүндалай, О.Чулуунбат зэрэг хүмүүст хэрэг үүсгэжээ
Хууль тогтоогч, авлигын хэрэгт холбогдсон“тул”-нуудаас авахуулаад жижиг жараахай хүртэл олон хүн шинэ тутам үйл ажиллагаа явуулж эхэлсэн АТГ-ын үүдэнд “чулуу нясалж” суусан. Энд аль нэг нам, улс төрийн хүчин огт хамааралгүй шалгаж байв.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Тайваниас манай эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн 10 түргэн тусламжийн машиныг Яаралтай тусламжийн төвүүдэд хуваарилах нэрээр завшсан. Мөн ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн засварын ажлыг хийгээгүй атлаа гүйцэтгэлийг хангасан тухай акт хуурамчаар үйлдэн, 98 сая төгрөг завшсан. Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будилаантуулж, хамаарал бүхий хүнийхээ компанид давуу эрх олгож, улсад 630 сая төгрөгийн хохирол учруулсан гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр хоёр ч эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаад Өршөөлийн хуульд хамруулсан.
УИХ-ын гишүүн агсан О.Чулуунбат. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж 11 тэрбум, дээрх АНУ-ын иргэн Жорж Чайлмерстэй хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэмээн буруутгаж шалгасан. Гэвч харийн иргэн хуурамч паспортаар хил давж зугтсан учраас хэргийг нь түдгэлзүүлэн шийдвэрлэж чадаагүй юм.
Сайд асан С.Отгонбаяр. “Оюуны Ундраа”-гийн гэх нэрээрээ олны танил болсон С.Отгонбаяр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа ОБЕГ-ын дэд дарга А.Даваасүрэнтэй хамтран албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний шатахуун улсад өндөр өртгөөр шахсан, хуучин машинаа дамлаж, улсад арилжин нэг тэрбум 300 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг гурван үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж шүүхэд шилжүүлж байв. Уг хэргийг шүүх Өршөөлийн хуульд хамруулсан билээ. Харин улсад учруулсан хохирлоо төлсөн эсэх нь тодорхойгүй.
ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш. Тэрбээр тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Алтангэрэлтэй бүлэглэн 300-гаад сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдн шалгуулж шүүхээр ял шийтгүүлж байлаа.
Ч.Сангарагчааг АТГ-ын даргаар ажиллаж байх үед тус газрынхан хуурамч диплом, худлаа нэртэй төрийн албан хаагч болох нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ (Д.Батмөнх), хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан тэргүүтэй хүмүүст хариуцлага тооцуулж байв.
Н.Ганболдын үед Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчөө яллав
Ч.Сангарагчааг ял шийтгүүлсний дараа АТГ-ын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганболдыг томилох саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн мэдүүлж, 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдсон юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ хүлээн авсан билээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Монголчуудын цөөнгүй хэсэг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын гэмт хэрэгт холбоотой хэмээн үздэг байсан ч тухайн он цагт түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж чадаагүй. Харин Ерөнхийлөгчийн суудлаас буусных нь дараа 2012 оны дөрөвдүгээр сард авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан сүр дуулиантай баривчилж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүх дөрвөн жил хорих ял шийтгэн, Дээд шүүх хоёр жил зургаан сар хорих ял болгож хөнгөрүүлсэн. Харин Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж байсан цаг саяхан.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний хамаарал бүхий хүмүүсийг АТГ-ынхан 2014 оноос хойш шалгаж эхэлсэн. Хамгийн түрүүнд түүний охин А.Саранзаяаг Сангийн яаманд ажиллаж байхад нь “Цэвэр агаар” сангийнхны хэрэгт холбогдуулан байцааж байсан. Улмаар хэд хэдэн үндэслэлээр түүний хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байв.
Хүргэн Г.Дэнзэн. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь тэргүүтэй хүмүүстэй бүлэглэн 17 тэрбум төгрөг завшсан, эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулан ялуулсан гэх зэрэг үндэслэлээр шалгаж, шүүх гурван жил зургаан сар хорих ял шийтгэсэн билээ.
“Нүүрс” хөтөлбөр. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх тэргүүтэй хүмүүсийг 2014 онд АТГ-ынхан шалгаж эхэлсэн түүхтэй. Тэднийг 2012, 2013 онд Багануур хувьцаат компаниас 6.8 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авч, тонныг нь 80 мянган төгрөгөөр борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч MGLSB болон MGLSBD компани алдагдалтай ажиллаж байгаа мэтээр хуурамч баримт бүрдүүлж, Засгийн газрын хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулан аваад шаардлагагүй зүйлд зарцуулсан, дээрх компанид 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, “Багануур” ХК-д 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр хэрэг үүсгэж, шүүхээс 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн билээ.
“Цэвэр агаар сан”-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй хүмүүс бүлэглэн тус сангийн таван тэрбум төгрөгийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэргийг АТГ-ынхан шалгаж шүүхэр шийдвэрлүүлсэн юм.
Хууль зүйн дэд сайд асан Д.Эрдэнэжамъян МАХН-ын дарга, шүүхээр ял шийтгүүлсэн Н.Энхбаярын хамсаатан дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж байхад мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж 2012 аравдугаар сард олон улсын Интерпол руу “Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох” тухай хүсэлт явуулсан хэрэгт холбогдож байв.
Эдгээрээс гадна Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба албан өрөөндөө хахууль авч байсан, АМГ-ын дарга Д.Батхуягийн ашигт малтмалын лиценз “нааш, цааш” нь болгож авлига авсан, сөнөөгч онгоцны мотор Хойд солонгосчуудад зарахыг оролдсон бригадын генерал Т.Дашдэлэг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн албан тушаалаа урвуулсан, татвар, гаалийнхны холбогдсон гээд олон хэргийг шалгаж шийдвэрлүүлж байсан юм.
Х.Энхжаргал олны анхаарал татсан хэргүүдийг шалгуулж байна
Н.Ганболдыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний дараа 2016 оны долдугаар сард АТГ-ын даргаар цагдаагийн хурандаа Х.Энхжаргал томилогдон өдгөө хүртэл ажиллаж буй билээ. Түүнийг энэ газрын удирдаж буй энэ үед хүмүүсийн анхаарал татсан маш олон ноцтой хэргийг шалгаж буй. Зарим хүн тэр дундаа, АТГ-ын үүдээр эргэлдэж байсан хүмүүс түүнийг өөрчлүүлэхээр янз бүрийн арга саам хэрэглэсээр байгаа билээ.
Монголын төмөр замын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр шууд ба шууд бусаар заавал холбогддог. ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа тэргүүтэй хүмүүсийг энэ хэрэгт шалгаж байгаад өдгөө зөвхөн БНСУ-ын иргэдийг шүүхэд шилжүүлж, бусад нь сугарч хоцорсон. Энэ хэргийг шалгаж эхэлж байх үед НПГ-ын хяналтын прокурор Г.Бясман “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан” хэмээн мэдээлж байв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бүлэглэн төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж хавтаст хэргийг нь НПГ-т хянахаар татсанаас хойш хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрлээ.
Оффшор данстануудыг АТГ-ынхан нэлээд удаан хугацааны турш шалгаж, УИХ-ын гишүүн С.Батболд, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй хүмүүс гадаадаас хөрөнгөө татсанаа мэдэгдэж буй билээ. Энэ сарын 8 гэхэд зарим хүн энэ хөрөнгийнхөө эх үүсвэрээ тайлбарлаж, хэрэв хөрөнгөө татаагүй байвал эрүүгийн хариуцлагад татахаар АТГ-ынхан ажиллаж буй.
Оюутолгой, Тавантолгойн гэрээ байгуулсан албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн эрчимтэй шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд Ерөнхий сайд, Шадар сайд, эрхэлсэн сайд гээд олон хүнийг байцааж, заримыг нь саатуулаад буй. Хилийн чанадад байгаа нэгнийг нь яаралтай эх орондоо ирэхийг ч дуудуулсан. Монгол Улсад хохиролтой гэрээ байгуулсан байж болзошгүй гэж үздэг хүмүүсийн хардлагыг Х.Энхжаргалын тэргүүлж буй АТГ-ынхан нэг тийш нь болгохоор эрчимтэй ажиллаж буй юм.
Хөгжлийн банк хэмээх “саалийн үнээг” саасан албан тушаалтнуудыг АТГ-ынхан 2016 оноос хойш шалгасаар байгаа. Тус банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг тус банкны хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэмээн буруутгаж, эхнээс нь зарим хүний үйлдлийг тусгаарлан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд буй.
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд АТГ-ынхан ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхантай хамтран хэрэг үүсгэн шалгаж буй. Өдгөө УИХ-ын байнгын хороогоор уламжлаад аудитын байгууллагын төлөвлөгөөнд оруулсны дагуу Монголбанканд шалгалт оруулаад байгаа бөгөөд шалгалтын дүнг хүлээж зүгээр суулгүй, гадаад улсаас түүний хөрөнгийн талаарх мэдээллийг авч ажиллаж буй юм.
60 тэрбум-ын гэх хэргийг АТГ-ынхан шалгаж, ШШҮХ-гээс нотлох баримт болсон бичлэг нь шинжилгээний шаардлага хангахгүй хэмээн удаа дараа дүгнэлт гаргасан тул тус газрынхан яаж ч чадалгүй, НПГ-аас хэргийг хянаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд буй.
Эдгээр олны анхаарал татсан хэргээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Арвин, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, ДЦС-IV компанийн захирал С.Анхбаяр, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа зэрэг хүн холбогдсоны албан тушаалын хэргүүд, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хормой хотны явдлыг ч Х.Энхжаргалын удирдах хугацаанд АТГ-ынхан шалгаж байна.
Г.ЦОЛМОН
“Өнөөдөр” сонин. 2018.04.03. №064/6357/