
Ч.ГАНТУЛГА
Агаарын бохирдлоос хамгаалах, хорт утаа ялгаруулдаггүй “эко” төхөөрөмжийг “Монватт” компани үйлдвэрлэж байна. Тус компанийн Ерөнхий менежер Г.Нямсүрэнтэй агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмжийн онцлог болон давуу талын тухай ярилцлаа.
-Танай компани нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулахуйц төхөөрөмжийг үйлдвэрлэж байна. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Нийслэл хотыг гамшиг руу ойртуулж буй орчны агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэхээр төр засаг болон аж ахуй нэгж байгууллага, ард иргэд бүгд тус бүрдээ нэгийг эрэлхийлж байна. Миний ажиллаж буй “Монватт” компани байгуулагдаад, 20 гаруй жил эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулж байгаа юм. Сүүлийн таван жил нийслэл хотын утааг арилгахад чиглэсэн олон талт арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн. 2013-2015 оны хооронд ХБНГУ-ын компанитай хамтран төвийн эрчим хүчний системийн шөнийн цагт ашиглагдахгүй байгаа эрчим хүчийг ашиглан монгол гэрт зориулсан “Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж” буюу /ДХХТ/-ийг бүтээх талаар судалгаа явуулсан юм.
Олон жил ашиглаж ирсэн монголчуудын уламжлалт зуухыг өнөөдрийн төв суурин газарт, монгол гэрт амьдарч байгаа өрхийн өдөр тутмын байнгын хэрэглээнд хэрхэн зохицуулж бүтээх вэ гэсэн асуудалтай тулгарч, гурван жилийн турш зөвхөн үүнд л хөдөлмөрөө зориулсан. Судалгааны үр дүн ч амжилттай болсон. Ингээд 2015 онд зураг төслийг нь гаргаж, 2016 онд ХБНГУ-д үйлдвэрлээд, 2017 онд 240 ширхэг дулаан хуримтлуулж халаах “Тулгат” төхөөрөмжийг Улаанбаатар хотын иргэдэд зориулан худалдаанд гаргасан юм.
-Анхны үр дүн ямар байв?
-Үр дүн нь сайн болсон. Олон хүнээс урмын үг сонссон. Төвийн эрчим хүчний системийн хэмжээнд хоногтоо 240 орчим мегаватт эрчим хүч, шөнөдөө өөрөөр хэлбэл оройны 21:00 цагаас өглөөний 6:00 цагийн хооронд ашиглагдахгүй байгаа юм. Бидний бүтээсэн ДХХТ нь үргүй зардлыг арилгана. Эрчим хүчний нэмэлт том хөрөнгө оруулалт шаардахгүй. Гэрт амьдарч буй 40 мянга гаруй өрхийг энэ төхөөрөмжөөр хангаснаар айл өрхийн 50 хувь, нийт өрхийн 20 гаруй хувь нь түүхий нүүрснээс ангижрах юм.
-Одоогоор хэдэн өрхөд энэ төхөөрөмжийг суурилуулаад байна?
-Манай компани 2016-2017 онд нийт 663 төхөөрөмжийг нийслэлийн айл өрхийн дулааны хэрэгцээнд зориулан нийлүүлсэн байна. Энэ оноос манай компани монгол гэрт зориулсан 1000 ширхэг “Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж”-ийг 100 хувь монголдоо угсарч үйлдвэрлэхээр төлөвлөж, бэлтгэл хангаад байна. 2018 оны зургадугаар сарын 15-нд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргана.
-Сайхан мэдээ байна. Энэ жил хэдэн айлд төхөөрөмж тавихаар төлөвлөж байна?
-2018, 2019 онд тус бүр 20.000 ширхэгийг нүүрс түлдэг өрхөд тавихаар төлөвлөж байгаа. Бидний өмнөө тавьж буй нэн тэргүүний зорилт бол ДХХТ-ийг үйлдвэрлэж, 40 мянган монгол гэрт байгаа оршин суугчдад хэрхэн хүргэх вэ. Үнэндээ энэ асуудлыг шийдэхэд төр засгийн тусламж хэрэгтэй байна. Төр засгаас ард иргэдийнхээ нийгмийн асуудал, эрүүл мэндийг хамгаалахад бидэнтэй хамтарч ажиллах болов уу гэж харж байна.
-Одоогоор үйлдвэрлэлийн ажил ямар шатанд явж байна?
-Манай компани өөрсдийн хийсэн тоног төхөөрөмжийн талаар, ашиглах тухайгаа БОАЖЯ болон Эрчим хүчний яаманд саналаа уламжлан, хамтран ажиллах хүсэлтээ тавьсан. Төхөөрөмжийг үйлдвэрлэхэд санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаалж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх нь цаг мөчтэй уралдах хэмжээний том асуудал үүсгээд байгаа. Бид өнөөдрийн байдлаар энэ төхөөрөмжинд ордог эд анги, төхөөрөмжийг 20 гаруй үйлдвэрээс авах гэрээ хэлэлцэл хийж байгаа боловч харамсалтай нь зөвхөн 1000 ширхэг төхөөрөмжийн гэрээ хийгдээд байна. Үүнээс өөр албан ёсны захиалга алга.
-Танай төхөөрөмж үйлчлүүлэгчиддээ хэдэн жилийн ашиглалтын хугацаа амлаж чадах вэ?
-20-30 жил ашиглах энэ төхөөрөмжийг бид үйлдвэрлэж чадна. Герман технологиор хийгдсэн учир чанар үнэхээр сайн. Чанараа дагасан өртөгтэй.
-Төхөөрөмжийг зээлээр авах боломжтой гэсэн. Ямар нөхцлүүдийг тавьж байсан бэ?
-Манай төхөөрөмжийн үндсэн үнэ нь 2.580 мянга. Эхлээд 300-600 мянган төгрөгийн урьдчилгаа аваад ямарч баталгаа гаргахгүйгээр зөвхөн харилцан итгэлцлийн гэрээгээр сар болгон 85-120 мянган төгрөгийн төлбөр төлж, зээлээ 1-1.5 жилийн дотор төлүүлэх гэрээг 45 өрхтэй дээр хийж үзсэн нь амжилттай болсон. Эхнээсээ төлбөрөө бүрэн төлж дуусч байна.
-Танай төхөөрөмжийг сонгосноор иргэд санхүүгийн хувьд ямар хэмнэлт хийх боломжтой вэ?
-Манай компанийн хувьд уг төхөөрөмжийг олноор үйлдвэрлэх бололцоо байгаа ч, банк санхүүгийн үйл ажиллагааг зохицуулахад хүндрэлтэй байна. Харин ард иргэдийн хэрэгцээнд тулгуурласан захиалгатай ажлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгэх боломж бий. Ер нь Европын өндөр хөгжсөн Герман, Чех улсад тухайн орны иргэн аливаа дэд бүтэц, дулааны асуудлаа шийдвэрлэхдээ төр засгаас дэмжлэг авдаг юм байна. Тэдний туршлагаас харахад 50 хувийг нь улс хариуцаж, үлдсэн 50 хувьд нь тохирсон урт хугацааны маш бага хүүтэй болон хүүгүй зээл авч шийддэг юм билээ. Бид ч асуудлаа энэ аргаар шийдвэрлэх боломжтой. ДХХТ нь 4-5 квт-ын хүчин чадалтай. Сарын цахилгаан зардал нь шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа үед сард 19 мянган төгрөг болж байна.
Гэтэл нэг айл сард нүүрс, түлээ, хогны мөнгөө нийлүүлээд бодохоор 105-115 мянган төгрөг болдог. Ингээд харьцуулаад үзэхэд тухайн айл өрх энэ зардлаа цуглуулан 1-1.5 жилийн дотор зээлээ төлөх бүрэн боломж харагдаж байна. Манай төхөөрөмжийг сонгосноор агаарын бохирдолоос үүсдэг олон төрлийн өвчнөөс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж, нүүрсний үнэрээс бүрэн ангижирч, үнс гэгч дутуу шатсан түүхий нүүрсний үлдэгдэлээс салах нөхцөл бүрдэнэ.
-Хэрэв улс дэмжвэл танайх төхөөрөмжөө их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой юу. Үнийн хувьд хөнгөлөх боломж бий юу?
-Хэрэв төрөөс дэмжээд 10000 төхөөрөмж угсарлаа гэхэд бид үндсэн үнээ 500 мянган төгрөгөөр багасгах боломжийг судална. Тэгэхээр 1.990 орчим төгрөгөөр худалдаалах боломжтой. Үүнээс гадна 30-40 хүнийг ажлын байраар хангана.
-Ер нь хэрэглэгчдийн хувьд сэтгэл ханамж хэр байдаг вэ. Эргээд та нарт ханддаг уу?
-Дийлэнх хэрэглэгч маань гэр хорооллын ахмадууд байдаг. Тэд утаагүй, түлээ нүүрс гэж санаа зовохгүй сайхан байна гэдэг. Манай төхөөрөмжийн өөр нэг давуу тал нь хэрэглэхэд тун хялбар.
-Аюулгүй байдлыг хэр хангасан бэ?
-Цагийн тохиргоотой учир асааж, унтраах асуудал гарахгүй. Галын аюулгүйгээс гадна бага насны хүүхэдтэй айл хэрэглэх боломжтой. Учир нь өндөр нь 82.5 см. Тав хүртэлх насны хүүхэд галын аюулд өртөхгүй. Гаргаж буй дулаан нь агаарыг ууршуулж шатаахгүй, хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй.
-Танай хамт олныг байгаль орчин, хорт утааны эсрэг тэмцэж буй үлгэр жишээ байгууллага гэж харж байна?
-Агаарын бохирдол, утааны эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын 30 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжин туслах талаар тодорхой арга хэмжээ авахыг ажил хариуцсан болон холбогдох төрийн байгууллагын удирдлага та бүхнээс хүсч байна. Байгаль орчны бохирдол, хорт утааны эсрэг тэмцэх нь ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа бүх нийтийн хэрэг мөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
