Б.Цогтгэрэл: Оюутолгойгоос 2040 он хүртэл ашиг хүртэхгүйг баттай хэлнэ

2018-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрвөн нам хамтран тулган шаардах бичиг хүргээд байна. Танай нам энэ тэмцэлд нэгдсэн.  Шалтгаан нь юу байв? -Нэгдүгээрт  Оюутолгойн орд бол дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх маш том мега төсөл, мөн манай жижигхэн улсыг чирээд хөгжүүлчих, бас татаад унагачих, хэмжээний манайдаа гега төсөл юм. Тийм учраас самрах эффектийг нь бууруулж хөгжүүлэх эффектийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, энэ төсөл анхандаа манай улсад хөрөнгө оруулагчдыг уриалан дуудагч, урин залагч нь байсан бол одоо тэдний эсрэг хөөн туугч болчихоод байна. Монгол Улс хамгийн найдваргүй түнш гэдгээ дэлхий даяар зарлалаа. Энэ байдал цааш үргэлжилбэл  гэрээг сайжруулах оролдлого 50 жил тасрахгүй.  Тухай бүрт нь үндэстэн дамнасан олигархиуд Монголын нэр хүндийг унагах ажиллагаа явуулна. Энэ нь зээлжих зэрэглэлийг бууруулах, хувьцааны үнэ ханш, хөрөнгө оруулагчдад сөргөөр сурталчлах, олон улсын гэрээ конвенци, хориг саад, бүр цаашлаад бусад хөнгөлөлт, таатай нөхцөл олж авах гэх мэтээр олон хэлбэрээр илэрнэ.  Мөнхийн хэрүүлтэй, сэдрэх бүрдээ хохирч үлддэг байх уу, одоо засч аваад цаашид тогтвортой хөгжих үү гэдэг асуудал гарч ирж байна. Гуравдугаарт, дараа дараагийн гэрээний жишиг хамгийн үр ашигтай гэрээ мэтээр сурталчлах болсон нь баян Монгол баларсан Монгол болох зам руугаа шуудрах маягтай болж байна. Энэ жишгээр явбал улсын өр 100 тэрбум ам.доллар болж эргэн төлөх ямар ч чадамжгүй, харин иргэдийн амьдрал бахь байдгаараа үлдэнэ. Тэгэхээр Үндсэн хуулийн эдийн засаг, байгалийн баялгийн зохицуулалтын асуудал руу орохоос өөр аргагүй.  Оюутолгой дангаараа улс доторхи улс шиг том эдийн засаг болоод байна.  Энэ эдийн засгийг цөөн хэдэн олигархи хүртдэг биш ард түмнээрээ хүртдэг болох шаардлагатай. Стратегийн чухал төсөл гэдгийн цаана хууль зөрчсөн хээл хахууль, хариуцлагагүй байдлыг нуун дарагдуулж, өөгшүүлж болохгүй. -Ямар үндэслэлээр  ингэж  дүгнэж байна вэ? -Оюутолгойн ордод оруулах хөрөнгө Монгол улсад ч, Фридландад ч байгаагүй. Үүнийг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ аль алинаас харж болно. Мөнгөгүй хоёр Баагий нэг гэрээ хийж аваад нэг нь энд тэнд очиж яриад, нөгөө нь бид баталгаатай найдвартай гээд л ... Харамсалтай нь англи хэлтэй, танил тал, арга заль ихтэйгээрээ нэг нь 66 хувиа аваад, хэл усгүй, туршлагагүй нөгөөдөө 34 хувийг зээл болгоод өөрийнх нь хөрөнгөөр босгосон мөнгөнөөс өндөр хүүтэйгээр зээлдүүлчихсэн. Энэ шинэ зүйл биш, хөгжиж байгаа олон оронд гардаг, хийгддэг бизнесийн үйл ажиллагаа, муугаар хэлбэл луйвар. Хүүхдэд чихэр өгч байгаад гэрийнх нь түлхүүрийг авчихаж байгаатай адил зүйл. Гэхдээ  улсын эрх ашгаа бодоод Фридландыг ч, Оюутолгойг ч буруутгахаас илүү манай дотоодод их асуудал байна. Гадагшаа хэрүүлээс бид хохирч үлдэнэ. Харин Үндсэн хуулиа цэгцэлж, төрөө тогтвортой, чадамжтай болгож, баялгийн удирдлага менежментээ сайжруулж улс нь хождог, ард түмэн нь нийтээрээ хүртдэг болох нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.  Ингэхийн тулд мега төслүүд босгож чадах боловсон хүчний чадварлаг баг бэлтгэх   нь чухал. -С.Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Түүнийг сонссон байх. Таны дүгнэлт юу байв? - Би болон манай нам дүгнэлтээ арван жилийн өмнө 2009 онд гаргасан. Гэрээ байгуулахын өмнөхөн Монголын талын ажлын хэсэгт хүргүүлсэн 34 шаардлага одоо ч хэвээр байгаа. Тухайн үед  хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг  монгол хэл дээр ч орчуулж амжаагүй байх үеэс нь нэлээд сайн судалж байсан. С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт бүгд л онолын өндөр мэдлэгтэй манай улсын сайн боловсон хүчин. Харамсалтай нь тэдэнд бизнесийн гэрээ хэлэлцээрийн практик туршлага байгаагүй. С.Баярцогтын 20 мянган хувьсагч чинь цаад талын олон ов мэхийн нэг юм. Манайх өөрийн бодлогогүй, гэрээний хувилбаргүй, бэлтгэгдсэн баггүйгээр цэвэр стратеги гэсэн халхавч дор туршигдсан форматыг нь хүлээгээд авчихсан. Ялангуяа 34 хувийг шийдэхдээ 2018 оноос ногдол ашиг авч эхэлнэ гэж ярьж байснаас нь харахад хувьцаат компанийн талаар ямар ч ойлголтгүй явсан нь харагддаг. Би 2030 оноос нааш ногдол ашиг горьдох хэрэггүйг мөн ч олон ярьсан даа.  Дубайн гэрээний дараа 2040 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй. -Та бүхний улстөрийн дараагийн алхам юу вэ? -Оюутолгойн гэрээг сайжруулж, хүний хүчээр бий болоогүй өвөг дээдсийн үлдээсэн өвийг өнө мөнхөд үр ашигтай, жигд, нийтээрээ хүртдэг байлгахын төлөө явж байна.   Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л хийж чадна. Оюутолгой төсөл чухал уу гэвэл маш чухал. Манайд нэг ам.долларын хөрөнгө оруулалт ороход 2.2 ам.долларын эдийн засгийг бий болгоно гэж бид эдийн засгийн эерэг нөлөөллийг нь өөдрөгөөр тайлбарладаг. Гэвч энэ нь улсын эдийн засгийн шингээх чадамжаас хамаардаг. Манайд ийм боломж бүрдээгүй. Одоо уул уурхайд 100 ам.доллар ороход 40 ам.доллар нь шатах, тослох материалд, 40 нь тоног төхөөрөмж, техникт зарцуулагддаг тул үүнийг дотоодын эдийн засаг руу орж байгаа урсгал гэж үзэж болохгүй.  Металлургийн үйлдвэр, нефть химийн үйлдвэртэй болсны дараа, Монголын компаниуд төслийн гүйцэтгэлд шууд оролцдог чадамж бүрдэж, Оюутолгой зэрэг төслийн мөнгөн урсгал монголоор дамждаг болсон нөхцөлд эффект өөр гарах нь ойлгомжтой. С.Баярцогт, С.Баяр нарын гэрээний асуудлыг тусад нь салгаж үзэх хэрэгтэй. Гэрээг сайжруулах асуудлыг хувь хүмүүсийн асуудалтай хутгах нь төслөө нураах эрсдэлтэй. -Тулган шаардах бичигт ҮАБЗ-ийн тухайн үеийн хурлын протоколыг ил болгохыг шаардсан бай­на. Энэ хэр боломжтой вэ? -Зөрчилтэй асуудал их байгаа. Бүгдийг үндэсний аюулгүй байдал, геостратеги гэсэн халхавчаар л хамгаалах байх гэж харж байна. -“Эрдэнэт”-ийн 51 хувьтай  холбоотой асуудлаар манай Засгийн газар Арбитрын шүүх дээр дуудагдсан. Ш.Батхүү нарыг мөрдөн шалгаж байна. Энэ асуудалд  та  байр сууриа  илэрхийлэхгүй юу? -Төрийн үйл ажиллагаа яаж явж ирсний бодит жишээ нь “Эрдэнэт”. Ч.Ганзориг гарын үсэг зураагүй болж, Д.Сугар эрүүл мэндийн шалтгаанаар хэрэг хүлээх чадваргүй болно. Эцэстээ Ш.Батхүүг буруутгаад өнгөрөх байлгүй дээ. МАНАН гэдэг чинь энэ шүү дээ. Хорь, гучин жил төрийн сэнтийг ээлжлэн зайдагнасан дээрэмчдийн бүлэг.  Хүнийг нь солиод механизм, тогтолцоо, систем нь задрахгүй, 200 толгой тасдаад ч нэмэргүй. Үндсэн хуулийн үйлчлэл өөрөө бурханыг ч буг болгох урхагтай учраас шинэ төрийн бодлогыг Дээд хуулиар хэрэгжүүлэх хэрэгтэй. Замын гэрлүүд ажиллахаа боливол жолооч нар дүрэм хайхрахаа болино биз дээ. Тэглээ гээд бүх жолооч нарыг торгож, эрхийг нь хурааж, журамлаад нэмэр болох уу.  Үүнтэй адил хэн нэгнийг буруутан болгох нь дутагдалтай. -Ер нь манай уул уурхайтай холбоотой асуудлууд гадны  хууль шүүхийн байгууллага дээр очоод унаж байна.  Энэ нь монголын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа болов уу? -Дахиад ч олон хэрэг дээр унана. Ашиг харж, алга дарам цаас лиценз гэж  өгчихөөд эргээд олон улсын шүүхэд дуудагдаж олон зуун сая ам.доллар төлөөд байгааг яаж зөвтгөж болох вэ.  Монголын баялаг Хонгконг, Сидней, Торонтогийн биржүүдэд олон тэрбум ам.доллараар хувьцаа болон зарагдаад ард түмэн бид Монгол улс, Монгол төр түүнд ямар ч хамааралгүй болсон.  Хамааралтай болох гэж оролдохоор буруутан болж, улс маань 30 тэрбум ам.долларын өрөнд орчихоод сууж байна. -Одоогийн УИХ  ямар ч нэр хүндгүй байна.  Тараах асуудлаар зарим иргэний хөдөлгөөнийхөн, иргэд байр сууриа илэрхийлж байдаг.  Ер нь УИХ-ын гишүүний ёс зүй манайд алдагдаад байх шиг? -Алдагдаад байх шиг гэдэг бол дэндүү зөөлөн дүгнэлт. Аль эрт алдагдаад, ад болоод дууссан. Одоо хуулиа л дагая гэдэг шиг. Ийм байх ёстой мэтээр ойлгочихсон яваа нь эмгэнэл юм. 26 жил парламентын тогтолцоогоор дээр залрахдаа ХХ зууны хамгийн их үсрэлт хийсэн орныг ХХШ зуунд өрийн ангал, үндэсний мөхөл рүү түлхлээ. 30 жил тархи угаах, тамирдуулах ажлаа өрнүүлж байгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй. -Ёс зүйгүй улс төрчдөд хариуцлага тооцох тэднийг эргүүлэн татах боломж  сонгогчдод хэр байдаг вэ? -Механизм бол бий. Хууль байгаа. Гэхдээ одоогийн Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй. Дээдсийн хүрээлэлд үүссэн аалзны тор ажиллуулахгүй. Үүнийг “Эрдэнэт”-ийн жишээнээс бэлхнээ харж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

3 цаг 26 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 0 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

11 цаг 20 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

15 цаг 25 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

15 цаг 25 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

15 цаг 25 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин