
Д.ОЮУНЧИМЭГ
Нярайн пульс оксиметр нь нярайн цусан дахь хүчилтөрөгчийн ханалтын төвшин, зүрхний цохилтыг тодорхойлно, Энэ нь нярай хүүхэд зүрхний ямар нэг гажигтай эсэхийг эрт оношлож, эмчлэн, эрүүл саруул өсч бойжих нөхцлийг хангахад нэн шаардлагатай байдаг ажээ. Хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажгуудын үед нярай хүүхдийн амьдралын эхний цагуудад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг пульс оксиметрээр хэмжихэд хүчилтөрөгчийн ханамж буурсан байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлэв.
Манай улсын төрөх эмнэлгүүдэд ийм аппарат байдаггүйгээс нярайн зүрхний гажигтай эсэхийг тэр даруйд нь мэдэж чаддаггүй байна. Хөдөлгөөнт оксиметр аппаратыг ухаалаг утастай холбон хүүхдийн хөл болон гарт зүүснээр зүрхний гажгийг эрт оношлох боломжтой. Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд “Мод Трейд” компанийн захирал Ч.Содномпил агсны хань, үр хүүхдүүд нярай хүүхдийн зүрхний гажгийг төрсөн даруйд нь оношлох “Нярайн пульс оксиметр” аппаратыг хандивласан юм.
Зүрхний төрөлхийн гажиг нь нярай хүүхдэд хамгийн их тохиолдох хөгжлийн гажиг аж. 1000 төрөлт тутамд есөн тохиолдол илэрдэг. Зүрхний төрөлхийн гажгийн 25 хувийг хүүхдийн амьдралын эхний жилд зүрхний мэс заслын ба катетерийн эмчилгээ шаардлагатай хүнд гажгууд эзэлдэг байна.
Зүрхний хөх хэлбэрийн хавсарсан гажиг нь дийлэнхдээ яаралтай эмчилгээ шаардлагатай тул зүрхний гажгийн эрт оношилгоо нь өвчний явцад шууд нөлөөлдөг байна. ДЭМБ-ын шинжээчдийн хийсэн судалгаагаар харвал, долоо хоног хүртэлх нярай хүүхдийн дунд зүрхний төрөлхийн эмгэг нэгт эрэмбэлэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржсанаас 405 нярай төрөлхийн хөгжлийн гажиг оношлогдсон нь нийт төрөлтийн 0.6 хувийг эзэлжээ. Үүнээс зүрхний төрөлхийн гажиг хамгийн их буюу нийт оношлогдсон тохиолдлын 29.1 хувьтай тэнцсэн байна. Судлаач Ө.Оюунчимэгийн 2005-2007 онд ЭХЭМҮТ-д хийсэн судалгаагаар нийт гаж хөгжилтэй нярайн 28.7 хувь нь зүрхний гажигтай болохыг тогтоожээ. Түүнчлэн Т.Болормаа нарын судлаачид 2012-2013 онд нярайн амьдралын эхний 6-48 цагийн дотор зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан хийсэн тандалт судалгаагаар зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрсөн нярайн 2.42 хувьд нь оношлогдсон байна. Үүний 10 хувийг зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг эзэлжээ. Зүрхний төрөлхийн гажгийг нярайн эрт үед оношлох нь эмчилгээний зөв тактик баримтлах, эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэх, учирч болох бусад эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм байна.
Энэ үеэр Ч.Содномпил агсны охин С.Отгонням болон Нийслэлийн “Өргөө” амаржих газрын нярайн эмч, хүүхдийн зүрхний эмч, анагаах ухааны магистрант Б.Өлзийхишиг нарын байр суурийг сонирхлоо.
С.Отгонням: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЭРҮҮЛ ӨСЧ ТОРНИОСОЙ ГЭЖ ХҮССЭН
-Аав минь зургаан жилийн өмнө зүрхний шигдээ өөд болсон. Миний бага охиныг төрснөөс хойш 2-3 сарын дараа зүрхэнд нь гажиг байгааг мэдсэн. Эрт оношилж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны ачаар охин минь эрүүл саруул өсч торниж байна. Зүрх судасны өвчин нь хүнийг гэнэтийн үхэлд хүргэдэг аюултай өвчин. Манай хүн амын дунд тохиолдох түгээмэл өвчнүүдийн нэг нь зүрх судасны өвчин байдаг. Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олноор төрөх болсон. Энэ нь агаар, орчны бохирдлоос шалгаалдаг тухай мэргэжлийн эмч нар хэлж байсан. Тиймээс хүүхдийг төрөнгүүт нь зүрхний гажигтай эсэхийг нь оношлох боломжтой ч орчин үеийн, хүүхдийн хөдөлгөөнд мэдрэг биш аппарат хэрэгсэл байдаггүй гэдгийг эмч, мэргэжилтнүүдээс мэдэж авсан. Төрж буй хүүхэд бүр эрт оношлогддог болоосой, эрүүл саруул өсч торниж, элэг бүтэн амьдраасай гэж хүссэндээ бурхан болсон аавынхаа араас буян хийх зорилгоор эдгээр аппаратыг хандивлаж байна.
Б.Өлзийхишиг: НЯРАЙН ЗҮРХНИЙ ГАЖГУУДЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛРҮҮЛДЭГ БОЛЛОО
-Дөнгөж төрсөн нярай хүүхдэд зүрхний гажгийн эмнэлзүйн шинж эрт илэрдэггүй. Бид аль болох эрт оношлох, цаашид хэрхэн эмчлэх, юуг анхаарах, эрүүл саруул өсч торниход нь хамгийн наад захын алхамуудыг хийхийг зорьж байна. Манай улсын хувьд нярайн пульс оксиметр аппарат байдаггүй. Тиймээс сүүлийн үеийн шинэ технологи нэвтэрсэн аппаратыг хувь хүн нийслэлийн дөрвөн төрөх эмнэлэгт хандивлаж байгаад баяртай байна. Тус аппарат нь зүрхний долоон гажгийг эрт илрүүлдгээрээ давуу талтай. Эмнэлзүйн үзлэгээр гурван хүүхэд тутмын хоёрыг оношлохгүй өнгөрөөх тохиолдол байдаг. Учир нь тухайн өвчний шинж тэмдэг нь дутмаг учраас оношлохгүй өнгөрөөх тохиолдол байсан. Харин энэ аппаратны тусламжтайгаар 24-48 цагийн хооронд нярайн төрөлхийн зүрхний гажгийг эрт илрүүлэх боломжтой болж байна. Зүрхний гажгийг эрт илрүүлэх энэ аппрат нярай хүүхдийн хөдөлгөөнд тэсвэртэй мэдрэг чадвар өндөр учраас гар хөлийн аль нэгэнд хэмжилт хийснээр цаг алдалгүй оношлох боломжтой. Амьдралын эхний жилд мэс засалд орох өндөр эрсдэлтэй гажгууд болох уушгины артерийн битүүрэл, гол судасны нээгдэл, зүүн ховдол дангаараа байх, гол судасны сольбио байрлал гэх мэт өндөр эрсдэлтэй манай улсад эмчилгээ хийдэггүй зүрхний гажгуудыг цаг алдалгүй илрүүлэх боломжийг нээж өгч байна.
Дашрамд дурдахад, Үндэсний хэмжээнд нярайд зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлэх пульс оксиметрийн тандалтыг хэрэгжүүлж байгаа орнуудаас хамгийн өргөн хэрэглэж байгаа нь АНУ юм. ПОТ-ыг АНУ-ын Хүний эрхийн холбоо, АНУ-ын зүрх судасны холбоо, АНУ-ын Хүүхдийн академи, АНУ-ын Зүрх судасны коллеж, АНУ-ын генетик судлалын коллеж нэгдэн 2001 оноос үндэсний хөтөлбөртөө оруулсан байна. Харин “Pulse Oximeter” аппаратыг Монгол Улсад анх удаа эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлж байгаагаараа онцлог юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

