
С.УЯНГА, Т.САЙХАН
Улс үндэстэн оршин тогтнохын баталгаа, ард түмэн аюулгүй амар тайван байхын илэрхийлэл болсон мөрдэс чимсэн баатруудыгаа алдаршуулах өдөр бол өнөөдөр билээ. Эх орны торгон хил, иргэдийн аюулгүй байдал, гамшиг осол гээд эрсдэл дагуулсан бүхний өмнө эх орондоо тангараг өргөсөн баатруудаа өнөөдөр илүүтэй их дурсдаг. Тэднээр цаг ямагт бахархаж байх учиртай. Монгол цэргийн өдрөөр мөрдэстэй байгууллагын баатруудын төлөөллийг онцолж байгаа ч тэдэнтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа олон зуун мянган баатрууд байгааг мартаж болохгүй. Эх орны өмнө тангараг өргөсөн эрэлхэг хөвгүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе.
Амар тайван бэлэн байдлын баатар
Ард иргэдийн амар тайван байдлыг хангуулахын төлөө өдөр шөнийг үл ажран хөдөлмөрлөж байдаг цагдаагийн байгууллагын шилдгээр Цагдаагийн Ерөнхий газрын Автобаазын ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Пүрэвдоржийг онцолж байна. Тэрээр 1995 оноос Автобаазад цагдаа жолооч, жижүүрийн цагдаа жолоочоор ажиллаж эхэлснээс хойш өдгөө 23 дахь жилдээ өргөсөн тангарагаа үнэнч шударгаар биелүүлж, иргэдийн аюулгүй байдлын төлөө нэр төртэйгээр зүтгэж буй баатруудын нэг юм. Б.Пүрэвдорж сүүлийн жилүүдэд Автобаазын жижүүрийн цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэхдээ 24 цагийн турш тасралтгүй ажил үйлчилгээнд өглөөний 06:00 цагт цагдаагийн байгууллагын төрөл бүрийн албаны цагдаа жолооч алба хаагч нарыг авах, орой ажлаас нь буухад шөнийн 23:00, 01:00, 03:00 цагуудад хүргэж өгөх, Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний хэмжээнд эвдрэл гэмтэлтэй автомашины эвдрэл гэмтэлд туслалцаа үзүүлэн автомашинуудыг чирч авчрах зэрэг үүргийг биелүүлж алдаа эндэгдэл, хариуцлага алдахгүйгээр биелүүлж иржээ. Түүнчлэн УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Үндэсний их баяр наадам, АСЕМ дээд хэмжээний уулзалтын үеийн хамгаалалт хөдөө орон нутгаар томилолтоор үүрэг гүйцэтгэж нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаагийн байгууллагын хамгаалалтад ажиллах сургалт Нарстайн хээрийн сургалтын төвд зохион байгуулагдах үед аж ахуйн үйлччилгээнд нь томилогдон гурван сар ажиллахдаа 8920 км зам туулжээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар ЦЕГ-ын Автобааз дээр жижүүрийн жолоочоор ээлжинд 24 цагаар 68 удаа үүрэг гүйцэтгэхдээ 7100 км, 320 цаг илүү ажиллаж нийт 29620 км зам туулж үүрэг гүйцэтгэсэн манлайлагч юм.
Хилчин баатар бүсгүй
Эх орон газар нутгийнхаа хил хязгаарыг батлан дааж байдаг хил хамгаалах салбараас О.Нинжбадгарыг онцолж байна. Тэрээр Хилийн 0132 дугаар ангийн 0278 дугаар салбарын орлогч, ахлах дэслэгч Очирбатын Нинжбадгар НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд тасгийн даргын үүргийг гүйцэтгэж байна. Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн ба өдгөө нөхөр хүүгийн хамт амьдардаг. Дорнод аймгийн 12 дугаар сургуулийг төгссөн. 2005-2009 онд БХИС-ийн Удирдлага технологийн сургуулийг Менежмент төрийн захиргааны мэргэжлээр, 2009-2013 онд БХИС-ийн Цэргийн командын сургуулийг Сэтгэлзүйч, соёл хүмүүжлийн ажилтан мэргэжлээр төгсчээ. 2007 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнээс мөнгө, 2009 онд алт, 2011 онд Хилчдийн спортын их наадмын хөнгөн атлетикийн төрөлд алт, 2014 онд Хил хамгаалах байгууллагын хэмжээний зүүн бүсийн марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2015 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээний хүрэл, 2018 онд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй 30 гаруй улсын 350 цэргийн албан хаагчдын оролцсон 25 км-ийн марш тактикийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн манлайлагч бүсгүй юм.
Аюулгүй албаны баатар
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Батхүүг иргэний нисэхийн салбараас “Мөрдэстэй баатрууд” буландаа онцоллоо. Тэрээр зэвсэглэл ашиглалтын инженер мэргэжилтэй. Батлан хамгаалах салбарт 22 жил, иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлыг хангах чиглэлээр 20 жил ажиллаж байгаа. Нисэх буудалд ажиллах хугацаандаа гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеийн онцгой үүргийн нислэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажилласан. Тухайлбал, ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, БНЭУ, ХБНГУ гэх мэт 30 гаруй улс орны төрийн тэргүүн, өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийн айлчлалын аюулгүй байдал, хамгаалалтыг ханган ажиллаж байна. Мөн 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын дээд түвшний /АСЕМ/ 11 дэх уулзалтын зочид төлөөлөгчдийн ирэх, явах нислэгийн аюулгүй байдлын бэлэн байдлыг хангахад идэвх зүтгэл гарган ажиллаж, зохион байгуулалтын ажлыг чадварлаг хийж гүйцэтгэжээ. Түүний удирдсан хамт олон 2006, 2010, 2015 онуудад Монголд явагдсан ИКАО-гийн аюулгүй байдлын аудит шалгалтад өндөр амжилт үзүүлж “Онц” дүнтэй шалгагдсан зэрэг бахархам түүх бахдам амжилтаар дүүрэн юм. Ж.Батхүү нь ЗТЯ, ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ-ын баярын бичиг, “Хүндэт жуух бичиг”, “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Энхийн төлөө” болон бусад ойн медалиуд, төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулж байжээ.
Онцгой салбарын баатар
Багандуур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 64-дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Батсүхийн Содномдоржийг онцгой байдлын салбараас онцолж байна. Тэрээр онцгой байдлын салбарт 1996 оноос хойш 21 дэх жил ажиллахдаа томоохон хэмжээний объектын гал түймрийн дуудлагад амжилттай үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн 2013 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд болсон усны ослын үеэр есөн иргэний амийг аварсан байна. 2014-2015 онд ой хээрийн түймрийн хоёр, эрэн хайх нэг, аюулт үзэгдлийн 20, гал түймрийн 43 дуудлаганд явж 170 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалж ажилласан. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Норвилон сумын Далт, Жаргалант, Улаан даваа, Зүүн жаргалант гэдэгт газарт гарсан ой хээрийн түймэрт 15 өдөр ажилласан. Ахлах ахлагч Б.Содномдорж гал унтраах техникийн олон төрөлт спортын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд байлдааны тархалтын төрөлд 2011 онд мөнгөн медаль, тус спортын дэд мастер цолтой спортын тэмцээн уралдаанд тогтмол амжилт гаргадаг аврагч аж. Онцгой байдлын албаны төлөө 2, 3 тэмдгээссгадна мэргэжлийн түвшингээр ямагт дээгүүрт үнэлэгддэг байна.
Армийн баатар
Зэвсэгт хүчний 330 дугаар ангид салаан захирагчийн орлогч албан тушаалтай Ахлах ахлагч Ганболдын Төрбаатарыг Батлан хамгаалах салбараас онцолж байна. Тэрээр Өмнөд Суданд улсын гуравдугаар ээлжийн багт үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаандаа Энэтхэг улсын бательоны цэргийн албан хаагчидтай хамтран Жуба хотоос НҮБ-ын түлш хүнс тээвэрлэх ажиллагаанд оролцож, дайсны мөргөлдөөнтэй тулгарсан байдаг. Г.Төрбаатар болзошгүй гэнэт халдлагаас дайчин нөхдөө хамгаалж чадсан юм. Энэхүү мөргөлдөөний улмаас Г.Төрбаатар хөнгөн шарх авч, Балбын энхийг сахиулагч хөлдөө буудуулж, хоёр энгийн иргэн шархадсан байна. Ийнхүү хүний газар дайчин зориг гарган, энхийг сахиулах үүргээ баатарлагаар биелүүлжээ. Тэрээр “Монгол цэрэг хүнд үед үүргээ амжилттай гүйцэтгэж чадсан. Мөн бусад орны шархадсан цэргүүдэд анхны тусламж үзүүлж байсан хурандаа Эрдэнэбат захирагчтай гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнээрээ бахархаж байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn




