
Г.Пүрэвдорж: САРТУУЛ ТҮМЭН БОЛ ЧИНГИСИЙН ШУУД УГСААНЫХ ГЭДГИЙГ НОТОЛСОН
-Энэ номыг бичиж байхдаа би нэг зүйлийг ойлгосон. Газар нутгийн, ихэс ноёдын түүх үлддэг. Харин ард түмний түүх бараг үлддэггүй юм байна. Тиймээс газар нутгийнх нь түүхийг ард түмэн, ихэс ноёдтой нь хамт оруулъя гэж бодоод гурван боть шастир болгон нөхдийн хамт бүтээлээ. Энэ бүтээлээрээ би Сартуул түмэн бол Чингисийн шууд угсааных гэдгийг нотолсон. Эдгээр мэдээлэл Архивын ерөнхий газар байсныг би зөвшөөрөлтэйгөөр хувилан авч бүтээлдээ ашигласан юм. Тиймээс өнөөдөр дээжээс нь тус газрын хамт олонд гардуулж байна.
Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба: 1600-ГААД ОНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛХ ТҮҮХИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАРИМТУУД БИЙ
-Архивын ерөнхий газрын сан хөмрөгт Монголын түүхийн 1600-гаад оноос эхлээд өнөөг хүртэлх түүхийн үнэ цэнэтэй баримтууд хадгалагдаж байдаг. Үүнээс эзэн Чингис хааны угсааны ноёд дээдэс, тайж нарын үеийн үнэтэй, ховор бичмэлүүд бий. Эдгээр баримтыг олон түмний хүртээл болгох, эрдэм шинжилгээний ажилд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч, эрдэмтэн Г.Пүрэвдоржид талархсанаа илэрхийлье. Үүнийг Архивын ерөнхий газрын үндсэн чиг үүрэгт хамаарагдах ажил гэдгийг цохон тэмдэглэе.
ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар: ТҮҮХ АРГАЗҮЙН УХААНЫ СУДАЛГАА, БҮТЭЭЛ ХИЙХДЭЭ ӨВӨРМӨЦ БАЙДЛААР ХАНДЖЭЭ
-ШУА-ийн эрдэмтдийн хийж буй олон судалгааны ажлын нэг болох өвөрмөц бүтээл өнөөдөр төв архивын сан хөмрөгт хадгалагдахаар боллоо. Г.Пүрэвдорж бол манай академийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн. Өөрөө теникийн хүн учир түүх аргазүйн ухааны судалгаа, бүтээл хийхдээ их өвөрмөц байдлаар ханджээ. Гэрсэнз хунтайжаас ихтэй халхын долоон хошууны газар нутаг, хаад ноёд, хүн ардтай холбогдол бүхий түүхийг баримттайгаар, судалж гаргаж ирсэн нь сонирхол татаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин