Гавьяат жүжигчин  Т.Баясгалан: Ханьдаа маш их баярлаж байна

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Японы мэргэжлийн сүмод “Мэхний их дэлгүүр” хэмээгдэж явсан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан  Кёкүшюзан Д.Батбаяр гэргий гавьяат жүжигчин Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Уралдааны ялагчдыг өнөөдөр /03.07/ зарлаж, шагналыг нь гардууллаа. Уралдаанд 3000 орчим  шүлэг “Хайрын шүлэг”-ийн уралдаанд  иржээ. Тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул “Гэргийн гэгээ” шүлгээрээ орсон бол хоёрдугаар байрт Л.Түмэнжаргал “Бурханы цэцэг” шүлгээр, гуравдугаар байрт Бадам “Хайрт хань Мөнхбатдаа” шүлгээр эхний гурван байрыг эзэлсэн юм Уралдааны шүүгчдээр Болор цомын эзэн, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, СГЗ, улсын начин Г.Эрхэмбаяр  нар ажиллаж 9 шилдэг оролцогч Японд аялж, сүмо бөхийг дэргэдээс нь сонирхох болон “IPhone X” гар утас, “Samsung Galaxy G7” гар утас, тусгай зургадугаар байрт “Моnel 32” инчийн өнгөт зурагтыг шагнал болгон гардуулсан юм.  

Д.Кёкүшюзан Батбаяр: 1000 сарнай биш, 1000 шүлгээр бэлэг барина гэдэг миний хувьд үнэхээр аз завшаантай үйл явдал болж байна

-Та Монголын эрчүүдээс бараг л анх удаа эхнэртээ зориулан “Хайрын шүлэг”-ийн уралдаан зохион байгууллаа. Ийм уралдаан зохион байгуулъя гэсэн санаа анх хаанаас, яаж төрсөн талаар сонирхуулахгүй юу? -За баярлалаа. Анх гэр бүлээрээ Окиновад амарч ирчихээд кофе уух зууртаа фейсбүүк дээрээ жижигхэн коммент бичсэн юм. Түүндээ “Окинова аралд сайхан амарлаа, далай сайхан  тогтуухан байсан ч Монгол эх орныг минь яаж гүйцэх вэ дээ” гэсэн хэдхэн мөрт шүлэг бичиж оруулсан юм. Гэтэл түүний дараахан олон хүмүүсээс магтаал, бас их олон шүүмжлэл ирсэн. Тэдгээр шүүмжлэлийг хараад  баярлаж “Та бүхэн энэ шүлгийг минь засаад өгөөч” гэсэн хүсэлт явуулсан юм. Тэгээд “Сайхан засаад өгвөл Гэгээн хайрын өдрөөр хайртай эхнэр Баясаадаа бэлэглэх гэсэн юм” гэдгээ ч бичсэн. Тэгэхдээ “Түрүүлсэн хүнийг Японд сүмо үзэх эрхийн бичгээр шагнана” гэчихсэн чинь Валентины өдрөөр шагнал гардуулах аргагүй, шүүж ч амжих боломжгүй 3000 орчим шүлэг хүрээд ирсэн. Тэгээд сүүлдээ гайхаад “Ийм олон хүн сэтгэлээ гаргаж, олон хоног бодож, ухаанаа уралдуулсан байхад би ингэж хэнэггүй хандаж болохгүй” гэж бодоод мэргэжлийн яруу найрагч, дуучдад хандаж “Та бүхэн энд ирсэн шүлгийг уншиж танилцаад, үүнийг “Хайрын шүлэг”-ийн уралдаан болгоод шүүж өгөөч ээ” гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьснаар өнөөдрийн энэ үйл ажиллагаа болж байна. Хөдөө орон нутгаас их олон шүлэг ирсэн. Манай Монголчууд ямар их сайхан гэгээлэг, яруу найргийн торгон мэдрэмжтэй хүмүүс гэдэг нь миний энэ зохион байгуулсан “Хайрын шүлэг”-ийн уралдаанаас дахин тодорхой харагдлаа. Миний хувьд энд шүлгээ ирүүлсэн бүх хүмүүст маш их баярлаж, дахин дахин талархлаа илэрхийлж байна. Ямар ч гэсэн Монголынхоо сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулан өөрийн  хайртай эхнэр Баясгалангаар төлөөлүүлэн ийм сайхан уралдаан зохион байгуулсандаа  үнэхээр сэтгэл хангалуун байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс түүвэрлэн 400 гаруй шүлэгтэй ийм сайхан “Ханьдаа” нэртэй ном болгоод хэвлэчихсэн байна. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд манай Монгол эрчүүд тэр дундаа бөхчүүдийг жаахан хэнэггүй, хээгүй эхнэртээ сайхан үгийг хэлж чаддаггүй дөлөөд явдаг гэж ярьдаг. Одоо бүгдээрээ тэр ойлголтыг таягдан хаяж нэг насны хань, үргэлж чиний дэргэд тормолзож байдаг хайртай хань, гэргий нартаа “Би чамдаа хязгааргүй хайртай шүү” гэдэг эрхэм сайхан үгийг байнга хэлж байя гэж уриалж байгаа юм. -Энэ олон шүлгээс сайхан сайхан дуу төрөн гарах байх даа? -Тэгэлгүй яах вэ. Сайхан дуунууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Манай хөгжмийн зохиолчид, ая зохиогчид шилээд шилээд дуу зохиох байхаа. Манай уралдааны шүүгчид дотор С.Эрхэмбаяр ах байна. Тэгэхээр энэ талд бүрэн итгэлтэй байгаа. -Манай залуучууд хайртай эхнэр, хайртай бүсгүйдээ 1000 Сарнай бэлэглэдэг нэг уламжлал байдаг. Харин та өнөөдөр хайртай эхнэртээ 400 гаруй өөрт нь зориулсан шүлэгтэй “Хайрын шүлэг”-ийн ном барьж байна. Ер нь хойшид энэ уралдааныг тогтмолжуулах талаар бодсон зүйл бий юу? -Энэ уралдаан бол үнэхээр санаандгүй л зохион байгуулагдчихсан зүйл л дээ. Нээрээ бодоход 1000 Сарнай биш, 1000 шүлгээр бэлэг барина гэдэг миний хувьд үнэхээр аз завшаантай үйл явдал болж байна. Санаандгүй байтал фейсбүүкийн найзууд, энэ цахим ертөнц гэдэг үнэхээр хүчтэй байдаг юм байна. Монголчууд эвлэлдэн нэгдвэл юуг ч хийж, бүтээж чадахын бас нэгэн сайхан жишээ боллоо. Энд би залуучуудаа дахиад л уриалж байна. Сайхан хайртай учирвал түүнийгээ улам бадрааж, усалж тордсоор үр жимсийг нь олон болгож сайхан ургуулаарай. -Та чинь нээрээ Эмэгтэйчүүдийн баяраар мэндэлсэн байхаа. Жил бүр төрсөн өдрөө тэмдэглэж, хажуугаар нь эхнэрээ, ээжийгээ баярлуулдаг байх даа?     -За тэр тийм шүү. Би жил болгон Цагаан сараар хамгийн ахмад бөхчүүдэд гэр бэлэглэдэг шигээ маргаашийн Эмэгтэйчүүдийн баяраар дүүрэг бүрийн хамгийн өндөр настай ээжүүдтэй баярын зоог бариад, гарын бэлгээ гардуулахаар зэхсэн байгаа. Ханьдаа зориулсан “Хайрын шүлэг”-ийн энэ номоо маргааш хайртай эхнэр Баясаадаа гардуулна. -За танд ийм сайхан уралдаан зохион байгуулсанд нийт эрчүүдийнхээ өмнөөс дахин баяр хүргэе? -Их баярлалаа. Би үнэндээ ийм олон хүн оролцоно гэж бодоогүй. Эрчүүд минь хайртай эхнэр, хайртай бүсгүйдээ хайрын сайхан үгийг олон хэлж байгаарай.  

Л.Ганзул: Монголчууд бол яруу найрагч ард түмэн

-“Хайрын шүлэг”-ийн уралдаанд “Гэргийн гэгээ” шүлгээрээ түрүүллээ. Сэтгэгдэлээсээ хуваалцана уу? -Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын урьд өдөр ийм сайхан уралдаанд түрүүлсэндээ их баяртай байна. Тухайн үед энэ уралдааны тухай Кёкүшюзан Д.Батбаярын пейж хуудаснаас анх харсан. Тэгээд юм бодоогүй явж байтал манай эхнэр “Чи энэ сайхан уралдаанд оролцооч. Миний хань нэг сайхан дууны шүлэг бичээч” гэсэн юм. Тэгээд л дотроо жаахан бодож явсаар ганцхан өдөрт л шүлгээ биччихссэн. Уг нь би хэдэн дуутай л даа. Тэгснээ “Ер нь оролдоод үзье. Бас нэг сайхан дуутай ч болчих юм билүү” гээд энэ наадамд шүлгээ сойсон юм. 3000 орчим шүлгээс түрүүлсэндээ, миний шүлгийг ингэж түрүүлгэсэнд би үнэхээр их баяртай байна. Өнөөдөр хүн болгон зүрх сэтгэлээ шүлгээр илэрхийлэх гэж оролдож байгаа нь хүний оюун санаа, ялангуяа Монголчуудын маань оюун санаа ихэд тунгалаг байгаагийн их сайхан нотолгоо юм. Үнэхээр сайхан гэгээлэг наадам боллоо. Хайрынхаа тухай, хайртай хүмүүсээ баярлуулахын төлөө зүрх сэтгэлээ нээсэн бүх хүмүүст баяр хүргэе. Энэ хоёр сайхан хүний хайр сэтгэл Монголчуудыг ингэж сайхан эвлэлдэн нэгдүүлж, яруу найргийн утга уянгаар цэнгүүлсэнд яруу найрагчийн хувьд үнэхээр сэтгэлийн жаргал эдэлж байна. Шүлэг бичсэн бүх хүнд баяр хүргэе, бас баярлалаа. Яагаад гэвэл би яруу найраггүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Их багаасаа шүлэг бичсэн ийм л нэг яруу найрагч юм. Миний бичсэн хайрын тухай нэлээн хэдэн дуу бий. Хүний сэтгэлийг жаахан ч гэсэн хөглөж, жаахан ч гэсэн гэрэлтүүлчих юмсан гэсэн сэтгэлийг минь урмаар хөглөж, утга уянга эгшиглүүлсэн үнэхээр сайхан наадам боллоо.  

Р.Эмүжин: Шүүлтэд ямар ч найраа, тохиролцоо байхгүй

-Урьд өмнө шүлгийн тэмцээн шүүж байсан уу. Яагаад гэвэл Монголчууд их багагүй дууч, шүлэгч ард түмэн гэгддэг болохоор мэдээж “Хайрын шүлэг”-ийн уралдаан шүүхэд ямар нэгэн хүндрэл гарсан уу? -Маш олон хүнээс 3000 орчим шүлэг ирсэн л дээ. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Монголын залуучууд, энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс бие биендээ “Хайртай” гэж хэлэхийг, хайрыг сонсохыг, хайраар амьсгалахыг, гэрэл гэгээ рүү тэмүүлж амьдрахыг ихэд хүсэмжилдэг болсны тодорхой нотолгоо боллоо. Мэдээжийн хэрэг МЗЭ-ийн гишүүн, мэргэжлийн яруу найрагч, зохиолчдын шүлгүүд байсан. Эгэл жирийн иргэдээс ирсэн маш олон шүлгүүд байсан. Гуравхан мөртэйгээс эхлээд гуч дөчин шад шүлэг ч байлаа. Эдгээр шүлгүүдийг уншаад сууж байхад шүлэг болгонд өөрийн гэсэн амь, амьсгаа байгаа нь мэдрэгдэж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Шүлэг болгонд өөрийн гэсэн хайр оршиж байсан. Мөр болгонд нь алмаз мэт, алт мэт тунаж харагдах тийм онцлог, тийм сэтгэлийн нандин үгс байсан. Энэ нь чухам юунаас үүдэлтэй вэ гэдгийг би яруу найрагчийнхаа хувьд бодож үзсэн. Эдгээр нь яг үнэндээ хайр юм, яг үнэндээ сэтгэл юм, дурлал юм. Тэгэхээр хүний хайраас гарсан үгс, хайранд нисэн очиж хүрнэ шүү дээ. Сэтгэлээс гарсан үгс бас нэгэн сэтгэлд очиж жигүүрээ амраана, зүрхнээс гарсан үгс зүрхэнд очиж үүрээ засна шүү дээ. Тэгээд ч Монголчууд зөн билгийн асар олон мянган жилийн түүхтэй, ардын аман зохиолын бүхэл бүтэн хэдэн зууныг гатлаад ирсэн арвин сан хөмрөгтэй ард түмэн. Тэгээд л Кёкүшюзан Д.Батбаярын хайрт гэргийдээ зориулан зохион байгуулсан “Хайрын шүлэг”-ийн уралдаан Монголчуудын аман билгийн, зөн билгийн сэрэл мэдрэмжийг сэрээж чадлаа гэж миний хувьд бодогдсон. -МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул “Гэргийн гэгээ” шүлгээрээ энэ уралдаанд түрүүллээ. Ер нь мэргэжлийн зохиолч, яруу найрагч зүгээр жирийн иргэдийн шүлгийг шүүхэд хэцүү байв уу. Ямар нэгэн лобби, найраа ороогүй шүүгдсэн гэдэгт итгэж болох уу? -Мэдээж уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүмүүсийн дунд МУСГЗ, мэргэжлийн зохиолч, яруу найрагчид нэлээн хэд байсан болохоор шүүлтийг шударга явуулахад ур чадвар, хэллэг, найруулгын байдлаас шалтгаалан маш шударга, чанд ажиллах шаардлага тулгарсан. Тэнд мэдээж их ялгаа байсан л даа. Гол нь уншигчийн түвшин, туурвигчийн түвшний гээд ялгаа их ажиглагдаж байсан. Мэргэжлийн болон мэргэжлийн бус бичигчид, олон жил шүлэг бичсэн болон энэ уралдааны мэдээллийг сонсоод л анх шүлэг бичиж байгаа хүмүүсийн хооронд мэдээж маш их ялгаа гарна шүү дээ. Сая жишээ нь нэг шагналт байранд орсон залуу “Би 30 жил шүлэг бичиж байна” гэхийг та бүхэн сонссон байх. Тэгэхээр энэ уралдааныг шүүгчээр ажилласан бид 4-ийн хувьд нэлээн ачаалалтай ажиллалаа. Энд сонирхуулж хэлэхэд ирсэн шүлгүүдийг уншиж байтал миний өөрийн “Намар болдоггүй чиний нутагт гуниг гэж үгүй Нарсны унгирал хэзээ ч хөглөрөхгүй” гэдэг хайрын шүлгийг тэр чигээр бичээд явуулчихсан тохиолдол ч гарч бид хэд хөгжилдөөд л өнгөрсөн. Тэгэхдээ энэ уралдаанд оролцъё, “Хайрын шүлэг” бичээд үзье гэдэг бол гэгээлэг сэтгэл юм. Бие биендээ “Хайртай” гэдэг үгийг хэлж суръя гэдэг үүднээс энэ уралдааныг зохион байгуулсан гэдгээ ч Кёкүшюзан Д.Батбаяр хэлсэн нь өөрөө маш их гэгээлэг сайхан зүйл юм. Миний бодлоор энэ сайхан гэгээлэг уралдаан зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн гэж бодож байна. Монголын залуучууд, нас харгалзахгүй энэ уралдаанд шүлгээ илгээсэн хүмүүсийг хайрын сайхнаар аялуулж чадсан гэж бодож байгаа. Гол асуулт маань мэргэжлийн яруу найрагчид жирийн иргэдийн шүлгийн ур чадвар, хэлэх гэсэн гол санаа, санаагаа илэрхийлсэн байдлыг шударгаар шүүхийн тулд бид дөрөв нэлээн цаг хугацааг өнгөрүүлж, их ч чармайж ажилласан.  

Гавьяат жүжигчин  Т.Баясгалан: Ханьдаа маш их баярлаж байна

-Сая МУСГЗ яруу найрагч Д.Дашдондов өөрт чинь зориулан өөрийн шүлгээр зохиогдсон “Уулзах л юмсан чамтайгаа” дуугаа дуулж сонирхууллаа. Харин энэ удаагийн уралдаанд ирсэн шүлгүүдээс сайхан дуу болох шүлэг ажиглагдана уу? -Ханийн минь зохион байгуулсан энэ уралдаанд хүмүүс их идэвхтэй оролцож 3000 гаруй шүлэг ирүүлсэнд үнэхээр их баяртай байна. Харин миний хувьд өнөөдөр л эдгээр шүлэгтэй сайтар танилцаж, номоо харж байгаа болохоор одоогоор хэд нь дуу болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол хүмүүсийн яриаг сонсож байхад сайхан дуу болохоор сайн шүлэг олон байгаа юм билээ. Өөрийнхөө пейж хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлж, санаа бодлоо ч дамжуулна. Өнөөдөр ямар ч байсан миний ханийн санаачилж, надад зориулсан уралдааны дүн гарч их сайхан өндөрлөж байна. Үнэхээр ханьдаа маш их баярлаж байна. Үүнээс илүү эрхэм сайхан бэлэг гэж юу байх вэ дээ. Монголчууд маань ямар сайхан яруу юм, ямар сайхан уянгатай юм. Ямар сайхан үгийн баялагтай, сайн сайханд уриалж чадвал ямар сайхан бүхнийг хийх чадвартай, ямар сайхан хүмүүс вэ гэдгийг дахин мэдэрч үнэхээр сэтгэл тэнийж байна. Миний хань чинь гэнэтхэн л сэтгэл сэргэж, дуу аялмаар гэнэтийн сайхан бэлэг барьдаг хүн. Магадгүй 2018 оны Эмэгтэйчүүдийн баяр бол 1000 Сарнайгаас илүү 1000 сайхан шүлгээр бэлэг бариулсан, чин сэтгэл шингэсэн хамгийн сайхан баяр болж байна. Үгийн сайхан шидтэй, амьтай баяр болж байна. Энэ сайхан завшаанаар Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж байна. -Танд хамгийн гоё таалагдсан ямар шүлэг байсан бол?    -Сайн санааны үзүүрт тос гэж ярьдаг. Надад эдгээр шүлгүүд бүгд л сайхан санагдаж байна. Над шиг 3000 шүлгээр бэлэг авсан азтай эмэгтэй тийм ч олон байдаггүй л болов уу. Байр эзэлсэн шүлгүүд дунд хайртай нөхөртөө зориулсан шүлэг ч байсанд миний хувьд үнэхээр их олзуурхаж, баярласан. Нэг ёсондоо сайхан хайр нь тэр хүнд урам зориг төрүүлж, цаашид шүлэг бичих сонирхолтой болгосон ч байж болно шүү дээ. Хамгийн гол нь ийм сайхан гэгээн уралдаан зохион байгуулах санаа сэдэл олсон ханьдаа дахин дахин баярлаж байна. Бас хайр сэтгэл маань ч улам бадарч байна. -Анх “Хайрын шүлэг”-ийн уралдааны талаар ханиасаа сонсоод юу гэж бодож байсан бэ. Тэгвэл одоо ямар мэдрэмж төрж байна?   -Анх сонсоод л баярлах, гайхах зэрэгцсэн. Тэгээд яруу найрагт дуртай, энэ сайхан зүйлийг олж хараад авъяас билгээ уралдуулан шүлгээ ирүүлсэн бүх хүнд баярлаж байна. Хамгийн гол нь цаг заваа гаргаж, авъяас билгээ шавхан шүлэг бичнэ гэдэг их сэтгэл шүү дээ. Энэ сэтгэлийн цаана сайн сайхан руу тэмүүлсэн, нэг нэгэндээ илч гэрэл хайрласан их том гэгээрэл, хайр явж байгаа юм шүү дээ. Одоо хүмүүс цахим ертөнцөөс хэрүүл тэмцэл, муу муухай зүйл унших гэхээс илүү гэрэл гэгээтэй, жирийн сайхан хүмүүсийн амьдрал, тэдний хөдөлмөр бүтээлийн тухай уншихыг хүсдэг болж. Энд ч гэсэн миний ханийн үүрэг роль оролцоод явж байгаад үнэхээр сайхан баярлууштай юм. Эцэст нь та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Эх сурвалж:www.polit.mn
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

19 цаг 6 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

19 цаг 15 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Уржигдар 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Уржигдар 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Уржигдар 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Уржигдар 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Уржигдар 10 цаг 29 мин