
А.ЦЭРЭНДОРЖ
Өнөөдөр /02.21/ Эх хэлний баярын өдөр. Энэ өдөр Үндэсний төв номын санд JCI Капитал салбар байгууллагын санаачилгаар зохион байгуулдаг ном баринтаглах үйл ажиллагаа боллоо. Мэргэн номыг үргэлж тогтоон сэтгэлдээ тунгааж яв хэмээх өвөг дээдэс минь эртнээс сургаж ирсэн билээ. Монголчууд эртнээс “Бурханд мөргөмүү, Номонд мөргөмүү, Хуврагт мөргөмүү” хэмээн гурван эрдэнэдээ залбирдаг. Номын ачаар хүний оюун билэг нээгдэж, дахин төрөх лугаа болно хэмээдэг. Эцэг, эхээс эрдэнэт хүмүүний биеийг олж төрнө. Харин номноос оюун билгийг олно. Номыг дээдлэх гэдэг нь хариу нэхдэггүй өглөгч, уйдах чилэхийг мэддэггүй үнэнч нөхөр, үе үеийн мэдлэг ухааныг өртөөлөн уламжлагч, агуу их ачтан тул номоос эрдэм мэдлэг хүртэхдээ эрхэмлэн дээдэлдэг. Номоо эрхэмлэн дээдлэж оюун санааныхаа толь болгодог Монгол түмэн “Эх хэлний баяр”-ын өдрөөр “Төв номын сан”-гийн судар номнуудыг баринтагладаг билээ. Номын санд байрлах сая гаруй судар номыг баринтаглах үйл ажиллагааг JCI Капитал төрийн бус байгууллага 2015 онд санаачилснаар өдгөө арван таван мянган номыг баринтаглаад байгаа хэмээн хүрэлцэн ирсэн салбарын гишүүд ярилцаж байв. Тус үйл ажиллагааг зохион байгуулагч JCI Капитал салбар байгуулагын 2018 оны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан “Үндэсний төв номын санд орхигдсон баринтаггүй номнууд их байна гэсэн мэдээлэл аваад ирж уулзаад ийм үйл ажиллагаа зохион байгуулж этөслийг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс хойш нийтдээ 15 мянган ном баринтаглагдсан” гэв. JCI Капитал салбар байгуулага нь зөвхөн ном баригтаглаад л зогсохгүй дэлхийн эрдэмтдийн Монгол орны тухай судалсан ном бичвэрүүдийг “Төв номын сан”-д авчирах ажлыг эхлүүлэх зорилготой байгаа гэнэ. Үүний дараагаар “Үндэсний төв номын сан”-гийн захирал Б.Ичинхорлоо “Он цагийн гэгээн эргэлтэд оюут мэргэдийн үлдээсэн судар номыг зүрхэндээ тархиндаа өдгийдсөн номын сангийн хамт олон JCI төрийн бус байгууллагын хүчирхэг залуусын нэгдсэн энэ байгуулагатай хамтран “Номын баринтаг төсөл” хэрэгжүүлдэг. Жил болгон хаврын сарын шинэ дээр шинэ номнуудаа баринтаглах ажлыг зохион байгуулдаг. Өнөөдөр бол “Олон улсын эх хэлний өдөр” энэ өдрийг оёж ирсэн баринтагууддаа Монгол ном судруудаа баринтаглана гэж ийм сайхан өдөр бодол өвөрлөн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Монголчуудын өдий болтол оршин тогтнож Монгол бичгийнхээ судруудыг шинэ баринтагаараа баринтаглах гэж байна. Монгол түмний маань тархи зүрхэнд явсан бүхнийг хадгалж аварч үлдэх ийм зорилгын дор нэгдэн цугалсан та бүхний сайхан сэтгэлээр үеийн үед уламжлагдан ирсэн. Монгол судар номнууд маань шинэ өлгийнд орж нялх хүүхэд шиг л өлгийлөгдлөө” хэмээв.
Нээлтийн дараагаар үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн номонд хайртай олон баринтагаа хандивлаж байв. Шинэхэн баринтаг барин буян хураахаар ирсэн хүмүүсийн сэтгэл өөдрөг байгаа нь харагдаж байлаа. Энэ үеэр баринтаг хандивласан Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Ш.Цэнд-Аюуш “108 ширхэг баринтагийг урлан хандивлаж байна. Манай зөвлөлийнхөн бүгдээрээ ирж энэ үйл ажиллагаанд оролцож байна. Хойшид залуучууд номтой ойр байж үзэж хараагүй, мэдээгүй зүйлсээ ирж мэдэж аваарай. Өдий хүртэл хойч үедээ энэ номнуудыг бүрэн бүтээх үлдээхийн тулд баринтаглаж байгаа нь талархууштай. Бусад байгуулагуудыг энэ үйл ажиллагаанд оролцож ном баринтаглаарай гэж хэлмээр байна. Үр хойчдоо үлдээж буй маш өв соёл юм шүү” гэв. Мөн энэ өдөр номын баринтаг хандивлаж буй “Лантуун дохио” төрийн бус тэргүүн Ч.Ганжавхлан “Өнөөдөр хамгийн чухал өв бол оюуны өв болж байгаа. Үүнийгээ урт удаан наслуулах зорилготой ийм сайхан арга хэмжээ нь том буяны үйл гэхээс илүү Монголчуудын оюун санааны насыг уртсагаж байгаа үйл ажиллагаа болж байна. Их сайхан арга хэмжээ болж байна. Миний хувьд энэ жил анх удаагаа оролцож байна. Ер нь зохион байгуулж байсан үеэс нь мэднэ. Өнөөдөр өөрөө нүдээрээ хараад харахад их сайхан зүйл байдаг юм байна. Монголчууд бидний мартаад байгаа зүйлийг л сэргээн таниулж байна. Бид оюуныхаа өвийг маш муу хамгаалдаг. Өнөөдөр манай Монголын Ерөнхий сайдын анх амьдарч байсан байшин гэхэд нурж унах гэж байгаа байшин байж байдаг энэтэй адилхан л энэ олон сайхан оюуныхаа өвийг хамгаалж үлдээж насыг нь уртасгаж баринтаглаж байгаа нь маш өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.Хувийнхаа зүгээс номын баринтаг хандивласан. Энэ номнуудын үг үсэг болгон гүн утга учиртай. Бидний соёлын өв хадгалагдаж байгаа. Мянга сонссоноос нэг унш, Мянга уншсанаас нэгийг хэрэгжүүлэх гэж оролд гэж ийм үг байдаг тэрэн шиг хоосноор номыг шүтэх биш доторх агуулгыг маш сайн мэдэж авч үлдэх нь чухал юм” гэв.
Эх сурвалж:www.polit.mn