Цаг өөр болсон шүү, С.Баяр дарга минь!

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.Дамдин-Очир Ерөнхий сайд асан С.Баяр захидал бичжээ. Энэ хүн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн “...Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн, ...С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй, ....С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэж хэлсэнд нь ихэд гомджээ. Тэгээд шүүхэд хандсанаа энэ захидлаар дамжуулсан байна. Мөн тэрээр Ж.Батзанданд хуульчийнх нь хувьд, улстөрчийнх нь хувьд, хувь хүнийх нь хувьд элдвийн үг дайгаад, эцэст нь  “...Эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь” гээд захидлаа дуусгажээ. Бас л юм юм ард нуугдсан үг шүү. С.Баярын энэ захидлыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Ер нь С.Баяр гэдэг хүнийг бид мэднэ дээ. Энэ хүнд Монголын төр өгдөг бүгдээ өгч, хашдаг бүхнээ хашуулсан. Энэ хүний анкетыг нээгээд үзэх юм бол дандаа дээшээ, Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хүртэл явсан. Хүссэн хүн бүр хүрээд байдаггүй албан тушаалын өндөрлөгт энэ хүн хүрсэн юм. Гэхдээ энэ хүнд Монголын төр, Монголын ард түмэн өргүй юм. Харин С.Баяр гэдэг хүнээс хариуцлага нэхэх эрх Монголын төрд, Монголын ард түмэнд бий. Тэгэхээр С.Баяр гэдэг хүн Ж.Батзандангийн үгэнд эмзэглэж туниад байх эрхгүй юм. 2007 оныг саная. Одоогийн УИХ-ын дарга тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга  байлаа. Намынхаа Их хурал дээр М.Энхболдоос Ерөнхий сайдын суудлыг нь, намын даргын албан тушаалтай нь авчихаж байв. Муу М.Энхболдыгоо муухай мулзалсан даа. С.Баяр МАХН-ын дарга болуутаа “...Ерөнхий сайдын албан тушаалыг ч бас давхар өг, ачаагаа ч үүрье, хариуцлагаа ч хүлээе” гэж загнаж байгаад авч байсан. Энэ үгийг ард тмэн мартаагүй байна. Намынхан нь бүр ч мартаагүй байгаа. Хариуцлага гэдэг үгийг С.Баяр өөрөө ярих дуртай. Оюутолгойн гэрээ ашиггүй байвал хар толгойгоороо хариуцна гээд аль хэдийнэ хэлчихсэн. Оюутолгойн гэрээнээс хойш бараг арван жил боллоо. Ашиг алга л байна. Одоо ид яригдаад байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавиад ихээхэн хэмжээний өрөнд унагачихаад “Жаст”-ын асуудалд С.Баярын нэр холбогдох нь ойлгомжтой биш гэж үү. 2007 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулж зээл авч байсан гэж энэ үйлдвэрийн захирал байсан Ч.Ганзориг хэвлэлд ярьсан байсан. Тэгэхээр С.Баярыг 2007 онд Ерөнхий сайд болсноос хойш л энэ хэрэг эхэлсэн биш гэж үү? Ийм байж Ж.Батзандангийн үгэнд юунд хорсоно вэ. Түүний захидал тэр чигээрээ заналхийлэл, аархал үнэртсэн үгстэй. Хэн, хаанаас, гэнэт гарч ирчихээд юу ярина вэ гэмээр зүйлийг улайхгүй туусан байгаа юм. Гэхдээ ингэдэг нь С.Баярын гэм биш зан. Гэв гэнэт, хаанаас ч юм ирээд Монголын том гэсэн сэтгүүлчийг дуудаж аваачаад өөртэйгээ яриулна. Ярилцлага нь ихээхэн гоёмсог үгтэй. Гэхдээ агуулга нь дандаа өөрийгөө өмөөрсөн, өндөрт хөөргөсөн байдаг. “Би нохой шуугиулж явсан, одоо шуугиулна. ...Суусан газраасаа чулуу атга. ...Харамсч байна” гэх зэргээр этгээд үгээрээ хүмүүсийг шок-д оруулна. Шокноосоо гараагүй байхад буцаад хаашаа ч юм алга болчихно. Угаасаа С.Баяр Монголд бараг байдаггүй. Оюутолгойн гэрээнээс хойш Монголд тогтохоо больсон хүнийг монголчууд бид хардахгүй яах юм бэ. Дээрээс нь оффшорын асуудалд гарцаагүй нэр нь гарч ирдэг. Ер нь энэ хүн яагаад гэнэт Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын даргын ажлаа өгөөд алга болчихсон юм бэ. Намынхаа Их хурлын индэр дээрээс ард түмэнд, намынхандаа хандаж том том “баагаад” байсан хариуцлага гэдэг юмаа хаана нуучихаад явчихсан юм бэ. Хариуцлага гэдэг үгийнхээ агуулгыг С.Баяр андуураад байна. Энэ хүн болох бүтэхгүй юманд гарын үсэг зураагүй л бол хариуцлага хүлээхгүй гэж ярьж байх шиг байна. Их айсан хүний шинж л дээ. Эрүүгийн хариуцлага, ял л яриад байгаа юм. Уг нь энэ хүн индэр дээрээс хэлсэн үг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр амласан амлалт, бас төрийн өндөр дээд алба хашиж байх үед нь гарсан бусармаг явдлуудын төлөө ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой юм. Ард түмэн үүнийг хүсч байгаа. Яагаад С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн ашиггүй гэрээ зурагдаж, яагаад С.Баярыг Ерөнхий сайд байх үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувийн нэг компани барьцаанд тавьсан юм бэ гэж гайхаж байна. С.Баяр үүнийг мэдэхгүй байх шиг байна. Тэр Монголоос дэндүү хол амьдарч байна. Тэртээ дээрээс биднийг хараад байна. Тээр дээрээс харахад асар уудам нутаг, байгалийн их баялаг харагддаг гэдэг юм, манай Монголыг... Энэ хүн ийм  хол байгаа атлаа Монголын улс төрөөс, МАН-аас холддоггүй. “...С.Баяр дарга Монголд ирэх гэж байна” гээд МАН-ынхан том, жижиггүй гүйлдэнэ. Монголоор нэг “нохой” шуугиулна. Хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ хүн л ирж удирдсан байдаг. Монголоос, амьдралаас хэт тасарсан хүн яаж сонгуульд ялуулах юм бэ. М.Энхболдыг 2007 онд халз хутгаад гэдрэг нь харуулж байсан бол 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь хажуугаас нь хавирч унагаад л нисээд явчихсан шүү дээ. Нөгөөх нь үүнийг ойлгодог эсэх нь бүү мэд. Өнөөдөр С.Баяр дэндүү бяртайгаар Ж.Батзанданг амлаж авч байна. Угтаа Ж.Батзанданг бус ард түмнийг амлаад авчихлаа. Эцэст нь, ард түмэн тэнэг биш ээ, С.Баяр дарга аа. Аль хэдийнэ хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болчихсон. Та Ж.Батзанданг шүүхийн өмнө дуудах биш, харин өөрийг чинь дуудах хүсэл Монголын ард түмэнд их бий. Тэгээд ч Монголын шүүх яаж шийд гаргахаа дэнсэлж чаддаг болж байгаа. Даанч та олддоггүй юм байна лээ. Сүхбаатарын талбай дээгүүр нэг алхаад үз, чадвал Нарантуул захаар тойроод яв. Юм дуулах вий. Хэрвээ энэ үгэнд итгэхгүй бол намынхаа нөхдүүдээс “...Чин үнэнийг хэл” гэж байгаад асуу. Тэд чинь хэлээд өгнө. Тиймээс та эр хүн шиг Монголдоо нэг буугаад үз. Хөрсөн дээрээ буу гэсэн үг л дээ. Хариуцлагын тухай юу юу гэж мэдэгдэл хийж байснаа бодож нэг хоно. Цаг өөр болсон шүү, С.Баяр дарга минь! Эх сурвалж: www.polit.mn
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

2 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

10 цаг 55 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

11 цаг 10 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

11 цаг 10 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

11 цаг 10 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

Өчигдөр 12 цаг 14 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

Өчигдөр 12 цаг 09 мин