
Ч.ЗОТОЛ
Монголчуудын төрт ёсны их баяр, ургийн баяр Цагаан сар ойртож байна. Урган гарч буй шар нохой жилд монголчуудын дээл ямар өнгөтэй байвал зохимжтой вэ. Үндэсний хувцасны соёлын уламжилж ирсэн болон шинэчлэгдсэн зүйлүүд юу вэ, бид цаашид юу анхаарах вэ. Энэ талаар сонирхож үндэсний хувцас үйлдвэрлэлийн “Ур Ундрах” компаниар орлоо.
Монголчууд мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, хаан төрийн хантааз гэж ярьдаг. “Ур Ундрах” компани үндэсний хувцсаа иж бүрнээр нь хийх зорилго тавин ажиллаж байгаа Монгол Улсын урдаа барих үндэсний цөөхөн компанийн нэг юм. “Говь” компани шиг том, олон ажилтантай биш ч гэлээ тус хамт олон өөрсдийн хэмжээнд үндэсний хувцсаа уламжлалт дэг жаягийг нь алдагдуулалгүй хийж үйлчилж ирсэн. Үндэсний их баяр наадам, Цагаан сараар хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхсэн, сайхан хувцас өмсүүлэхсэн гэж хичээдэг нь тэдний хийсэн бүтээснээс шууд харагддаг билээ. Тус хамт олны 15 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Шинэ оны эхнээс Цагаан сарыг угтсан захиалгаа эхлүүлж, ажил ид өрнөж байна. Монголчуудын дээл хувцасны өнгийг Чингис хаан төрт улсаа байгуулсан 1206 онд тогтоосон байдаг. Түүнд “Намрын загсаасан өрөмний дотор тал шиг шаргал өнгө маш сайхан, үеийн үед эрхэмлэж яваарай” хэмээсэн нь хамгийн эрхэм дээд өнгө гэсэн утгатай. Үүний дараа уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг утгаар элгэн хүрэн өнгийг эрхэмлэж явахыг захьсан байдаг. Тэгвэл “Ур ундрах” компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяа гарч буй нохой жилд хүмүүс өөртөө таарсан, зохьсон өнгийн дээлийг өмсөөрэй. Үүний зэрэгцээ өөрсдийн жил, мэнгэний үр, зохицох болон үл зохицох өнгийг харгалзан үзэх учиртайг зөвлөв. Энэ жил есөн улаан мэнгэний гал махбодьтой жил гарч буй учраас улаан хүрэн өнгө ээлтэй, жил нь орж буй хүмүүс галаа сайн тахих ёстойг буддын шашинтай улсууд онцолж байгаа. Тус компаниар үйлчлүүлэгчдийн олонх нь улаан хүрэн, элгэн хүрэн өнгийн дээл түлхүү захиалж байгааг ч тэрээр дурдлаа. “Ур Ундрах” компани БНСУ-ын “Голден тех” компанийн даавуу, Хятадын хүр хорхойн торго, Энэтхэгийн торго, сари, Тайландын Вант улсын 100 хувь цэвэр хөвөн даавуу, силкэн материалыг оруулж ирж дээл, хантааз, ууж захиалгаар оёж байна.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай. Түүхэндээ хувцасны асар баялаг уламжлалтай ард түмэн. Дөрвөн улиралд тааруулан өвөрмөц хувцас, гоёл чимэглэлийг эдэлж хэрэглэж ирсэн “Ур Ундрах” компани ч цаг улирлын байдалд зохицуулан нимгэн сари, силк, торгоноос өгсүүлээд хөвөн даавуу, драпан материалыг оруулж ирдэг. Өвлийн улиралд “Дархан Минж” үйлдвэрийн нэхий болон хурган дотортой торгон дээл, хүрэм, дөрвөн талтай минж,булга, суусар, халиу малгай, түүнчлэн монгол гутлыг үйлдвэрлэдэг.
Цагаан сарын шинийн нэгний өглөө монгол хүн бүр шинэ хувцас өмсч, товчийг нь бүрэн товчилж, үсээ боож, бүсээ бүслээд малгайгаа өмсөөд ахмад настандаа золгодог. Монгол дээл, үндэсний хувцас хүнийг хүмүүжүүлэх нөлөөтэй. Дээлийн шилбэ, товчны гогцоотойг эм шилбэ, бөндгөртэйг эр шилбэ гэдэг. Энэ нь арга, билэг гэсэн утгатай бөгөөд шинийн гурван хүртэл монгол дээлээ өмсөөд явахад тухайн хүн ганцаарддаггүй гэж үздэг. Дээр нь тооно тушиж зангидсан товч, шилбэ хүний амь насыг хамгаалсан билэг тэмдэг гэж үздэг. Хувцасны энэ түүхээс улбаалан монголчууд даяаршил гэж туйлшралгүй өв уламжлалаа эргэн харж, уламжилж авч явах ёстой. Монголд үйлдвэрлэсэн хувцсаа өмсч хэвшмээр байна. Эзэн Чингис хаан “Монголчууд өөрсдийн хийснийг ид, өөрсдийн хийснийг өмс. Эс тэгвээс бусдын идэш болно” гэж сургасан байдаг. Өнөөдөр манайхан өөрсдийн үйлдвэрлэсэн бус харийн орны эд хэрэглэлийг хоолой мэдэн сурталчилдаг байж болохгүй. Бид цөөхөн монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлдэг ч уламжлалт баяраараа үнэтэйг нь чаддаггүй юм гэхэд өөрт таарсан үндэсний хувцсаа өмсч, бэлэг дэмбэрэлтэй үг хэлэлцэн баяраа тэмдэглээрэй хэмээн “Ур Ундрах компанийн үйлчин бүсгүйчүүд хэлж байна.
Тус компанийн захирал А.Алтантуяаг энэ үеэр “Монголчууд жил дотроо сайн, муугаа хэлэлцдэг. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний хувьд, монгол хүний хувьд би монголчуудын сэтгэл тогтохоо байсанд зовнидог. Хүмүүс сайн сайхан явбал би ч гэсэн сайхан амьдарна. Дэлхий бөөрөнхий, юм бүхэн шүтэн барилдлагатай. Цөөхөн монголчууд эрэгтэйчүүд нь Солонгосыг зорьж, эмэгтэйчүүд нь оёдолчин болохоор Хятадыг зорих боллоо. Төр энд бодлого гаргаасай” хэмээн төр, түмэндээ нэгийг хэлж, хоёрыг сануулав.
“Ур Ундрах” компанийнхан шинэ гарч буй жилд даахийг нь үргээх хүүхэд, хуримаа хийх хосуудад төрсөн өдөр, мэнгэ, жилийг харж өнгийг хэлж өгөх, тухайн хүний ээлтэй өдөр хувцсыг эсгэж оёж өгөх зэргээр үйлчүүлэгчээ эрхэмлэн хүндэтгэж, сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор Цагаан сарын захиалга дууссан учраас нэмж авахгүй. Харин оёод бэлдчихсэн дээл, монгол цамц, ууж, хантааз, малгай, гутлаас өөрт тааруулан авч болно. Баярын дараа шинийн 8-наас эхлэн сэвлэгийг нь үргээх хүүхдийн баривч, үндэсний хувцасны захиалгаа авна гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

