- “Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа алхах ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн” -
Ойн арга хэмжээний хүрээнд ЖАЙКА нь 25 жилийн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэж, мөн цаашид хийх олон ажил үйлсээ хэлэлцэн, санал бодлоо солилцсон юм. Мөн холбогдох албаныхан дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн чуулганы гүйцэтгэх захирал М.Уламбадрах, “Зориг” сангийн тэргүүн, Монголын тусгай олимпийн хорооны тэргүүн С.Оюун, “Зохистой хөгжил” жендер төвийн захирал Т.Амгалан, “Сужаташанд” ТББ-ын тэргүүн ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнээр ажиллаж байсан Такахаши Кимико, мөн сайн дурын гишүүдийг төлөөлж Гото Акихико нар оролцсон. Хэлэлцүүлгийг Монголын телевизүүдийн чуулганы гүйцэтгэх захирал М.Уламбадрах хөтлөн явуулсан бөгөөд асуулт хариулт, харилцан яриа хэлбэрээр явагдсан. Сайн дурын үйл ажиллагаа Монголын нийгэмд болон сайн дурын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүст өөрсдөд нь ямар ач холбогдолтой эсэх, мөн хувьсан өөрчлөгдөх Монголын нийгэмд сайн дурын үйл ажиллагааны үзүүлэх хувь нэмэр, ач холбогдлын талаар оролцогчид өөрсдийн туршлагаа хуваалцсан юм. Хэлэлцүүлгийн үеэр хотжилт болон хүн ам олноор сууршин амьдрах явцад үүсэх олон хүндрэл бэрхшээл өнөөгийн Монгол Улсад тулгарч байгаа тул Японы туршлага, мэдлэг ихээхэн ач холбогдолтойг онцолж байсан. Мөн Монголын тэтгэвэрт гарсан ахмад үеийхэн өөрсдийн туршлага мэдлэгээ сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд хөрөнгө оруулалт хийх тогтолцоог бүрдүүлэхийн тулд ЖАЙКА-ийн ахмад сайн дурын гишүүн томилох үйл ажиллагааг загвар болгож болох зэрэг олон шинэлэг санаа төрсөн нь хэлэлцүүлгийн гол үр дүн байв. Хэлэлцүүлгийн явцаас анзаарч байхад, Японы сайн дурын гишүүний ажиллах арга барил болон тэдний хийж бүтээсэн ажлын үр дүнг цохон тэмдэглэж байлаа. Мөн хэлэлцүүлэгт оролцсон оролцогчид цаашид Монгол дахь сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэхэд иргэдийн тууштай оролцоо, мөн төр засгийн бодлого нэн тэргүүнд шаардлагатай байгааг онцолж байв. Хэлэлцүүлэгт оролцогчдын санал хүсэлтийг тоймлон хүргэе.
БУСДАД МЭДЭХ ЗҮЙЛЭЭ ЗААЖ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮССЭН
Сайн дурын гишүүн Гото Акихито:
-Монголчуудаас суралцах зүйл маш их байдаг. Монголчууд гэр бүлээ хамгийн чухалд тооцдог. Энэ мэтчилэн Японд үгүй болж байгаа зүйлүүд Монголд байна. Би Монголд ирэхдээ ажиллаж, хөдөлмөрлөхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлье гэж бодсон. Зарим хүн надаас “Японд цалин өндөр байхад яагаад Монголд ирж ажиллаж байгаа юм бэ” гэж асуудаг байсан. Надад цалин чухал биш байсан. Японд хийж үзээгүй зүйлээ хийж үзэх, бусдад мэдэх зүйлээ зааж өгөхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн. Би Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байдаг. Одоо Дорнодод бага ангийн хүүхдүүдэд Хүн байгаль орчин, математикийн хичээл заадаг. Бага ангийн хүүхдүүдэд хичээл заахад Монголын сурах бичигт байхгүй хичээлийг хүртэл зааж ойлгуулах хэрэг гардаг. Тиймээс хүүхдийн төлөө багш нар эрэл хайгуул их хийдэг. Тэр тусмаа сайн дурын ажилтан улам л их зүйлийг санаачилж хийх хэрэгтэй гэж боддог. Тиймээс би Японд олсон мэдлэг туршлагаа монгол багш нартай хуваалцахыг хичээдэг. Мөн япон хүүхдүүдэд Монголын тухай мэдээллийг хүргэхийг зорьдог болсон. Хийх зүйлээ өөрөө хайж олох нь чухал гэж боддог. ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн болсоноороо олон зүйлийг сурч авсан, өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлсэн гэж бодож байна. Үүнийгээ Япондоо очоод түгээн дэлгэрүүлнэ.
БИД ЦӨӨН АЖЛЫГ ЧАНАРТАЙ ХИЙХИЙГ ЗОРЬДОГ БОЛСОН
“Зохистой хөгжил” жендер төвийн захирал Т.Амгалан:
-Манай байгууллага анхныхаа сайн дурын гишүүнийг хүлээж аваад 10 жил болж байна. Бидэнтэй хамтран ажиллаж байсан анхны сайн дурын гишүүн Маяуми маань энд хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Мэдээж, тухайн үед иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа төрийн бус байгууллагад ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн ажиллана гэдэг хүлээж авч сураагүй зэрэг хүндрэлтэй зүйлүүд байсан. Иргэний нийгмийн байгууллагуудад сайн дурын гишүүн ирж ажиллана гэдэг маш ховорхон боломж байсан. Сайн дурынхны тус дэмжлэг асар их байсан. Бид бие биенээсээ маш олон зүйлийг суралцсан. Бид Япон болон Австрали, Америк, Канадын сайн дурын гишүүдтэй ажиллаж байсан. Эндээс анзаарч харж байхад Японы сайн дурын гишүүд монгол хүмүүсийн зан чанарыг ойлгох гэж хичээдэг байсан. Бидэнд суралцах зүйл маш их байсан. Монголчууд хүч, нөөц нь байхгүй ч гэсэн маш их мөрөөдлийн юм шиг ажил төлөвлөдөг. Харин япончууд ажлыг маш сайн төлөвлөж, өөрийнхөө нөөц боломжид тааруулаад, чанартай хийдэг. Үүнээс бид их зүйл сурсан. Ажлаа маш сайн төлөвлөж, цөөхөн ажлыг чанартай хийхийг хичээдэг болсон. Дээрээс нь сайн дурын гишүүд тав тух харж ажилладаггүй. Монголчуудтай адилхан л амаргүй орчин нөхцөлд хүмүүст тус хүргэж ажилладаг. Сайхан сэтгэлийг хил хязгааргүй дамжуулж түгээж ажиллаж болдог гэдгийг сайн дурынхан харуулдаг. Манай байгууллага анхны сайн дурын ажилтнаа хүлээж авахад хотын захад, гэр хороололд Толгойт орчимд байрладаг байсан. Цаг үеийн байдал ч амаргүй байсан. Хөдөөнөөс хот руу цувах шилжилт хөдөлгөөн ихэсч, гэр хороолол тэлж байсан. Хогийн цэг дээр хог түүдэг хүүхдүүд олширч байсан. Тийм л орчин нөхцөлд манай сайн дурын ажилтан Маяуми маш сайн ажилладаг байсан. ЖАЙКА-гийн сайн дурынхан их туршлагатай хүмүүс ирдэг. Тиймээс орон нутаг, анхан шатны нэгж байгууллагууд энэ туршлагаас нь хуваалцаасай гэж хүсдэг. Хамтраад эко байгаль ч юм уу, ямар төрлийн хөгжлийн ажил хийж болох вэ гэдгийг хамтраад ярилцаасай гэж бодож байна.
МОНГОЛ ЗАЛУУСЫГ Ч ГЭСЭН ЯПОН РУУ ИЛГЭЭЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЪё
ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнээр ажиллаж байсан Такахаши Кимико:
-Монгол багш нар япон багш нарын арга барилаас их амархан суралцдаг. Япон хүмүүс их даруухан. “Би чадна” гэж уриалахаас илүү хийх зүйлээ зөв үү, буруу юу гэж их боддог. Хийх зүйлээ чанартай хийхийг зорьдог. Намайг 20 жилийн өмнө анх сайн дурын багшаар Дарханд цэцэрлэгийн багшаар ирж байхад тэр цэцэрлэгийн багш их хатуу байсан. Хүүхдийг загнадаг, зандардаг, заримдаа цохиод авдаг байсан. Тэр багш намайг очоод гурван сар ажиллахад “Хүүе Кимико, чи яагаад хүүхдийг загнаж, зодохгүйгээр хичээл заагаад болоод байдаг юм бэ?” гээд гайхаж асууж байсан. Тэгээд бид ярилцсаны хүчинд тэр багш өөрийнхөө хичээл заах арга барилыг өөрчилсөн. Одоо ч надтай холбоотой байдаг. Хийсэн зүйлээ үзүүлдэг. Хийх зүйлээ асуудаг болсон. Миний ажлын үр дүн гарсанд баяртай байдаг. Мөн монгол залуусыг ч гэсэн Япон руу илгээж, сайн дураар ажиллуулах, харилцан туршлага солилцвол ямар вэ гэсэн саналыг дэмжиж байна.
САЙН ДУРЫНХНЫ САЙН ҮЙЛСЭЭР НОМ ГАРГАХ ЮМСАН
“Зориг” сангийн тэргүүн С.Оюун:
-Дорнодод ажиллаж байгаа Гото санд маш их баярлалаа. Манай аав Дорнодын гаралтай. Намайг бага байхад Дашбалбар суманд нэг англи хэлний багш ажилладаг байсан. Тэр сайн дурын ажилтны ачаар тэр сумын хүүхдүүд нь, багш нар нь хүртэл англи хэлээрээ аймагтаа тэргүүлдэг байсан. Тиймээс сайн дурын ажилтнуудын ач тус их байдаг. Түрүүнд сайн дурынхныг ярьж байхад бодож байлаа. Төрийн бус байгууллага гэдэг бол хүний нөөц, төсөв багатай газар байдаг. Нэг хүн аваад, түүнийгээ цалинжуулаад явна гэдэг амаргүй. Гэтэл тэр хүнийг нь ЖАЙКА-гаас томилоод, цалинжуулаад явах нь маш их нэмэртэй байдаг. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, манай тусгай олимп дээр ажиллаж байсан сайн дурын ажилтан ажлаа хийхийн хажуугаар төслөө бичээд, тодорхой хувь нэмрээ оруулаад, түүгээрээ тусгай сургуулиудад тоног төхөөрөмж, биеийн тамирын хэрэгсэл авч өгөөд явдаг байсан. Эндээс бид нэг хүний тус ямар их байдгийг харж байсан. Мөн амаргүй орчин нөхцөлд сэтгэлээсээ ажилласан Маяумид баярласнаа хэлмээр байна. Мөн энэ бүсгүй шиг хүн бүр өөрийнхөө сайн сайхан жишээнүүдийг багцлаад ном гаргах юмсан. Дараа дараагийн ээлжний сайн дурынханд бас гарын авлага үлгэр жишээ болох байх. Мөн дан Японоос гэлтгүй дотоодоос сайн дурынхныг бэлтгээд нийгэмд сайн сайхан зүйл хийж болмоор санагддаг. Бид бас олон арван иймэрхүү жижиг төслүүд хэрэгжүүлээд, нийгэмдээ тус нэмэр болж байгаа туршлагуудыг мэднэ. Тиймээс монгол залуучуудаас, мөн ажлаа мэддэг, гавьяаныхаа амралтанд эрт гарсан ахмад сайн дурынхныг Япон руу илгээж ажиллавал ямар вэ гэсэн саналыг хэлмээр байна. Эцэст нь, цаг бол алт юм. Амьдралынхаа нэгээхэн хэсгийг, алтан цагаа Монгол Улсын хөгжлийн төлөө, монголчуудын төлөө зарцуулсан ЖАЙКА-гийн сайн дурынханд баярлалаа гэж хэлье.
Албаны хүний үг
“Монголын нийгэм хэцүү байсан ч оюутнуудын сэтгэл халуун байв”
1992 онд Монголд ЖАЙКА-гийн анхны сайн дурын хоёр гишүүн томилогдон ажиллаж байсан билээ. Тухайн үед япон хэлний багшаар ирж байсан Обата Масахикотой уулзаж, ярилцлаа.
-Та өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Намайг Обата Масахико гэдэг. Юуны өмнө намайг ЖАЙКА- гийн 25 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд талархал илэрхийлье. Өнгөрсөн 23 жилийн дотор Улаанбаатар хот их өөрчлөгдсөнийг хараад их гайхлаа. Би тэр үед сансар хороололд амьдарч байсан. Хуучнаа дурсах гээд тэр хавиар бас явсан.
-Монголд анх томилогдож ирсэн үеэ дурсаач гэвэл олон сонирхолтой зүйлс ярих байх?
-Би 25 жилийн өмнө Монголд томилогдож ирэхээс хэдхэн сарын өмнө БНМАУ-аас Монгол Улс болон нэрээ өөрчилж, ардчилсан үзэл санаанд тулгуурлан улс орноо шинээр бүтээн байгуулах ажлыг дөнгөж эхлээд байсан үе юм. Заримдаа хэрэглээний зүйлс хомс байгааг их мэдэрдэг байлаа. Зах руу явсан ч бараа бүтээгдэхүүн байдаггүй байлаа. Сайн дурын гишүүд лангуунаас өөр зарагдах юм алга гэж хоорондоо ярилцдаг байсан. Японд зүгээр олж авдаг зүйлийг олж авч чадахгүй тийм хүнд үе байсан. Ийм хүнд нөхцөлд монгол оюутнууд, танилууд маань өөрийнхөө орныг ядуу байгаад ичиж байна хэмээн ярьдаг байв.
-Таныг япон хэлний багшаар ирж байсан гэж сонссон. Тэр үед оюутнуудын япон хэлний мэдлэгийн түвшин хэр байв?
-Би 1992 оны дөрөвдүгээр сараас “Хүмүүнлэгийн их сургууль”-д Япон хэлний багшаар ажиллаж байсан юм. Томилогдож ирэнгүүт шууд хичээл заахыг хүссэн тул эхний өдөр нь бусад багш нарын хичээл зааж байгааг харсан. Харин маргаашнаас нь шууд хичээлээ зааж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын дунд үеэс сургуулийн зуны амралт эхлэх хүртэл япон хэлний багш орчуулагч бэлтгэх хоёр ангид хичээл заах болсон. Нэгдүгээр курсын хоёр ангид хичээл зааж үзэхэд тэдний хэлний мэдлэг маш өндөр түвшинд байгааг мэдсэн. Тэд ердөө хагас жилийн хугацаанд япон хэл үзсэн, япон багшгүй байсан хэрнээ надтай ойр зуурын юмыг ойлголцох хэмжээнд хүрсэн байв. Энэ нь надад хичээл заахад их урамтай байдаг байсан. Би ч тэдний урам зоригийг ч бас их нэмэгдүүлсэн гэж боддог.
-Тухайн үеийнхээ хөгжилтэй дурсамжаас хуваалцаач. Хэдийгээр шантрах өдрүүд олон байсан ч урамших өдрүүд бас байсан байх?
-Томилогдож ирээд 2-3 долоо хоног өнгөрч байхад Япон хэл сурч байсан оюутнууд хагас сайн өдрийн хичээлийн дараа зуслан явъя гэж намайг гуйсан. Намайг оролцуулаад 10 орчим хүн явсан. Зуслан дээр цуглаад бид оройн хоол бэлтгэж, дараа нь дуулж Японы талаар тэдэнд ярьж өгч, цагийг маш хөгжилтэй өнгөрөөсөн.Унтах болоход надад ор гаргаж өгөхийн тулд сандал дээр, газар унтаж байсан оюутнууд цөөнгүй байсан. Өрөөн дотор гал түлж байсан ч, жихүүн хүйтэн байсан. Би тэр үед оюутнууддаа талархаж сэтгэл их хөдөлж байсан. Энэ бүхэн надад мартагдашгүй том дурсамж болон үлдсэн юм.
Миний хувьд оюутнуудтай өнгөрүүлсэн хоёр жил маш их сэтгэл хангалуун байсан. Япон хэлний багшаар ажиллаж байгаад нутагтаа харьсны дараа сургуультайгаа харилцаа тогтоох, багш, оюутнуудтайгаа холбоотой байх, сургуульдаа тоног төхөөрөмжөөр туслах зэрэгт сайтар анхаарч чадаагүйдээ одоо жаахан харамсдаг. Тиймээс одоо ажиллаж байгаа сайн дурын ажилтан та бүхэн миний гаргасан алдааг битгий давтаарай. Цаг ямагт эргэх холбоотой ажиллаж байгаасай гэж хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин