Б.ЭНХТУУЛ
Монголчууд бид энэ жил Япон улсын хэл, соёл болон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээтэй танилцах ховорхон боломж тохиож байна. Учир нь энэ жил Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар Монголд нээгдсэний 20 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ ажлын хүрээнд бид өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүхэн хөгжлийг харуулсан арга хэмжээнүүдтэй танилцсан. Мөн урлаг, соёлын олон арга хэмжээг үзэж, сонирхсон. Тэгвэл энэ удаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сүүлийн 20 гаруй жил “жин дарах” тусыг үзүүлж, томоохон хувь нэмрийг оруулж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Монголд томилогдсоны 25 жилийн ойн арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Энэхүү арга хэмжээ есдүгээр сарын 29-нд Чингис зочид буудалд болсон бөгөөд уг арга хэмжээнд Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, холбогдох яамдын сайд нар, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд болон тэдний ажиллаж буй төрийн байгууллагын удирдлагууд хот, хөдөөгөөс хүрэлцэн иржээ.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өнөөдөр дэлхийн 88 гаруй улс оронд 2000 орчим сайн дурын гишүүдийг илгээж, хоёр орны хэл, соёл болон ард иргэдийн зан заншил, харилцаа хандлага, мэдлэг мэргэжлийг холбосон харилцааны гүүр болон хөгжиж буй том байгууллага юм. Тэр утгаараа монголчууд бид “ЖАЙКА” хэмээх нэрийг хэнээс ч илүү сайн таньдаг болсон. Мөн найз нөхдийнхөө нэр шиг дотночлон хүлээн авч, салбар бүрт хамтран ажиллахдаа үргэлж баяртай байдаг гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байх. ЖАЙКА хэмээх энэ том байгууллагаас манай улсад 1992 онд анхны Залуу сайн дурын хоёр гишүүн, 2000 онд анхны Ахмад сайн дурын гишүүн томилогдон ирж байсан. 2017 оны байдлаар нийтдээ 650 орчим сайн дурын гишүүнээ илгээж, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулсаар иржээ. Мөн угтан ирэх он жилүүдэд ч бас энэхүү хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдгийг холбогдох албаныхан онцлон тэмдэглэж байв.
МОНГОЛД 650 ГАРУЙ САЙН ДУРЫН ГИШҮҮД ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖЭЭ

Ойн арга хэмжээг нээж, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар үг хэлсэн юм. Үүний дараа үргэлжлүүлээд, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн томилох үйл ажиллагааны 25 жилийн түүхийг хүүрнэсэн сонирхолтой бичлэг үзэж сонирхсон юм. Мөн анхны сайн дурын гишүүн болон одоо ажиллаж буй сайн дурын гишүүдийн төлөөлөл нар өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар илтгэл тавьсан юм.
МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦАА, ХӨГЖЛИЙН ГҮҮР ЖАЙКА
Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Япон улс нь Монгол Улсад 1990-ээд оноос эхлэн тусламж дэмжлэг үзүүлж, Монгол Улсыг өнөөгийн хөгжлийн түвшинд хүргэхэд ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Япон улсын Засгийн газрын зүгээс ойролцоогоор нийтдээ 1.8 тэрбум ам.долларын хөгжлийн албан ёсны туслалцаа үзүүлснээс гадна өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн томоохон санхүүжилтийн багц буюу 850 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлийн төсвийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байна. Үүний 25 жилд нь ЖАЙКА хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн түүхтэй. Энэ хүрээнд Япон улсын парламентын танхимийн гишүүд Монгол Улсад айлчилж, Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, олон жилийн хамтын ажиллагааны үр дүнгийн нэгээхэн хэсэгтэй танилцсан. ЖАЙКА нь 1990-ээд оноос дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол зэрэг Монгол Улсын нэн тэргүүний салбаруудад хамтарч ажиллаж ирсэн. Сүүлийн хэдэн жил хэрэгжиж байгаа төслүүдийг дурьдахад, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал, IV цахилгаан станцын өргөтгөлийн төсөл, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг зэрэг томоохон төслүүдийг дурьдаж болохоор байна. ЖАЙКА нь 25 жилийн туршид 650 гаруй сайн дурын ажилтныг томилон ажиллуулсан, үүний 80 гаруй хувь нь залуучууд байсан. Ялангуяа, 1990-ээд оны үед цаг үе, нийгэм эдийн засгийн байдал хүнд хэцүү байсан ч ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд энэ бүхнийг үл огоорон манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж явдаг” гэсэн юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока “Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан бид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил дэвшлийнхээ үр дүнг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 25 жилийн түүхийг бүтээж буй Японы далайн чанд дахь хамтын ажиллагааны залуу сайн дурынхан болон 2000 оноос хэрэгжиж эхэлсэн ахмад сайн дурынханы үйл ажиллагаа Япон, Монголын түншлэлийн хөгжилд үлэмж их хувь нэмэр оруулж ирснийг дурьдах нь илүүц биз ээ. Монгол Улсын боловсрол болон эрүүл мэндийн салбараас эхлээд нийгмийн олон салбарт хүчин зүтгэж буй сайн дурынхан өөрсдийн ажлын байранд монгол хүмүүстэй хамтдаа бодож сэтгэн, мэдлэг туршлагаа түгээн дэлгэрүүлж, амжилттай ажиллаж ирсэн байдаг. Энэхүү сайн дурынханы Монгол дахь үйл ажиллагаа тэднийг хүлээн авах Монголын нийгмийн үзэл санаа нь манай хоёр орны найрамдлын хэлхээ холбоо болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сайн дурын гишүүн хүн бүрийн Монголд хуримтлуулсан туршлага нь Япон, Монголын хамтын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх болтугай” хэмээн ерөөл дэвшүүлсэн юм.
Мөн “Монгол Улс ардчилал зэх зээлийн нийгэмд шилжсэн энэ 20 гаруй жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэлийн хэмжээнд хүрснийг тодотгоод, хоёр орны иргэдийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд ЖАЙКА-гийн сайн дурынхан үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн юм. Хоёр орны харилцаа ард түмний хүмүүнлэгийн харилцааны хэлбэрээр хөгжиж, дотноссон нь сайн дурын гишүүдийн тус дэм гэдгийг онцлоод Монгол орон, монголчуудын хэл, соёл, зан заншлыг таньж мэдэн, Японы ард түмэнд түгээн дэлгэрүүлж, цаашид ч мөн адил хоёр орны ард иргэдийг холбосон харилцаа, хөгжлийн гүүр болж явна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв.
Байр, суурь
С.Хүрэлбаатар: Монгол-Японы харилцааг бэхжүүлэхэд ЖАЙКА чухал үүрэг гүйцэтгэсэн
Япон Монголын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллаж ирсэн дипломатч бол Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар. “ЖАЙКА”-гийн анхны тусламжууд Монголд хэрхэн хэрэгжиж байсан талаар түүнтэй ярилцлаа.
-Та гадаад харилцааны салбарт олон жил ажилласан туршлагатай. Тэр тусмаа Япон Монголын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллаж ирсэн. Өнөөдөр ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн томилогдсоны 25 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-1991 оны наймдугаар сарын 14-нд Япон улсын ерөнхий сайд Т.Кайфү гэдэг хүн Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Энэ хүн Япон болон өрнөдийн орнуудаас Монголд айлчилсан анхны төрийн тэргүүн байсан. Ирсэн зорилго нь, Монголын ардчиллыг дэмжих, Японы Засгийн газар дэмжих бодлогыг тунхаглан зарлах зорилготой ирсэн. Япон улсын Засгийн газар бол Монголын өөрчлөлт шинэчлэлт, ардчиллыг улс төр, эдийн засгийн хувьд зэрэг дэмжинэ. Зөвхөн хоёр талын харилцааны хүрээнд зогсохгүй олон улсын тавцанд дэмжих механизмыг бий болгоно гэж амласан. Үүнийгээ маш сайн хэрэгжүүлсэн байдаг. Хоёр талын харилцааны хүрээнд улс төр, эдийн засгийн хувьд өнөөдөр гадаадын бүх орнуудын үзүүлсэн зээл тусламжийн талаас илүү хувийг дангаараа Япон улс үзүүлсэн. Нийт хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг Монголд үзүүлсэн. Олон улсын тавцан дээр Монголыг дэмжих механизмыг бий болгоно гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр дэлхийн банктай хамтарч Токиод хандивлагчдын уулзалтыг 10 удаа зохион байгуулсан. Энэ нь Монголын эдийн засгийг хүнд байдлаас гаргах, зах зээлийн эдийн засгийн харилцааны анхны шилжилтийн үеийг алдаа эндэгдэлгүй зөв шугамаар хэрэгжүүлэх, түүнээс хойш шинэ үеийн хөгжлийн суурийг тавихад энэ хүн их тусалсан. Энэ тусламжийг хэрэгжүүлэхэд, ЖАЙКА олон улсын байгууллага онцгой ач холбогдолтой оролцсон гэж бодож явдаг.
Өнөөдөр 25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа сайн дурынхныг Монголд ирүүлэх ажлыг ЖАЙКА өөрөө зохион байгуулж байна. Энэ сайн дурын хөдөлгөөнийг Т.Кайфү ерөнхий сайд өөрөө санаачилж, Японы Олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад сайн дурынхныг гадаад руу явуулах нь чухал хувь нэмрээ оруулна гэж үзсэн байдаг. Энэ хугацаанд ЖАЙКА нь дэлхийн 88 шахам оронд 2000 гаруй сайн дурынхныг томилон ажиллуулсан байна. Энэ нь Японоос хөгжиж байгаа орнуудын бүс нутгийн хөгжилд оруулж байгаа чухал хувь нэмрүүдийн нэг юм.
ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн
Монголд томилогдсоны 25 жилийн ойн арга хэмжээний нэвтрүүлгийг
“ntv” телевизээр хүлээн авч үзээрэй.
Гарах цаг: 2017 он 10 сарын 26 өдөр
18:30 цагаас
Давталт: 10 сарын 27 өдрийн
12:00 цагаас
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин