Шолбан: Монгол үзэгчид их доргио юм

2017-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Ят-Ха” бол Тувад төдийгүй дэлхийд алдартай рок хамтлаг. Монголд хийсэн тоглолт нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн, гайхалтай болж өнгөрсөн. Энэ удаагийн дугаарын зочноор тус хамтлагийн икэл морин хуурч Шолбаныг урьсан юм. -Танай хамтлагийн тоглолт үнэхээр гайхалтай болж өнгөрлөө? -Биднийг чин сэтгэлээсээ, ийм сайхан халуун дулаан хүлээж авсан танай ард түмэнд талархсанаа илэрхийлье. Одоо ч миний догдлол гарахгүй байна. Тоглолт үнэхээр “галзуу” болсон. Монголд рок урлагийг ойлгодог, мэдэрдэг хүн олон байдаг юм байна. -Монголд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ? -Баяртайгаар хүлээж авсан. Манай хоёр орны ёс заншил, өнгөрсөн түүх адилхан. Тиймээс гадны оронд ирлээ гэсэн сэтгэгдэл төрөхгүй байна. Харин ч Монголын тухай илүү олон зүйл мэдэхээр яарч байна. Манай тоглолт хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, урлаг соёлын салбарт том хувь нэмэр болох юм. Энэ утгаараа “Ят-Ха” хамтлаг Монголд тоглосон нь нэр төрийн хэрэг билээ. -Монголтой хамгийн ойрхон хэрнээ нэлээн хожуу ирлээ шүү? -Монголд ирэх хүсэл үргэлж дагадаг байсан. Харин энэ жил боломж гарлаа. Бид дэлхийн олон оронд тоглолтоо хийж, уран бүтээлээ хүргэж байсан. Гэхдээ монгол үзэгчид үнэхээр доргио юм байна. Дахин боломж олдвол заавал эргэж ирнэ. -Хамтлагаа таилцуулаач. Хэдэн онд байгуулагдсан юм бэ? -Хамтлагийн суурь нь 1980-аад оноос эхтэй. Тухайн үед нэг чуулга байсан залуус нэгдэж, хамтлаг байгуулах эхлэл тавьсан. Харин 1992 оноос албан ёсоор рок хамтлаг болж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Манай хамтлагаас дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа олон хөгжимчин уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. Одоогоор бид орчин үеийн хөгжмийг үндэсний язгуур урлагтай хослуулан тоглож байна. [embed]https://www.youtube.com/watch?v=QPzxlwjHYsk[/embed]  -Ялангуяа, рок хөгжим? -Үндэсний язгуур урлаг, хөөмий, морин хуураа рок хөгжимтэй хослуулна гэдэг өөрөө гайхамшиг юм. Хөгжмийн урсгалуудаас рок хөгжим харьцангуй хүндэд тооцогдоно. Гэхдээ тухайн цаг мөчид хүмүүст өгч байгаа энерги нь сайхан шүү.Рок хөгжим эрх чөлөөтэй, хэтэрхий задгай. Тиймээс сонсогчдод илүү хүчтэй хүрдэг байх. -Тайзан дээр рокыг тоглохдоо та ямар мэдрэмж авдаг вэ? -Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Гэхдээ л дотроос гал асах шиг болдог. Дүрэлзсэн эрч хүч надад мэдрэгддэг. Урлаг миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. -Казахстаны хөгжмийн наадмын шилдэг хамтлаг болж байсан байх аа? -Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Казахстаны хөгжмийн наадмын шилдгээр шалгарч байсан. Энэ наадамд дэлхийн олон орноос рок хамтлаг ирж, тоглолтоо сонирхуулсан. Харин манай хамтлагийн хувьд хэдий рок ч үндэсний язгуур гэдэг утгаа илүү баримталдаг учир шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Үүнээс гадна Америкийн “BBC”-гийн наадмаас “Шилдэг төв Азийн хамтлаг” шагналыг хүртэж байлаа. -Танай цомгууд дэлхийн хөгжмийн зах зээлд их эрэлттэй байдаг юм билээ? -Манай хамтлаг зургаан гишүүнтэй. Бид энэ хугацаанд 14 цомог гаргасан. Дэлхийн бусад оронд очоод өөрсдийн цомгоо харахад сайхан байдаг. Энэ бол уран бүтээлч хүний үгээр зүйрлэхийн аргагүй сайхан мэдрэмжийн нэг юм. Бидний энэ удаагийн тоглолтыг зохион байгуулсан “Оnn doff” продакшны уран бүтээлчдэд баярласнаа илэрхийлье. Мөн “Дэлхийн хөөмийн холбоо”-ны дарга Хосоо ахдаа баярлалаа. -Сүүлийн цомог чинь хоёр жилийн өмнө гарсан бил үү? -Сүүлийн цомгоо 2015 онд гаргасан. 1992 оноос хойшхи бүх бүтээлийнхээ шилдгийн шилдгийг нь түүвэрлэн орууллаа. Ихэнх нь Тувагийн аж амьдрал, нүүдэлчин соёлыг илэрхийлсэн бүтээл. Бидний дуунуудад хөөмий, хархираа онцлох байр суурийг эзэлдэг. Энэ чиглэлийн хөгжмөө түлхүү оруулахыг хичээсэн. -Таны аавыг Монголд байсан гэж сонссон? -1950-1970-аад оны үед уран бүтээлчдийг үзэл бодлоор нь шахах, үндэсний ёс уламжлалыг мартагнуулах, хязгаарлах бодлого Тувад байсан юм билээ. Тиймээс ард түмэн, уран бүтээлчид энэ үнэт зүйлээ алдахгүйн тулд монголд ирж туршлага солилцох ажлыг зохион байгуулж байсан. Аав минь яг энэ үед ирж морин хуур сурсан юм билээ. Харин би ааваараа хуурдахыг заалгасан. -Аав тань хэр хатуу багш байсан бэ. Хааяа шантрах үе гарч байв уу? -Багадаа аавынхаа тоглохыг их сонсдог байсан. Морин хуур их уянгалаг хөгжим. Аялгууг нь удаан сонсоход тайтгарах шиг болдог. Хуруу гарны байрлал гээд анх сурахад жаахан хүүхдийн хувьд хэцүү санагдах үе байсан. Гэхдээ шантраад болих тухай бодож байсангүй. Сурах бүртээ энэ хөгжимд улам дурласан. Цаашдаа ч шунан дурласаар байх болно. -Морин хуур, икэл хуурын ялгаа нь юу юм бэ? -Морин хуурынх бүдүүн утастай тал нь доош байдаг бол икэл хуур эсрэгээрээ. Мөн хөөмийчдийн хоолойн өнгөтэй тааруулж хөглөдөг. Икэл хуур нь хөөмийн аялгуутай ойролцоо өнгө, авиа гаргадаг. -Монголд ирээд хамгийн эхэнд юу таалагдсан бэ. Очиж үзэхийг хүссэн газар байгаа юу? -Мөнх хөх тэнгэр биднийг угтсан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан тэнгэр. Монгол Улс гэхээр хамгийн түрүүнд Чингис хаан санаанд ордог. Тиймээс Чингисийн хөшөөг үзэхсэн гэсэн хүсэлтэй ирсэн. Энэ зорилгоо биелүүлчихсэн. Үнэхээр дотно, сайхан мэдрэмж төрсөн. -Та сайхан, монгол хийцтэй цамцаар гоёж ээ? -Тувад монгол хувцсаар гоёдог хүн олон бий. Үүнээс гадна үндэсний загвартай дээл урладаг үйлдвэр, хувь хүн нэмэгдсээр байна. Бид баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд ихэвчлэн монгол загвартай дээл, цамц өмсдөг. Монгол хувцас биед их эвтэйхэн. -Тува хүмүүсийг хэтэрхий Орос оронд уусчихсан гэх юм билээ. Таны ярианаас сонсоход эсрэгээрээ юм шиг байна? -Орос бол хурдацтай хөгжиж буй том гүрэн. Энэ хүчтэй, эрх мэдэлтэй улсаас бидэнд суралцах зүйл их байна. Үүнийг уусч байна гэж ойлгож болохгүй. Бид өөрсдийн түүх соёлоо дээдэлдэг тусгаар тогтносон улс. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

4 цаг 19 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 53 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 12 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 18 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 18 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 18 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин