Өнгөрч буй долоо хоногийн онцлох 10 үйл явдал

2017-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
Т.САЙХАН
Өнгөрч буй долоо хоногт нийгэм улс төрийн хүрээнд үйл явдал өрнүүн байлаа. Намрын чуулган нээлтээ хийж Монгол Улс 30 дахь Ерөнхий сайдаа томилов. Мөн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэв. Мөн өнгөрсөн долоо хоногт багш нарын баяр тохиосон. Энэ жил багш нар баярлаж биш нийгмийн асуудлаа шийдүүлэхээр тэмцэж өнгөрүүлэв. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Намрын чуулган нээлтээ хийв
УИХ-ын намрын ээлжит чуулган 67.1 хувийн ирцтэйгээр хөшгөө нээлээ. Ингэснээр УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож байна. Шинэ залуу гишүүдээр хүч сэлбэсэн энэ удаагийн парламент өнгөрсөн нэг жилийн хугацаанд багагүй шүүмжлүүлсэн ч ард түмний амьдралд хэрэгтэй цөөнгүй хууль, журам баталсан гэдгийг гишүүд хэлж буй юм. Үүнээс гадна чуулганы завсарлагаанаар Ерөнхийлөгчийн сонгууль болж, хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, ачаалалтай ажилласныг УИХ-ын дарга М.Энхболд нээлтийн үеэр онцлов. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаагаа чуулганы индэр дээрээс үг хэлж, бодлого танилцуулснаараа онцлог байлаа
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы өнгөрсөн лхагва гаригт болсон хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд нийт 47 гишүүн оролцсон бөгөөд 61,8 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү МУ-ын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Хуралдаанд Ардчилсан намын найман гишүүн, Ардын намын 30 гаруй гишүүн оролцсон юм.УИХ дахь МАН-ын бүлэг 65 суудалтай. Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүдийн ихэнх нь чуулганд оролцсонгүй.
Д.Гантулга гишүүний асуудлаар Ёсзүйн дэд хороо хуралдав
УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдлаа. Хуралдаан хаалттай үргэлжилсэн бөгөөд хүчингийн хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэв. УИХ-ын Ёсзүйн дэд хороонд УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар харъяалагддаг юм Д.Гантулгын ёс зүйн асуудлаар хуралдуулах хүсэлтийг Веритас Партнерс хуулийн фирм гаргасан гэх мэдээлэл байна. Тэд энэ удаагийн хурлаа
р Д.Гантулга гишүүнээс тайлбар авах нь зүйтэй гэж үзэв.
Авлигатай тэмцэх газраас сайд асан М.Содномпилийг яллагдагчаар татав
АТГ-ынхан /10.5./ Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийж түүнийг яллагдагчаар татжээ. М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа бололтой. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв. Харин нээлт 2015 онд болж байсан билээ.
Чуулган:Цалин нэмэх боломжгүй
УИХ-ын /10,05/ чуулганаар 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг эгүүлэн татсаныг хэллээ. Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг шинэ танхимын сайд нарт танилцах боломж олгохын тулд эгүүлэн татсан гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Багш нарын цалинг нэмэх бололцоотой юу гэхэд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон. Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Шуудхан хэлчихье. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.
Мэргэжлийн Засгийн газрын сүүлийн томилгоог хууль бус гэж үзэв
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд ирээд эхэлжээ. Төрийн албаны зөвлөлөөс ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг илгээсэн байна.
С.Ганбаатар цалин тэтгэвэр нэмэхийг шаардав
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр намуудыг амлалтаа биелүүлэхийг шаардав. Тэрээр “Боловсрол Эрүүл мэндийн салбар цалин нэмээч гэж гуйгаад байгаа юм биш амлаж төрийн эрхэнд гарч ирснээ биелүүлээч гэж байгаа юм. Хэрвээ тэд чадахгүй бол өнөөдөр төрийн эрхийг худлаа ярьж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой, амлалтаа биелүүлж чадахгүй гэдгээ зарлах ёстой. Эрүүл мэндийн салбар ямар аюултай нөхцөл байдалтай байгааг баримтаар хэлье. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин нэмнэ гэж оруулсан байдаг. Мөн 2017 оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 4-т цалинг үе шаттайгаар нэмнэ гэж заасан байгаа. Үүнийг яагаад Засгийн газар, МАН-ынхан биелүүлэхгүй байна вэ гэдгийг бид шаардаж байна. Үүнийг биелүүлэхийн төлөө боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын тэмцлийг бид дэмжиж байна. Төрийн эрх мэдлийг худал амлаж хууль бусаар авсан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Мөн бусад намуудыг үүн дээр байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна” гэв.
Багш нарын тэмцэл баярын өдөр нь ч үргэлжлэв
Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тэмдэглэж ирсэн. Гэтэл энэ жилийн баяраар “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын анхдугаар онц их хурал МҮЭСТО-д болж, 21 аймаг, есөн дүүрэг, 329 сумын цэцэрлэг, сургуулийн багш, бусад төлөөлөл оролцлоо. Энэ хурлаар багш нарын цалин нэмүүлэх гарц, шийдэл, мэргэжлийн үнэлэмж, бодлого, тулгамдаж буй асуудал, гарц, багшийн хөгжлийн хуульд санал оруулах талаар ярилцсан юм. Мөн багш нар “500 мянган төгрөгийн цалинтай, зээлээс зээлийн хооронд, орон нутгийн багш нар айлын хашаа түрээсэлж өрийн дарамт дор амьдарч байна. Эрт дээр үеэс багшийг шүтэж, хайрладаг, багшид мөргөдөг уламжлалтай ард түмэн байсан. Энэ хүнд цаг үед өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол бидний төлөө хэн ч тэмцэхгүй. Өнөөдөр энэ тэмцлийн галыг асааж өгсөн Ц.Мөнхтуяа, түр хорооны 13-даа баярлалаа” хэмээн тэмцэж баярлав.
МУИС-ийн номын сан нээлтээ хийв
Монгол улсын их сургуулийн номын сан нь тэртээ 1942 оны аравдугаар сарын тавны өдөр 100 гаруй номтойгоор ажиллаж байсан. Харин өнөөдөр 75 жилийн дараа 360 гаруй номтой шинэ номын сангийн байртай боллоо. Тус номын сан нь МУИС-н хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэжээ. Энэхүү түүхт номын сан нь орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн, шинэхэн номын сан юм. Зөвхөн МУИС-ийн гэлтгүй бусад боловсролын байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн багш, докторууд, гадаад дотоодын хүн бүр нээлттэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллах аж. Тус номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, зохиолч Т.Галсан, “Хан Сүн” их сургуулийн захирал, доктор Сан Хан Ви нар хүрэлцэн ирж баярын үг хэллээ.
МЗЭ-ийг А.Эрдэнэ-Очир удирдана
Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал өндөрлөж, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо. Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Их хуралд 285 төлөөлөгч оролцсон, гишүүдийн 100 хувийн саналаар Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар сонгогдов. Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг сонстож байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд ирж оролцсонгүй, харин Д.Төрбатын хувьд А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Эх сурвалж:www.polit.mn
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04