Т.САЙХАН
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг энэ амралтын өдөр тайзнаа тоглогдоно. Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд "гэрэлт хөшөө" юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хэчнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ? Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа. Зохиолч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" жүжгийн найруулагчаар Ч.Түвшин (СТА) ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна. Энэхүү бүтээлийн тухай
Ардын жүжигчин Н.Сувд: Их зохиолч Д.Нацагдорж нь ердөө 31-хэн насалсан ч бүтээл туурвилаараа хэзээ ч мөхөшгүй хөшөө босгосон аугаа зохиолч, сэтгэгч, төрийн зүтгэлтэн. Үнэхээр энэ хүн нар шиг мандаж, Монголын ард түмэнд гэрлээ цацруулж явсан билээ.
Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшин: Хамгийн гол нь эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө жаргаагүй нар, үүрд дуурсагдах сод найрагчийн тухай жүжиг бүтээхийг зорьсон.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Ш.Гүрбазар: Энэ жүжгийг улс төр, цаг хугацааны өнцгөөр харахыг хүссэнгүй. Харин чанадын талаас нь гаргахыг хичээсэн туульсын жүжиг гэжээ. Ийнхүү энэ амралтын өдрийн нэгэн сонголт нь "Жаргаагүй нар" байх нь ээ.
Эх сурвалж: www.polit.mn