Ч.ГАНТУЛГА
“Утасны анд” булан энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай холбогдлоо. Тэрээр энэ сарын 22-ноос урилгаар Тайванийн Үндэсний урлагийн театрт “Salute” тоглолтод оролцох юм байна.
-Сайн байна уу. Таныг Манхеттанд суурьшсан гэж сонслоо?
-Сарын өмнөөс Манхеттанд суурьшсан. Харин одоо Тайваньд байна. Энэ сарын 22-ноос “Salute” тоглолтод оролцохоор бэлтгэлдээ орчихоод байна.
-Бэлтгэл хэр байна?
-Хамт тоглох бүжигчидтэйгээ хамтарсан бэлтгэлд орсон. Надаас гадна олон мундаг уран бүтээлчид энэ тоглолтод оролцоно. Бэлтгэлээс гадна Тайвань хотын, түүх соёлтой танилцаад сайхан байна.
-Өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зориулж байна?
-Нарийн тооцох аргагүй. Хаана байна гэдгээрээ миний ажлын хуваарь янз бүр. Бостонд, Монголд, Японд гэдгээрээ ажлын ачаалал, бэлтгэл сургуулилтын цаг харилцан адилгүй байдаг. Ямартай ч өдөр бүр бэлтгэлтэй байдаг.
-Эх орондоо хэзээ ирэх вэ?
-Удахгүй очих төлөвлөгөөтэй байна. Энэ тоглолтоо дуусгачихвал төлөвлөж, бодсон ажил их байна.
-Нутагтаа ирээд хамгийн эхэнд хаана очихыг хүсдэг вэ?
-Удаан хугацаагаар эх орондоо ирээгүй бол мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах гэж яардаг. Мөн байгалийн сайханд амарч, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг.
-Анх 11 настайгаасаа балетын урлагаар хичээллэсэн гэсэн. Яагаад сонгодог урлагт дурласан юм бэ?
-Анх ардын бүжгээр хичээллэдэг байлаа. Хөгжим бүжгийн коллежид ороод балетаар хичээллэх болсон. Аав минь урлагийн хүн байсан болохоор багаасаа л урлагт хайртай, урлагийн хүн болохыг хүсдэг хүүхэд байсан. Энэ бүхэн миний сонголтод нөлөөлсөн.
-Дэлхийн тайзан дээр “Монгол” гэж зарлуулахдаа хэр омогшдог вэ?
-Би тайзан дээр гарах бүртээ монгол хүн шүү гэж өөрийгөө хурцалж омогшдог. Мөн тоглолтын танилцуулга дээр монгол бүжигчин гэж бичүүлэхэд сайхан мэдрэмж төрдөг. Монгол хүний эх орноороо бахархаж, омогших сэтгэл цусанд нь нэвт шингэсэн байдаг байх.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Сонирхол маань үргэлж өөрчлөгдөж байдаг. Сүүлийн жилүүдэд ном унших сонирхолтой болсон.
-Та хоолны дэглэм хэр барьдаг вэ?
-Бүжигчин хүн өөрийн баримталдаг зарчим, дэгтэй байх ёстой. Үүний тулд хоолоо тохируулах хэрэгтэй. Би эрүүл хооллолтыг чухалчилдаг.
-Тэгвэл хэр сайн тогооч вэ?
-Амралтынхаа өдрөөр гэр бүлийнхэндээ хоол хийж өгөх дуртай. Монгол хоолнуудаа сайн хийдэг. Ялангуяа, шөлтэй хоолонд гаргуун.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин