
Б.ТУУЛ
“Тендрийн сонгон шалгаруулалтад төрийн байгууллагынхан хөндлөнгөөс өөрсдөө оролцдог. Тэр тусмаа танил тал, ах дүүгийнхээ компанид тендрийн эрхийг нь авч өгдөг, тендер хэмээх нэрээр ашиг олох гэж улайрдаг энэ байдал төрийн байгууллагад мафижсан байдлыг үүсгэж байна. Үүний тод жишээг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхны тендрийн будлианаас тодорхой харж болно” гэдгийг хог ачдаг компаниуд буюу өнөө, маргаашгүй ажилгүй зогсох гэж байгаа “Улаанбаатар шинэчлэл”, “Эко орчин” зэрэг компанийн удирдлагууд, эдгээр компанид ажилладаг, хог цэвэрлэдэг 100 гаруй хүмүүсийн төлөөлөл хэлж байна.
Үндэсний мэдээллийн төвд болсон энэхүү хэвлэлийн бага хуралд “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн ерөнхий захирал М.Түвдэндорж, гүйцэтгэх захирал Ч.Гантөмөр, менежер Г.Зоригтбаатар, “Эко орчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Лхагвасүрэн, тус компанийн менежер Б.Агийванчиг болон ажилчдын төлөөлөл болох 20 гаруй хүн уриа, лоозонтойгоо ирж оролцсон юм.
“Төгөлдөр хутагт констракшн” ХХК гэх сураггүй компанийн шог түүх
“Цахим тендерийг нэвтрүүлсэнээр бүхнийг шударгаар явуулна” хэмээн төрийн байгууллагынхан ярьдаг. Гэтэл өнөөдөр энэ бүх шударга үнэнийг Сүхбаатар дүүргийн удирдлагууд уландаа гишгэчихээд явж байгааг “Улаанбаатар шинэчлэл” компанийн захирал М.Түвдэндорж холбогдох баримт материалтай нь сэтгүүлчдэд энэ үеэр тайлагнасан юм. Тодруулбал, нийслэлийн есөн дүүрэг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх ажлыг салбартаа олон жил хог тээвэрлэсэн туршлагатай, хүн хүч, тоног төхөөрөмж сайтай байгууллагатай "хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ" байгуулан ажилладаг. Сүхбаатар дүүрэг 2012-2017 онд нийт 20 хорооны айл өрх, аж нэгж байгууллагын хог хаягдлыг таван багцад хуваан “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл”, “Сүхбаатар тохижилт”, “Алтан дорны хүч”, Цүзүки Юмэ ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Гэтэл 2017 оны тавдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн 20 хорооны айл өрх, аж нэгж байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх ажлыг нийт гурван багц болгон өөрчилж тендер зарласан. “Энэ тендерт “Улаанбаатар Шинэчлэл” ХХК нь “Эко орчин” ХХК-тай хамтран 473 хуудас бүхий тендерийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг чанарын өндөр төвшинд бэлтгэн, тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл энэ тендерийн сонгон шалгаруулалтад ямар ч ажлын туршлагагүй, сүүлийн найман жил хог тээвэрлэлт огт хийж байгаагүй, мэргэшсэн боловсон хүчин болон тусгай зориулалтын машин техник хэрэгсэл ч байхгүй барилгын салбарт ажиллаж байсан гэх сураг төдий мэдээлэлтэй “Төгөлдөр хутагт констракшн” ХХК-ийг шалгаруулсан. Үүнээс болж өнөөдөр дээрх хоёр компанид ажилладаг, 100 гаруй хүмүүс ажилгүй, гудамжинд гарах гэж байна. Энэ асуудлыг холбогдох газрууд нь хянаж, шалгаж, шүүхийн байгууллагууд нь үнэн мөнийг нь олж өгөөч” гэдгийг хуралд оролцогчид хэлж байв. Ингээд зарим мэдээллийг холбогдох албаны хүмүүсийн байр суурьтай нь хүргэе.

Дарга нарт хог чухал биш, тендерээс ашиг олох нь чухал юм байна
“Улаанбаатар шинэчлэл” компанийн захирал М.Түвдэндорж:
-Тендерт шалгарсан “Төгөлдөр хутагт констракшн” ХХК-ийн талаар багагүй судалгаа хийж үзсэн. Би хүн доромжилж, компани гүтгэхгүй. Бүх зүйлийг баримт, нотолгоотой ярина. Шаардлагатай баримт бичгүүд нь надад хангалттай бий. Энэ компани нь хог хаягдал тээвэрлэлтээр ямар ч ажлын туршлага байхгүй, дээр нь энэ тендерт ялах гэж 2017 оны тавдугаар сараас таван ширхэг ачааны машин өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Үүнийхээ ачаар тендерт ялалт байгуулсан байдаг.
Тендерийн материалын чанар болон бага үнийн саналаар бид ялалт байгуулсан боловч гүйцэтгэгч байгууллагаар “Төгөлдөр хутагт констракшн “ХХК-ийг сонгон шалгаруулсан. Тендерийн сонгон шалгаруулалтад тусгайлсан нэлээдгүй олон шалгуур үзүүлэлт байдаг. Харин энэ үзүүлэлтүүдийг “Төгөлдөр хутагт констракшн” ХХК хангахгүй байсан. Иймд бид Сангийн яаманд холбогдох баримт материал бүхий албан бичгийг илгээн шалгуулсны үр дүнд Сангийн яамны 2017 оны наймдугаар сарын 3-нд 6-1/4595 тоот албан бичгээр тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулахаар болсон. Энэ тендер өнгөрсөн сард дахин зарлагдан бид тендер шалгаруулалтад маш сайн бэлтгэж, дахиад оролцсон. Гэсэн ч мөн л “Төгөлдөр хутагт констракшн” ХХК нь дахин шалгарсан.
“Улаанбаатар Шинэчлэл” ХХК нь Сүхбаатар дүүрэгт 10 жил хог тээвэрлэлт хийсэн туршлагатай компани. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн дарга нарт хотын хог чухал биш, хог ачдаг компаниудын ажлын чанар, үзүүлэлт, үр дүн ч чухал биш, харин тендерээс ашиг олох нь илүү чухал юм байна.

Хог хаягдлын тэрбум гаруй төгрөг хаачив
“Улаанбаатар Шинэчлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гантөмөр:
-Манай компани 50 гаруй ажилчидтай, 18 тусгай зориулалтын машин техник хэрэгсэлтэй. Материаллаг бааз, хүчин чадавх сайтай. Хог хаягдлын салбартаа цор ганцхан олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн Хотын цэвэр цэмцгэр орчны төлөө ажлаа хийж байгаа жирийн иргэдийг Сүхбаатар дүүргийн удирдлагууд ингэж шахаж, дарамталж ажиллаж байна. Одоо бүр манай захирлыг шүүх цагдаа нь дуудаад суулгахгүй байгаа. Сүхбаатар дүүргийн тендерээр мэргэшсэн албан тушаалтан, түүнийг тойрон хүрээлэгчдийн арга нь улам нарийсч мафийнханаас ч илүү нарийн зохион байгуулалтад шилжсэн байна. Тендер зарлан хэрхэн мөнгө босгодог, сонгон шалгаруулах нэрийн дор зохион байгуулалтад орж, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хувьдаа завшдаг, хувааж иддэгийг энэ бүхнээс харж болохоор байна. Сүхбаатар дүүрэг 2013 оноос өнөөг хүртэл “Улаанбаатар Шинэчлэл” ХХК-ийн хог тээвэрлэлтийн санхүүжилтийг дутуу олгож ирсэн. Ннийт 200 гаруй сая төгрөгийг манай компанид төлөх өртэй байгаа болно. “Улаанбаатар Шинэчлэл” ХХК нь Сүхбаатар дүүрэгт 10 жил хог тээвэрлэхдээ Сүхбаатар дүүрэгтэй хийсэн гэрээгээ сайн биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн дүүргийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухай бүрт нь биелүүлж, дүүрэгтэй багаар маш сайн хамтран ажиллаж ирсэн. Сүхбаатар дүүрэг 2012-2017 онд хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан доорх байгууллагуудад нийт тэрбум гаруй төгрөгийн өртэй байна. Энэ мөнгө хаачсан вэ ? 2012-2016 онд тус дүүргийн одоогийн Засаг дарга Х.Болормаа нь СБД -ийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч байсан. Энэ мэт мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж өгөөч гэж хэвлэлийнхэнд, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж байна.

Энэ будлиантай тендерийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна
“Эко орчин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Лхагвасүрэн:
-Манай компани 2012 оноос өнөөг хүртэл хог хаягдал тээвэрлэлт, дахин боловсруулалт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж ирсэн компани. Бид 2015 онд Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2004, 2016 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OSHAS 18001:2007 стандартуудыг нэвтрүүлсэн. Хог хаягдлын салбарт Олон улсын стандарт нэвтрүүлсэн анхдагч бөгөөд цорын ганцхан компани юм. Түүнчлэн бааз шинэчлэлтийн хүрээнд ч гэсэн 2016 онд нэмэлтээр цоо шинэ тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй “HYUNDAI” үйлдвэрийн HD170, HD120 маркийн хог тээврийн тусгай зориулалтын машинуудаар бүрэн шинэчлэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ салбартаа манай хоёр компани ялагчид. Гэтэл энэ тендерийн сонгон шалгаруулалт ялагчдад ялагдал хүлээлгэсэн хуурамч сонгон шалгаруулалт болсон. Энэ будлиантай тендерийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тиймээс бид дараа дараагийн мэдээллийг, гарсан үр дүнтэй нь баримт нотолгоотой нь хэвлэлийнхэнд шат дараатай танилцуулах болно.
Эх сурвалж: www.polit.mn