
Т.ДАЛАЙ
Таны хүүхэд энэ жил сурагч болох уу. Цэцэрлэгийн тоглоомын талбайгаас хичээлийн ширээнд шилжихэд бяцхан багачуудад маань ямар бэрхшээл тохиолдох бол. Тэр бүхнийг эцэг, эх, гэр бүлийнхэн бид хэрхэн даван туулах вэ. Энэ сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхдээ дагуулж яваад сургуулийн орчинтой танилцуул
-Зургаан настнуудын хувьд сургуульд явах хэцүү байх нь бий. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд орно шүү гэдгийг нь ойлгуулж, сэтгэл зүйг нь бэлдээгүйгээс ийм шаналал үүсдэг. Хүүхэд дургүй зүйлээ бие махбодиороо дамжуулан илэрхийлж байдаг. Хэрэв манай эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд орох сэтгэл зүйг бэлдчихвэл тулгарах асуудлууд болон хүндрэл арай бага гарах болов уу. Хүүхдүүд сургуульд явахдаа шантрах нь ч бага байх болно. Хамгийн эхэнд сургуулийн эргэн тойронд хүүхдээ дагуулж яваад сургуулийн орчинтой танилцуул. Сургууль гэдэг ойлголтыг анх зөв өгч, яагаад хүүхэд тань сургуульд сурах ёстой вэ гэдэг шалтгааныг нь өөрт нь маш энгийн хэр нь эвтэйхнээр ойлгуулж тайлбарлах хэрэгтэй. Үүний дараа хүүхдээ биеийг нь даалгаж сургасан байх ёстой. Бие даах боловсролыг ихэнх хүүхдүүд цэцэрлэгтээ авдаг. Гэвч цэцэрлэгийн хомсдолоос болж ихэнх хүүхэд гэрээр хүмүүжиж байна. Гэртээ байж байгаад гэнэт л сургуульд орох нь гэрээр хүмүүжсэн хүүхдэд хамгийн хэцүү байдаг. Харин цэцэрлэгт явдаг хүүхдүүд харьцангуй бие даачихсан, үе тэнгийнхэнтэйгээ нийгэмшчихсэн, багш гэдэг ойлголтыг тэндээс авчихсан байдаг юм шүү дээ. Ингээд нийгэмшчихсэн хүүхдүүдэд сургуульд ороход харьцангуй бага хүндрэл гарна.
Мэдлэг боловсрол хэрэгтэй гэдгийг нэгдүгээр ангиасаа мэдэрч эхэлдэг
-Дотогшоо хүүхэдтэй харьцах хамгийн хэцүү. Тэд сургуульд ороод ирэхээр яг яах гээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй, түүнийгээ ч илэрхийлдэггүй. “Би өлсөөд байна”, “Бие засмаар байна” гэдгээ ч хэлэхгүй байх магадлалтай. Ийм хүүхдүүдийг сургуульд орохоос нь өмнө сэтгэл зүйг нь бэлдэж, ярих чадварыг нь хөгжүүлсэн байх ёстой. Бас өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэх учиртай. Гэвч манай эцэг эхчүүд тэгдэггүй. Хүүхдээ автоматаар сургуульд өгчихдөг, хүүхэд хар аяндаа болно гэж тэд боддог. Хамгийн чухал зүйл гэвэл хүүхдийн цаашид сурах хүсэл, эрмэлзэл, мэдлэг боловсрол өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэх тэр мэдрэмж 1-2 дугаар ангид нь тавигддаг. Харин хүүхэд анхнаасаа сурах үйл явц ядаргаатай зовлонтой гээд бодчихвол эцэг эх хэчнээн гуйж, үглэж, зодоод ч нэмэргүй. Ийм хүүхэд сурах хүсэлгүй л болж хүмүүждэг. Нэгэнт сурах дургүй болсон хүүхдийг дахин аливаа зүйлсэд сониуч болгож, суралцах сэдлийг нь төрүүлнэ гэдэг хэцүү асуудал болж хувирдаг. Мөн сэтгэл зүйг нь бэлтгэхээсээ гадна тухайн хүүхдийнхээ суралцах онцлогийг мэдэж байх ёстой. “Манай хүүхдэд юмыг яаж заавал илүү хурдан сурдаг вэ” гэдгийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй.
Хүүхэдтэйгээ тэвчээртэй харилцаарай
-Хүүхэд одоогоор хувь хүн байгаа. Тэр хүүхэд миний өмч биш. Бас таны ч өмч биш, бүр эцэг эх, багшийнх нь ч өмч биш. Гэтэл миний өмч биш байхад яагаад бид өөрсдөө түүнийг өөрчлөх гэж оролдоно вэ. Манай эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдаа энд байдаг. “Миний хүүхэд юм чинь миний л хүслээр явах ёстой” гэж боддог. Энэ бол буруу. Тэр хүүхэд хувь хүн. Түүнд өөрийн гэсэн мэдрэмжүүд, өөрийн гэсэн оюун ухааны чадамж бий. Тэр чадамжиндаа хүрэх арга барилууд нь хүртэл өөр өөр. Тухайн хүүхдэд тохирсон аргаар харьцаж, хүндэлж, тэдний онцлогийг илрүүлэх нь хамгийн чухал. Гэвч эцэг эхчүүд тэгдэггүй. Мэдээж, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хэн хүнээс асар их тэвчээр шаардана. Хүүхэд гэдэг маань юу ч мэдэхгүй цагаан цаас шүү дээ. Энэ бүхнийг нь бид үлгэрлэж дууриал болж заах ёстой. Тиймээс хүүхэдтэйгээ тэвчээртэйгээр харилцаарай.
Хүүхдээ гэнэт л 40-50 минутаар суулгах гээд зүтгээд хэрэггүй
-Хичээл хийлгэж сургана гэдэг бол эхний долоо хоногт хамгийн хүнд байх болно. Тоглож тоглож байгаад гэнэт хэдэн цагаар сууж хичээл хийнэ гэдэг тэр хүүхдийн хувьд маш том өөрчлөлт. Бас тэвчээр. Эхэндээ хүүхэд л юм болохоор томчуудын үгэнд ороод маш дуулгавартайгаар сууна. Гэвч хүүхдийг суулгаж сургана гэдэг маань өөрөө системчлэлтэй явах ёстой зүйл. Бид харин яадаг вэ гэхээр, хүүхдээ гэнэт л шууд 40-50 минутаар суулгах гээд зүтгээд байдаг. Үгүй ээ. Ингэхийн оронд та хүүхдээ эхний өдөр нь 10 минут суулга. Дараагийн өдөр нь таван минутаар хугацаагаа нэм. Өдөр өдрөөр уртасгаж суулгаж сурга. Ингэхгүйгээр хүүхдийг огцом 40 минут суулгачихвал тэр залхчихдаг. Залхаад эхэлбэл мэдээж хичээлдээ дургүйлхэнэ. Энэ насны хүүхэд 15 минут сууна гэдэг өөрөө тэр хүүхдийнхээ насанд бол хамгийн мундаг үзүүлэлт юм шүү дээ. Дээр нь өмнө нь харж үзээгүй олон үсгийг нь хүүхдэд автоматаар цээжлүүлэх хэрэгтэй болно доо. Энэ үед та аль болох үлгэр зохио. Тэр үсэгтэй холбоотой үлгэр, онигоо, жүжиг зохио. Бүр та тоглоом ч зохиож болно. Ингэвэл хүүхэд маш их баярлана. Ингэж л тэр хүүхдийн сурах гарааг эхлүүлнэ шүү дээ.
Эх сурвалж:www.polit.mn