Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

1 цаг 32 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

 

Атлантын зөвлөлийн анализ тойм

 

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Ормузын хоолойг хааснаар газрын тос, байгалийн хийн хангамж, үнэ ханшид ноцтой нөлөө үзүүлж буй бөгөөд тун удахгүй дэлхийн эдийн засаг, хүнсний хангамжийн үндэс суурь болох хуванцар, бордоо зэрэг бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамжийн сүлжээгээр дамжин эдийн засагт хямрал үүсгэж болзошгүй байна. Энэхүү сөрөг нөлөөллийн гинжин хэлхээ хангамжийн сүлжээн дэх Хятад, Оросын геополитикийн нөлөөллийг бэхжүүлж, АНУ зэрэг дэлхий даяарх хэрэглэгчдэд хохиролтой тусах төлөвтэй байна. Хэрэв Ормузын хоолойг ойрын хэдэн сардаа нээхгүй бол түүний нөлөөлөл орчин үеийн түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн хор уршигтай эрчим хүч, хангамжийн сүлжээний тасалдалыг бий болгож, дэлхийн даяар эдийн засгийн зогсонги байдалд орж болзошгүй байна.

Геополитикийн үр дагавар: Хятад, Орос улсууд нефть химийн бүтээгдэхүүн, бордооны салбарт хөшүүрэгтэй болно. Хятадаас бусад Ази болон Ойрх Дорнод дахь нефть химийн үйлдвэрүүдэд гарсан нийлүүлэлтийн саатлаас улбаатай энэхүү хямрал нь ойрын хугацаанд эсвэл яваандаа тээврийн шинэ гарц бий болгох бололцоог Бээжинд олгож магадгүй юм. Үүнтэй адилаар, Бээжингийн ойрын түншүүд болох Москва, Минск нь хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд илүү хүчтэй байр суурь эзлэх болно.

 

Нефть, химийн бүтээгдэхүүн, хуванцар болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний түүхий эд

 

Ормузын хоолойг хаасны шууд болон шууд бус үр дагавар нь нефть, химийн зах зээлд эдийн засаг, геополитикийн ихээхэн уршиг тарьж магадгүй. Олборлолт, үйлдвэрлэлийн эхний шатанд Ойрх Дорнод нь ердийн нөхцөлд нефть химийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигладаг, далайгаар тээвэрлэгддэг шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн нийт экспортын ойролцоогоор 30 хувийг нийлүүлдэг.

Дрюригийн шинжээч Аншика Пражапати Ормузын хоолойг удаан хугацаагаар хаах нь нефть химийн бүтээгдэхүүний өөр нэг гол орц болох дэлхийн далайн замаар тээвэрлэгдэж буй керосиныг 24 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Эдгээр түүхий эдийн экспорт одоо дэлхийн зах зээл дээр ихээхэн буурсан байна.

Олборлолт, үйлдвэрлэлийн эхний шатны тасалдалаас гадна Зүүн Азийн боловсруулах үйлдвэрүүд цахилгаан эрчим хүчний дутагдлаас шалтгаалан хаагдах магадлалтай болж ирсэн бол Ойрх Дорнодын нефть, химийн экспортын байгууламжууд ихээхэн тасалдалтай тулгарч байна. Өмнөд Солонгос, Тайвань, Япон нь нефть, химийн экспортыг шингээх ихээхэн хүчин чадалтай. Гэхдээ нефть химийн үйлдвэрүүд нь цахилгаан эрчим хүч их шаарддаг учир Зүүн Азийн эдгээр ардчилсан орнуудын цахилгааны сүлжээний эрчим хүчний хангалт одоогоор хомсдолтой байгаа шингэрүүлсэн байгалийн хийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс, Хойд Африк, Ойрх Дорнодын байгалийн хийн экспортын саатал, тасалдал эдгээр улсуудыг цахилгаан эрчим хүчээ хэмнэлттэй хуваарилахад хүргэх тохиолдолд тэд агааржуулагч төхөөрөмж ажиллуулах, хагас дамжуулагч үйлдвэрлэх, хиймэл оюун ухаан нийлүүлэлтийн сүлжээнд шаардлагатай өндөр хурдны санах ой үйлдвэрлэх зэрэг илүү өндөр түвшний, стратегийн чухал салбаруудад шингэрүүлсэн байгалийн хийг ашиглахаар шийдвэрлэвэл тодорхой нефть, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зориудаар бууруулах магадлалтай.

Үүний эсрэгээр, газрын тос, байгалийн хийн хомсдол гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай Өмнөд Солонгос, Тайвань, Японы нефть химийн үйлдвэрүүдэд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй ч Хятадын компаниудад хангамжийн сүлжээнийхээ зарим хэсгийг нэгтгэхэд дэмжлэг болж ч болох юм. Хятадын нефть химийн компаниудын ашиг орлого богино хугацаанд буурч болох ч тэд их хэмжээний цахилгаан эрчим хүч авах чадавхитай бөгөөд Хятадын түнш ОХУ нь Азийн нефть химийн компаниудын авахыг хичээж буй керосин зэрэг нефть химийн түүхий эдийн гол нийлүүлэгч юм. Хямралын нөлөөгөөр Өмнөд Солонгосын нефть химийн үйлдвэрүүд үйлдвэрэлээ 50 хүртэл хувиар бууруулж байгаа нь керосины нийлүүлэлтийн 42 орчим хувийг Ойрх Дорнодоос авдаг Японд үзүүлэх нөлөө нь их байна. Ойрх Дорнодын хямрал болон түүний үр дагавар эцэстээ нефть химийн салбарыг Хятадад төвлөрүүлж, дэлхийн хангамжийн сүлжээнд нөлөөлөх өөр нэг хөшүүргийг Бээжинд өгч болзошгүй байна.

Жишээлбэл, дэлхийн поливинил хлорид буюу хуванцарын импортлогчоос экспортлогч болсон Хятад улс одоо дэлхийн хуванцарын үйлдвэрлэлийн хүчин чадлын 78 хувийг эзэлж байна. Хятадын хуванцар үйлдвэрлэгчид ихэвчлэн импортын газрын тос, керосин шаарддаггүй, нүүрсэнд суурилсан процессыг ашигладаг бол Япон, Тайвань, Өмнөд Солонгосын тэргүүлэгч үйлдвэрлэгчид түүхий эд, цахилгаан эрчим хүчээ алдахаас болгоомжилж үйлдвэрлэлээ бууруулж эхэлжээ. Хятадын нефть химийн үйлдвэрлэгчид хямралд өртөх боловч тэд тэргүүлэгч байр сууриа хадгалах боломжтой хэвээр байна.

Ормузын нөлөөллөөс хол АНУ-ын занарын нефть химийн үйлдвэрлэгчид түүхий эдийн үнэ огцом өсвөл зах зээлийн эзлэх хувь нэмэгдэх магадлалтай. Хэрэв хямрал үргэлжилбэл, АНУ болон түүний холбоотны үйлдвэрлэлийн бааз саарч, дэлхийн нефть химийн хангамжийн сүлжээний зарим зангилаа Хятадад төвлөрөх төлөвтэй байна. Хэрэв түүхий эдийн үйлдвэрлэл, олборлолтын шатанд саатал гарах, нефть химийн үйлдвэрүүд хаагдсанаас болж дэлхийн нефть химийн хязгаарлалт үргэлжилсээр байвал хэрэглээний үнэ огцом өсөх эрсдэлтэй.

 

Бордоо ба хүнсний бүтээгдэхүүний үнэ

 

Ормузын хоолойг хааснаар дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдсан төдийгүй тариалалтын улирлын өмнөх чухал ач холбогдолтой дэлхийн хэмжээнд худалдаалагдаж буй аммиакд суурилсан азотын бордооны 30 орчим хувийг эзэлдэг бордооны тээвэрлэлт, нийлүүлэлтийг зогсоогоод байна. АНУ нь хамгийн том бордоо үйлдвэрлэгчдийн нэг боловч зардлаа бууруулах, эрэлтийг хангахын тулд аммиакийн импортоос хамааралтай. АНУ-ын аммиакийн импорт нь Ормузын хоолойгоор дамждаггүй ч тус хоолойг хааснаар дэлхийн нийлүүлэлтийг хязгаарлаж, АНУ-ын зах зээл дээр тус түүхий эдийн үнэ өсгөж байна.

Бордооны нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь геополитикийн чухал үр дагаварт хүргэж байна. Бордоо экспортлогч хоёр дахь том улс болох Хятад улс одоогоор гадаад зах зээл дээр бордооны борлуулалтаа хязгаарласнаар фермерүүд болон хэрэглэгчдээ үнийн цочролоос хамгаалж байна. Хятад улс бордооны экспортоо зогсоосноор өмнө нь Хятад болон Ойрх Дорнодын нийлүүлэгчдээс бордоо авч байсан орнууд өөр хувилбар хайж, энэ нь дэлхийн зах зээлийг улам хямраах нэг хүчин зүйл болно.

Ойрын хугацаандаа Орос, Беларусь улсууд бордооны хомсдолыг нөхөхүйц нөөцтэй байна. ОХУ нь дэлхийн хамгийн том бордоо экспортлогч хэвээр байгаа бол Беларусь улс нь бордоонд ашигладаг шим тэжээл болох калийн бордооны гол нийлүүлэгч юм. Хэрэв Орос, Беларусь улсууд экспортын хязгаарлалт тогтоохгүй л бол дэлхийн бордооны зах зээлийн орон зайг нөхөх боломж байна. Хятад улс аммиак болон бордоо үйлдвэрлэхэд дотоодын нүүрсээ голчлон хэрэглэдэг учир Ормузын хоолой хаагдсанаар түүний үйлдвэрлэл шууд хязгаарлагдахгүй. Дунд хугацаанд геополитикийн болон арилжааны ашиг тус нь дотоодын хүнсний аюулгүй байдлын эрсдэлт хүчин зүйлсийг бүдэгрүүлсэн тохиолдолд Бээжин экспортын зах зээлээ тэлэх магадлалтай. Түүнчлэн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал үргэлжилсээр байвал Бээжин, Москва, Минск гурав дэлхий даяар бордоо нийлүүлэх чиглэлээр илүү нягт хамтран ажиллаж ч болох юм.

 

Эдийн засгийн үр дагавар: Ормузын хоолойг удаан хугацаагаар хаах нь эдийн засгийн хямралын давалгаа үүсгэнэ

 

Цар тахлын үеийнхтэй адил нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг үр дагавар цаг хугацааны явцад л илэрнэ. Эхний хоёр давалгаа нь боловсруулсан бүтээгдэхүүний үнийн өсөлт хэлбэрээр илрэх байх. Эхнийх нь одоо болж байна: тийрэлтэт хөдөлгүүрийн түлшний агуулахын нөөц бага байдаг онцлогтой тул хангамжийн тасалдалд мэдрэмтгий байдаг. Үүнээс үүдэж тийрэлтэт хөдөлгүүрийн түлш болон онгоцны тийзний үнэ дэлхий даяар ялангуяа Азид өсч байна. Дэлхийн бусад тивүүдэд ч удахгүй мэдрэгдэх болов уу. Дизель түлш, бензин зэрэг бусад боловсруулсан бүтээгдэхүүнүүд дараагийн үнийн өсөлтийн давалгаанд орно.

Үнийн өсөлтийн гурав дахь давалгаа АНУ болон дэлхийн эдийн засагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлт хэлбэрээр илрэх байх. Аммиак, бордоо, дизель түлшний үнэ өсөхийн хэрээр фермерүүдийн тариалалт багасч, ургацын гарц буурч, хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх болно. Хэрэв Бээжин Москва, Минск гурав хамтран хөдөө аж ахуйтай холбоотой экспортыг тодорхой зах зээлүүдэд гаргахыг хоригловол АНУ болон дэлхийн инфляц улам өснө гэсэн үг. 

Дараагийн инфляцын давалгаа бага харагдах боловч илүү аюултай байж магадгүй юм. Хүнсний сав баглаа боодол, эмнэлгийн хэрэгсэл, хувцас хунар, бараг бүх үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар нефть химийн бүтээгдэхүүнээс хамаардаг. Үүний дагуу Азийн улс орнуудын нефть химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурвал АНУ-д өргөн хүрээтэй үнийн өсөлтийг өдөөх болно.

Ормузын хоолой өдөр бүр хаалттай байвал АНУ болон түүний холбоотнуудад өндөр үнийн өсөлт, шинэ эрсдлийг авч ирнэ. АНУ болон түүний холбоотнууд аж үйлдвэрийн хүчин чадлаараа ялангуяа нефть химийн бүтээгдэхүүн, бордооны салбарт нягтрахын хэрээр Хятад, Орос улсууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд геополитикийн шинэ хөшүүргийг улам чанга атгах болно. Дайн энэ эрчээрээ үргэлжилсээр байх нь Орос, Хятадын гарт буй хожлын хөзрүүдийг улам бүр нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: https://www.atlanticcouncil.org/blogs/energysource/the-strait-of-hormuz-crisis-will-ripple-across-plastics-and-food-supply-chains-helping-beijing-and-moscow-hurting-americans/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

1 цаг 32 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

1 цаг 47 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

1 цаг 47 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

1 цаг 47 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

19 цаг 12 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

19 цаг 21 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

19 цаг 26 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

19 цаг 32 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

19 цаг 37 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин