
“Ард түмний онц түр зөвлөл”-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сарын 3-нд АТОЗ Авлигатай тэмцэх газарт тулган шаардах бичиг өгсөн. 14 хоногийн дотор хариугаа өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу алга. АТГ бичгийг аваагүй,огт байгаагүй юм шиг чимээгүй байна. Тэд Монгол Улсын, ард түмний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд, Улсын Их Хурлаас баталж гаргасан Авлигын эсрэг хуульд эрхшээгдэж ажиллаж ёстой байгууллага. Гэтэл АТГ нь өөрсдийг нь томилж гарын үсэг зурсан өндөр албан тушаалтны хувийн гүйцэтгэлийг хийдэг байгууллага болсон нь ойлгомжтой байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч энэ газрын удирдлагыг хоёр удаа дуудан уулзаж албан даалгавар өгсөн. Ерөнхийлөгч Х. Баттулга сонгогдоогүй байсан бол яах байсан бэ гэдэг нь их сонин байна. Ард түмний онц түр зөвлөлийн тэмцэл хаана очиж мухардаж, хаана очиж сөхрөх байсан нь одоо тодорхой байна гэв.
Иймд АТОЗ шаардах бичиг хүргүүлнэ гэлээ. УИХ-ын намрын чуулганы нээлтэд оффшор бүсэд хамааралтай тэнд данстай Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн консерциумаас дэлхий даяар тодорхой зарлагдсан Панамын бичиг баримтын дагуу нэр дурдагдсан Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, С.Баяр болон С.Баярцогт нарыг нийгмээс тусгаарлаж, саатуулж байцаах. Мөн Ц.Сандуй болон түүний дүү н.Сэргэлэнг нийгмээс тусгаарлан саатуулж шалгах хэрэгтэйг дурдлаа. Тэрээр энд дурдагдсан офшор данстнууд, Их Хурлын гишүүдийн эрхийг түтгэлзүүлэн хэрэг үүсгэн байцаах шаардлагыг хүргүүлж байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зарласан 49 хоног дуусахад ес хоног үлдлээ. Бид анхааралтай ажигласаар байна. Бид 49 дэх хоногт Ерөнхийлөгчид наад зах нь нэг тэрбум орчим ам.долларт хамаарагдах хөдөлшгүй, няцаагдашгүй баримтыг эх хувиар нь хүлээлгэж өгнө гэв. Ард түмний онц зөвлөлийг дэмжиж санхүүжүүлдэг гадаадад амьдардаг монголчуудын төлөөлөл болох Д.Амгалан, Д.Нэргүй нар хүрэлцэн ирсэн байв. АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун “Тэд хэдийгээр бидэнтэй нийлэн жагсах боломжгүй ч сэтгэлээрээ дэмжиж байдагт нь талархаж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин