
Үндэсний мэдээллийн төвд хуульч Н.Чадраабал, Ц.Монгол нар “Хууль зөрчих замаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуульч Ц.Монгол “Энэ хэвлэлийн бага хурлын санаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон нийтээр хэлэлцүүлэх асуудал нь анхнаасаа Үндсэн хууль зөрчсөн хууль батлан гаргах замаар хийгдэж байна гэдэг дүгнэлт юм. Энэ дүгнэлтэндээ үндэслэн бид Цэцэд хандаад байна” гэв. Хуулийн ямар зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн болон Үндсэн хуулийг хууль бус аргаар өөрчлөх гэж байсан тухай мэдээллийг хүргэж байна. Монголын ард түмэн төр засагтайгаа байгуулсан асар том гэрээ учраас ард түмний асуулга явуулаад, тэдний саналыг нэгтгэсний үндсэнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Санал асуулгын санал,асуултыг бэлдчихээд санал авах нь шударга бус. Иймд бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Олон нийтэд энэ мэдээ мэдээллийг хүргэхэд дөрөв дэх засаглал болох сэтгүүлч та нар их үүрэгтэй” гэв. Хуульч Н.Чадраабал “Үндсэн хуулийг өөрчилдөг хуулиуд байдаг. Үндсэн хуулийг өөрчлөх заалт, үндсэн журам бас иргэдийн санал асуулгын тухай хууль гэсэн бие даасан хуулийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зохицуулж болох байсан.
Гэтэл сүүлийн үед “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль”-ийг баталсан. Энэ нь үндсэн хуульд тусаагүй агуулга хэллэгтэй, түүгээр зохицуулах харилцааг ердийн хуулиар зохицуулах маягаар хууль гаргасан. Энэ хуулиа хэрэгжүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдыг оролцуулан ухуулга сурталчилгаа хийж байна. Үүнээс гадна бусад хуулиудыг ч дээрх шинэ хуульдаа нийцүүлэн өөрчилж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг хоёрхон арга зам бий. Эдгээр нь ард түмний санал асуулгаар болон Улсын Их Хурлын гишүүдийн 57-оос дээш хувийн саналаар өөрчлөлт оруулна гэсэн үг юм” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин