“Ми-8”-ийн мастер буюу нисдэг тэрэгний ууган гавьяат

2017-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Төрийнхөө хайр хүнд­лэлийг хүлээж гавьяат нис­гэгч цолоор энгэрээ мялаа­гаад удаагүй байгаа мөнгөн хөлгийн эзнийг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Иргэний нисэхийн салбарт хүчин зүтгэсэн 35 жилийнхээ 27-д нь МИ-8 нисдэг тэрэг жолоодсон энэ эрхэмийг МИ-8-ийн мастер гэвэл илүү ононо. Тиймдээ ч төрийн их баяр наадмын өмнөхөн гавьяат нисгэгч цол хүртсэн нь Иргэний нисэхийн салбарт нэгэн шинэ түүх бичжээ. Бүр тодруулбал, Иргэний нисэхийн салбарын нисдэг тэрэгний жолооч нарын анхны гавьяат мэндэлсэн нь Монголын  Агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн “А жет авиэйшн” компанийн  захирал Л.Нямбаяр юм.

Тэрээр нисдэг тэрэгний ууган гавьяат нисгэгч болсон баярын сэтгэгдлээ “Манай салбарын сургаж дадлагажуулсан үе үеийн багш нар, өмнө нь болон одоо ажиллаж байгаа Эрхэмбаяр тэргүүнтэй хамт олон намайг энэ амжилтад хүргэсэн. Иргэний нисэхээс Шоройжов, Сайнбаяр, Баасанхүү гээд гавьяатаар шагнагдах хүмүүс олон байсан. Тэд олон жил хамт нисч их ч зүйлийг ойлгуулж зөвлөсөн.Иргэний Агаарын тээвэрт нисэх аппаратыг  Далавчит онгоц, нисдэг тэрэг гэж  хоёр хэсэгт хуваадаг. Түүнээс миний ажиллаж байгаа энэ салбарыг анхаарч энэ шагналыг надад олгосон байх. Би бусдаасаа тодроод илүү гараад байсан зүйл байхгүй. Хий гэсэн ажлыг нь хийгээд нисч байлаа, миний өчүүхэн хөдөлмөрийг төр өндрөөр үнэлсэнд баяртай байгаа. 2000 оноос агаарын тээврийн компанийг удирдаад явж байна” хэмээн даруухан хариулав.

 

АЧИГЧААС АНХНЫ ГАВЬЯАТ БОЛСОН ТҮҮХ

Л.Нямбаяр сургуулиа төгсөөд 1982 онд Иргэний агаарын тээврийн удирдах газарт Нисэх отрядын  тээврийн хэлтэст нисгэгч болох нийтлэг жишгийн дагуу агаарын хөлгийн ачаа ачигч хийж эхэлсэн нь өнөөгийн амьдралын эхлэл, нисэх салбартай холбогдох  хувь тохиол байжээ. Монголдоо анхных болох Нисгэгч бэлтгэх Түр дунд сургуулийг 1983-1985 онд АН-2 онгоцны хоёрдугаар  нисгэгчээр   20 гаруй хүүхэд  төгссөний зургаа нь  буюу Хилийн цэргийн нисгэгч болоод 0200 дугаар ангид очсоны нэг нь Л.Нямбаяр байлаа. Хилийн цэргийн скадрилд МИ-8 нисдэг тэрэгний нисгэгчийн сургалтад сууж  эрхтэй болсон байв. Удалгүй 1986 онд Иргэний агаарын тээврийн удирдах  ерөнхий газрын Нисэх отрядад орж АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгчээр нисч байгаад 1987 оноос тус отряддаа Нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж эхэлсэн байна. Онгоц нарийн төлөвлөж аэродромоос аэродромд нислэг үйлддэг бол нисдэг тэрэг огт өөр. Аль ч улиралд голын эрэг, уулын орой гээд өндөр нам хамаагүй ашиглаж байгаа хөлгийнхөө хүчин чадал хүрэх газар нисдэгээрээ онцлог. Манай зочин гавьяат нисгэгч Л.Нямбаяр ийм л ажилтай. Захиалагч хаашаа нисэхийг хүснэ тэр нисдэг тэргээ жолоодоод нисчихдэг учраас  бидний урилга хойшилсоор Хөвсгөлийн Ханх сумын нутгаас буухад нь сая л уулзах завшаан тохиосон юм.

Л.Нямбаярын аав, ээж Архангайн Чулуутын хүмүүс. Аав нь бага залуудаа лам байсан ч номын мөр хөөж хотод орж ирснээр Улсын драмын театрт ажиллах болжээ. Гарын ур, дүйтэй хүн учраас Драмын театрын тайз засал гэх мэт нарийн ширийнийг хийдэг байв. Харин ээж нь бусдын л ажил хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлжээ.  Гавьяат нисгэгч гурван  ах, нэг эгч,  дүүтэй. Сургуульд байхын техникт сонирхолтой нисгэгч болохсон гэж тэмүүлсэн хүү зорилгоо биелүүлж чаджээ. Энэ тухайгаа “Дунд сургуульд байхдаа янз бүрийн  зүйл сонирхож эдийн засагч болох гэж ч үзсэн” гэв.  Тэрээр МИ-8 Белл 206Л4 ЕС145 нисдэг тэргүүдээр ниссэнээс сүүлийн гурван жилийг эс тооцвол 27 жил МИ-8-аар ниссэн байлаа. Өөрийнхөө хамгийн их сонирхсон ажилдаа орсон болохоор их жаргалтай байдаг. Онгоц өндөрт гараад тогтчихдог бол нисдэг тэрэг машин шиг явдаг. Хүний очно гэсэн газар хүргэдэг учраас өдөр бүр зам нь өөрчлөгддөг их сонирхолтой шүү гэж ярьсан юм.

АГААРЫН ХӨЛӨГ  МАШ НАЙДВАРТАЙ БОЛСОН

Ажил амьдралынхаа ихэнх хугацааг нисэх салбартай холбох хугацаандаа олон газар ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан түүнээс зорчигчдын аюулгүй байдлын талаар асуухад “Сүүлийн үед агаарын хөлөг маш найдвартай болсон. Дээр үед цөөхөн нислэг хийгээд маш олон дутагдал осол гардаг байсан бол одоо нислэгийн тоо асар өндөр мөртлөө осол маш бага. Сүүлийн үеийн агаарын хөлөг дэвшилтэт болж олон хөдөлгүүртэй онгоц  хийхээ бараг больж. Далай туйлыг алгасан олон цаг буулгүйгээр нисч байна. Агаарын хөлгүүдээс нисдэг тэрэг аюулгүйгээрээ  нэгдүгээрт ордог. Харин нисдэг тэрэг дундаа хоёр хөдөлгүүрт нь хамгийн найдвартай байдгийн тод  жишээ нь хаа газрын төрийн тэргүүн тэдэнтэй адилтгах зочид нисдэг тэргээр явдаг” гэсэн юм. Мөн  нисгэгч хүн ямар байх ёстой болон салбарын хөгжлийн талаар асуухад “Манай Иргэний агаарын тээврийн бодлогод жаахан алдагдсан зүйл байсан. Зах зээлд шилжихэд нисгэгчийн бодлогыг орхигдуулснаар залуу нисгэгчгүй болсон байсан. Олон жил нисч байж сайн нисгэгч болдог. Харин одоо боловсон хүчний нөөц сайжирсан. Иргэний Нисэхийн Ерөнхий газраас Нисдэг тэрэг дээр арван нисгэгч Америкт бэлтгэгдсэнээс 2-3 нь нисдэг тэрэг, зарим  нь онгоц руу орсон.Миний бодлоор нисгэгчийг багаас нь  бэлтгэх ёстой юм шиг санагддаг. Нийтэч, хамтач, командын ажиллагаанд сурчихсан, техникт сонирхолтой аливаад няхуур авхаалж самбаа сайн байх хэрэгтэй санагддаг.

Манай улсын хувьд том авиац дэлхийг дагаад хөгжсөн. Харин жижиг авиац хүн амын орлого, төрийн бодлогын асуудлаас болоод хөгжөөгүй. Харин одоо сэргэж байна. Олон улс, дотоодын зорчигч тээврийн нислэгт барууны орнуудын техник манайд нэвтэрсэн байгаа. Мөн нислэг хөдөлгөөний зохицуулалтууд тэдний боловсон хүчний бэлтгэл сайн хангасан. Одоо жижиг авиацаа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр иргэний нисэхийн ерөнхий газар болон  авиа компаниуд нэлээд ажил хийх гэж оролдож байна” гэлээ.  Иргэний нисэхийн  салбарт Төрөөс 2020 он хүртэл баримтлах бодлогын бичиг баримт гарснаар манай салбарын хийх ажил их цэгцтэй болсон. Цаг үеээ дагаад өөрчлөлт шинэчлэлт орох зүйлүүд ч их байгаа хэмээн хуучлав.

20 МЯНГАН ДОЛЛАРЫН ОНГОЦ  БИЙ

Бидний яриа салбарын хөгжлийн талаар үргэлжиллээ. Л.Нямбаяр салбарынхаа  сүүлийн хоёр ч сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тиймээс цаг үеийн болон салбарын хөгжлийн асуудалтай уяж удахгүй ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг хэрхэн зөв менежментээр ажиллуулах талаар сонирхвол “Зөвлөөд сүйд болсон зүйл бага даа. Гэхдээ зарим нэг ажлын хэсэгт орж агаарын тээвэрлэгчдийнхээ өмнөөс болон агаарын тээврийн хөгжлийн төлөө саналаа хэлж байна. Шинэ нисэх буудлын хувьд Монголд агаарын тээврээр үйлчлүүлэх хүн амын урсгал бага учир нислэгийн тоо цөөн. Тиймээс өндөр ашигтай ажиллуулахын тулд нислэгийн тоог ихэсгэх бодлого байх хэрэгтэй. Энэ буудлын  зардлыг даах орлоготой дотоодын Агаарын тэээвэрлэгчдийн бизнесийн эрүүл орчинг үүсгэхийн тулд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Эс дэмжвэл дотоодын агаарын тээвэр жам ёсоороо хөгжихгүй. Манайх олон улсын нислэгийн ганц зурвастай буудлуудтай учир нислэгийн саатал үүсэхэд байдал хүндрэх хэвээрээ байгаа шинэ буудал ашиглалтад орсон ч Буянт-Ухаагийн нөөц  буудлаа үгүй хийхгүй, ашиглах хэрэгтэй. Хөгжингүй орнууд ч хуучин буудлаа үгүй хийх нь ховор.  Яаж нислэгийн тоог нэмж агаарын тээвэрлэгчдийн ашигт ажиллагааг сайжруулах вэ гэдэгт анхаарах ёстой.Сайхан бариад өгсөн буудлыг авч явах бодлогын хэмжээнд өнөөгийн үнэ тарифаа нэмэхгүй, дотоодын авиа компаниудаа татаад унагаачихгүй  байх зэргээр анхаарах хэрэгтэй” гэв.

Бидний яриад буй жижиг авиацыг хөгжүүлэх асуудал бол энгийнээр хэлэхэд цөөн суудалтай хувьдаа ашиглах жижиг агаарын хөлөг авч, нисгэх эрх авч  орон нутагт чөлөөтэй нисэх явдал юм. Тэд гэр бүлээ суулгаад агаарын хөлгийн болон нислэгийн аюулгүй байдлаа өөрсдөө хариуцаад явах гэнэ. Мэдээж төрөөс тодорхой хяналт тавина.

Иргэний нисэхийн салбарын алс ирээдүйн хөгжил болох жижиг авиацыг хөгжүүлэх тал дээр түүнээс цөөн хэдэн асуулт асуув.

-Жижиг авиацыг хөгжүүлээд хүн бүр  онгоцоор чөлөөтэй нисэхээр осол аваар их гарах юм биш үү?

-Хятад Орос хоёр жижиг онгоцныхоо нислэгийн хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон.Гэтэл манайд Хэнтийн нэг сумаас нөгөө сумын хооронд нисэхэд нислэгийн хөдөлгөөний зөвшөөрөл ( наряд батлуулах)авах гэж бөөн асуудал болдог. Энэ чөдөр тушааг чөлөөтэй болгох хэрэгтэй. Нисэх гэж байгаа болон агаарт нисч явж байгаагаа хэлэх зэргээр олон улсад нэвтэрсэн олон арга манайд нэвтрээгүй байна.

Дэлхий дээрх 400 гаруй мянган жижиг онгоцны 220 гаруй мянга нь  зөвхөн Америкт нисдэг. Иргэд нь гэрийнхээ гадаа тавьчихна. Өөрөөр хэлбэл, гэрийн гаднаасаа асааж аваад машин шиг давхидаг. Харин нисэх өндрийг нь зааж өгсөн байдаг. Аюулгүй байдлаа өөрсдөө хариуцна. Зарим арилжааны зохицуулалтыг төрөөс тусгай зөвшөөрөл олгож зохицуулдаг.

-Хүмүүс хувьдаа онгоцтой болохоор төлбөр мөнгө их гарах  уу?

-Гэр бүлийн жижиг онгоцууд бий. Зарим нь 20 мянган ам.долларын онгоц ч  байдаг. Монголд онгоц худалдаж авах чөлөөтэй. Манайд орж ирсэн зарим жижиг агаарын хөлөг нэг сумлагаагаар 1000 км нисэх боломжтой. Өөрөөр хэлбэл, жип машины үнэ. Шинэ хуучин гээд зах зээл дээр янз бүрийн л үнэтэй онгоц бий.

-Тэгвэл Монголд ямар онгоц зохицох вэ. Улс орнуудын уур амьсгалаас эхлээд харилцан адилгүй байх?

-Монгол өндөрт байдаг учир хүчин чадал шаардана гэсэн үг. 1300 метрийн өндөрт Улаанбаатараас хөөрч буух эрс тэс уур амьсгалд ашиглана гэхээр мэргэжлийн хүнээр сонголтоо хийлгэх хэрэгтэй. Буруу сонговол шатахуунаа ачиж явах уу, хүн ачих уу гэдэг зүйл болно. Нисэх буудлын хувьд Ерөнхий зориулалтын агаарын тээвэр хөгжсөн улс орнуудыг харахад төр нь дэмждэг юм билээ. Хүмүүсийн хамгийн их очдог газруудад нисэх буудлуудыг үүсгээд дундаж алслалтаар улсаа торолж түүгээр нь чөлөөтөй нисч ашиглалтынхаа зардлыг төлөөд явдаг.Аймгуудын хооронд засмал зам тавьдаг шиг нисэх буудлыг улс нь барьж өгдөг.

Бидний яриа түүний амьдралын нэгээхэн хэсэг болон иргэний агаарын тээврийн хөгжлийн талаар ийнхүү өрнөсөн юм. Нисдэг тэрэгний  ууган гавьяат  маань одоо ч гэсэн  мөнгөн хөлгөөрөө хөх тэнгэр дүүлэн нисч буй бизээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

16 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04