
Ч.ҮЛ-ОЛДОХ
Хэдхэн хоногийн өмнө, зуны адаг улаагчин хонь сарын хөх бар өдөр /2017.07.26/ номын мэргэд, эрдэмтэн, судлаачдын хамт дуу хуурын өлгий Дундговь нутгийг зорих завшаан тохиов.
Хоёр жижиг автобусанд хуваагдаж суусан 20 гаруй хүн, түүний дотор ШУА-ийн хүрээлэнгүүдийн төлөөлөл, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн-зохиолчид энэ нутгаас төрсөн Монголын судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, их эрдэмтэн Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа, “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох урилгатай. Миний хувьд шинэ сонин судалгааны талаар сонсч дуулах, үйл явдлын сонин сайхныг сурвалжилж тэмдэглэх сонирхолдоо хөтлөгдөн тэдэнтэй нэг баг болсон минь энэ.
Зава Дамдин Ринбүчи “Алтан дэвтэр” судрыг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлснээ зочдод барилаа.
Сурвалжлага тэмдэглэлийнхээ эхэнд өдгөө өргөн олноороо алдар сууг нь нэхэн ярьж, эрдэмтэн мэргэдийн нэгэн судлагдахуун болоод буй Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламтан хэн байсан тухайд товч дурдая. Түүний тухай хамт яваа эрдэмтдээс сонирхохуйд “Ардын хувьсгал ялсны дараахан төр, улс шинжлэх ухаанд ихээхэн ач холбогдол өгч, Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүнийг эрхэлсэн сайдаар Жамъян гүн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Жамсрангийн Цэвээн нарыг томилсон бол ажиллах боловсон хүчний хувьд тухайн үеийн эрдэмтэй сэхээтэн гэхээр лам нар байсны нэг нь Зава Дамдин гавж байсан. Одоогийн засаг захиргааны хуваариар яривал тэрээр Дундговь аймгийн Чойрын хийд орчмын хүн. Нутагтаа өөрийн багш Лувсанбалдангийн заавраар ном үзэж дараа нь Гандан хийдэд шавилж, буддын гүн ухааны ном үзэж, гавжийн дамжаа барьсан. Гавжийн дамжаа гэдэг нь буддын гүн ухааны чойрын таван боть номд нэвтэрч, улмаар буддын их, бага таван ухаанд суралцах зам мөрийг олж авсан гэсэн үг юм. Тэрээр их, бага таван ухаан, тэр дотроо буддын гүн ухаан, дотоод ухаан, учир шалтгааны ухаан, түүхийн ухаанаар 16 боть сүм бумтай /бүрэн зохиол бичсэн/. Үүнийг нь одоогоос 20-иод жилийн өмнө Гүрдаваа Ринбүчи Делид хэвлүүлж амилуулсан байдаг. Түүний бүтээл, туурвилын дотроос Монголын шинжлэх ухаан, тэр дотроо түүхийн шинжлэх ухаанд оруулсан дорвитой хувь нэмэр нь “Хор Чойнжүн” буюу Монголд шашин, ном дэлгэрсэн түүх, түүний үндэс, тайлбар хэмээх хоймсон зохиол юм. Харин түүний нэрийн өмнөх Зава гэдэг үгийн утгын тухайд буддын шашны судлалын ойлголтоор бол номын үндэс, язгуурыг гаргаж бичихийг түвдээр “Зава” гэдэг билээ. Өөрөөр хэлбэл, номын үндсийг гаргаж бичих чадвараараа гаргуун хүн байсан тул олон түмэнд Зава Дамдин гэж алдаршсан” гэсэн мэдээллүүдийг дэлгэж байна.
Зарлигаар бүтээсэн “Соёмбот ордон” чулуун хийдийг 10 жил барьжээ.
Улаанбаатараас Дундговь аймгийн Дэлгэрийн Чойрын хийд хүртэл бид дөрвөн цаг гаруй явж хүрэв. Жижиг тэрэг бол гурван цаг л давхих байх. Байгалийн үзэсгэлэнт Их, Бага газрын чулууны орон Дундговь замын хажуугаар сул хэвтээ чулууд нь хүртэл ямар нэг хэлбэр дүрсийг илтгэх мэт уран бөгөөд донжлог харагддаг өвөрмөц нутаг. Ямар ч ой модгүй атал зон олон нь эртнээс монгол гэрийн соёлыг дэлгэрүүлж, уран гоё тансаг байдлаар урлаж, эдэлж хэрэглэж ирсэн нь сонирхол татам. Дээр нь энэ нутгийнхан дуу, хуураас гадна чулууны асар их соёлтой, тэр хэрээр чулууны мэдрэмжтэй, чулууны хэлийг ойлгодог, ааш араншинг нь ч сайн мэддэг, бараг л хоорондоо “ярилцдаг” юм байна гэж бодогдох. Зам зуур дуу хуурын өлгий нутгаас эхлээд чулуун домгийн биелэл, гэр соёлын гайхамшгийг гайхан эргэцүүлсээр Дэлгэрийн Чойрын хийдэд аяны дөрөө мултлахад эртнээс “Бадрангуй цагаан өргөө” хэмээн нэрлэж хурал, номын ажил явуулж ирсэн их цагаан гэр, Зава Дамдины хойт дүр буюу нутгийнхны нэрлэснээр залуу Зава Дамдин Лувсандаржаа ламтаны өөрөө санаачлан, зураг төслийг зохиож бариулсан “Зарлигаар бүтээсэн Соёмбот ордон” /энд ийм ордон байх нь зүйтэй гэсэн нэг ёсны зарлигийг Гүр Дэва Ринбүчи айлдаж байснаар “зарлигаар бүтээсэн” хэмээн нэрлэжээ/ хэмээх дөрвөн давхар чулуун хийд, тэдгээрийг тойрсон олон жижиг гэр, майхан, машин тэрэг, ийш тийш хөлхөлдөх хүмүүс холоос сүр бараатай угтав. Зава Дамдины 150 жилийн ойгоор үүдээ нээж буй шинэ хийдийг нутгийн чулуугаар урласан нь барилга архитектур, урлагийн бүтээл, шашны орон хийд гээд аль ч талаасаа дэлхийд ховорт тооцогдох гайхамшигтай бүтээл болжээ. Барихад 10 гаруй жилийг зарцуулсан. Энэ хооронд 5-6 удаа буулган дахиж барьсан бол дөрвөн жил нь залуу Зава Дамдин буюу Лувсандаржаа ламтан Швейцарьт ном үзэхээр одсон тул ээж нь хийдийн барилгын ажлыг удирдан бариулсан байна. Хийдийн довжоо, гаднах талбай, тойруулга, багана, шат гээд бүгд нутгийн чулуу юм. Эв эвээрээ яаж тэгж уран гайхамшигтай нийлсэн юм бэ гэмээр нарийн хийцтэй. Гол хаалганы гадна талын хэсэгт лам нар сууж ном уншиж, хурал хурсан бол орой нь зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолтын тайз болгон зассан нь тун өвөрмөц байв. Энэ мэтчилэн дэлхийд ховорт орох Дэлгэрийн Чойрын чулуун хийдийн талаар олныг өгүүлж болох ч тэнд очсон, үзсэн хүмүүс сонин сайхныг үүнээс илүү тодорхой бас дэлгэрэнгүй өгүүлэх биз ээ.
Дэлгэрийн Чойрын хийдийн “Бадрангуй их цагаан өргөө”.
Харин тэнд нэг сонирхолтой зүйлийг үзсэн минь “Зарлигаар бүтээсэн Соёмбот ордон”-ы өмнө төв талбайд заларч байгаад урд хөршид цутгуулж авчирсан хүрэл хөшөөнд зайгаа тавьж Баянзүрх дүүргийн ТҮК-ийн хашаанд хаягдсан Д.Сүхбаатарын морьтой баримлыг залж, хөшөөг тойрч байсан арслангуудыг хийдийнхээ гадуур дөрвөн зүг, найман зовхист харуулан байрлуулсан нь нүдэнд содон тусч байлаа. Тэр хөшөөтэй холбоотой олон сайхан дурсамж, сайн сайхан бодол дурдатгал Монголын үе үеийнхэнд бий. Тиймээс тэнд очсон бүх хүн өмнө нь зургаа авахуулж, дурсамж хууч дэлгэж байлаа. Шинэ хийдийн нээлтийн ёслолын хамгийн эхэнд Дамдины хүү Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, равнай өргөн лам нар ном хурснаар эхэлсэн юм. Ингэснээр жанжны хөшөө нэг ёсондоо тус хийдийн нэгэн сахиус болон залрав. Үүнийг учрыг залуу Зава Дамдин Лувсандаржаа ламтан хэлэхдээ “Д.Сүхбаатар жанжны хөшөөг анх барьсан уран Чоймбол нарын хүмүүсийн олонх нь лам нар байсан. Тэдэн дунд миний багш Данзан ламтан байв. Тэр хүмүүс жанжны хөшөөг бурхан бүтээдэг байсан ном журмын дагуу равнайлж шүншиглэсэн гэдэг. Нөгөө талаас жанжин хүн их үйл хэргийг бүтээж гавьяа байгуулаад өөрөө сахиус болж шүтэгддэг, олны хайр хүндлэлийг хүлээдэг. Их жанжин ардын хувьсгалыг удирдан ялуулж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо батжуулан мандуулсан. Тэгэхээр түүний хөшөө эрх чөлөө, тусгаар тогтнолын маань баталгаа. Д.Сүхбаатарын хөшөө байх нь дэлхийд ч чухал. Үүнд улс төр огт хамаагүй” гэж тайлбарлав.
Лам нар Их жанжны хөшөөг равнайлав
Их эрдэмтэн Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойд зориулж түүний дараагийн дүр Лувсандаржаа ламтан болон Дэлгэрийн Чойрын хийд, Зава Дамдин Судар бичгийн хүрээлэнгээс олон ажлыг зохион байгуулсны цөм хэсэг нь “Алтан дэвтэр” эрдэм шинжилгээний хурал байв. Энэ хурал нь үүний өмнөхөн ШУА-аас Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүд Зава Дамдин нарын гурван ламдаа хүндэтгэл үзүүлэх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны үргэлжлэл болсноороо онцлог. Иймээс ШУА, салбар хүрээлэнгүүд “Алтан дэвтэр”-ийг хамтран зохион байгуулж, дотоод, гадаадын нийт 50 орчим эрдэмтэн, судлаач оролцов. Энэ үеэр хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч УИХ-ын дарга, БСШУС-ын сайд, ШУА-ийн Ерөнхийлөгч тус, тус илгээлт ирүүлж, Олон улсын монгол судлалын холбоо, Швейцарь улс дахь Равданчойлин хийдийн дэргэдэх Бурханы шашны гүн ухааны их сургуулийн гэвш, Лхаарамба дэхор Түвдэн Прэнлай мэндчилгээ илгээсэн байв. Мөн Монголын их, дээд сургуулиуд, эрдэм дэлгэрүүлэгч нийгэмлэгүүдээс баяр хүргэж төлөөлөгчдөө оролцуулав. Олон хүндтэй зочид хурал, номын үйл хэргийг зорин хүрэлцэн ирсний дотор Итали улсаас гэвш Гончигжанцанла, Энэтхэг улс дахь Шар Гандан Намбар Жалвалин хийдийн Хансар Ринбүчи, гэвш Лувсанданде, Кембрижийн их сургуулийн профессор Урадын Булаг нар байв.
“Алтан дэвтэр”-ийг чулуун судар болгон гэрэлт хөшөөнд мөнхлөв.
Эрдэм шинжилгээний хурлыг Зава Дамдин Лувсандаяан “Алтан дэвтэр”-т зориулсан айлдвар сэдвээр Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, гэвш Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа ламтан нээсэн юм. Академич Д.Төмөртогоо “Гүрү Дэва Ринбүчийг эргэн дурсахуй”, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном “Бурханы шашны дэлгэрэлтэд холбогдох өнөө цагийн газар орнууд”, Бээжингийн үндэстний их сургуулийн профессор, нэрт монголч эрдэмтэн Ч.Хишигтогтох “Алтан дэвтэр” дэх зарим түүхэн тэмдэглэлүүдийн тухай онцгойлох нь”, Бурханы шашны их сургуулийн захирал Д.Цэдэв “Зава Дамдины 108 эрдэнийн болор эрхи оршвой” нэрт судрын Богд их бодийн хөрөнгө бүтээх нигүүлсэхүйг магтьюу”, академич, зурхайч Д.Тэрбиш “Зава Дамдины зурхайн талаар” , Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким “Хуна дөрвөжин бичиг, ровеш үсэг хоёрын уялдаа”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад дээд сургуулийн профессор Бавуу “Абатай хаан ар халхад бурхан шашны эхийг олсон нь” зэрэг олон сонирхолтой илтгэлийг олны сонорт хүргэлээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал судалгаа, шинжилгээний салбарт нэг үеийн залуучууд, тэр дотроо эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж буйг харууллаа хэмээн эрдэмтэн, судлаачид тэмдэглэж байлаа. Тухайлбал, “Зава Дамдины сүмбумын онцлог” сэдвээр илтгэсэн МУИС-ийн шашин судлалын тэнхимийн багш, доктор С.Янжинсүрэн, “Зава Дамдины лориг зохиол дахь шалгадаг үрийн онолын асуудал” сэдвээр илтгэсэн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзул, “Зава Дамдины Дагриг зохиол дахь үндэслэгээний онцлог” сэдвээр илтгэсэн Р.Алтансүх, “Ахуй үйлсийг тэтгэгч Аравдугаар газрын Бодьсадва” сэдвээр илтгэсэн СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Наранцэцэг, “Судар бичгийн хүрээлэн ба Зава Дамдин” сэдвээр илтгэсэн ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм, шинжилгээний ажилтан Ч.Батдорж нарыг эрдэмтэд ийнхүү онцолж байв.
“Алтан дэвтэр” эрдэм шинжилгээний хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулж байх, Зава Дамдин судлалыг эрчимжүүлэхээ Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, гэвш Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа ламтан айлдав. Хурлын төгсгөлд тэрээр “Алтан дэвтэр” судрыг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлснээ зочдод барьсны зэрэгцээ Дундговь аймгийн төвд босгосон “Алтан дэвтэр”-ийг чулуунд мөнхөлсөн гэрэлт хөшөөг эрдэмтдийн хамт нээж, үг хэлсэн юм. Зава Дамдины “Хор Чойнжүн” номын “Алтан дэвтэр” судрын талаарх нэг сэдэвт томоохон судалгааг академич Ш.Бира хийсэн байдаг. Энэ номд Монголд шашин дэлгэрсэн түүхийг түрүү дэлгэрэлт, дунд дэлгэрэлт, хожуу дэлгэрэлт гэж гурав хувааж үзсэн байдаг. Түрүү дэлгэрэлтийн үеийг одоогоос 3000 жилийн өмнөх, түүхчдийн үздэгээр Хүннүгийн үед буюу Хятад, Түвд хоёроос өмнө Гимлайн нурууны баруун, зүүнд дэлгэрсэн бурханы шашны нөлөөгөөр Монголд орж ирсэн. Тэр бүү хэл Бурхан багш өөрөө Монгол оронд заларч байсан гэдгийг Зава Дамдин маш тодорхой бичсэн байдаг. Бурханы шашны түүхээс гадна тухайн үеийн газар зүйн байрлалыг маш тодорхой гаргаж тавьснаараа дэлхийн түүх, газар зүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголынхоо газар нутгийн хил хязгаарыг сударт дархалсан бүтээл юм.
Үргэлжлэл бий.
Төгсгөл нь : https://www.polit.mn/content/read/145953.htm
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин