
Л.Баттогтох эмчийн булан
Усыг уухад тухайн хүний биеийн онцлог, нас, өвчний шинж байдал, дархлаа, сэтгэл санааны байдал, хооллолт, амьдралын өдөр тутмын хэвшил, ажлын нөхцөл байдал, цаг агаар ямар байгаа зэрэг олон хүчин зүйлс хамааралтай байдаг.
1. Усны шинж чанар?
Ус бол сэрүүн хүнд чанартай.Хий, бадганыг аривдуулж, шарыг анагаах үйлдэлтэй.Буцалсан ус, буцлаагүй ус гэдэг бол хоёр өөр шинж чанартай байдаг. Буцлаагүй ус хүний бие зургаан цаг болж байж шингэдэг бол буцалсан ус гурван цаг болж шингэдэг. Харин буцалсан усыг бүлээн чадалтай ургамал, хужир, давс зэргээр амтлаад уух юм бол 30 минутын дараа гэхэд бүрэн шингэдэг юм. Тийм учраас усыг дангаар нь бус амталж уух нь эрүүл мэндэд сайн талтай.Усыг нэг удаа буцалгаад уух бус аль болох удаан буцалгаж ширгээх нь сайн.Энэ нь усны хүнд сэрүүн чанарыг багасгадаг юм.
2. Хүний биеийн онцлог, нас ус уухад хэрхэн хамааралтай болох?
Уламжлалт анагаах ухаанд хүний биеийг хий, шар, бадганы өвөрмөц шинж чанартай байдаг гэж үздэг.Энэ онцлог шинж чанар нь ус уухад, хоол идэх, эм тан уух, эмчилгээ хийх зэрэгт маш онцгой үүрэг, хамааралтай байдаг.
Тухайлбал, хийн хүний туранхай, цус багадалттай, хоолны шингээлтийн хүч багатай, амархан даарч хөрдөг, нойронд муу, арьс үс хуурайших, харлаж хөхрөх, хурдан хөдөлгөөнтэй, их ярьдаг, дуулдаг зэрэг онцлогууд болон хий давамгай үүсдэг нас болох хөгшин хүмүүс нь усыг хүйтнээр болон түүхийгээр нь уухгүй байх шаардлагатай болдог. Аль болох бүлээн юмуу халуун ус уух хэрэгтэй.Хийн хүмүүс шингэний дутагдалд орохдоо маш амархан байдаг тул өдөртөө 8-10 аяга ус уухад хангалттай.
Харин шарын хүмүүс бол их хөлөрдөг, амархан гүйлгэдэг, хоол шингэх үйл явц маш сайн, биеийн дулаан илч сайтай байдаг бөгөөд шар давамгай идэр залуу насны хүмүүс 6-8 аяга бүлээн, тасалгааны болон биеийн температуртай ижил хэмийн ус ууж байх нь зохимжтой байдаг.
Бадганы хүмүүсийн хөдөлгөөн удаан, тайван дөлгөөн, жин ихтэй тарган, хоолны шингэц удаан болон бадган давамгай үүсдэг нас болох хүүхэд, нялхаст мөн усыг хүйтнээр болон буцалгалгүй уулгахыг хориглох хэрэгтэй.Аль болох бүлээн, халуун ус уух хэрэгтэй.Бадганы онцлог шинжтэй хүмүүс бол өдөртөө 5-6 аяга уухад хангалттай.
3. Хооллолт болон усны хэрэглээний зохистой харьцаа ямар байх ёстой вэ?
Эрүүл зөв хооллолт гэдэг бол хүний хоол боловсруулах чадвар хэр сайн байгаагаас хамаардаг.Тэгэхээр ус ч мөн ялгаагүй.Хэрэв таны ходоодны шингэц удаан бол усыг бага, сайн бол тохируулж уух хэрэгтэй. Ер нь бол хоол идэхээс 30 минутын өмнө нэг аяга буцалсан бүлээн ус уух нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Хоолны дараа ус уух нь хоол шингэх явцыг удаашруулдаг. Хэрэвшөлтэй хоол идэж байгаа нөхцөлд хоолтой хамт ус уух бараг шаардлагагүй.Харин хуурай хоол, маш өндөр уургийн агууламжтай болон гурилан бүтээгдэхүүн их идсэн тохиолдолд та шингэн уух зүйлийг түлхүү ууна.Гэхдээ нэг дор нэг аягаас илүү шингэн уухгүй байхыг зөвлөе.Усыг бага багаар, балга балгаар хоолны завсар уух нь хамгийн тохиромжтой арга юм.
4. Усыг бид яагаад заавал бүлээн, халуунаар уух ёстой юм бэ? Хүйтэн мөстэй зүйл ууж болохгүй гэж үү?
Хүний биеийн температураас доош хэмтэй хоол, унд хэрэглэх нь эрүүл мэндийн хувьд маш их сөрөг нөлөөллүүдтэй.Тасалгааны температуртай уух зүйлс ч гэсэн биед тийм ч сайн биш юм. Тасалгааны хэм гэдэг бол ихэнхдээ дээд тал нь 22 градус байдаг. Тэгвэл хүний бие 37 градусын халуунтай байдаг. Энэ хоёрын хооронд маш их зөрүү байгааг та харж байгаа байх.Уухад тохиромжтой бүлээн ус нь 35-55 хэм, халуун ус нь 55-75 хэмтэй байдаг. Тийм учраас бүлээн, халуун ус нь хоол шингэцийг түргэсгэх, цусны эргэлтийг сайжруулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, гэдэс дотрыг цэвэрлэх, тунгалгын урсгалыг сайжруулах, биеийн өнгө зүсийг нэмэгдүүлэх, хордлого тайлах, шээс зогсонглийг арилгах гэх мэт үйлдэлтэй байдаг.
Хүйтэн, мөстэй зүйлээс аль болох татгалүах хэрэгтэй.Ялангуяа хоолтой хамт хэзээ ч хэрэглэж болохгүй.Хүйтэн мөстэй зүйл ууна гэдэг бол цусны урсгалыг сааруулдаг, судас нарийсгах, биеийн илчийг алдагдуулах шингэний урсгалыг түгждэг учраас ялангуяа зүрхний үйл ажиллагааг сулруулж, бөөр, ходоодны илчийг үгүй хийдэг.
5. Хүн ус уухгүй бол шингэний дутагдалд ордог. Тэгвэл шингэний дутагдлыг яаж зөв нөхөх ёстой байдаг юм бол? Ямар шинж хүний биед илэрдэг вэ?
Барууны анагаах ухаанд усыг аль болох их хэмжээгээр уухыг зөвлөдөг бол Дорнын уламжлалт анагаах ухаанд усыг их хэмжээгээр уухыг төдийлөн таашаадаггүй юм.Харин хувь хүний онцлог болон ямар нөхцөл байдалд, хэдийд, ямар хэмжээний усыг яаж уухыг зөвлөдөг юм.
Өдөрт хүн дунджаар 3-4 литр шингэнийг гадагшлуулж байдаг. Энэ нь бидний биеэс ялгарч байгаа хөлс, шээс, амьсгал болон бодисын солилцооны үйл ажиллагаанаас хамаардаг. Бид зөвхөн амьсгалах, ярих үйл явцаар л гэхэд 1-2 литр шингэнээ гадагшлуулж байдаг.Нэг дусал хөлс, шээс юу ч байсан гэсэн тэр цусны урсгал, даралтад нөлөөлж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Давсны хэт хэрэглээ шингэний дутагдалд оруулах нэг нөхцөл болдог.
Шингэн дутагдалд орсон үед ам хэл хатах, нүд хуурайших, хөлрөхгүй болох, суулгах, өтгөн хатах, шээсний гарч багасах, шээс өтгөн, бараан өнгөтэй болох, цээж хорсох зэрэг шинж илэрнэ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин