Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй: Нутгаа гэх олныхоо дэмээр бодит бүтээн байгуулалтууд өрнөж  түүхт ойгоо угтаж байна

2017-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нийслэлээс 1300 км алсад орших их нууруудын дундах алтан элсний нутаг  Увс аймгийн Зүүнговь сумын 90 жилийн ой тохиож байна. Түүхт ойн хүрээнд сумандаа үлдэцтэй бүтээн байгуулалтууд, нутгийн зон олонд хэрэгтэй хөрөнгө оруулалтыг Улаанбаатарт суух нутгийн зөвлөл, ойд бэлтгэх комиссийн санаачилга, дэмжлэг, нутгаа гэсэн иргэдийн сэтгэл зүтгэлээр босгож байгаа гэнэ. Сумын Засаг дарга Д.Нэргүйтэй Улаанбаатарт ажиллах үеэр нь уулзаж ярилцлаа.

-Түүхт ойгоо тэмдэглэх гээд  ажил ихтэй явна уу, та?

- Сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо бид долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-нд тэмдэглэхээр төлөвлөн бэлтгэлээ хангаж байна. Нутгийн зөвлөл, Улаанбаатар хотод ажиллаж буй ойн комисс, сумын төр захиргааны байгууллагууд хамтран ажилласаар  наадмын бэлтгэл ажил дуусах шатандаа явж байна.   Нутаг амьтай ахан дүүс, найз нөхдөөрөө сэтгэл нийлэн ойдоо хандив өргөж, чадах бүхнээрээ тал талаас нь дэмжлээ. Хамгийн гол нь иргэдийн  амьдрах таатай орчин нөхцлийг  бүрдүүлж эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг орчин цагийн түвшинд хүргэх чиглэлд бодит тусламжууд үзүүлж байгаад талархаж байна.

Нутгийн зон олон, Зүүнговиор овоглодог элэг нэгт ахан дүүстээ төрөлх сумынхаа 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

-Ойн хүрээнд хийгдсэн суманд үлдэцтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудаас танилцуулна уу ?

-Асуудлыг олны тус дэмээр, нийтээрээ ярилцаж шийддэг манай уламжлал бий. Сумын ой тэмдэглэж баяр наадам хийгээд өнгөрөх нь байдаг л  асуудал.  90 жилийн түүхтэй сумын өнгө төрх ямар байх, ямар ажил хийвэл сум орны иргэдэд үлдэцтэй, хөгжил дэвшилд нэмэртэй байхыг  ой тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд хэлэлцэж, шийдлийг эртнээс төлөвлөсөн.

Зөвхөн ойн ажлын хүрээнд төр, засгийн дэмжлэггүйгээр сүүлийн нэг жилд хэдэн зуун сая төгрөгийн бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдлээ. Тухайлбал, сумын эмнэлэг 150 сая гаруй төгрөгийн орчин үеийн техник хэрэгсэлтэй боллоо, 250 сая төгрөгийн хандиваар стадион баригдаж байна. Сумын сургууль маань 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар физик электроникийн лабораторитой болсон.

Манай сумаас төрсөн олон алдартан бий. Улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тулалдаж явсан дайчин баатар эрс, ахмад үеэ  бид үеийн үед дурсах учиртай. Ойн хүрээнд Т.Дүүдээ баатарын хөшөөг сэргээн босгож, мөн Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, Баруун хязгаарын тулгаралт, Хасгийн дээрэмчидтэй тулалдаж явсан ахмад дайчдынхаа нэрсийг хөшөөндөө оруулан мөнхжүүлж байгаа. Хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр ч манай нутгийнхныг тойроогүй ээ. Тухайн үед харьцангуй цөөн хүн амтай байсан манай сумаас л гэхэд 109 хүн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн хорвоог орхисон. Тэдэндээ зориулж том хэмжээний хөшөө дурсгалын цогцолборыг шинээр босгож байна. 

-Зүүнговь сумын 90 жилийн ой нилээд өргөн дэлгэр болох байх.  Баярын хөтөлбөрийн онцлог, сониноос хуваалцана уу?

-Баруун монгол түмэн бол Монголын урлаг соёлын өвийг тээгчид шүү дээ. Энэ утгаараа манай сумаас урлагийн олон алдартан төрж гарсан. Ойн баярын хүрээнд манай авьяастнууд сумынхаа байгалийн өвөрмөц сайхан онцлогийг магтан дуулж шинээр 18 дуутай  “Амин нутаг” дуун цоморлиг, 80 жилийн ойгоороо бүтээсэн ”Умардын их говийнхон” баримтат киногоо дахин хувилж хэвлэж дабль диск гарган наадамчин олондоо бэлэг барина. Энэ ажлыг манай сумын уугуул, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу гуай санаачлан продюсерээр нь ажиллаж, нутгийн зөвлөлөөс санхүүжүүлсэн.

Баяр наадмын нээлтийн ажиллагаанд манай сумын гаралтай соёл урлагийнхан төдийгүй  өөр олон уран бүтээлчид оролцоно. Арван баядын хошууны үүсэл гарал, түүхийг харуулахаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгороор ахлуулсан баг ажиллаж байгаа.

Түүнчлэн Зүүнговь сумын уугуул Э.Даржаа агсны нэрэмжит шатрын тэмцээнийг үр хүүхдүүд нь санаачлан, оюуны спортын хөгжлийг дэмжин зохион байгуулж байгаа. Тэмцээн өндөр бай шагналтай,  бид мэргэжлийн байгууллагатай хамтран хийхээр төлөвлөсөн.

Ойд зориулсан наадамд бүх насны морь уралдана. Зүүнговь сум үеийн үед хурдан хүлгүүдээрээ алдартай учраас морины уралдаан эртнээсээ нэлээд өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог уламжлалтай. Манай наадмаас өмнө Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт төрийн тахилгат Ханхөхий хайрханы тахилга, баруун бүсийн хурдан морины уралдаан болох юм. Энэ тахилгад оролцсон уяачид, бөхчүүд наадамчин олноо манай сумын ойд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Баярын хөтөлбөрт олон сонирхолтой арга хэмжээ багтсан, өв соёл, нутаг усаараа бахархан омогшсон дэлгэр сайхан наадам болно гэдэгт итгэл дүүрэн байна.

-Сурагчдын биеийн тамирын хичээл, спортын талбайн зориулалтаар давхар ашиглахуйц наадмын талбай барьж байгаа гэсэн. Төрөөс хөрөнгө гаргаж байна уу?

- Төсөвт өртөг нь 250 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ бүхнийг улсын төсвөөс ямар ч хөрөнгө гаргахгүйгээр нутгийнхны дэмжлэгээр бүтээн босголоо. Шинэ наадмын талбай маань орчин үеийн урлаг соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Бетонон замтай, саравчтай, битүү ногоон зүлэгтэй, мод буттай, орчин үеийн нийтийн ариун цэврийн  газартай. Нүүдлийн 500 сандал хүртэл бидэнд нэмж авч өглөө шүү дээ. Ажил нь одоо дуусч байна, ойн баяраа шинэ стадионд хийнэ.

Ой зохион байгуулах ажлын хүрээнд наадмын талбайн асуудал хөндөгдөхөд нутгийн бизнесмэн залуу санал гаргасан юм. Ер нь аль ч суманд “Наадмын талбай” гэж нэрлэдэг сумын төвийн захад хашаалсан талбай бий, жилдээ  хоёр өдөр л наадамлаж  ашигладаг. Энэ тухай ой зохион зохион байгуулах комиссын гишүүд санал солилцоод наадмын талбайд хөрөнгө оруулалт хийхэд жилийн хоёр өдөр ашиглах нь тун зохимжгүй байх тул цаашид байнгын ашиглалттай байхаар бодож биеийн тамирын шаардлага хангасан талбайгүй сургуулийнхаа хажууд барих шийдэл гаргасан юм. Сургуулийн албан ёсны биеийн тамирын хичээл, уралдаан тэмцээн зохиогдож, хүүхдүүд ашиглаж байх боломжийг бий болгоё гэж шийдсэн, өвөл мөсөн талбай болгож цан тэшүүрээр гулгахаар, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байхаар төлөвлөсөн. Нутгаа гэсэн иргэдийн санаачилгыг  үр дүнтэй болгох үүднээс хүүхдүүд хөгжих боломжийг нээсэн сайхан ажил болсон.

-Алслагдсан сумдын эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанар бол яах аргагүй тулгамдсан асуудал. Танай сумын эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Тодорхой цаг хугацаанд орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа хүний хувьд төр засгийн бодлогын хүрээнд хөдөөгийн эмнэлгийг орхигдуулах асуудалд сэтгэл дундуур явдаг. Хүндээр өвдсөн зовсныг нь аймаг, Улаанбаатар гээд дараагийн шатлалын эмнэлэгт  шилжүүлчих юм чинь гэсэн байдлаар асуудалд ханддаг ойлголт дээр доргүй явж ирсэн тал бий. Угтаа бол алслагдсан бүс нутагт амьдарч байгаа хүмүүс зардал чирэгдэл багатайгаар оршин суугаа газраа оношоо тодруулж, эмчилгээ хийлгэх, яаралтай тусламж авах шаардлага тулгардаг юм. Энэ чиглэлд бодлогын алдаатай зүйлс ч бий, нөгөө талаас хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг. Тэгэхээр төсөвлөгдсөн мөнгөнийхээ хүрээнд л яриад суухаас цаашгүй байдаг даа. Иймээс энэ бодит нөхцлөө ярилцаад ойн хүрээнд эмнэлгээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавьж боломжийн хүрээнд хэрэгжүүлсэн гэж бодож байна.

-Төрөөс мөнгө гаргахгүйгээр эмнэлэгтээ 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Яг ямар ажлууд  хийгдэв?

-Сумын эмнэлгийн 80 жилийн ой тохиож байгаа. Нутгаа гэх сэтгэлтэй хүмүүс маань150 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орчин цагийн сумын эмнэлэгт байж болох шийдлийг гарган шаардагдах тоног төхөөрөмжөөр хангасан.

Эхо, умайн хүзүүний дуран, зүрхний бичлэгийн сүүлийн үеийн 12 сувагтай аппарат, физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд гээд 60 гаруй сая төгрөгийн техник хэрэгсэл хандиваар ирлээ, эмнэлгийн ажилтнуудыг тухайн техник хэрэгслийг ажиллуулах сургалтанд хамруулж өглөө. Шүдний кабинетийг нэг ангийн төгсөгчид 25 сая төгрөгөөр иж бүрнээр нь тохижууллаа.

Мөн хүүхдийн тасаг, хүүхдэд нэн тэргүүнд шаардлагатай түргэн тусламжийн тоног төхөөрөмжүүд болох амьсгалын аппарат, судас туяаруулагч, шингэн автоматаар шахагч памп гээд зүйлсийг хөрөнгө оруулагчид шийдвэрлэснийг хэлэх нь зүйтэй. Төрөх эмэгтэйчүүдийн амрах байрыг иж бүрнээр нь тохижуулах ажлыг Зүүнговийн харьяат анги хамт олон, ахан дүүсээрээ нийлэн санаачилгаараа хийж байна. Урьд өмнө анги хамт олноороо төгсөлтийн ойгоо хийхдээ суманд хэрэгтэй зүйлийг шийдээд явдаг уламжлал манайд байсан. Сумандаа амьдарч байгаа, эндээс төрж гарсан хүмүүс маань нутаг амьтай, бие биеэ гэсэн тэмүүлэлтэй байгаа нь 90 жилийн ойн бүтээлч ажлын амжилтын үндэс юм.

-Та энэ сумын Засаг даргаар хэзээ томилогдов. Зүүнговьд тулгамдаж буй гол асуудал юу байна?

-Би Зүүнговьдоо төрж өссөн, сургууль соёлын мөр хөөж яваад буцаад нутагтаа очсон. 1996 оноос багийн Засаг даргаар ажиллаж төрийн захиргаа, нутгийн удирлагын чиглэлээр мэргэшсэн.  Сумын Засаг даргаар 2012 оноос ажиллаж, чаддаг мэддэг бүхнээ нутгийнхаа зон олон ард иргэддээ зориулах сэтгэлийн дуудлагаар орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Манайх хөгжлийн түвшингээр аймагтаа тэргүүний сумын нэг. Хүн амын тооны хувьд улсын хэмжээнд дундаж сум гэгдэнэ. Нийт 700 гаруй өрх, 3000 орчим хүн амтай. Ер нь төрийн үйл ажиллагаа тогтворжсон, ард иргэддээ хүртээмжтэй үйлчилгээтэй сумдын нэг гэж үзнэ. Хэдийгээр төрсөн нутгаа гэх хүмүүс өөрсдөө санаачилга гаргаад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаа хэдий ч хөрөнгө мөнгөний хувьд хүчин мөхөсдөх  ажил чамгүй байдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.  Манай сумаас Улсын болон  Хөдөлмөрийн баатар,  эрдэмтэн, докторууд, гавьяатууд олон төржээ. Ийм хүмүүсийн үр хойч болох хүүхдүүд оюуны өндөр чадамжтай байж таарна. Сумын ахлах сургуульд 540 хүүхэд суралцаж байна, сургуулийн орчныг сайжруулж, сурах бололцоог хангах зорилт тавин ажиллаж байгаа хэдий ч сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, цэцэрлэгийн байр гээд улсын төсвөөс дэмжлэг авах ажлууд хүлээгдсээр байна. Тэнд ажиллах боловсон хүчин нь байна, хүүхдүүд нь байна. Боловсролын чиглэлд амжилт олох боломж дүүрэн бий.

-Нутгийнхандаа хандаж хэлэх зүйл юу байна?

- Улаанбаатар хот дахь  нутгийн зөвлөл, ойн нөр их ажлыг гардан  хийж буй  нийслэл дэх комисс, хамтран ажилласан нутгийнхандаа баярлалаа.  Иргэд хөдөлмөрчдөөс олон сайхан санал санаачилга өрнөж, түүнийг хэрэгжүүлэхэд халуун дулаан сэтгэл гарган мөнгө санхүүгийн бүх талын дэмжлэг үзүүлсэн   хүмүүстээ гүн талархал илэрхийлж байна.

Зүүнговиор овоглодог нутгийн зон олон, энд ажиллаж амьдарч байсан та бүхнийгээ ах дүүс, ач зээ, хүргэн бэрээ дагуулан төрөлх сумынхаа түүхт ойдоо саатан морилохыг урьж байна. Буурал түүхтэй өвөг дээдсийн чинь нутаг та нарыгаа тосон хүлээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

8 цаг 1 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

Уржигдар 18 цаг 22 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Уржигдар 18 цаг 20 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Уржигдар 18 цаг 17 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Уржигдар 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Уржигдар 13 цаг 03 мин