Хурдан хүлгийн давхианд нутгийн уулс сэргэдэг

2017-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ Д.ЦЭРЭНАДМИД

Дэлхий дэлгэнэсэн дэлгэр зун эх оронд минь саатаж, бүтэн жил хүлээсэн баяр наадмын сураг айсуй. Наадмын торгон дэвжээг өнгөлж, ажил, амьдралынхаа ихэнх цаг хугацааг хурдан хүлэгтэй холбож, хурдан хүлгийн буяныг хэдэн үеэрээ дээдэлж сүсэглэж яваа, Төв аймгийн Алтанбулаг сумын малчин, алдарт уяач С.Даваажавынд очиж, эрийн хийморь сэргээсэн сайхан яриа дэлгэв.

ХҮЛГИЙН НУРУУНД ДАРЦАГЛАСАН УНААЧ ХҮҮ С.ДАВААЖАВ

Уяач хүний эрдэм удам дагадаг гэдэг үнэн юм. Наадмын түрүү хурдан хүлгийн тоосонд хийморь сэргэдэг шиг тэнгэрлэг хүлгийн уяа сойлгыг тэнцүүлж чадсан хүнтэй нь ярилцаж суухуйд өөрийн эрхгүй омогшдог ажээ. Алдарт уяач Сайнбуянгийн Даваажав гуай хойд Өнжүүлийн Ихэрийн баруун бууц гэдэг газар морь таних билгийн нүдтэй, нэгэн их хүмүүн Сайнбуянгийн ууган хүү болон төрж, бага залуу насаа буянт малын хишиг, хурдан морины туурайн бөмбөрдөөнд өнгөрөөж явсан түүх түүний эгэл амьдралын эхний хуудсууд байлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын уран зохиолч, алдарт найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж, салхины үзүүрийг нь залгихад агь хоолойд аргасан, боржгоны бор талд өсч өндийсөн, хойшдын амьдралаа цогцлоосон нэгэн бол өнөөгийн сайхан аав, өвөө Даваажав. Түүний нутаг усаа яруу сайхан магтаж, бага залуу насаа дурсах үг бүрээс нь монгол нутгийн амьдрал үнэртэх юм. Даваажав гуайн ижий, аав жирийн нэгэн малчин хүмүүс байж. Ээж Сүрэн хоньчин бүсгүй байв. Харин аав Сайнбуян нь түмэндээ нэртэй олны хүндэтгэл хүлээсэн хүн. Багийн даргын албанд олон жил хичээнгүйлэн зүтгэж ирсэн жирийн нэгэн гэхэд хэтэрхий жирийн хүн байсан юм билээ. Харин уяач, уургач биш ч аймаг, сумандаа мал чинээгээрээ дээгүүрт ордог байсан юм. Адуутай бол адуутай ч морь уяж байсангүй. Харин монголчуудын морь шинжих, уяж засах арга билэгт чамгүй сайн суралцсан, морь таних нүдтэй, унаж сургах эрдэм ухаанд гаршсан, бас нутаг усандаа нэр хүндтэй мундаг эр, олноосоо суралцдаг тийм хүн байжээ. Тиймдээ ч уяач эцгийн ууган хүү Даваажав нь таван настайгаасаа хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж, уяа сойлгыг нь аавынхаа хэлснээр тохируулж, нарийн торгон зүйлсийг нь Халиун Чүлтэм гэж хүн зүглүүлж, сумын наадамд ганзагаараа даруулсан бяцхан бор хүү эрхэм хоёр өвгөний зааж, зөвлөснөөр гарааны зурхайгаас хөдөлсөн нь өнөөдрийн алдарт уяач С.Даваажав гуай байв.

“Морь таних, шинжих, уях гэдгийн цаана монгол хүний уламжлалт ардын ухаан байдаг” хэмээн ярьж суух энэ эрхэм монгол төрийн наадмаас олон арван айраг, түрүү авч өнөөдөр ч гэсэн хүргэн, хүү, ах дүү, айл хотлоороо хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан суугаа их бүлийн эзэн юм. Ингээд монгол наадмын хойморт олон арван хурдан хүлгийнхээ шандсыг сорьж, монгол түмнийхээ хийморийг сэргээж, мэлмийг баясгаж явсан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1993 онд “Аймгийн алдарт уяач”цолыг хүртээжээ. Эрхэм уяачийн алдар гавьяаг одон тэмдгээр нь тоолбол 60 гаруй алт, мөнгө, хүрэль медалтай, бас олон шавь сургасан, хурдан морины тухай орчин цагийн уяачдад гарын авлага болох “Морин эрдэнэ миний шүтээн”, “Хүлгийн тоос дагасан амьдрал”, “Хусуур хатаагүйн учир” зэрэг ном хэвлүүлж явсан хөдөлмөрч нэгэн юм.

 

С.Даваажав: АДУУ МИНЬ НАДАД БУЯН ХИШГЭЭ ИХ ХҮРТЭЭСЭН

С.Даваажав гуай хуучилж суухдаа монгол наадмыг хоног тоолон хүлээж байгаа нь илт, хурдан хүлэг уяан дээрээ тогтож ядан дүүхэлзэх адил сэтгэл хөөрөх аж. Сумын наадамд уралдаж явсан унаач хүү аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон нь түүний морь таних нүдтэй төрснийх биз. Тэрээр үнэхээр морь шинжихдээ гаргууд нэгэн юм. Ажил, амьдралаа ярих зуураа морио ярих, магтах, хурдан хүлгийн уяа сойлго, арчилгаа тордлогоо ярих нь хэний ч сэтгэлийг хөдөлгөх аж.

“Уяач хүн юуны өмнө адууны арчилгаа, маллагаа, эдэлгээг сайн мэддэг, зөв маллаж, эдэлж чаддаг байх хэрэгтэй. Уях морио хол газар унах нь тэр морины сайн, муу чанар, өвөрмөц онцлогийг мэдэрч ажиглан, яаж хэрхэн уяхаа шийддэг. Жишээ нь, адуугаа ногоонд цадсан үед нь уядаг морьдоо зөөлөн унаж хөлөргөхөд шинэ хүч авах нь амархан байдаг, мөн өнгө засч, цайралт түргэн өгнө. Тамир тэнхээ ч түргэн суудаг. Морио барихаас өмнө ямар ч моринд байдаг гурван хөндүүрийг гаргах ёстой. Бие болон гэдэс, тавагны хөндүүрийг эхлэж гүйцэд гаргах гээд залуу уяачдад зааж зөвлөх зүйл бишгүй их бий. Уяач хүн морь шинжиж, уяж засах арга барилдаа дүгнэлт хийж, бусад уяачаас суралцаж уяа заслаа наадмаас наадмын хооронд тасралтгүй сайжруулж байх хэрэгтэй. Монголчуудын морь шинжих, уяж засах арга билэг нь олон үеийн турш улам боловсронгуй болж, хөгжиж ирсэн ардын ухаан юм”...хэмээн ярих нь аргагүй л алдарт уяачийн үг мөн гэлтэй.

С.Даваажав гуай 1961-1965 онд Дарханд цэргийн алба хааж ирээд, Баян-Өнжүүл сумандаа багийн ахлах ухуулагч, Төв аймгийн Алтанбулаг суманд малчин, худгийн моторчин зэрэг ажлыг хийж яваад, 1981 онд үйлдвэрлэлийн ослоор группт орж. Энэ хугацаандаа мөн л морь уяж, аймаг, сумдын наадамд олон айраг түрүү авч байв. Мөн ажил хөдөлмөрөөрөө ч бусдад гайхагдаж, төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, сумын хөдөлмөрийн аварга, соёмбо хүндэт медаль, төрийн дээд шагнал “Шударга журам медаль”, олон арван баярын бичиг, жуухаар шагнуулж байсан гэдэг.

С.Даваажав гуайг хурдан адуутай, сайн уяач гэдгийг Төв аймгийнхан сайн мэднэ. Тэрээр 1967 онд цэргээс халагдаж ирснийхээ дараа хамгийн анх морь уяж, наадамлаж эхэлсэн. Түүнээс хойш хурдан морьтой амьдралаа холбожээ. Алдарт уяачийн адуун сүрэгт олон сайхан шинж нь бүрдсэн тэнгэрийн хүлэг цөөнгүй байсныг хүмүүс өнөөдөр ч ярьсаар л байдаг. Энэ тухай өөрөө ярихдаа “ Сайн хүн санаагаараа, сайн морь жороогоороо гэдэг. Ааш зан, арга туршлага сайтай олон сайхан уяачидтай унах хүлгээ шинжиж, уяа сойлгоо тааруулж, удам угшил сайтай хурдан хүлгүүдийг өгч, авч явлаа ах нь. Уяач хүн өөр өөрийн онцлогтой байдаг шиг санагддаг. Миний бага насны морины уяа сойлго арай илүү санагддаг. Миний үед одоогийнх шиг тэжээлээр тордоно гэж байсангүй. Бэлчээрээр нь тордоод уядаг байлаа. Гэхдээ л олон сайхан морьд минь аймаг, сумдын наадамд айраг, түрүү авч торгон жолоо өргүүлж байлаа шүү дээ.

Монголчууд бид чинь эцгийнхээ сургаалыг сонсдог, дагадаг эртний сайхан уламжлалтай ард түмэн. Аав адуугаа мэддэг, таньдаг, ямар үрээгээр азарга тавихаа мэддэг. Би тэр арга туршлагаас нь харж суралцаж явлаа. Тиймээс аавын минь надад хайрласан энэ их өв хишгийг хүүхдүүддээ үлдээж, үе удмаараа өвлүүлэх нь эцгийн маань санаа ардын ухаан юм. Адуу минь надад буян хишгээ их хүртээлээ. Амьдралын минь алтан шар замд , алдар нэрийг минь өргөж, улс, аймаг, сумдын наадам олныг үзүүллээ. Ах нь дотроо ихэд билэгшээж, сүсэглэж явдаг юм. Энэ бол миний эцэг өвгөд, морьтон монголчуудын минь уламжлалт арга ухаан гэж ойлгодог” хэмээн сэтгэлдээ байдаг нандин бүхнээ уудлан ярьсан юм.

 

НААДМЫН ТУХАЙ ЯРИА-“ЭНЭ ЖИЛ ХЭНИЙ МОРЬ ТҮРҮҮЛЭХ БОЛ...?”

Улсын наадам хаяанд ойртоод ирэхээр наран мандах зүгээс эхлээд Монгол орны алс баруун хязгаар хүртэл энэ уудам хангай говийг дүүргэн “Уяа эвлэг, морьд хурдан уу?”, “Энэ жил хэний морь түрүүлэх бол” гэсэн яриа өрнөж, морьдоо шинжсэн уяачдын омогшил бахархлыг төрүүлдэг билээ. Энэ бүхэн жил жилийн наадмыг улам өнгөтэй сайхан болох нь ээ гэж бодогдуулдаг. Яг л энэхэн агшинд морьтон Монголын удам судар С.Даваажав шиг эрхэм хүмүүсийн үг яриа байдаг юм байна гэсэн сэтгэл бас төрнө. Мөн морь ярьсан хүн бүр нар туссан зуны өглөө униартан буй хөндийг хоёр нүдний дурангаар агшааж, дөрвөн зүг найман зовхисыг тольдох нь адуутай монгол хүний жаргалд бас атаархах шиг.

Алдарт уяач С.Даваажав гуай сэтгэл огшоон бас ингэж хүүрнэсэн. “...Наадам дөхөөд ирэхээр уяач, хүүхэд хоёр хоёулаа их догдолно. Шөнө нь нойр хүрэхгүй хонох өдрүүд их олон. Морьд түрүүлээд, айрагдаад ороод ирэх бүр ч сайхан, сэтгэл огшоод. Хурдан тууртны уяа сойлгыг тааруулж, монгол наадамдаа шандсыг нь сорьж суугаа уяач хүмүүн дотроо нэгэн цагт дэлхийн дайдыг хэмжиж явсан монгол адууны захад, эр бие тэлж, ухаан сууж торнисондоо дотроо омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдгийм. Миний өсч төрсөн газар, Баян-Өнжүүл сумын нутаг хөрс зөөлөнтэй, морь уях, уралдахад сайхан тохирсон нутаг байв” хэмээн өмнөх яриагаа улам хөглөв.

Эрхэм уяач ахын адуунд монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, ёстой л тэнгэрийн хүлэг гэмээр олон ажнай байдаг аж. Төв аймгийн бараг бүх сумдад хурд, хүчээ өргөсөн 21 бор азарга, монгол төрийн наадамд олон жил түрүүлж айрагдаж орж ирдэг байсан ах, дүү хоёр зээрд азаргын тухай домог мэт сайхан яриа одоо ч наадамчин олны дунд дуурсагддаг. Хоёр зээрд азарга хязаалан, соёолон, долоон настайдаа аймгийн наадамд түрүүлж байсан гэдэг.

С.Даваажав гуай есөн сайхан хүүхдийн эцэг, “Миний сайхан аав” түүхэн номд намтар түүхээ дархалсан ачтай буурал. Түүний хүүхдүүд өнөөдөр бүгд моринд хорхойтой, морь таних нүдтэй, унаж уралдуулдаг, уядаг сойдог уяачид байдаг гэдгийг нутаг усныхан нь андахгүй сайн мэдэх юм. Түүний дотор Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, зохиолч, яруу найрагч Д.Батсуурь бас сайн уяач гэдгийг наадамчин олон хэлнэ лээ. Мөн олон жил морь дагаж явсан эцгийн хувьд С.Даваажав гуай үүнд нь их урамшиж, дотроо талархаж, мэдэх чадахаа зааж сургаж суудаг...” хэмээн сэтгэлээ огшоон, хоолойгоо зангируулан өгүүлэх нь аргагүй л сайн аавын амнаас гарах үг байв.

Боржигоны бор талаар овоглосон буурал уяач сурсан, мэдснээ бас залуу уяачдад харамгүй хэлдэг нэгэн. Морины уяан дээр таарсан залуу уяачид бас үүнийг нь олзуурхан өгүүлж байсан. Тэрээр морины уяа сойлгын талаар залуу уяачдад хандан их л олныг зөвлөх аж. Харин түүн дотроос нь үг түүвэл “...Одоо ч цаг үеэ дагаад юм өөрчлөгдөж байна. Бидний үеийн байгалийн ногоогоор морь уядаг цаг ер нь өнгөрсөн бололтой. Одооны залуусыг харж байхад тэжээлээр их уядаг болсон. Тэгэхээр тэжээлийн морьдын уяа сойлгын талаар бүр л нарийн ухаж судламаар байгаа юм.

Бид бол мориноос шавар, тосон, усан, сувдан гэсэн дөрвөн хөлс авдаг. За тэгээд хаврын сүүл сар, зуны эх сард морьдоо уяна. Шинэ өвс ногоо идсэн адуу үсээ хаяж зүс нь гөлтгөнөөд ирэх тэр цагт морио барина даа. Гурваас дөрөв хоног уяад, биеийг нь сайхан живхрүүлчихээд унаад зөөлөн шогшуулахад хөлрөөд ирнэ. Тэр нь бол эхний буюу шавар хөлс болж таарч байгаа юм. Шавар хөлсийг нь сайтар хусч авна. Дараагаар нь ойр зуур 5-15 км яваад ирэхээр хөлс нь аяндаа шингэрээд ирнэ. Хоёроос гурван удаа шавар хөлс авсны дараагаар тосон хөлс нь гарна. Тосон хөлсийг хусаад авахаар хусууран дээр жаахан гулгасхийгээд тогтдог. Энэ нь 3-4 удаа гарсны дараагаар жаахан шорвогдуу усан хөлс гардаг юм. Сүүлд нь сувдан хөлс гарна даа. Хөлс хоорондын зай, уяа нь эзэн хүний л ажил. Юу идүүлэхэв, яаж сайхан амраахав гээд л морины уяа их эмзэг шүү дээ. За тэгээд олон зүйлийг сайтар ажиглах хэрэгтэй болдог юм. Уяа сойлго нь таарсан морины нүд их тунгалаг болсон байдаг. Ерөнхийдөө сувдан хөлс гарна гэдэг нь морины уяа гүйцсэний шинж” гэв. Ингээд энэхэн зуур түүний охин Д.Баттуяатай хууч хөөрч, буурал уяачийн зарим яриаг тодотгосон юм.

Охин Д.Баттуяа: МАЛЧИН УДАМТАЙ ГЭР БҮЛЭЭРЭЭ БИД БАХАРХАЖ ЯВДАГ

-Эцэг, эхээс бид есүүлээ. Би айлын тав дахь охин. Хоёр буурлынхаа ач буянаар бид бүгдээрээ ажилтай төрөлтэй, амьдрал ахуйгаа бусдаас дутаахгүй, сайхан авч явна. Малчин удамтай гэр бүлээрээ бид их бахархаж явдаг. Мөн сайхан аав, ээжийнхээ үг захиасыг биелүүлж, эцэг, эхээсээ өвлөсөн энэ хурдан удмын нэр сүрийг өндөрт өргөх гэж хичээж явдаг юм. Хамгийн том ах Д.Батбуян маань хөдөө малчин. Дараагийн эгч Д.Батнасан хотод Эрүүл мэндийн газарт жолооч. Д.Баттунгалаг эгч маань троллейбус баазад ажилладаг. Д.Баярмагнай дүү маань хотод багшилдаг. Д.Батсуурь дүү маань Алтанбулаг сумын Засаг дарга гэх мэтчилэн дор бүрнээ л ажилтай, амьдралтай явцгаадаг. Миний ээж Пүрэвжав гэж орсон гарсан хүнд цайтай, яриа хөөрөөтэй, нийтэч наргианч хүн байв. Ээж, аав хоёр минь айл гэр болоод 50 гаруй жил ханилсан. Би олон жил аав, ээжийнхээ дэргэд мал маллаж, сумын аварга малчнаар хоёр ч удаа шалгарч байлаа...гэв.

Цагийг эзэлсэн их уяачийн буян хишиг ард олондоо шингэж, цадиг түүхийн улбаа алтан тууртын тоосоор бичигдэж байнам. Тийм ээ. С.Даваажав хэмээх хурдан буянгаа нутаг усандаа шингээж чадсан энэ эрхмийн тухай өгүүлэхэд ийм. Түүний уясан хурдан хүлгийн давхианд Өнжүүлийн бор толгод нь байнга сэрүүн байдаг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

10 цаг 32 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

15 цаг 22 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

2025-06-06
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05