Ургамалтай “Ярьж”, шүлэг бичиж, Пушкин, Есенин, Гамзатовыг орчуулдаг Дарьзавын Борынд зочиллоо

2017-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ, Д.БАТБААТАР

Бид яах гэж энэ дэлхийд хүн болж төрсөн юм бэ. Амьдрах гэдэг ямархан утга учиртай, чухам юу вэ. Энэ асуултын хариуг бодитоор харуулж яваа  ургамал судлаач, эрдэмтэн, яруу найрагч, орчуулагч, багш   Дарьзавын Бор гэж олон талт эрхэмийнд   “Амьдралын тойрог” булан маань  зочиллоо.  Өөрийнх нь хэлснээр бол Д.Бор гуай гурван нийгэм, 30 төрийн нүүр үзэж, хүн төрөлхтөний  хөгжлийн хамгийн дээд шатанд хүрсэн XX-XXI зуунд амьдарч яваа азтай монгол.  Харин ганцхан юманд, тодруулбал  техникийн дэвшил, шинжлэх ухааны хөгжил асар өндөрлөгт хүрсэн ч хүмүүсийн хүн чанар, хүнлэг сэтгэл шалдаа унасанд сэтгэл дундуур явдаг нэгэн. Мөн “Улс даяараа  дуулдаг, барилддаг хүмүүсийг шагшин магтаж, шагнаж урамшуулчихаад  хөдөлмөрийн талбар дахь  бүтээлч хүмүүсээ тоодоггүй учраас Монгол  Улс хөгжихгүй байгаад дургүй. Ер нь хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихээд  Санзай дахь зуслангийн хашаандаа өвөл, зунгүй ногооноороо байдаг  “Мөнх ногоон цэцэрлэг” байгуулж, цэцэг навч, жимс ногоо алагласан  орчинд хүссэн  байшингаа сүндэрлүүлчихээд  эрхэмсэг агаад ихэмсэг амьдарч, сар жилүүдийг  санаа сэтгэл ямагт өндөр,  харц дээгүүр туулж  яваа гайхалтай бөгөөд  “хачин” хүн.Содон, хачин, бишрэм, өвөрмөц, өөр гэхийн учир нийтлэлийн баатарт маань тоочоод  барамгүй олон зан чанар, олон талт авьяас   байна аа. Хамгийн гол нь тэр олон талаа,  судлаач, эрдэмтэн, яруу найрагч, орчуулагч, багшийн эрдмийг  амаараа ярих биш бодитоор харуулж, үүргээ үүнээс цаашгүй гэтэл 100 хувь давуулан биелүүлсэн. Тэр бүхэн нь  нүдэнд үзэгдэж, гарт баригдах баталгаа, нотолгоотой  нь гайхалтай. Залуудаа бүх төрлийн спортод өөрийгөө сорьсны дотор шаггүй барилдчихдаг, Дорнодын Халх голд ажиллаж байхдаа сумын наадамд  гурван жил дараалан түрүүж  заан  цол авчээ. Говь-Алтай аймагт ажиллаж байхдаа гар бөмбөгийн тэмцээнд таван удаа аваргалж энэ спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин болжээ. Гитараа бариад дуулахад сонссон хүмүүс дахиулаад салахгүй хоолойтой явсан нь “Монголын радиогийн алтан фонд”-д хадгалагдан  үлдсэн нь 1970-аад онд хит болж “Хүсэлтийн хариу”-гаар байнга нэвтрүүлдэг байсан 

“...Улирлын сайханд жимсний амт цогцлоход

Ууж согтоод алтан гургалдай дуугаа дуулна

Уяагүй хайр цээжинд багтахгүй алдрахад

Ухаарч таниад хүний үр дуугаа дуулна” гэсэн гоёхон дуу бөгөөд Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай Говь-Алтайн Хөдөлмөрийн Баатар Ч.Чулууныг сурвалжлахаар очихдоо тааралдан бичиж авснаар радиогийн фондод оржээ.

Ер нь бол Монголын радиогоос хэдэн дуу бичүүлчихээч гэж урьсан  ч өөрөө очоогүй.  Байнга хөдөө явдаг ажилтай байсан учраас нэрт найруулагч Ж.Бунтар гуай  кинонд тоглооч гэж урихад нь татгалзсан гээд үүх түүх сөхвөл өчнөөн дурсамж хөврөх ажээ.

“ХАШААНДАА ХААН ШИГ АМЬДАРЧ БОЛНО”

 Дөрвөн тал хашаатай  бол хэн ч хаан шиг амьдралыг цогцлоож болохыг тэднийд зочилсон хэн ч хэдхэн хоромд л  мэдрээд гарах нь бишрэм. Санзайн зуслан өгсч нэлээд яваад модон хашаануудын араар булан орооход төмөр торон хаалга  угтах нь Д.Бор гуайнх. Хашаан дотроо тарьсан моддоо арчилж явсан болов уу өөдөөс шууд тосч үүдээ нээв. Үүд нээгдэнгүүт хус, шинэс, хайлаас,гацуур, хуш,  чацарганын мод, 1000 жилийн настай гэлцдэг жодоо модны бяцхан суулгац, далан хальс, мойл гээд төрөл бүрийн жимсний бутыг  эмх цэгцтэй тарьж, зүлэгжүүлсний дунд хоёр давхар товхийсэн байшин харагдав. Хашааны баруун өнцөгт бяцхан модон жорлонг тойруулаад үнэртэй усны гол түүхий эд болдог голт бор цэцэг тарьжээ. Гэрт орох замд цэцэг, ногоог услах, зүлэг тэгшлэх багаж төхөөрөмжүүд, түүний цаана ногооны талбайд ажилласны дараа гараа  угаах жижигхэн угаалтуур гаргасан зэрэг юмхнаар юм хийж, юуг ч орхигдуулаагүй нарийн төлөвлөлт, ерөөс  аливааг хийвэл хийсэн шиг хийдэг байдал   анзаарагдана. Гэрийнхээ үүдэнд ач, зээ нартаа зориулсан тоглоомын талбай тохижуулахаар ажил  эхэлчихэж. Харин хашааны урд талд төмс, байцаа, цагаан болон улаан лууван, өргөст хэмх, хүрэн манжин гэхчлэн  хүнсний ногооны талбай, нарийн ногоо тарьсан том хүлэмж  харагдана. Хүмүүс төмс, байцаа тарихдаа талаар нэг тарсан юм хийчихдэг. Тэгвэл тэднийх  шугамдчихсан юм шиг үе, гудамж гарган тарьсан нь зураг шиг харагдана. Хүний гараар тарьсан ургамал, ногооноос гадна хашаан дотор сөдийн толгой, таана, мангир, зэрлэг сонгино, гүзээлзгэнэ гээд байгалийн өгөөж хөл гишгэх зайгүй дүүрэн. Тэднийх хашаан дотроосоо хүний хэрэгцээтэй бүх ногоог  авч хүнсэндээ хэрэглэдэг ажээ. Энэ зуур гэрийн эзэн “Өдөртөө хэт халуун, шөнөдөө хүйтэн байгаа учраас ногооны өсөлт тааруу байна” гэсэн бол  гэргий нь удахгүй  хашаандаа үрээр мөөг тарьж туршиж үзэх гэж байгаагаа сонирхуулав. Тэрээр мод, ногоо, цэцгүүдээ усалдаг усалгааны системийг  гар аргаар нямбай хийжээ. Гэрэл цахилгааны шугамаа өөрсдийн хүчээр татаж, хашаандаа хоёр ч худаг гаргасан тэднийх энэ хавьдаа  анхдагчийнх гэнэ. Бас орчноо  ийнхүү тохижуулсан,  амьдрах ухааны загвар болсон айл тэднийхээс өөр харагдсангүй. Хүн болж хүзүү толгой холбосных, айл болж амьдрал цогцлоосных   өөрт ногдсон дөрвөн тал хашааны газарт хүссэн хэн ч “Яг түүн шиг” гэдэг шиг Д.Бор гуайн адилаар өөрийн хүссэнээр, мөн амьдрах ая тухаа өөрөө шийдэж, зохион байгуулж, бүтээж, хаан шиг амьдрах боломж байна. Хүн болгон тэгж чаддаггүй нь залхууралтай л холбоотой юм байна гэж бодогдлоо.

гэр бүлийн хамт

ХУВИЙН АЖ АХУЙТНААС СОЦИАЛИЗМ РУУ...

Гэрийн эзэн  Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Аав, ээж нь малчин хүмүүс. Өөрөө айлын 10 хүүхдийн ес дэх нь. Хувийн мал аж ахуй эрхэлж ирсэн тэр цаг бол түүхэнд үлдсэн феодалын нийгэм. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд  олон малтай өрхүүд шоронд орохгүйн тулд  улсад тушаагаад бөндгөрөө аварч үлдсэн тийм л үе. Тухайн үед малчид хүүхдээ сургуульд явуулдаггүй мал аж ахуй нь гэр бүлийн бизнес байсан цаг. Дарьзав гуайнх олон хүүхэдтэй, том болцгоосон нь  аав, ээждээ халаа, хамжаа болоод эхэлсэн учраас бага хүү Бор “хэрэггүй” хүнд тооцогдож, дээр нь хүүхдээ сургуульд суулгаагүй гэх хэл амыг хааж “торгуулийн суман” гэдэг шиг  түүнийг сургуульд оруулжээ. Ном эрдмийн зам ингэж эхэлж, 1968 онд  10 жилийн сургуулиа дүүргээд ЗХУ-ын Ленинградын Хөдөө аж ахуйн их сургуулийг зорьжээ. Тэнд очоод амьд орос хүүхэлдэй харсан нь цэнхэр нүд, шаргал үстэй охид. Орос хэл мэдэхгүй,  аман дахь  жижүүрийн ганц үг  нь  “нет. Амьд орос хүүхэлдэйнүүд тосч ирээд  шулганахаар нь “нет” гээд зугтчихна. Толь бичигтэй нөхөрлөөд нөгөөх шулганаад байсан үгийг нь хартал “Здравстуйте”, монголоор “Сайн байна уу” гэсэн утгатай байж. Ийнхүү хүн болсоор  Ленинградад дахин хэл, хөлд орсон тэрээр тэнд ургамал судлаачийн  мэргэжил эзэмшжээ. Гэхдээ Ленинградын их сургууль  зөвхөн нэг чиглэлээр  биш марксизм, ленинизмын онол, нийгмийн ухаан, философи, түүх, гоо зүй, соёл судлал, шинжлэх ухаан гээд  маш өргөн хүрээнд салбар салбарын мэдлэгийг цогцоор нь заадаг байсан учраас юм юмны зах зухтай болж ирсэн түүний зам ардын аж ахуйтны хүүхэд дээр өгүүлсэн феодлын нийгмээс  социализм руу хөл тавьсан  эхлэл ажээ. 

Гэргий Ж.Цэцгээ нь анагаах ухааны доктор, мэс заслын их эмч. Монголд анх удаа хүний зүрхэнд гар хүрч хагалгаа хийсэн  эмэгтэй. Монголоос эхо-гоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн. Ходоодны хорт хавдрыг  заавал дурандахгүйгээр эхо-гоор  оношилж болно гэдэгт нээлт хийсэн анхдагч. Хүүхэд байхаасаа улсдаа хөдөлмөрлөж, цалин авсан ховорхон азтай  бүсгүй. Циркт уран нугаралт, сандлын тэнцвэр, агаарын гимнастик гээд олон үзүүлбэр үзүүлж явсан авьяаслаг нэгэн юм.  Аравдугаар ангиа төгсөөд Анагаах ухааны их сургуульд элсэн орсноор циркийг орхиж  номын мөр хөөсөн бол салбартаа III эмнэлгийн мэс заслын их  эмч, сүүлд улсын II төв   эмнэлгийн орлогч  даргаар богино хугацаанд ажиллаад   өөрийн төгссөн Анагаах ухааны их сургуульдаа  багшилж, олон шавь төрүүлжээ. Тэднийх хүү, охин хоёртой. Охин нь Японд докторын зэрэг  хамгаалсан, мэдрэлийн их эмч. Хүү  нь  Ленинградад  эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан багш. Өдгөө  СЭЗДС-ийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Д.Бор гуайнх гэр бүлээрээ багш, бүгд эрдэмтэн ажээ. Гэрийн эзэн энэ жил 73, гэргий нь 70 насны сүүдэр зооглосон ч наснаасаа залуу харагдана. Тэд  зургаан ач, зээтэй болсон,  долоо дахь нь ээжийнхээ хэвлийд байгаа, удахгүй  манайхан шинэ хүн тосч авна хэмээн хуучилж сууна.

ЭРДЭМТЭН-СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ

Д.Бор гуай 20 гаруй жил явган, нүцгэн явж, ургамлын аймаг, хөрсний тархацыг  судалж байж эрдэмтэн болжээ. Ингэхдээ эрдмийн ажил удирдсан багшийгаа мэдэхгүй байж хүн удирдах гэлээ гэж хэлчихээд “эсэргүү” нэр авч  зургаан жил аспирантурт суралцсан түүхтэй. Судалгаа, шинжилгээний ажилд цаг наргүй зүтгэсэн тэрээр багшийн ажлыг ч чамгүй олон жил хийсэн. Сүүлд хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг “Монгол фермер” анхны хувийн дээд сургуулийг үүсгэн байгуулалцаж, багшилсан нь Монголдоо шинэлэг ажлын нэг болж, туршлага, судалгааны томоохон талбар болж байв.

Түүний хувьд уран зохиол, яруу найраг руу нэлээд сүүлд оржээ. Л.Түдэв гуайн үед  Эвлэлийн төв хорооны орлогч  даргаар ажиллаж, үзэл суртлын ажил эрхлэх болсон байна. Тэр үеэс  шүлэг бичиж  “Алтан овоо мину зэ”, “Шилийн Богд”, “Гангын цагаан нуур”, “Товч толь”, “Тод толь” гэж нэрлэсэн  яруу найргийн таван сайхан номтой.  Сүүлийн хоёр ном бол шүлгээр утгыг таниулахад  чиглэсэн. Ухаан, сэтгэлд бууж, нүдэнд үзэгдэж, гарт баригдтал хэлсэн нэг нь эрхин сонет, нөгөө нь дөрвөн мөртөөс бүтсэн тун сонирхолтой, хүн бүрийн ширээний ном, өврийн дэвтэр баймаар номууп ажээ.  Тэрээр 100 гаруй дууны шүлэгтэй. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалангийн  дуулж амьдруулсан  “Насаараа ийм байгаасай”  дууны

 “Ухаалаг аядуу аашинд чинь

Уяран уяран жаргав

Уйдах аргагүй чи  минь

Үргэлж л ийм байгаасай

Даруухан дөлгөөн харцанд чинь

Дасан дасан жаргав

Дахиад олдохгүй чи минь

Дандаа л ийм байгаасай” гэсэн гэрэлт мөрүүд түүнийх. Нэг тийм оносон хэллэг, монгол хүний ухаан, сэтгэл, сэрэхүй, донжтой илэрхийллээр түүний бүтээл дүүрэн. Өөрөөр хэлбэл, түүний шүлэгт  “Нүдийг чинь хараад ухаан алдчихлаа, шүдийг чинь хараад ухаан алдчихлаа”  гэсэн  ядмаг  үг хэллэг, ус  ер алга, шахсан бяслаг шиг л юм. Д.Бор гуай бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбартай эгч, дүүсийн хүүхдүүд. “Намайг гуравдугаар ангийн сурагч байхад Дашбалбар маань  хорвоод мэндэлж байлаа. Бид хоёр хоёулаа тахиа жилтэй.  Аав нь миний ээжийн төрсөн дүү шүү дээ” хэмээн дурссанаас үзэхэд тэд хоёр хоорондоо 12 насны зөрүүтэй аж. Харин яруу найрагч Хулганайн Тэргэл  бол Д.Бор гуайн төрсөн дүүгийн охин юм. Бас нэг сонирхолтой тал нь Эрээнцавын Д.Нямсүрэн найрагчтай  Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн нэг ангийнхан. Энэ тухайгаа “Бид хоёр 10 дугаар ангид байхдаа хэн хэн нь дөрвөн мөр бичиж үзээгүй улс шүү дээ” хэмээн дурсав. 

Академич Л.Дашням: МОНГОЛЧЛОХ АРГА УХААН БУЮУ “БОРЧЛОХ” ЭВ ДҮЙ

Нийтлэлийн баатар маань гайхалтай орчуулагч гэдгийг дээр цухас дурдсан. А.С.Пушкин, С.А.Есенин, Р.Гамзатов нарын яруу найраг, шүлэг, бүтээлийг  орчуулсан. Ингэхдээ монгол ухаанаар,  монгол хүний ой тойнд буутал орчуулсан. Монгол Пушкин, Есенин, Гамзатовыг тэр Монголын уншигчдад авчирч өгсөн гэж  болно.   Энд олныг нуршилгүй  эрдэмтэн-зохиолч, академич Л.Дашням гуайн яруу найрагч Дарьзавын Борын талаар бичсэнийг дурдвал хүмүүсийн сэтгэл, төсөөлөлд түүний тухай, зохиол, бүтээл, орчуулгын талаарх дүгнэлт болох биз ээ. Л.Дашням академич түүний орчуулгын бүтээлийн талаар “Би Д.Борын нэг бус шүлгийн номыг уншиж, өөрийн гэсэн үзэл, бодолтой, шүлэглэх ур чадвар, дотоод эрч хүчтэй энэхүү шүлэгч бол хэнбугайгаас ч дутаж хоцрохгүй эрэлхийлэгч, туршлагатай бүтээлч, шаггүй нэгэн гэдгийг хэдийнээ мэдэх учир түүнийг багаахан таньж мэддэг байж болох, бас магадгүй өдий хэр үл анзаарагч зарим нэгэнд зориулан яруу найрагч Дарьзавын Бор хэмээн зориуд тодочлон хэлж байгаа юм. Түүний орчуулгын бүтээл өөрийнх нь ном шиг өвөрмөц бүтээл болсон байдаг. Тэр өөрийнчлөн хөрвүүлж, өөриймсөглөн орчуулдаг. Тэр монголорхог үзлээ “туг” болгон орчуулдаг. Тухайлбал,  орос хэлэнд үзэгдээд өнгөрөх гэдгийг “агшин зуур” гэсэн утгаар бичсэн бол Д.Бор гуай түүнийг байгаль цаг уураа шүтэж, түүнтэй харьцуулан дүрсэлдэг монгол хүний ухаанаар “Үүлэн чөлөөний нар” гэж орчуулах жишээтэй. Үүгээрээ тэр өөр орчуулагч. Үүнийг л Л.Дашням гуай “Монголчлох арга ухаан”, “Борчлох” эв дүй”  гэжээ. Үнэхээр “Борчлох эв дүй” цаашид судалгаа хийх аваас  судлаачдад бас л  сонин судлагдахуун болох нэгэн том сэдэв юм байна гэж бодогдож байлаа.

Түүний ном, бүтээлийг сонирхож, бүтээж цогцлоож буй бүхэнтэй танилцаж, үзэл бодлынх нь чөлөөт бөгөөд өвөрмөц өнцгөөс харсан  сэтгэлгээний их дайдад далайд  хөвөгч завиар хөнгөхөөн аялах мэт хүүрнэж суухуйд олон олон зүйл тодрох янзтай. Уншсан судалснаас гадна, нүдээр үзэж, нүүр тулж уулзсан, ярилцсан хүмүүсийн түүх намтар, өнөөгийн нийгмийнхээ тухай эргэцүүлэл, нэр бүхий эрхмүүдийн хэлж, хийж байгаа үг, үйлдэл гээд  гээд арвин ихийг заримдаа хошигнож, бас заримыг ёжилж хэлэх нь давс, чихэр,  чихэр, чинжүү мэт орц, порц таарсан байх нь бичиж, тэмдэглэж гүйцэмгүй.Тэр дотроос түүнтэй уулзсан хэн ч монгол ухааныхаа үгийн сүүг хөхөж ханамгүй гэдгийг онцлон хэлэх байна.   Ийм л олон талтай, олон авьяастай, түүнээ ирлэж, хөглөж, сөглөн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээж, шидийг үзэж яваа эрхэм хүмүнийд нэгэн өдрийн ихэнхийг өнгөрүүлж, хуучилсан минь энэхэн бяцхан тэмдэглэл  юм. Гурван нийгэм, 30 төрийн нүүр үзсэн арвин түүх энд яавч багтамгүй ч эргэн уулзаж, ихийг өгүүлэхийн  ерөөл тавъя. Монголын сэтгүүл зүй ч бас олон талтай, төрөл жанртай, бичээч олонтой  билээ..

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

39 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

39 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

39 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

11 цаг 51 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

16 цаг 41 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06