
Д.ОЮУНЧИМЭГ
Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцлаа.
-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил юу байна вэ. Мэдээж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан байх?
-Танай сонины уншигчид болон хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын II хуралдаанаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг 22 дэд хэсэг 354 заалттайгаар баталсан. Энэ хүрээнд бүсийн хөгжил, хүний хөгжлийн төлөө хамтдаа ажиллахыг зорилгоо болгосон. Тодруулбал, үйлдвэржилтийг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ингэснээр амьжиргааны төвшинг өсгөх боломж бүрдэнэ. Хөдөө орон нутагт тулгамдаж байгаа гол асуудал нь ажлын байрны асуудал. Ялангуяа залуучуудын дунд ажилгүйдэл нэлээд өндөр үзүүлэлттэй байна. Тиймээс аймгийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулахад гол анхаарлаа хандуулж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт таван үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Эдийн засгаа хэрхэн тогтворжуулах, хүний хөгжлийг эрчимжүүлэх, гадаад харилцаагаа өргөтгөх зэрэг томоохон зорилтыг тусгаж өгсөн. Мэдээж эдгээр ажлыг гүйцэтгэхийн тулд Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.
Энэ жилийн тухайд бүтээн байгуулалтын нэлээд ажил өрнөж байна. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховдоос Баян-Өлгий чиглэлийн 103 км замын ажил үргэлжилж байна. Ховд хотын дотор 13 км цэвэр усны шугамыг тавьж байгаагаас гадна дөрвөн км автозамын ажлыг хийж байгаа юм.
Түүнээс гадна аймгийн ИТХ-аар хэлэлцэн олон улсын байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн байгууллага, Засаг дарга болон Тамгын газартай хамтран “Ногоон хөгжил”-ийн хөтөлбөрөө баталсан. Энэ хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тэнцвэр алдагдсан байдлыг тусгаж өгсөн. Мөн аялал жуулчлалаа хөгжүүлэхэд хэрхэн анхаарах вэ, ямар ажлыг эхлүүлэх ёстой вэ гэх мэтчилэн олон асуудлыг багтаасан. Түүнчлэн Ховд хотын тухайд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэх, ногоон байгууламжаа яаж хөгжүүлэх зэрэг олон зорилтыг “Ногоон хөгжил”-ийн хөтөлбөртөө орууллаа.
-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулахад гол анхаарлаа хандуулахаар болжээ. Танай аймгийн тухайд ажилгүйчүүдийн насны байдлыг тодорхойлбол?
-Инхэнхдээ 20-35 насны залуучуудын дунд ажилгүйдэл их байна. Тэр дундаа дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо дийлэнх хувийг эзэлдэг. Манай аймагт их сургуулиас гадна коллеж бий. Ажилгүй залуусын ихэнхийг багш мэргэжилтэй боловсон хүчин байгаа юм. Тиймээс боловсролын системдээ анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. Жишээлбэл, Ховд их сургуулийнхаа мэргэжилтэн бэлтгэх арга зүйг өөрчлөх нь зүйтэй гэж үздэг. Учир нь аймгийн хэмжээнд багшаас илүүтэй хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, “Ногоон хөгжил”-ийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нарийн мэргэжлийн ажилтан хэрэгтэй болно. Мөн барилгын инженер, хөдөө аж ахуйн салбарт малын эмч дутагдалтай байна. Гэтэл нөгөө талдаа энэ чиглэлээр суралцаад ажиллах боломжтой залуус ажилгүйчүүдийн эгнээнд байгаа юм.
-Ховд их сургуулийн боловсон хүчин бэлтгэх арга зүйг өөрчлөхийн тулд салбарын яамтайгаа хамтран ажиллах шаардлагатай юу?
-Аймгийн Засаг дарга, Ховд их сургуулийн удирдлагуудтай ярилцан санал боловсруулах төвшинд явж байна. Тэгэхээр цаашид Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамтай хамтарч ажиллах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, аймагт бэлтгэгдэж байгаа багшийн мэргэжил зорилтот зах зээлээс давсан хэмжээгээр нийлүүлэгдэж байна. Тиймээс зайлшгүй бэлтгэх шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсч байгаа учраас сургалтын чиглэлийг өөрчилж өгөх саналыг боловсруулан холбогдох газруудад хүргүүлэхээр бэлтгэж байна. Энэ нь манай аймгийн хувьд тулгамдсан асуудлын нэг юм.
-Аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгуулж байсан. Танай аймгийн хувьд энэ тал дээр ямар ажлыг хийж байгаа вэ?
-Иргэдээс ирж байгаа гомдлын нэг хэсгийг ИТХ-ын төлөөлөгчдийн боловсролын асуудлыг хөнддөг. Тиймээс чадавхжуулах сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Ингэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НҮБ болон Швейцарийн хөгжлийн агентлаг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газартай хамтран төлөөлөгчдөө чадавхжуулах сургалтыг гурван өдрийн хугацаанд зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 400 гаруй төлөөлөгчөөс 388 нь энэ сургалтад хамрагдсан байна. Жишээлбэл, төсөв төлөвлөгөөг хэрхэн хэлэлцэх, иргэдээс тавьж байгаа асуудлыг хэнд хандаж шийдүүлэх, эргэх холбоотой ажиллах боломжийг эрэлхийлэх зэргийг сургалтад хамрагдсан төлөөлөгчиддөө заасан байгаа. Ер нь цаашид зайлшгүй шаардлагатай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ирэх сард сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтад хамруулахаар ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд 60 гаруй эмэгтэй төлөөлөгч бий. Тэдэнд зориулсан сургалтыг АНУ-ын Элчин сайдын яам болон аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран зохион байгуулсан.
-Энэ жилийн тухайд?
-Энэ жил томоохон ажлуудыг хийхээр зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, мах болон ноос боловсруулах үйлдвэр байгууллахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор зарим ажил эхлээгүй байгаа боловч төлөвлөсөн ажлынхаа зурагт төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
-Аймгийн удирдлагууд бизнесийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөгөөнийг саяхан зохион байгуулж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хамруулсан. Үүний дараагаар нэлээд идэвхи санаачлагатай ажиллаж ажлаа эрчимжүүлж байна. Ялангуяа хувийн хэвшилд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг бэхжүүлэх талд анхаарч байгаа.
-Өвөлжилт ямар байв. Мал төллөлт хэдэн хувьтай явж байна вэ. Түүнчлэн газар тариалангийн салбарт хийхээр төлөвлөсөн ажил бий юу?
-Аймгийн хэмжээнд өвлийг өнтэй давлаа. Олон талын хамтын ажиллагааны үр дүнд сайн давсан. Мал төллөлт 85 хувьтай байна. Төл бойжилт 97 хувьтай байгаа. Манай аймаг газар тариалан, мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай. Одоогоор газар тариалангийн ажил ид өрнөж байна. Энэ жил 14 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Цаашид энэ салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байна. Учир нь бидэнд өргөн боломж бий. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн газарт 24 мянган га талбайг газар тариалан эрхлэх зориулалтаар баталж өгөх саналаа хүргүүлсэн. Ер нь ирээдүйд Ховд аймаг газар тариалан, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин