Залуу нас гэж өлчирхөн тэнэг байдаг юм байна

2017-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

        Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 26-нд тохиож байна. Дэлхий дахинаа цагаан тахал гэж нэрлэгдэн өсвөр үеийнхний дунд хамгийн их түгсээр байгаа нь дэлхийн улсын орнуудын санаа зовнисон асуудал болоод буй. Манай улсын хувьд ч хар тамхины хууль бус эргэлт, хэрэглээг хуулийнхан хяналтаас алдах хэмжээнд хүрээд буй юм. Хүнийг донтуулж эдийн засаг, эрүүл мэнд, амьдралаар нь хохироодог энэ аймшигт тахалд олон монгол залуус өртөн шаналж буй. Тэгвэл энэ аймшигт хороос өөрийгөө татаж аван, сайн сайхан руу тэмүүлж байгаа Г.Баттулга аавдаа энэхүү захиаг илгээжээ. Тэрээр хар тамхины анхны хэргийн шүүгдэгч байсан нэгэн юм. Түүний энэхүү захиа хэн нэгэнд ухаарал болж мэдэх биз ээ.

        АМГАЛАН САЙН СУУЖ БАЙНА УУ ТА? Эрдэм, судалгааны ажил тань өндөр гэдэгт итгэж байна. Эхлэл үгүй, төгсгөл үгүй орчлонгийн зургаан зүйл амьдралд найман голоо учрал бүрдсэн эрдэнэт хүмүүний биеийг олж төрөөд, тэр мөртөө хүн төрөлхтний дээд өвөг аугаа их Монгол түмний үр сад болж төрсөндөө баярлан ханашгүй билээ. Буурал түүхийг эргэн харахад өвөг дээдэс маань ямар их арвин баялаг түүх бүтээгээ вэ, ямар их сургамж үлдээгээ вэ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх болсон. Өрлөг баялаг түүхтэй нүүдэлчин түмний угсааг залгамжлах нь үнэхээр хувь ерөөлтэй азтай бас маш их үүрэг хариуцлага оногдсон байдаг юм байна. Тийм ч учраас Монгол хүн бид угсаа гарвал удам судраа эрхэмлэж, түүнийгээ өндөрт өргөж язгуур угсаагаа цэврээр нь үр хойчдоо нэр төртэй залгамжлуулах нь Монгол эр хүн болж төрсний ариун үүрэг болой. Ирж буй 2017 оны долдугаар сарын 9-ний өдөр миний мэндэлсэн өдөр. Та намайг одоо хэн гэдгийг гадарлаа байлгүй дээ. Залуу нас гэж өлчирхөн тэнэг байдаг юм байна, өрхний үзүүр шиг дэрвэж явдаг шиг бололтой. Хүн бид эхээс төрөхдөө л хайрыг мэдэрч үгүйлж, энгэрээ түшиж насыг бартал, тэнгэртээ морилсон ч зүрх сэтгэлд мөнхөд оршиж мөнхийн сэдэв байсаар байх болно. Тийм ээ хайр бол “нигүүлсэл” мөн. Ертөнцөд хаана хайр бялхаж байна тэнд аз жаргал баймуй. Хэн элэг бүтэн байна тэр л баян гэж би бодож байна. Мөнх Тэнгэр тэтгэж урьд насны сайн үйлээр ирсэн цор ганц эрдэнэ минь болсон Төгсмөрөн миний хөвгүүн одоо 11 настай. Яг би, миний үргэлжлэл бас таны ч үргэлжлэл хөөрхөн шар жаал бий.

Залуу нас минь чи ямар томоогүй, яасан өчүүхэн бодолтой, ямар ч амархан уурлаж, гомдож байв даа. Зугаа цэнгэл мөн ч их хоосон доо, залуу нас минь чи. Би хүүгийнхээ ээжтэй 2000 онд анх танилцаж хайртай хосууд явсаар 2006 онд бид хоёрыг ид галуун хайр дундаас хүү минь төрсөн юм шүү. Тиймдээ ч миний хүү их өр зөөлөн сэтгэлтэй, онц сайн сурдаг, томоотой сайн хүү бий. Энэ бол хүйн холбоотой зүйл. Хүний оюун ухаан, уураг тархины хөгжил удамшилтай холбоотой учраас зүй тогтолтой болов уу. Хүүгээ найман сартай байхад нь бид хоёр тийш болсон юм. Гэвч би хүүтэйгээ холбоотой байхыг хичээж ирсэн. Залуу нас минь чи аливаа асуудалд уужуу байхгүй яав даа, зорилготой байхгүй яав даа, хайрыг хайрлах л ёстой байж дээ гэж харамсдаг.

Магадгүй олон жилийн тэртээд миний хайртай ээж Цэрэнлхам, Галаа гэх цэл залуухан хоёр оюутан баяр гунигаар жигүүрлэсэн хайрын түүх тэртээ холын Герман оронд үлдсэн болов уу. Тэр онд би ээжийнхээ хайртай цор ганц хүү нь болон нарт ертөнцөд ирсэн. Та яагаад ээж бид хоёртой хамт байж, би яагаад төрсөн эцэгийнхээ өвөр дээр өсөх хувь дутсаныг би ойлгосон, уучилсан. Амьдрал санаснаар болдоггүйг би бие дээрээ, амьдрал дээр өөрөө үзэж байж л ойлгодог юм байна. Өнгөрсөн түүх тэндээ л үлдэнэ. Ээж та хоёрын хэн хэнд нь ч бурууг өгөөд нэмэргүй. Ээж минь надад ярьдаг байсан, “Галаад ямар ч буруу байхгүй, чамд маш их хайртай байсан. Ийм юм болсон, түүх тийм юм болсон” гээд л Булгаа эгч тэр хоёр надад учирладаг байсан. Би тэр үед таны тухай сонсохыг ч хүсдэггүй байсан. Учир нь би жаахан хүү, таныг ойлгоогүй байсан. Удам судар ямар чухал байдгийг мэдэх сөхөөгүй байжээ. Гэхдээ би нэг зүйлийг чин бат мэдэрдэг. Би бол сайхан хайраас л төрсөн гэдгээ дотор хүн минь мэдрүүлдэг.

Хэдийгээр би өнгөрсөн эл цэвүүн цаг үед өсөж хүмүүжиж, үерийн ус мэт гадны хүч түрэн орж булингартуулж буй соёлын их дайралтад өртөж өнгөрүү буруу явсан ч, тэр бүхний ард гараад хүн чанар, мөн чанараа алдалгүй авч үлдсэндээ баярладаг. Эдүүгээ би бас л архи, тамхинаас хамаараад тэрийг хуультай тэрсэлж эрх чөлөөгөө хасуулаад байж байна. Би уг нь ингэж явах хүн биш шүү дээ, яагаад гэвэл надаар малчин удамтай, эрдэмтэн хүний цус гүйж байгаа шүү дээ гэж бодогдож буруу явах эрх үгүйг гүн бат ойлгож сурч, хийж бүтээх хүсэл оргилох болсон. Тиймээ ааваа би тань ууган хөвүүн Баттулга чинь байна. Тэр жил 16 насны минь төрсөн өдрөөр та надад алд цэнхэр хадагаа, мөнгөн аягатай цагаан сүү барьж эрхэмчилж анх бид учирч, таныг анх харж билээ. Мөн их адилхан байсан даа та бид хоёр. Царай зүс, хэл яриа /хэ хэ/. Би дотроо бодоод л инээд хүрээд явдаг байж билээ. Би танаас худлаа үнэн ярьж очиж мөнгө нэхэж, ёсгүй аашилж байсандаа үнэхээр ичиж байна. Буруу бодож, архи, тамхи үнэртүүлж очдог байсныг минь өршөөж хайрлаарай аав минь. Эрдэм номын хүн бол эрдэм номын л хүн байдгийг мунхаг би ойлгосон. Би таныгаа энэ, тэр залхай наймаачидтай адилтгаж учиргүй мөнгөтэй л гэж бодож явсан байлгүй дээ зайлуул тэнэгхэн үр чинь. Дашрамд хэлэхэд, өлгийтэй байхаас минь эхлээд төрсөн үр шигээ хайрлаж, халамжлан өсгөсөн Гантөмөр аавдаа би хэзээ ч хойд эцэг гэсэн сэтгэл төрж байгаагүй ээ.

Зулай зулайгаа гишгэж төрсөн гурван охин дүүгийн хамт бид 4-г элбэг хангалуун, эрүүл саруул сайхан л өсгөсөн. Ганаа аав минь анх намайг элгэндээ тэвэрч хүүчлэн өсгөсөн цагаас эхлээд л, одоо тэнгэртээ морилох хүртлээ намайг хайрлаж төрсөн үрээ гэж үздэг байсан юм. Би ч хөөрхий аавыгаа сургууль, эмнэлэг, цагдаа, шүүхээр их л гүйлгэсэн дээ. Тэнэгхэн хүү нь даанч тэр ачтай буянтай сайхан аавынхаа ачийг хариулж чадсангүйдээ харамсаад барашгүй нь ээ. Тэнгэр болох ахуйд нь дэргэд нь ч байж чадсангүй. Удахгүй эндээс гараад “ариутган шүүлгээд” хэвлэлтэд өгөх санаатай бүтээл “ном” маань хойдын буянд нь дусал ч атугай буян болох болов уу хэмээн горьдном. Энд би, өнгөрсөн алдаа, он жилүүдээ нөхөхийн тулд, эх орны хүү шиг амьдрахын төлөө оройгүй эрдмээс бага багаар сурч л байна. Ном их уншиж түүх, улс төр, хэл судалж шамдаж байгаа. “Аав хүн уул шиг нөмөртэй” гэж ухаант ард түмний минь хэлсэн үг ямар үнэн юм бэ. Удахгүй эрх чөлөөтэй болоод улс гэртээ хүчин зүтгэж, гал голомтоо мандаан бадраах болно. Угсаа гарвал, удам судраа судлаж мэдэх хүсэл, шаардлага төрөх болсон. Зуун зууныг дамжих гүүр болж өвгөдтэй минь уулзуулсан, ухаарал хайрласан эх түүх, эх хэл, эх орон минь миний бахархал, миний итгэл үнэмшил, миний амьд яваагийн минь утга учир байнам. Би эх орондоо хайртай, тиймдээ ч үлдсэн амьдралаараа би харуулах болно. Саяханы нэг өдөр Төв аймгийн хорих хариуцсан хяналтын прокурор Авирзэд гуай ирж нийт хоригдогсдын дунд яриа хийлээ.

–Залуусаа амьдрал ямар байна даа, дажгүй юу? Эр хүн алдаж онолгүй л яахав, харин олон дахин гэмт үйлдэл хийгээд шоронгоор яваад байж болохгүй ээ. Хүний амьдрал шоронд өнгөрөх ёсгүй шүү дээ. Улс орон ард түмний амьдрал сайнгүй байна, хямралтай байна. Та бүгд зөв хүн болоод гэртээ очвол их хэрэгтэйсэн. Аав ээж, ахан дүүс, хань ижил, үр хүүхэд чинь та нарыг итгэл тавин хүлээж байгаа, шаналж байгаа шүү дээ. Энд байх хугацаандаа өөрсдийгөө дайчилж нийгэмд бэлтгэж сурч боловсорч, ажил хөдөлмөрт хамрагдаж хурдан суллагдаж гэр гэртээ хурдан очоосой гэж хүсэж байна гэхчилэн цаг гаран хэнгэнэтэл санаа алданхан ярьсан уян зөөлөн, хайр шингээсэн тэр үгс хичнээн сэтгэлд үнэн зүрхний санагдаж сэтгэлд тос адил уусан шингэж, нэг их сайхан санагдаад сэтгэл цадаад явчихаж билээ. Ийм үгсийг эх орон, ахан дүүсээ хайрлах, асрах аргагүй л жинхэнэ Монгол сэтгэлгээ нь эвдрээгүй хүн л хэлж чадна. Ерөөсөө л сайхан Монгол аавын төрх байсан. Мөн бидний өмөг болж тулгарсан бэрхшээл, асуудал бүрийг нэг бүрчлэн уулзаж хуульд захирагдахаас гадна ёс зүйн хэм хэмжээнд хүнлэг, энэрэнгүй, ухаалаг шийдэж өгдөг даргадаа бид бүгд сэтгэл дүүрэн, баяртай байдаг. Нямгомбо дарга 2015 онд тус ангид ирснээр бидний амьдрал ахуй нөхцөл эрс сайжирч хөдөлмөрлөх, шийтгүүлэх сургалт үйл ажиллагаанд түлхүү анхаардаг болсон. Чадалтай боловсролтой мундаг даргын сонгодог жишээ нүдэнд харагдаж, гарт баригдаж нөмөртэй байна. Хөдөлмөрийг үнэлдэг, оюуныг эрхэмлэдэг, шударга даргатай тулдаа миний бүтээл, судалгааны ажил ч ахицтай амжилттай боловсрогдож байна.

Эл өнгөрсөн жилүүдэд мунхаглан төөрөлдөж би орос ах нараар заалгаж харь, хар, хор хөнөөл болсон хар тамхи гэгч мансууруулагчтай орооцолдож 2000 оноос хойш буруудаж явахдаа эдүгээг хүртэл дээрх прокурор, дарга нар лугаа адил улс Монгол эрхэмүүдтэй ер таарсангүй. Дарга, мөрдөстөнгүүд ихэнхдээ л цэцэгнээс дэлгэрч дээд ертөнцөд залраад түр буусан тэнгэрийн хүн мэт загнаж хямсганахыг нь яана гээч. Зарим нь бүр “Та нар бол хэнд ч хэрэггүй хог шаарнууд шүү” гэж харааж зүхэх энүүхэнд. Үг ямар хүчтэйг мэддэг ч болоосой. Үг хүнийг алдаг, авардаг. Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг. Монголчууд бид эрт цагаас ядарч яваа нэгэндээ туслаж, төөрөлдсөн нэгнээ сэнхрүүлж, монгол хүн монгол хүндээ эх орон нь болж явсан үе бий. Гэтэл одоо аврах нь бүү хэл авлахад бэлэн явдаг болж байна. Тэр сайхан сэтгэлийн нүнжиг хаашаа одов. Бид үнэхээр сэтгэл татах юмс, ахуй ёсноосоо, хайрлан дээдэлж, энэрч нигүүлсэх бүхнээсээ холдсоор л байна даа. “Чадаж байгаа юм арга байхгүй, би л болж байвал болоо” гэсэн бэртэгчин үзэл ноёрхсон энэ нийгэмд шудрага ёс үгүй болж, үнэн үнэгүйдэж ард иргэд нь ямар нэг зүйлээ худалдаж байж л аятай амьдрах нөхцлийг энэ ардчилалчид 27 жилд буй болгожээ. Үндсэн хуульд байдаг шудрага ёс тогтсон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн хаана байна. Хаа очиж социализмын үед хүн хүнээрээ байж, хүний төлөө байж, иргэд нь улс орныхоо төлөө байж. Гэтэл одоо хүн хүнээсээ холдож байна, өөрөө өөрөөсөө холдож байна “Ном газар нохой буйдан дээр” гэдэг л болж байнам. Энэ бүгдээс шалтгаалан олон Монгол залуус эх орноосоо гадагш харь хүний нутагт ажиллаж амьдрахаар явж байна. Ялгаагүй миний хоёр дүү Герман яваад ажиллаж амьдарч сурч байгаад нь би зөв сонголт гэж бодож олзуурхаж байгаа.

Өвөг дээдсийн мөнхийн захиасыг умартсаны балагаар л хэн ч биш болоод, болгоод байна даа. Урд хойд их гүрний бодлого өндийлгэхгүй санаатай. Угаас тэд Монголын эзэнт гүрний туурь дээр л өндийж боссон улс. Хэн нь Хэн бэ гэдгийг хүн төрлөхтний сэхээллэг хэсэг нь маргаангүй мэднэ. Үнэн гэдэг нь үнэт ба хөнөөлт дэг. Гэвч түүх бол мөнхийн гэрч, хэзээд дуудхад үнэнийг хэлэх ч болно. Гагцхүү шүүхчийн ухаан мэдсэн хэрэг. Оршихуйн хууль; Аварга амьтны зулзага аварга л болдог! Даравч дардайна, булавч бултайна гэгчээр яаж ч элдэвчиллээ гэсэн Монголчуудын их өвгийн сүрлэг дүр тодорсоор байх вий!  21-р зуун даяаршил, дэлхийжилт нь түгшүүрт цагыг ёрлож тараа таниулж байна. Бидэнд суралцах хангалттай өв бий. Тийм болхоор бусдын явж байгаа замаар бус өөрөөр хэлбэл даяарших биш ондооших замаар явах нь зөв. Манай Монгол гэж яриваас эхлээд л хэл, “өсөхөөс сурсан хэл мартаж болшгүй соёл”, “чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл, чин зоригт өвөг дээдсийн маань өв их эрдэнэсийн тухай ярих хэрэгтэй болно. Хэл, соёлоо алдсан үндэстэн л мөхдөг. Улс орны тусгаар тогтнолыг хамгаалахын тулд зөвхөн хилээ хамгаалаад зогсохгүй, мөн эдийн засаг, хэл бичиг, соёл урлагын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Бид “би Монгол хүн” гэж бардаж хэлж, эх нутагтаа элбэг хангалуун, өв соёл, үндэсний үйлдвэрллээ эрхэмлэж, бичиг үсэгнийхээ амьд залгамж холбоо нь болох тэр соёллог ахуйг хамтын хүчээр бүтээх учиртай. Цагийн салхийг хага ярах, элдвийн боловсруулалт хийгдэж, этгээд муу явдалтанд эвдрүүлээгүй эрдэнэ Монголд олон бий. Онцлогийг нь тээж явахгүй юм бол үндэс угсааны хэрэг юусан билээ. Чадварлаг ярьж бичиж чаддаг байгалиас авьяаслаг төрсөн ихэнх хүмүүс зохиолчид, тэр ч байтугай хуульчид шашны зүтгэлтнүүд үнэндээ сэхээтэн биш байдаг. Сэхээтэн гэдэг нь үндэсний эрх ашгийг зөн совингоороо мэдэрсэн хүмүүс юм. Ингээд бичээд байвал мөн ч их юм байна аа. Миний хувьд ийм баймой. Дотроо хадгалж явснаа, оройд орсноо ийнхүү мутарласан бөлгөө. Таны ажил амьдрал, ах дүү нар цөм сайн байгаа гэдэгт итгэж байна. Хүү нь зөв бодолтой, улс монгол хүн болохыг хичээж боловсорч байгаа шүү!  Надад битгий санаа зовоорой! Ирэх тэр өлзий учрал бүрдсэн сайхан өдөр таныхаа алтан сургаалыг сонсох мөчийг догдлон хүлээе дээ!  Хэмээн энэхүү захиаг халуун сэтгэлийн хамт ариун хадагтай барив.

Эрхэм Галрагчаа-д хүү Баттулга-с

Мааньт дахь хорих ангиас

2017 он тавдугаар сар.

Эх сурвалж: www.polit.mn

 

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

5 цаг 3 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

5 цаг 3 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 3 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

16 цаг 15 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

21 цаг 5 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06