
Р.ОЮУН
МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн захирал, дэд профессор А.Энхмаатай ярилцлаа.
-Сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Манайх урлаг, биеийн тамир, дизайн технологи гэсэн гурван том салбарыг нийлүүлсэн сургууль. Хамгийн гол нь багшийн багш нарыг бэлтгэж байгаа. Ингэхээр хүүхдүүдийн авьяас дээр тулгуурласан, онцлогтой мэргэжлүүд манайд байгаа. Тухайлбал, технологи дизайны ангид зохион бүтээх, техник сэтгэлгээтэй бүтээлч хүүхдүүд байдаг учраас бусад мэргэжлээс их онцлог. Ур чадвар шаардсан, багаар болон ганцаарчилж хичээллэх хөтөлбөртэй. Дадлага, онолын харьцаа байдаг. Дадлага хийж байж тухайн мэргэжлээ эзэмшинэ. Одоо бүх зүйлд сэтгэлгээний боловсрол, сэтгэлгээний урлаг гэж ярьдаг. Сэтгэлгээний талдаа олон хичээлийг нэгдсэн байдлаар нэг хүн дээр бууж ирдэг. Дүрслэх урлаг, зураг гэхгүй. Зурах онол, шинжлэх ухаан болгон дээр хяналт нь бууж дадлага хийх үзүүлбэр, бүтээл дээр нь тусгагдаж байдаг. Үүгээр нэгдмэл арга зүй, интеграцчилах, хүний хөгжилд бодитоор харагддаг. Нэг сайн тал нь харагдах, үзүүлэх боломж ихтэй.
-Хүүхдүүд танай сургуулийг хэр сонирхож байна?
-Мэргэжлийн олимпиадуудаас их орж ирдэг. Хүүхдүүд XII ангид орохоороо энэ чиглэлээр мэргэжлээ сонгосон байдаг. Ялангуяа, авьяасаа нээсэн, тодорсон 100-ны 80 хувь нь мэргэжлээ сонгоод ирдэг. Тухайлбал, технологи дизайны олимпиадад удаа дараа орсон, аймаг, сумдаас шалгарсан хүүхдүүд бэлтгэгдэж орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр манайд хүүхдүүд өөрсдөө ирдэг болсон. Сүүлийн үед хүүхдүүд багш болох зорилготой болсон байна. Өнгөрсөн жил номын сангийн барилга маань ашиглалтад ороход оюутнууд маань тохижилт, дизайнаа өөрсдөө хийсэн. Үйлдвэрлэл, сургалт хоёр нийлж байж хүүхэд юмаа бодитоор хийж, харж онолоо туршиж хийснээрээ ахицтай зүйл гарч байна. Энэ бүхнээ бодит амьдрал дээр шууд хийж, нэвтрүүлээд явах бодлогыг барьж байгаа. Ингэснээр хүн юм хийж байж сурна. Түүнээс худлаа тэгдэг ингэдэг гээд байвал тэр бүр бодит мэдлэг, чадвар болж чадахгүй. Өөрөө үүнийгээ хийж сурсан багш дараа нь хүүхэддээ аргыг нь зааж өгнө.
-Тэднийг багш болоход юу ингэж их нөлөөлөв?
-Багш болох, багшийн боловсролыг дэмжсэн хөтөлбөр, хөнгөлөлтүүд бий болсон. Тухайлбал, эрэгтэй хүүхэд багш болохоор орж ирвэл сургалтын төлбөрийг 50, 750 оноо авсан хүүхдийн сургалтын төлбөрийг 100, 650-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлж байгаа. Багшийн статус өргөссөн, дэмжсэн бодлого сүүлийн жилүүдэд их явсан учраас хүүхдүүд энэ мэргэжлээрээ давхар багш болъё гэж ирдэг.
-Танай сургуулийг зориод ирсэн хүүхдүүд хэдэн жил сурах вэ?
-Дөрвөн жил сурна. Эхний хоёр жил багш боловсролынхоо суурь хичээлүүдийг үзээд явна. Мөн мэргэжлийн хичээлүүд орно. Кредит систем дээр ямар хичээл яаж сонгох вэ гэдгээ шийднэ. Хэрэв авьяаслаг, бүтээлч хүүхэд байвал 3.5 жилдээ бакалаврынхаа курсийг дуусгаж, магистраа цааш нь үргэлжлүүлэх боломжтой. Мөн эсрэгээрээ өөртөө тохируулж 4.5 жил ч сурч болно. Өөртөө хөнгөн маягаар сонгож болно. Манайх элсэлтийн ерөнхий шалгалт дээр хэд хэдэн хичээлийг тавьсан байгаа. Өмнө нь монгол хэл, математик гэж суурилдаг байсан бол одоо гурван хичээл гаргасан байгаа. Хэрэв тухайн хүүхэд математикаа өгөөгүй физик өгсөн байхад тооцох жишээтэй. Тухайлбал, дизайн технологийн ангид хүүхэд элсэж ороход өмнө нь математикийн шалгалт өгдөг байсан. Математикаа өгөөгүй бол орох боломжгүй. Тэгвэл одоо гурван шалгалтын аль нэгийг нь өгсөн байхад их, дээд сургуульд орох боломжтой.
-Тухайлбал, яг ямар хичээлүүд вэ?
-Багш, урлагийн боловсрол гэсэн багц бий. Энд Дүрслэх урлагийн, хөгжмийн, зураг зүй дизайны, дизайн технологийн багш гээд салж байгаа. Дүрслэх урлагийн, хөгжмийн багш нь ур чадвар 70 хувь буюу монгол хэл, математик, нийгмийн ухааны аль нэгийг 30, зураг зүй дизайны, дизайн технологийн багш монгол хэл, математик, физикийн аль нэгийг өгсөн байх ёстой. Мэргэжлээсээ хамаарч ур чадварын шалгалт өгсөн байна. Энэ жил манайх дасгалжуулагчийн ангийг бөхөөр онцолж байгаа. Жил болгон янз бүр байдаг. Үүнд ур чадварын шалгалт 70, монгол хэл, математик, нийгмийн ухааны аль нэг нь 30 хувь өгсөн байхад болно. Манай ихэнх мэргэжилд монгол хэл, нийгмийн ухаан чухал байгаа. Математикийг суурь болгон дээр авч үздэг. Энэ жил бас спорт, аялал жуулчлал, спортын сэтгүүлч авч байгаа. Үүнд монгол хэлний шалгалт авна.
-Танай сургуулийг төгссөн оюутнууд ажлын байраар хэр хангагддаг юм бол?
-Багшийн ажлын байр магистр байх шаардлага тавигдаж байна. Манай төгсөгчид өөрийгөө хөгжүүлэх, магистрантурт суралцах хөтөлбөрт эргэх холбоотой явж байна. Ялангуяа, хоёр жилийн өмнө манайд хөгжмийн багшийн анги нээгдсэн. Боловсролын их сургуульд багшийн анги гэдэг мэргэжил байхгүй байж байгаад нээгдсэн учраас эрэлттэй байгаа. Хөдөө орон нутагт хөгжмийн багш нэлээд дутагдалтай байна гэж үздэг. Тиймээс энэ чиглэлээр захиалга байгаа. Төгсөөд гарч байгаа багш нар ажилтай. Ямар ч гэсэн хөрвөх чадвар өөр.
-Гадаадын оюутнууд их ирдэг гэсэн?
-Тийм ээ магистрын сургалтад их ирдэг. 2+2 хөтөлбөр хэрэгжиж байна. Манайд Өвөрмонгол оюутан нэлээд бий. Эрээн хотын олон улсын сургууль нээгдсэн. Тэнд манай I, II курсийн оюутнууд сурч төгсөөд III курсээсээ энд ирж суралцаж төгсөнө. Манайх инновацийн хөгжлийг сургууль дээрээ анх оруулж ирээд улсын бодлого, инновацийг хөгжүүлэх сургалтад инновацийг нэвтрүүлэх, нээх ямар боломж байна тэр талын юмнуудыг сүүлийн жилүүдэд хийж байна. Энэ тал дээр нэлээд манлайлж оролцож байгаа гэж хэлж болно.
-Танай сургуулийн элсэлт хэзээнээс эхлэх вэ?
-Сурталчилгаанууд явж байгаа. Энэ сарын 14-нд төгсөлт болсны дараа ЕБС-ийн хүүхдүүдээ хүлээж авна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин