
Т.САЙХАН
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болох гэж байна. Сонгуультай холбоотой үйл явдлууд улстөрийн халуун сэдэв болон үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /05.17/ СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор зарлав. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорлоо
МАХН-аас өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /05.16/ хуралдаж, сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сонголоо. Бүтэн өдрийн турш хуралдсан МАХН С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болов. Ийнхүү намынхан хуулийн хугацаанд амжиж нэр дэвшигчээ бүртгүүлсэн юм. С.Ганбаатарын нэрийг СЕХ хүлээн авч нэр дэвшигчээр сонгосон юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг батлав
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /05.18/ хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Хуулийн төслийн 6.1 дүгээр зүйлийн “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна” гэсэн хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Мөн төслийн 7.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй. Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн.Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Залуусыг дэмжих хуультай болов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /05.18/ Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэнээр Монголын залуус анх удаа бие даасан хуультай болов.
Шинээр батлагдан гарч буй уг хуульд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэргэд “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсны дараа хэрэгжих юм. Тус санд нэг тэрбум хүртэл төгрөг хуримтлуулах боломжтой бөгөөд үүгээр шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлж байв. Мөн тэрээр хуулийн төсөл боловсруулах явцад 27300 залуусаас судалгаа авснаа тодотгоод 45 орчим хувь нь орон сууцны асуудалтай байдаг гэсэн хариулт өгсөн гэлээ. Үүнийг үндэслэн залуусыг орон сууцжуулахад мөн бодлогоор дэмжих боломжтой бөгөөд ингэхдээ Даатгалын хуультай уялдуулж, төлсөн нийгмийн даатгалаасаа орон сууцны дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэх талаар ажиллана гэж салбарын сайд нь хэлж байв. Мөн судалгаанд оролцсон залуусын 27,3 хувь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байна” гэлээ.
“Приус”-ын татварын хэмжээг тогтоож, үйлчлэх хугацааг сунгана
“Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачилжээ. Уг төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.
Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаяв
Мөн өнгөрөгч долоо хоногт парламентын ирцийн асуудал олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаяж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Харин парламентын ахмад гишүүдийн зүгээс гишүүдийг ирцээ бүрдүүлэх шаардлагатай гэдгийг сануулсан үйл явц долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байв. Тэрээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Жавхлан “2017 оны дөрөвдүгээр сард оффшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэх. Хэрэв ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж буйгаа мэдэгдсэн. Гэтэл шаардлагын хариу одоо болтол ирээгүй байгаа тул ажил хаялт зарласан. Шаардлагыг энэ хүмүүс нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна. Гадаадад мөнгө хадгалсан хүмүүсийн мөнгө хүчтэй юм. Уг нь Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. УИХ-ын даргыг залруулга хийж өгөхийг хүснэ” гэв.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлаар мэдээлэл сонсов
“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тавьсан асуулгын хариуг баасан гарагийн /05.19/ чуулганы хуралдаанаар сонсов. 2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна. Үүнээс 82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан байна.
Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, есөн эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, есөн эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байгаа гэлээ. Сүүлийн гурван жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар өссөн болохыг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
“Улаанбаатар марафон- 2017”-д 33 мянга гаруй иргэн оролцлоо
“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, таван мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд ялагчдаа тодрууллаа. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой тус марафонд хотын удирдлагууд иргэдээ уриалан, хамт гүйснээс гадна тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй нийт 33 мянга гаруй иргэн оролцсоноороо онцлог болсон юм. Олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй юм. 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд гадна, дотно сонирхогч, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 27 мянга гаруй хүн оролцож байсан бол энэ жил 33 мянга гаруй иргэн оролцлоо. Тэмцээнийг нээж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хийж, “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарав. "Элит" гараанд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Монголын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Д.Гантөмөр, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Монголын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Япон улсын тамирчин Вүчибара Арата нарын тамирчид гарсан. Тэмцээний 21 км-ийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлж, 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Силлас К.Санг тэргүүлж, хоёрдугаар байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр, гуравдугаар “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нар оров.
Эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, хоёр байрт ОУХМ Ч.Шинэцэцэг, гуравдугаар байрт ОУХМ Ц.Санжидмаа нар тэргүүлжээ. "Улаанбаатар марафон"-ын ялагч Кени улсын тамирчин Силлас К.Сан эрэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайг хоёр цаг 13 минутад туулж тэргүүлэв.
Кино урлагийн шилдгүүд тодров
Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах "Cinema Awards” наадам “Corporate Convention” төвд болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон "Итгэл" уран сайхны кино шалгарлаа. Түүнчлэн жүжигчин Б.Амарсайхан шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртлээ. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодруулсан юм.
Эх сурвалж:www.polit.mn