Онцлох зохиол: Дутуу үзсэн наадам

2017-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Зохиолч яруу найрагч Д.Баатаржавын “Намайг тосож аваарай” уянгын тууж өгүүллэгийн номноос дээжлэн “Хунгийн төгөл” бүтээлийг нь хүргэж байна.

...Сайндарь үнэхээр гайхаж, бас сэтгэл хөлөлж суув. Тэр бараг анх удаа наадам үзэхээр ирсэн нь энэ. Тэгэхдээ бүр сумын наадам шүү. Сууж байгаа хажуунаас нь эхлээд нүднийх нь өмнө алаглан буй түмэн иэцэгс шиг энэ олон хээ хуар болсон хүмүүс ердөө л баруун, зүүн тийш нүд солихын хооронд л морьтой нь морьтой, явган нь явганаараа, гурав дөрвөөрөө, бүр тав арваараа энд тэндээс бөөгнөрсөөр нэг л мэдэхэд энэ хөндлөн гулд уудам хөндийг амь оруулчих мэт түүнд санагдав. Тэр гуйж байж ах, бэр эгч хоёртойгоо наадамд, наадамд ч гэж дээ, өөрийнх нь хувьд анх удаагаа холын болзоонд нууцхан ирээд байгаа нь энэ.

Ойролцоох нэгэн толгой дээр гарч, цээж тэнэгэр амьсгалан, ийнхүү ганцаараа суухдаа Сайндарь өөрийн эрхгүй баярлан баясаж, “...үнэхээр гоё юмаа...” гэж амандаа шивнэн, орчныхоо бүх юманд сатаарсаар хэн нэгнийг хүсэн хүлээж байгаагаа ч мартах нь холгүй байв...

-Манхан сум 50 жилийн ойгоороо ланжгар том наадах юм гэнэ. Баруун тийш зам авчихсан, энэ жилийн аймгийн наадмын даагаа ч нэхье, шинэ хөлгийнхөө шидийг ч үзье, байж... гэж зүгээр нэг хэлсэн ахын үг чухамдаа Сайндарийн загаднасан газар нь маажчих шиг болж билээ.

-Би хамт явъя, тэгэх үү, агаа... гэж Сайндарийг хацраа улайлган байж үнэнээсээ гуйсан аястай хэлэхэд нэг гэртээ цуглан зуух тойрч, лавшаа сорж суусан бүх хүмүүсийн нүд орой дээрээ гарч, ээж нь бараг л аягаа чулуудах нь холгүй уулга алдсансан. Холын сум бүү хэл төрж өссөн аймгийнхаа наадамд гэрээсээ гардаггүй бүрэг охиноо гэнэт ийн хэлэхэд нь гэрийнхнээрээ бүгдээрээ л гайхах нь мэдээж шүү дээ. Тоглож, цаашлуулаад сурчихсанаараа ах нь нүд рүү нь сүрхий харснаан “...Овоо ш дээ. Борлогдох гээд байна уу. Богтлогдох гээд байна уу, агаа нь аваад явна аа...” гээд хээгүй паржигнатал инээхэд ээж нь хоёр шанаагаа даган бурзайх хөлсөө алгаараа ээлжлэн шувтарсанаан

-Миний муу номхон бор охины хөлд нэг л өдөр салхи орчихоогүй л байлтай, дарь эх минь... хэмээн жуумалзах аядаад хоймор завилан, гурил савхдаж суугаа өвгөн рүгээ энэ юу гэх бол гэсэн шиг нүд өгөн сүрхий харж билээ. Угаасаа дуу цөөтэй цөлх аав нь юу ч сонсоогуй юм шиг буруу харсхийн суусан нь бодогдож Сайндарийн инээд хүрэв. Харин өөртэй нь үеийн юм шиг харьцаж, тоглож наадан, бие биенээсээ юугаа ч нуудаггүй цагаан цайлган бэр эгч нь

-Хүүхдэд хачин юм ярьж байх юм. Юун борлогдох, богтлогдох вэ?, наадахь чинь үнэнээсээ л гуйгаад байгаа юм биш үү. Би ч гэсэн иуг явна. Үнэхээр л хэлсэн аманлаа хүрээд тэр том наадмаасаа даага ногтлоодох, түүнд чинь бид хоёр сундалдаад буцаад ирье. Чи цаашаагаа тээвэртээ яв... хэмээн нөхөртөө хэлж хөгжөөснийг ч санав...

...Наадмын гурвын даваа эхэлж, бөхийн цол дуудаж эхэллээ. “Хүчит бөхийн барилдааны зүүн талын магнайд...” аймгийн заан Наран хэмээхэд бөхчүүд засуулынхаа мөрөн дээр гараа ээлжлэн тавьж дэвж эхлэв. Бат баруун талын дагавар магнайд харагдана. Хөрслөг дөрвөлжин хүрэн цээж, энд тэнд зурайх булчин шөрөмс, ер нь л байгаа бүхэн нь дотно санагдаж, Сайндарийн харцыг өөрийн эрхгүй соронздон байв. Сайндарь Батыг ийн олж хараад хажууд зогсоо эгчийгээ хагас таширлан нуугдасхийлээ. Харин түрүүнээс хойш хэн нэгний тухай үг хүлээж, тэвчээр нь барагдсан эгч нь Сайндарийг дуугарахгүй болохоор нь түүнийг зөөлхөн нудчин “-Тэгээд тэр залуу чинь аль нь вэ?...” гэж чихэнд нь уруулаа хүргэх шахам шаардангуй шивнэв. Тулгамдсан уу, амихандаа эгчээрээ тоглох гэсэн үү, “Байхгүй юм шиг байна аа. Ирээгүй юм байлгүй...” гэж Сайндарь ичингүйрэн бүдэг дуугараад яльгүй мишэлзэн доош харахыг эгч нь анзаарсангүй ч “-Нээрээн үү? “ гэж нүдээ том болгон “Яасан юм бол доо...” хэмээн харамсангуй бувтнаснаан “-За.За. Яахав. Ямарч байсан миний дүү хөдөөгийн наадам үзээд авах юм байна...” гэж чимээгүй хулмалзан зогсох Сайндарьд хариу хэлэв. Үгэнд нь итгэсэн эгчдээ инээд нь хүрч, түүний нүдийг хариулан мушилзаад яг одоо “Тэр” гээд заагаад үнэнээ хэлчихье гэж Сайндарь бодсоноон дээгүүр харан дэвж байгаа Батыг сэмхэн харж, “...Ингэж байгаад уначихвал яана... баларсан юм...” гэж зовонгуй ч юм шиг, шоолонгуй ч юм шиг дотроо бодож зогсов. Гэтэл хажуугаар нь бас сар гаруйн өмнө Улаанбаатарт Баттай ярилцаж байсан нь санаанд орж ирлээ...

-Найман сарын эхээр нутаг явна даа. Манай сумын том ой болох юм. Ах маань бас энэ жил “Улсын сайн малчин” цол хүртсэн. Намайг ирж амар гээд уриад байгаа. Нутагтаа очихгүй таван жил болчихжээ. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм даа. Чи мэдээж аймаг явна л биз дээ. Нутгийн хүмүүс байна, наадам дээр уулзах юм биш үү, аан. Би чинь бас нэг сумын заан ухаантай юм. Нутгийнхаа дэвжээнд нэг нүцгэлээд үзчих санаа байна... Манхан сум аймгийн төвөөс ерээд л км байдаг ш дээ... гэж Батыг үнэнээсээ хэлэхэд Сайндарь инээмсэглэснээн

-Хол газрын сумын наадам байтугай төрж өссөн аймгийнхаа наадамд ч бараг очиж үзээгүй юм байна... гэхэд Бат итгэж ядан

-За, арай ч дээ. Худлаа... тоглоод л... хэмээв.

-Нээрээн шүү. Манай гэрийнхэн мэднэ. Бага байхдаа л аав ээжээрээ тэврүүлж, хөтлөлцөөл явдаг байснаа санадаг юм... гэж Сайндарийг үнэнээ хэлэхэд “-Тийм гэж үү. Ямар сонин юм...” гэж Бат гайхалзан өөр лүү нь харснаан ...”Амьд явбал сумын наадам үзнэ ээ...” гэдэг сайхан үг байдаг биз дээ...гээд инээмсэглэлээ. Сайндарь хариуд нь

-Яахав, хөгжөөн цэнгээнд дургүй ч юм уу, тийм л нэг зожиг, бүдүүлэг талдаа амьтан юм байлгүй. Манай аав ээж хоёр ч гэсэн наадам энэ тэр гэж нэг их сүйд болоод байдаггүй ш дээ. Харин улсын наадмаар телевизээсээ л салдаггүй юм. Би ч гэсэн хоол цайг нь аягалж өгөөд хамт телевизээ үзээд л суучихдаг. Харин манай ах наадамсаг, наргиансаг хүн бий. Бүр бөх ш дээ. Аймгийн цолтой... гэхэд Батын царай сэргээд -Тийм үү. Нэр нь хэн гэдэг юм. гэж сониучирхахад Сайндарь -Наран гэдэг юм. Хот мот орж ирж барилдаагүй байх аа. Гэхдээ л аймагтаа овоо хэдэн жил барилдсан... гэхэд Бат “-тэгээд цол нь ... аймгийн арслан уу” гэж лавлав. Сайндарь

-Арслан арай биш. Заан хэмээснээн үгээ залгуулж, бөх, морь гээд наадам сайхан байлгүй яахав... гэж Батад бас тал засан хэлжээ.

...Сайндарь арван жилийн аравдугаар ангид байхдаан зэрэгцээ ангийнхаа нэг аятайхан хөвгуүнээс анхны хайрын захиа авч үерхэж эхэлсэн билээ. Улмаар аймгаасаа, хоёр өөр дээд сургуульд хуваарилагдан, машин техник сүлжилдэж, хүмүүс нь бужигналдсан, аймгийн төвтэй зүйрлэхийн аргагуй их хөлийн газар болох нийслэл хотод ирж, алс аймгийн хоёр, хоёр биендээ улам л бараа түшиг болж, эхний хоёр жилээ өнгөрүүлсөн билээ. Харин энэ хугацаанд найз залуу нь “-Манай ахынх ам бүл дөрвүүл. Гурван өрөөнд амьдардаг юм. Аж төрөл нь ч дажгүй хүмуүс байдаг юм. Би нэг өрөөнд нь дураараа л байдаг. Хоёулаа хамт амьдаръя...” гэж хэд хэдэн удаа хэлж гуйсан боловч, Сайндарь шууд татгалзаж, “-Би тэгж чадахгүй ээ. Сургуулиа дүүргэх яагаа ч үгүй байж, аав ээж, ах дүү нараасаа нүд далдрангуутаа п танихгүй айлд дур мэдээд яваад орчихно гэж юу байх вэ дээ. Хэдийвээр бид хоёрын хувьд тодорхой ч хоёр талын хүмүүс маань мэдээгүй байгаа шүү дээ. Юу юугүй нэг охин дагуулаад ороод ирвэл цаад хүмүүс чинь юу ч гэж бодох юм билээ. Байж байгаад л болъё. Эхлээд хоёулаа сургуулиа төгсөхөө бодъё доо...” гэж хаширлаж хойшлуулсаар байв. Ер Сайндарь үерхэж эхэлсэн цагаасаа эхлээд л туүнтэй гараас нь хөтлөлцөхөөс өөрөөр биелээ хүргүүлдэггүй байлаа. Тэгээд ч тэгсэн үү. Гомдож гонсойсон ч юм уу, харамсалтай нь “...чамаас ондоо над хэн ч хэрэггүй” гэж нэг биш удаа ам өчгөө өгдөг байсан үнэнч залуу нь яваандаа, уулзаж учрах нь холдсоор нэг мэдэхнээн, өөрийн сургуулийнхаа нэг охины гараас хөтлөх болж, бүр сүүлд нь өөрт нь гуйж байсан ахынхаа нөгөө өрөөнд тэр охинтойгоо хамт нэг гэрт яваад орчихсонсон. Сайндарь үүнээс хойш “эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ” гэсэн үгийг цээжиндээ бат хадаж, өөрийг нь сонжиж, аятайхан харсан ямарч эрчүүдэд нүүр өгөлгүй зай барьж явсаар хөгжөөнтэй, шуугиантай гэхээсээ илүү өөрийнх нь хувьд сэтгэлийн дотоод эмзэглэл, дэндүү хаширлан, өөрийгөө бусдаас тусгаарласан ганцаардал гиюүрэлдээн төөрөлдөж явсаар оюутны таван жилийн шувтарга ойртчихоод байсан энэ үед өвлийн оюутны амралтаар найз Сувдаа нь нэг өдөр төрсөн өдрийнхөө баярт урьж, таних танихгүй хэдэн үе тэнхийнхэнтэйгээ үд хойш кино үзээд, тэдний хэлдгээр орой нь “баардацгаав”. Тэр үед л Сувдаа, Сайндарь Бат хоёрыг суух үед нь хамт суулгаж, босох үед нь борви толгой хоёрыг нь нийлүүлчих нь холгүй шаардсаар, нүүр хагаруулж, тэрнээс хойш хооронд нь холбож гүйсээр хэд хэд уулзуулсан аж...

... Харсаар байтал Сайндарь, бэр эгч хоёрын санаснаар болж, өөрсдийнх нь хоёр хүн хоёулаа л төвөггүйхэн дөрөв давчихав. Бэр эгч нь Сайндарийн ханцуйнаас дугдчаад “-Хоёулаа явъя. Бөхчүүдийн майханд очъё...” гэж чангаалаа. “-Үгүй ээ, яах юм. Наадам дуусахаар нь болъё л доо...” гэж тэр татгалзан хацар нь улаа бутраад доош харлаа. “-Дөрвийн даваа дууслаа шүү дээ. Өнөөдрийн хувьд наадам өндөрлөж байгааг мэдэж байна уу. Цаад ахад чинь хуушуур аваачиж өгье...” хэмээн шавдууллаа.

Сумынхаа наадамд элбэгхэн дөрөв давчихаад Бат бөхчүүдийн майханд зодог шуудгаа тайлан, хувцаслаж эхэлтэл сормуус дэвсэн алаг нүдтэй, хурдан хөдөлгөөнтэй, сурхий нүүрмэг байрын нүд дүүрэн аятайхан хүүхэн туранхайвтар бор эмэгтэйтэй цуг ямар нэг хөгтэй, хөгжилтэй юм ярилцан, тас тас хөхөрсөөр сэнжтэй, дунд зэргийн цагаан сав дүүрэн хуушууртай орж ирээд бөхчүүдийн өмнөх урт хүрэн ширээн дээр гулсуулсхийн тавьж “-За, эр борхон харцагууд минь наадмын хуушуур зооглоцгоо... Бат аа. Манайхан чамайг майханд хулээж байна. Хамт соёолонгийн бариа явах гэнэ. Хоёулаа тийшээ очих уу даа...” гэх зуураа Батын дээлийн энгэр заам, ташаа хормойг нь татаж засаж өгөв. Батыг дуугүйхэн майхнаас гарах гэтэл бөхийн өмсгөл дээрээ дээлээ сул нөмөрч суусан Наран заан ”-Дүү хүү юу юугуй л явах гээд яараад... Адаглаад орж ирсэн бор идээнээс амсаад гарахгүй юм уу...” хэмээлээ.

Бат “...За...” гэж хүлцэнгүй луугараал санлал лээр суухал бөхчүүлийн майхны үйлчлэгч залуу том хултай айраг барилаа. Тэрвээр хоёр гарлан аваад хүд хүдхийтэл хэд залгилан, араас нь нэг хуушуурыг дундуур нь нугалж, гурав хазаад “..баярлалаа...” гээд майхны аманд хулээж байгаа нөгөө хүүхэнтэй цуг явж одлоо.

Бэр эгч нь гялгар тор дүүрэн хуушууур ундаа аваад Сайндарийн гараас хөтлөх, чирэх хослуулан, бөхчүүдийн майхан зүглэхээр морьтой, явган бужигналдсан наадамчдын дундуур ортол ижилхэн зээрд морьтой хос залуус өвөр хоорондоо чанга чанга ярилцаж, инээлдсээр эрэгтэй нь Сайндарийн хамрын үзүүрийг шавхуурдах нь холгүй ташуураа даялуулсаар дээгүүр харан дэргуүлж өнгөрөв. Нэг гартаа тортой хуушуурандаа түүртэж, нөгөө гараараа Сайндарийн ханцуйнаас чанга атган, урагшаа зүтгэлэн адгах эгч нь яльгүй бөхийсөн чигээрээ “Тал өдрөөр хүн дайрах нь уу энэ чинь...” хэмээн цухалдан үглэх агшинд Сайндарь эргэн харвал эрэгтэй хүн нь нүдэнд илүү тод тусаад дуу нь нэг л танил мэдэгдэв ээ. Эгч нь “-За. За. Бушуул явъя. Ах чинь гараад явчихаж мэднэ...” гэж амьсгаадан яарч улам чангаалаа. “...Үг...үй ээ. Тэ... эр...” хэмээн Сайндарийн ээрэн бүдэгхэн дуугараад зогсосхийхэд “...Юу үгүй ээ гэж. Чи чинь яачихсан бүрэг хүүхэд вэ. Алив ээ, явъяа...” гэж дугтарлаа. Дайрчих шахсан нөгөө хосуудын эмэгтэй нь “-Хол явж, хотын хүн болох сайхан юм аа... Эрдэм гээчийг сурч өгөөд, бас бөх тэх ч болоод, үеийнхнээ ч тоохгүй томроод л...” гээд чанга чанга инээхэд нь эрэгтэй нь “Томроодохсон ч юм алга. Наадмын дараагаар танайхаар очиж хонож өнжинө... Бас зөвхөн хоёулахнаа ярих юм ч...” гэх үгс Сайндарийн чихийг цохиж өнгөрөв. Ийн Сайндарь эгчтэйгээ бөхчүүдийн майхны ард иртэл сүүдэрт нь сууж байсан зүс таних нэг бүсгүй эгчийг нь дуудаж, яриа дэлгэн түр саатлаа. Сайндарь тэр хоёроос ухарч, зайдуухан, майханд тулж зогсов. Майхан дотор хэн нэгэн бөхийн тухай яриа өрнөөд байгаа нь түүний чихэнд тод сонсдож байв.

-Саяхь залуу их даруухан бололтой юм. Хүүхэн нь ирээд аваад яваад өгөх шиг боллоо. Сайхан ч хүүхэн байна... Жаал сууж энэ тэр юм ярьж танилцья гэж бодсон юм. Танихгуй юм. Сумын заан Бат гэсэн үү. Бяр нь гүйцэд задраагүй байж мэднэ. Лэвж өрж байгаа нь сүрхий суурьтай харагдаж байна шүү...

-Манай сумын залуу л даа. Хэдэн жилийн өмнө дунд сургуулиа төгсөөд ээжтэйгээ эгчээ бараадаад хот шилжчихсэн юм. Одоо энд аавынх нь дүү “улсын сайн малчин” Сүрнээ гэж байгаа л даа. Аав нь ч, Сүрнээ гуай ч залуудаа сумандаа хэд хэд түрүү үзүүр авч байсан гэдэг юм. Бөхийн удамтай шүү.

-Тийм ээ. Намайг дунд сургуулийн дунд ангид байхад нэг ийм биерхүү томоотой байрын хүүхэд дотуур байранд харагдаад л байдаг байсан. Тэр үедээ ноцолдоод барилдаад байх нь мэдэгддэггүй л байсан даа. Харин түүний дэргэд би чинь сургуулийн наймдугаар ангийн аварга явлаа шүү дээ... хэмээхэд инээлдэв. Цааш яриа үргэлжлэв.

-Аав нь өөд болоод нэг жил сургууль завсардсан байх. Тэгээд есдүгээр ангиасаа хот руу явсан санагдаж байна. Хүүхнийг нь Ханд гэдэг юм. Сумын Клубын эрхлэгч л дээ. Энэ хоёр чинь бүр багаасаа л үерхэж эхэлсэн байх шүү. Дотуур байранд байхдаа ч бие биенээсээ салдаггүй, хамт л орж гарч харагддаг. Амралтаар харихдаа ч нэг морь, тэмээнд сундалдаад явчихдаг байсан. Бодвол айл хамт, хошоо холбоо явдаг айлуудын хүүхдүүд байсан юм байлгүй. Ханд манай сумандаа л номер нэг сайхан хүүхэн. Одоо энэ бөх залуу хот руу аваад арилах нь л дээ...

... Танил хүүхнийх нь яриа хөөрөө дууссан тул эгч нь хуушуур ундаатай тороо шажигнуулан хагас эргэж “...Май. Чи үүнийг...” гээд ундаатай тороо өгөх гэтэл Сайндарь алга байв. Гайхалзан эргэн тойрноо нэгжиж хараад олсонгүй. “...Энэ охин чинь одоо хааччихдаг байна аа... Бие засахаар л явсан юм байх даа. За.За араас ороод ирнэ биз...” гэж амандаа үглэсээр майханд явж орлоо. Наран заан дээлийнхээ хоёр ханцуйд гараа шургуулангаа амьсгаадан орж ирсэн эхнэрээ хараад “...Аан. Чи минь бас л баахан хуушууртай юу ...Сумын шинэ залуу зааны сайхан хүүхний хуушуур дундуурлаа ч үгүй байхад чи бас нэмээд... Оо, бас шилтэй ундаатай... Хаа яагүй дэлгүүрийн лангуу борзонтой бор давснаас ондоо юмгүй байхад Манхныхан элбэг дэлбэг сайхан л наадаж байна даа. Залуус аа. Сууцгаа. Хуушуурдаад байцгаа... Ундаа ууцгаа...” гэв. Нарангийн эхнэр майханд байгаа хүмүүсийг нүдээрээ нэгд нэгэнгүй нэгжээд үүд рүү хэсэг чагнаархан байснаан “-Юун, шинэ зааны сайхан хүүхэн бэ...” гэхэд Наран “-Тийм ээ хө. Нэг сүрхий залуу ирчихээд өлхөн дөрөв давчихдаг юм байна. Маргаашийн ам ч над хатуудаг аа, янз нь...” гээд эхнэр рүгээ хараад инээв. Эхнэр нь үүд рүү харсан чигээрээ “-Өө, сайн л байна шүү дээ. Энэ сумынх юм уу...” хэмээснээн “-Үгүй ээ, нөгөө Сайндарь яасан удна вэ...” гэж үглэхэд Наран “-Яасан...” гэж товчхон асуув. “-Надтай хамт л байж байсан юм. Майханд орохын хооронд гүйгээд алга болчихлоо...” гэсэн эхнэрийнхээ гайхсан янзтай үгэнд Наран бүсээ бүслэх зуураа “-Жаахан хүүхэд биш энд байгааг мэдсэн бол ороод ирэх л байлгүй...” гэж тоомжиргүй хэлэв...

...Нүд чих хоёрынхоо үнэн эсэхэд итгэж ядан, бэр эгчдээ “дөрлүүлж” бөхчүүлийн майхны галаа ирсэн Сайнларь майхан дотор болсон яриаг нэгд нэгэнгүй сонсоод, цоглог байрын сайхан хүүхэн дагуулаад, өөрийг нь дайрчих шахан саяхан өнгөрсөн Бат ямар этгээд болох нь давхар батлагдсан тул түүнд хууртагдах гэж байснаан олж мэдлээ гэж бодон гомдож гунихдаан байж ядан, эгчээ чимээгүйхэн орхиж, өөррийнхөө майханд ирээд толгой дээгүүрээ дээлээ нөмөрч, таг унтсан дүр үзүүлэн буруу хараад хэвтээд өгчээ. Удсангүй ах эгч хоёр нь ороод ирэв. Наран түрүүлж орж ирээд “-Үүний байж байгааг харж байна уу?, бүр унтаж байх шив...” гэхэд эхнэр нь “-Яасан, миний дүү. Бие чинь зүгээр биз...” гээд магнайг нь алгаараа илбэж үзээд “Халуурч бүлээрсэн юм мэдэгдэхгүй л байх юм. Ядарсан юм байлгүй, хол ойр явж баяр наадамд ирж байсан биш...” гэж үнэнээсээ хэлээд “-Тэгээд яах вэ, морины бариа рүү, явах уу, болих уу...” гээд нөхөр өөдөө харлаа. Харин нөхөр нь энэ үгний хариу болгож дүүдээ хандан, “-Хөөе. Сайн аа. Одоо бос. Морь үзье. Тэгэх л гэж наадамд ирдэг биз дээ, аан...” гэж дүүгээ шавдууллаа. Сайндарь боссонгүй. “-Би явмааргүй байна аа. Тэгээд ч майхнаа хэн харах юм. Та хоёр яваад ир ээ...” гээд цаашаа харсан чигээрээ майхны хаяа руу улам шигдэх нь тэр. Наран “-За.За яршиг. Энэ заримдаа ийм муухай зөрүүд ш дээ...” гээд эхнэрээ дагуулаад гарч машиндаа суулаа. Эхнэр нь “-Энэ охин яасан юм бол оо. Зүгээр л байсан юмсан. Нөгөөдөх нь ирээгүй болохоор гоморхоод ...” гэхэд Наран эхнэрийнхээ сүүлчийн үгийг анзаараагүй бололтой, машинаа асаан араагаа түлхэх зуураа “-Яав л гэж. Баашилж л байхгүй юү. Дэндүү бүрэг, зожиг сурчихсан юм. Өөрөө л мэдэг...” гэв. Ахынх нь машины дуу холдож амжаагүй шахам байтал гадаа машин ирж, хүн буух шиг болохоор нь Сайндарь яаран босож, үс толгойгоо янзлах аядаж байтал нэлээд биерхүү байрын идэр насны танихгүй хүн орж ирээд мэндэлсэнээ “-Энэ Наран зааных мөн үү...” гэж төв дуугаар асуув. Сайндарь “-Мөн. Мөн... Та суу...” гэтэл үгийг нь тасалж, “-Заан өөрөө... ” гэхэд нь Сайндарь мөн үгийг нь тосож, “-Тийм ээ. Ах, бэргэн хоёр саяхан таны өмнө морины бариа рүү яваад өглөө...” хэмээв. Нөгөө хүн “...Аан, тийм үү... за, за” гэчихээд эргэхэд нь Сайндарь араас нь дагаж гарлаа. Нөгөө хүн “-Намайг Төрболд гэдэг юм...Ах чинь андахгүй ээ. ...Бид аймгийн төв орох болчихоод байна л даа... Наадам дуустал эхнэр маань хүлээхгүй нь бололтой. Нарандаа л барилдаанд нь амжилтхүсэх санаатай л буусан юм. Миний дүүахдаа...” гэтэл Сайндарь “-Хүүе. Ах аа, тэгвэл намайг дайгаад явах боломж байна уу...” гэлээ. “-Тэг ээ тэг...” гэхэд нь Сайндарь бушуухан эргэж ороод цүнхнээсээ жижиг бал гаргаж, сонины захад “...Сайхан баярлаад ирээрэй. Би ахын найз Төрболлын машинаар буцлаа. Гэдэс базлаад горьгуй ээ...” хэмээн бичиж тавиад зэргэлдээх охиныг дуудан майхнаа захичихаад машинд суулаа.

Лугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, том гэдэстэй бүсгүй хормойгоо хумьж зай тавьж өгөв. Сайндарийг гайхсан янзтай мэлтэсхийн хараад “-Наадам сайхан л болж байна. Энэ гэдсэн доторх амьтан гүйцэт үзүүлэхгүй нь бололтой... Игм... ий...” гэж аяархан дуу алдаад бүснийхээ доогуур гараа явуулж, алгаараа гэдсээ нэгэнтээ илэв. Эд хараажаар ахынх нь үеийн хүмүүс аж. Тэдний ярианаас үзэхэд Төрбат, Наран ахтай нь найз төдийгүй бас барилддаг нэгэн бололтой. Авгай нөхөр хоёр замдаа ам хуурай явсангүй.

Төрболд “-Манай Наран заан ид тэгширч явна. Уг нь энэ зуны аймгийн наадмын түрүү тун ойрхон байсан даа. Лаанч мэнгэ нь голлочих шиг боллоо...” гэхэд эхнэр нь яраглаж амьсгаадсан чигээрээ “-Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг биз дээ...Тийм юм болсон уу...” гэв. Төрболд “-Бараг л тийм гэх үү дээ...” гэснээ хоолойгоо засаж, “-Барилдана гэдэг амаргүй шүү дээ. Өмнө нь гар зөрүүлж үзээгүй хүнтэй барилдах хэцүү ш дээ. Ёстой нөгөө битүү морь л гэсэн үг. Энэ наадамд нэг аятайхан шинэ залуу иржээ, янз нь. Нэр нь Бат гэнэ... Сураг сонсвол Улсын сайн малчин Сүрнээгийн урилгаар хотоос ирсэн гэнэ. Нутгийн л хүүхэд юм байх...” гэж ярьж эхэлтэл эхнэр нь дундуур нь орж “- Тийм гэсээн. Тэр сайн малчин гээд байгаа Сүрнээгийн чинь ач нь юм гэнэ. Сүрнээгийн төрсөн ахынх нь хүүхэд юм байна. Аав нь бас барилддаг, нутаг нугадаа нэр хүндтэй их сайхан хүн байж байгаад, нэлээд хэдэн жилийн өмнө өөд болсон, ээж нь ч гэсэн зан ааш, царай зүс тэгш, ус ундтай их зүгээр эмэгтэй байдаг гэнэ. Яагаав. Нэгтийм элбэг дэлбэг, ойр тойрныхноороо хүрээлүүлсэн, зан сайтай айл байдаг даа. Тийм л хүмүүс бололтой юм. Тэр Бат чинь урилга заллагасаад ч байх юу байхав, ах дүү нар дээрээ хотоос ирж амарч байгаа залуу л байхгүй юү. Манхан сумын Клубын эрхлэгч Ханд, Бат хоёр бас эгч дүү хоёроос төрсөн бөлүүд юм байна л даа. Түрүүн биднийг Наран зааны майхан руу хөдлөхөөс өмнө Ханд нэг дориун байрын аятайхан залуутай дөрөө нийлүүлэн явж өнгөрсөн дөө. Бодвол, чиний шохоорхоод байгаа нөгөө бөх залуу чинь садан бүсгүйтэйгээ соёолонгийн тоос үзэхээр явж байгаа нь тэр болж таарлаа л даа...” эхнэр ньингэжхэлээд “...Ёо...г..ий... жаахан явасхийхгүй бол... замд...игм...” гэж дуу алдан үл мэдэг татвасхийв. Төрболд “-За...” гэж огцом хэлснээ “-Чи тэр, шинэ бөх залуугийн тухай ийм тодорхой юм хаанаас олж сонсоодхов...” гэхэд эхнэр нь “-Манай Чинжээ л хэлэхгүй юү дээ...” гэв. Төрболд төдийд “-Аан. Нээрээ Чинжээ эгч Манхныхныг мэдэлгуй яахав...” гээд эхнэр рүгээ хагас эргэж, зэрвэс нэг хараад хаазаа зөөлөн гишгэж, хурдаа ягуухан нэмж хүнгэнүүллээ.

Амьсгаа нь улам улам түргэсээд, тэр тоолонгоор хөлс нь бурзайн, царай нь зовуурилан хэцүү байгаа атлаа яагаа ч үгүй юм шиг нөхөртэйгээ яриа таслахгүй яваа энэ эмэгтэйн тэвчээрийг Сайндарь гайхан биширсэн боловч, авгай, нөхөр хоёрын ярианаас Батын тухай бүгдийг нь барин тавин мэдээд авах шиг санагдан “...Энэ чинь одоо юу болчихв оо...Бат сая наадам дээр хамаатан хүүхэнтэйгээ тийн хамт явсан юм болов уу...” гэсэн нэг бодол цээжийг нь зурж, дэндүү түргэдсэндээ харамсах сэтгэл төрөн наадам руу буцмаар санагдсан ч бүх юм аль хэдийнээ ард хоцорч, аймгийн төвийн танил бараа илбэ жилбийн зэрэглээн дунд нүднийх нь өмнө цайвалзан гарч ирэв ээ...

2000- 11 -06

Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

18 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

18 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

2025-08-19
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-19
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18