Баянголчууд Ажил олгогчдын клубтэй боллоо

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөхүүрийн ам наашилж, амралт зугаалгын улирал эхэлж байгаа хэдий ч зарим хүний хувьд найр наадам хөөцөлдөхөөсөө илүү урин дулаан цагт амжиж ажлын захтай болох хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд ажилгүй хүмүүс хүйтний улирал эхлэхээс өмнө ажил төрөлтэй болж өвлийн бэлтгэлээ базаан хүүхдүүдээ сургууль соёлд бэлдэх нь нэг том даваа. Харамсалтай нь хүсэхэд хясах гэгчээр улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал энэ замыг саад бэрхшээлтэй болгож байгаа нь нууц биш. “Хямарчихсан юм чинь одоо яах вэ дээ” гэлгүй нөөц боломждоо тулгуурлан хийж буй ажил, санал санаалчлагууд ч бий.

Түүний нэг нь өчигдөр болсон Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг байлаа.

Баянголын хувьд харьцангуй гэр хороолол багатай, худалдаа үйлчилгээний байгууллага ихтэй ч хүн амаараа нийслэлд гуравдугаарт ордог онцлогтой том дүүрэг юм. Тиймээс ажлын байрны хэрэгцээ шаардлага ихтэй. Гэхдээ дүүргийн хэмжээнд ажил хайж буйгаа мэдэгдэж бүртгүүлсэн идэвх санаачлагатай хүн 1500 байна. Энэ нь албан ёсны буюу идэвхтэй ажил хайгчдын статистик. Харин үүний цаана хэчнээн ажилгүй иргэн байгааг таахад бэрх. Юутай ч одоо байгаа нөөц боломждоо түшиглээд энэхүү өдөрлөгийг Баянгол дүүргийн ХХҮХ-ээс санаачлан зохион байгуулж, улмаар Ажил олгогчдын клуб байгуулахаар боллоо.

Тус дүүргийн ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр “Төр өөрөө тодорхой хэмжээнд ажилгүй иргэдээ ажил орлоготой болгохын тулд ажил олгогч байгууллагуудтай өдөр тутамдаа харилцаж, хамтарч ажиллах хэрэгцээ байдаг. Тиймээс өнөөдөр Ажил олгогчдын клубыг байгуулж буй юм.

Ингэснээр илүү олон ажил олгогч нартай өдөр тутамдаа харилцаж, хамтарч ажиллах боломжтой болно.  Тухайлбал, тогоочийн ажил хайгаад ирсэн иргэнд болж өгвөл олон ажлын байрыг санал болгоод тухайн хүнийг богино хугацаанд ажилтай болгохыг зорьж байгаа юм. Ажил олгогч байгууллагууд маань Ажил олгогчдын клубт нэгдсэнээр олон талын ач холбогдолтой.

Тухайлбал, бидний хамтарч ажиллаж буй “Эвсэг Хас сан” ТББ 2007 оноос хойш хүний нөөцийн чиглэлээр ажиллаж, мэргэшсэн байгууллага. Энэ байгууллага маань Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөх байгууллага юм. Тиймээс мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэдгийг онцоллоо.

Мөн ажил хайж буй хүн ажилд орохын тулд утас, унаа гээд тодорхой хэмжээний зардал гаргадаг. Ажил олгогч нар маань ч өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажилтан авахын тулд зардал гаргаж, цаг хугацаа зарцуулдаг. Төр бас ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд цаг хугацаа болон төсөв хөрөнгө зарцуул­даг. Харин энэ бүхнийг нэг цэг дээр холбож, зохицуулалт хийн энэхүү өдөрлөгийг зохион бай­гуулснаар хэн хэнийх нь зар­дал буурч, хэмнэгдэж бай­гаа нь бас нэг давуу тал юм. Үүнээс гадна тухайн ажил олгогч байгууллагуудын захиалгаар хүний нөөцийн анхан шатны сонгон шалгаруулалт болон бүрдүүлэлтийг нь олон улсын жишигт нийцсэн байдлаар хийж нэвтрүүлэх нэлээд хүнд, хэцүү ажлыг ч тус клуб амлаж аваад ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар 80 гаруй байгууллагын 200 орчим нээлттэй ажлын байрыг энэ өдөрлөгийг сонирхож очсон иргэддээ санал болгож байв. Ажил хайж буй иргэд өндөр цалин, хангамж сайтай, таатай нөхцөл байдалд зовлон багатай ажиллахыг мөрөөдөж, харин ажил олгогчид өндөр ур чадвартай хүнээр их ажил хийлгээд бага цалин өгөхийг хүсч байдаг. Энэхүү ашиг сонирхолын зөрчил өмнө нь байсан, одоо ч байдаг, байсаар ч байх биз. Гэтэл бодит амьдрал дээр нөхцөл байдал арай ондоо байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, ажил хайж буй иргэн маань ажил олгогчийн хүсээд байгаа шиг өндөр ур чадвартай биш тэр ч байтугай ямар ч мэргэжилгүй, харин ажил олгогч маань өндөр ур чадвартай хүнд таарч тохирон цалин хөлсийг нь өгч чадахуйц санхүүгийн нөөц боломжгүй байдаг нь үнэн. Энэхүү зөрчлийг бүрмөсөн арилгаж чадахгүй ч бууруулж, тодорхой хэмжээний зохицуулалт хийх нь Ажил олгогчдын клубын гол зорилго аж.

Тус клубын үйл ажиллагааг зохион байгуулагч “Эвсэг Хас сан” ТББ-ын тэргүүн Н.Болор-Эрдэнэ “Ажил олгогчдын клуб нь ажил олгогчдыг дэмжих зорилготой. Ингэхдээ санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгүүдийг зөвхөн төрөөс гэлтгүйгээр аль байж болох газруудаас бий болгож өгөх юм. Хоёрдугаарт, менежментийн зөвлөх үйлчилгээ буюу үйл ажиллагаагаа хэрхэн тогтвортой болоод үр дүнтэй, илүү дэвшилттэй зохион байгуулах вэ гэдгийг зөвлөдөг. Зөвхөн бидний зүгээс үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахаас гадна клубын гишүүд маань харилцан бие биеэ дэмжиж ажиллах ёстой.

Тухайн салбартаа тэргүүлэгч нэгэн байлаа гэхэд дөнгөж гарааны бизнес эрхэлж буй нэгэндээ зөвлөж, хамтарч ажиллах болон ажил олгогч нар маань өөрсдөө бараа, үйлчилгээгээ бие биедээ сурталчлан таниулж, хамтарч ажиллах боломжтой юм. Тухайлбал, нэг нь худалдан авагч байхад нөгөө нь түүхий эд нийлүүлэгч болж болно.

Ингэж хамтарч ажилласны үр дүнд ажил олгогч илүү тогтвортойгоор өсөн дэвших боломж нээгдэнэ. Энэ нь ажлын байрны тогтвортой байдалд болон шинээр ажлын байр нэмэгдэхэд нөлөөлөх юм. Мөн ажил олгогчдын бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлдэх мэдээллийн суурь бааз бүрдэнэ. Ажлын байрыг тогтвортой байлгахын тулд ажил олгогчдыг дэмжихээс өөр аргагүй. Бизнес нь өргөжин тэлж, хүний нөөц шаардагдахын хэрээр ажилгүй иргэд ажилтай болно. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйлчилгээг илүү хөгжүүлнэ” хэмээн цаашдын зорилго, үйл ажиллагааныхаа талаар зарим мэдээллийг өгсөн юм.

Хөдөлмөрийн зах зээл дээрх төрийн үйлчилгээ зөвхөн зуучлалын хэв маягтай яваад байгаа энэ цаг үед тус клубын үйл ажиллагаа нийгэмд хэрэгтэй юм байна. Ажил олгогчдын клуб ч 2007 оноос хойш хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа эрхэлжээ. Гэтэл зарим ажил олгогч өөрсдийн хэрэгцээ шаардлагаа мэдэхгүй байгаа нь ажиглагджээ. Тухайлбал, бусдын жишгийг дагаж ямар ч шаардлагагүй өндөр шаардлага тавиад байдаг аж.

Англи хэлний мэдлэгтэй, дээд боловсролтой гэх мэт танил болсон ажлын байрын зарыг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Энэ нь тухайн байгууллагын хүний нөөцийн менежментийн бодлого нь сайн биш байгаа учраас өөрсдөө юу хүсч, тэдэнд яг ямар хүн хэрэгтэй байгаагаа мэддэггүйтэй холбоотой аж. Тиймээс тухайн ажлын байранд тохирох ур чадварын шаардлагыг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж тодорхойлж өгөх болоод цаашилбал салбарынхаа гүнд орсон илүү олон ажлыг хийхээр төлөвлөж буй юм байна.

Харин одоо тус өдөрлөгт ажил хайж ирсэн иргэдийн сэтгэгдлийг хамтдаа сонирхоё. Дөнгөж сургуулиа төссөн залуугаас эхлээд тодорхой хэмжээний ажлын туршлагатай иргэд болон бүр тэтгэврийн насны ахмадууд ч ажил хайж ирсэн байлаа.    

С.Алтангэрэл: Зуслангийн аж ахуй хийж болмоор санагдлаа

/Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн/

-Ажил хайх хэцүү байна. Өнгөрсөн оны зургадугаар сард “Мон Алтиус” биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн. Ажил идэвхтэй хайж байгаа. Байнга энд тэнд очиж анкет бөглөдөг. Эргээд ярина гэдэг ч ярьсан нь үгүй.

Хорооныхоо фэйсбүүк хуудаснаас энэ өдөрлөгийн талаар мэдээлэл аваад ирсэн. Нээлттэй ажлын байруудтай танилцаж, зуслангийн аж ахуйн ажлын байр хийж болмоор боломжийн санагдаад анкет бөглөчихлөө. Ирэх сарын сүүлчээр хүмүүсээ дуудаж авна, цалин эхлээд 500 мянган төгрөг, тэгээд яваандаа өснө гэж байна.

С.Батмөнх: Миний насны хүнд ажил олддоггүй

/Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн/

-Би жолооч хүн. Насаараа л машин барилаа. Одоо 55 настай. Тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй. Гэвч нээлттэй ажлын байрууд ихэвчлэн нас заачих юм. Энэ өдөрлөгийн талаар хорооныхоо мэдээллийн самбараас уншаад ирсэн. Жолоочийн орон тоо байх нь байна. Гэхдээ бас л нас зааж, хамгийн дээд талын насыг нь 35 гэж заажээ.

Ингэхээр миний насны хүнд ажил олддоггүй. Үүнээс гадна ажил олдлоо гэхэд цалин хангамж нь их муу байдаг. Сарын цалин ихэвчлэн 500 мянга гэнэ. Түүнээсээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 300 гаруй мянган төгрөг ирнэ. Гэтэл өнөөдөр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Байрны мөнгөнд хэдийг нь өгч, хэдээр нь амьдрах вэ. Тэгээд ч өргөн хэрэглээний барааны үнэ ханш өсчихсөн шүү дээ. Би өмнө нь Өмнөговь аймагт түгээлтийн компанид жолооч хийж байсан. Ажилгүй болоод жил гаруй болж байна.

Б.Гантуяа: Цалин багатай ч хамаагүй ажилтай л болмоор байна

/Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн/

-Дүүргийнхээ ХХҮХ-т ажил хайж бүртгүүлчихсэн байсан учраас “Энэ өдөрлөгт ирж сонирхооч” гэж утсаар хэлсэн. Миний хийж чадахаар ажлын байр байгаа эсэхийг сонирхохоор ирлээ. Би хагас жил ажил хайж байна. Одоо ажил хайж олоход хэцүү болжээ.

Өчнөөн удаа анкет бөглөөд эргүүлж дуудаж байгаа газар алга. Өмнө нь би анкет бөглөөд ярилцлагад ороод л ажлаа олж байлаа. Хувийн салбарт буюу тодруулбал, олон улсын сургуульд захирлын туслахаар ажиллаж байсан туршлага бий. Их өндөр төвшинд биш ч гэлээ англи, солонгосоор ойлгоод ярилцах хэмжээний гадаад хэлтэй. Цалин багатай ч хамаагүй ажил олох л хүсэл сонирхолтой байна даа.

Д.Нямдулам: Намар есөн сар хүртэл ажил хийнэ

/Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн/

-Би тогооч мэргэжилтэй. Юу ч болсон сонирхсон ажлын байран дээрээ гурван газарт анкет бөглөөд орхилоо. Зарим байгууллага анкет бөглүүлчихээд ямар ч хариу өгөлгүй чимээгүй болчихдог. Энэ нь хүлээлт үүсгээд хэцүү байдаг. Авах, авахгүй шийдвэрээ утсаар хэлчихэж байвал зүгээр санагддаг. Би Цагаан сараас хойш гэртээ хүүхдээ харж байна.

Одоо сургууль, цэцэрлэг тарж байгаа учраас эгчээр нь дүүг нь харуулаад өөрөө ажил хийх санаатай. Намар есөн сар хүртэл ажил хийнэ. Би уржигдар “Жүр Үр”-ийн оффис дээр очиж анкет бөглөсөн. Мөн энэ өдөрлөгт ирсэн нээлттэй ажлын байрны саналуудыг үзэж байгаад жуулчны баазад тогооч хийхээр бүртгүүлж, анкет бөглөсөн.

Эх сурвалж: http://mminfo.mn

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

9 цаг 9 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

11 цаг 29 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

11 цаг 38 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

11 цаг 41 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

14 цаг 7 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

20 цаг 5 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

20 цаг 5 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 5 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

Уржигдар 18 цаг 48 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Уржигдар 13 цаг 58 мин