
Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгатай ярилцлаа.
-Та саяхан найман багийнхаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон гэсэн. Иргэд юуг чухалчилж байна вэ?
-Би сумын Засаг даргын үүрэгт ажлыг аваад таван сар боллоо. Мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ боловсруулахдаа иргэдээсээ саналыг нь авсан. Саяхан сумынхаа иргэдтэй уулзлаа. Уулзалтад ирсэн хүн бүр ямар нэг асуудалтай түүнийгээ шийдвэрлүүлэх, санаа оноогоо хэлэх сонирхолтой байдаг юм байна. Нийт 600 гаруй хүнтэй уулзлаа. Иргэд олон асуудал ярьж байна. Бидний шийдэх асуудал ч цөөнгүй байна.
Энэ онд Сүхбаатар сумын 80 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан иргэд маань нэлээдгүй санааг бидэнд хэллээ.Манай ахмадууд маш олон ажил хийхээр санал санаачлага гаргаж байна лээ. Сүхбаатар хотын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх тов гарчихсан байгаа.
-Түүхэн ойгоо угтаад ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-80 жил гэдэг багагүй хугацаа. Ойгоо угтаж хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулчихсан. Долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Түүхэн ойдоо зориулсан ном, сэтгүүл хэвлүүлэхээр төлөвлөсөн.Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудад байгаа нутгийн зөвлөл, уугуул суугуул иргэдтэйгээ уулзахаар төлөвлөөд байна. Тэднийгээ ойдоо оролцуулна. Мөн дууны шүлгийн уралдаан, түүхэн ховор гэрэл зургийн уралдааныг зарлаад байгаа.
-Өмнөх түүхэн ойгоо тэмдэглэсэн газруудын сайн туршлагаас харж байхад цэвэр тохилог орчин бүрдүүлсэн байгууллага, баг хороо, айл өрхийг шалгаруулсан байдаг. Энэ мэт эерэг сайхнаар үлдэх ажлыг төлөвлөсөн байх?
-Газрын өнгө сэргэж урин цаг ч ирж байна. Хамгийн түрүүнд хоггүй хот болно. Хоггүй орчинд амьдарна гэдгийг хүүхдүүддээ ойлгуулна.
Хог хаяж болохгүй гэдэг сэтгэхүйг багаас нь суулгаж өгөхийг зорьж байгаа юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийнхээ дунд орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах, өнгө үзэмжтэй болгох, нэр хаягаа өнгө зүс сайтай, тодорхой болгох тал дээр уралдаан зарлая гэж ярилцаж байна.
Сүхбаатар суманд маань “Хөгжлийн хөтөч дэд бүтцийн төсөл” хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр гудамж зам талбай орчин үеийн стандартад нийцсэн үнэхээр сайхан болно. Төслийн хүмүүс ирээд бодит байдалтай танилцаж судалгаа хийгээд явсан. Төслөөр 5.9 км замыг тохижуулж, явган хүний болон дугуйн зам, түүнийгээ дагасан ногоон байгууламжтай болно.
-2017 онд хийхээр төлөвлөсөн иргэд рүү чиглэсэн, онцлох ажил юу байна вэ?
-Ш.Оргил даргын идэвх чармайлтын дүнд 50 мвт-ын Дулааны цахилгаан станц баригдана. Энэ станц олон давуу талыг манай иргэдэд авчирна. Халаалтын болон цахилгааны үнэ буурна Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нэлээд дөхөм болох боловуу гэж харж байгаа. Ажлын байр нэмэгдэнэ. Сая иргэдтэй уулзаж явахад нэг багийн 80 гаруй айл нэгдчихсэн дулааны шугамаа татуулмаар байна гэж байна.
Салхитын ам руу дулаан хүрэх боломжгүй гэхээр одоогийн станцын хүчин чадал тэр өндөрлөг рүү дулааныг хүргэж чаддаггүйтэй холбоотой. Харин энэ том станц ашиглалтад орсноор айл өрхүүд маань нэгдээд дулаанаа татуулах боломж бий болно. Сүхбаатар сум маш бага газар нутагтай. Иргэд маань Алтанбулаг, Шаамар сум руу очиж газартай холбоотой асуудлаа шийдүүлдэг. Манай сум 388 мал бүхий иргэдтэй. Иргэд маань малтай байхын тулд, хадлангаа бэлдэхийн тулд нөхөр нь Зүүнбүрэнгийн харъяат, эхнэр нь Сүхбаатар гэх мэтээр хоёр суманд данстай байх тохиолдол байна. Тиймээс иргэдээс газар нутгаа тэлүүлж өгөөч. Энэ асуудлыг холбогдох дээд шатны удирдлагууддаа тавиач гэсэн санал хэлж байна.
-Энэ том сумыг удирдана гэдэг амаргүй. Бүрэн эрхийнхээ хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа байх?
-Мөрийн хөтөлбөрт маань олон ажил төлөвлөгдсөн. Энэ жил төмөр замын байруудыг хэрэглээний халуун устай болгоно. Барилгын 24 дүгээр байранд усыг нь оруулна. Орцных нь гэрэлтүүлгийг шийднэ. Барилгын зарим байруудыг СӨХ-д хамруулах асуудлыг ярилцаж байна. Сумын хэмжээний гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг орлогч дарга маань хариуцна. Цахилгаан бага хэрэглэдэг лед гэрэлтэй болгоно.
-Багийн дарга нар шинээр сонгогдлоо. Шинэ дарга нарт ямар чиглэл өгсөн бэ?
-Зургаан багийн Засаг дарга томилогдоод ажиллаж байна. Бүх дарга нартаа иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, нарийвчилсан судалгааг гаргаж, цаг ямагт иргэдтэйгээ ойр ажиллах үүргийг өгсөн. Одоо бидэнд ажиллах л үлдсэн. Юу дутлаа гэх вэ. Аймгийн дарга маань аймгаа, сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд маш их анхаарал тавин ажиллаж байгаа.
-Сүхбаатар сум бусад сумтай харьцуулахад газар нутаг бага. Аймгийн төв гэдэг л давуу талтай харагддаг...?
-Тийм ээ бусад сумдтай харьцуулахад онцлогтой. Хүм амын төвлөрөл ихтэй. Газар нутаг багатай. Байгалийн баялаг болон тариалан байхгүй. Мал аж ахуй бага. Энд төрж өссөн, сургууль соёлоо төгсөөд явсан олон иргэн байдаг. Сайн сайхан амьдарч яваа нутаг орныхоо төлөө сэтгэл зовниж байдаг, манай нутаг ямар байна гэсэн хүн олон байна. Гадаадаас хүртэл хүмүүс холбогдож байна. Авто машин, мотоциклийн Дрифтийн холбоо гэж байдаг юм байна. Энэ холбооны дарга Амгалан гэж хүн ярьсан. Олон хотын нэрэмжит дрифтийн тэмцээнийг ойгоороо хийе гэж.
Сүхбаатар хотын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд өдрийнхөө цалинг ойдоо хандивлая гэсэн санал гаргаж байна лээ.Цэцэрлэг, сургуулийн захирлууд бид юу хийх вэ гэхийн зэрэгцээ цэцгийн үр суулгацыг хандивлаж байна. Төв талбайгаа Цагаан-Эрэг, Гэрэлт хөшөө цогцолбороо цэцэрлэгжүүлье гэсэн маш саналууд гаргаж байгаад талархаж байна.
Бид цэнгэлдэх хүрээлэндээ орчин үеийн хөлбөмбөгийн зүлэгтэй талбайг эхлүүлсэн. Гэрэлт хөшөө орчмыг мөн тохижуулна. Бидэнд ярилцсан юм багагүй байна. Дулаан орохоор ажил нь эхэлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин