
Б.ЭНХТУУЛ
Хүн болж төрсний гавъяаг газарт гишгэсэн хөлийн мөр төдийхнөөр хэмжих аргагүй юм. Хожмын өдөр эргээд харахад гишгэсэн мөр нь тод томруун үлдэхийн сацуу хэлэх үгтэй, хийсэн ажилтай, тэрхүү ажил үйлс нь олны дунд мөнхөд дуурсагдан үлдэх шиг сайхан зүйл үгүй. Энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо тийм нэгэн эрхмийг онцлов.
Олны дунд “Зүрхний эмч Ц.Даваацэрэн” хэмээн хүндлэгдсэн, үхэл, амьдралын заагаас олон хүний халуун амийг аварсан тэрээр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор, 2016 оны “Шилдэг эмч” Ц.Даваацэрэн юм.
МЭС ЗАСЛЫН ЭМЧ БОЛСОН ТҮҮХ
Хэдийгээр хүн болгон эмч болж болох ч хүний амь авардаг, алтан гартай эмч болно гэдэг хэн хүнд амархан олдох хувь заяа биш. Тиймээс сонсоод халширмаар, бас сониучирхан сонсмоор мэс заслын эмчийн цаг, завыг харж, яриа өрнүүлэх боломж арай гэж олдов.
П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хэдийд ч гүйгээд очиход хөл ихтэй угтдаг газар. Тэр хэрээр Зүрх судасны мэс заслын тасаг өдөрт 2-3 хагалгаатай, сардаа 30 гаруй хагалгаатай, ачаалалтай ажилладаг гэж ойлгож болно. Ц.Даваацэрэн эмчийн өрөө их энгийн юм. Өөлсөн хүнд тав тух муутай ч юм шиг. Ганц ажлын ширээ, суухад тух муутайхан хоёр сандал, саарал дэвсгэртэй ганц нарийн буйдан, өмнө нь жижигхэн шилэн ширээ байх. Санаагаар болдог бол өдөрт олон цаг хагалгааны өрөөнд хүний алтан амь аврахын төлөө цустай “ноцолдож”, хөлөө чилтэл олон цаг зогсч ажилладаг эмч нарынхаа өрөөг амралтын өрөө шиг тохижуулах юмсан гэж бодогдов. Даанч, монголчууд бидний боломж нь тиймхэн юм даа.
Ц.Даваацэрэн эмч эрүүл мэндийн салбарт 33 жилдээ ажиллаж байгаа нэгэн. Ярилцахад энгийн ааш, маяг алга. Харин ярьж суух зуураа үе үехэн хагалгаанд орсон хүний бие асуухаар гарч гүйх нь тиймхэн. Зүрхний эмч маань ийм л завгүй нэгэн аж. Тэрээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. 1984 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргэжээ. Бидний яриа эмч болсон түүхээс эхлэв.
Эрхэм эмчийн аав, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Ж.Цэднээ гэж байжээ. Сумандаа Худалдаа, бэлтгэлийн газрын түүхий эдийн эрхлэгч, багийн дарга хийж байсан, хэрдээ таарсан боловсролтой хүн байжээ. Ц.Даваацэрэн эмч “Тонхил сумынхан аавыг минь андахгүй сайн мэднэ. Дайдаа гэж авгайлдаг сан. Харин ээж минь Тонхил сумын сургуульд насаараа тогооч хийсэн, П.Баяр гэж хүн байлаа. Хүмүүс Дүмээ гэж авгайлна. Тонхил сумын сургуульд сурч байсан хүүхдүүд бүгд таньдаг байж билээ. Ээж минь Ховд аймгийн Цэцэг сумынх. Ховдын Цэцэг сумын II баг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо баригад хоёр зэргэлдээ оршдог. Аав, ээж хоёрын минь айл болсон түүх бас үүнтэй холбоотой хэмээн дурсав.
Олон хүүхэдтэй айлд ядаж нэг эмч байх хэрэгтэй гэсэн явган яриа байдаг. Ц.Даваацэрэн эмч тэр л жишгээр эмч болжээ. Эцэг, эхээс есүүлээ өссөн, айлын том хүү аавынхаа хэлснээр эмчийн мэргэжлийг сонгожээ. Аав минь манай гэрийн менежер байлаа. Манайд нэг эмч, нэг жолооч, нэг нягтлан байх хэрэгтэй гэж хэлдэг байв. Есөн хүүхдийн тав нь эрэгтэй, дөрвөн нь эмэгтэй. Манай дүү нар жолооч, нягтан, эмч гээд бүгд аавынхаа хэлснээр мэргэжил эзэмшээд, өөр өөрийнхөөрөө ажиллаж, амьдарч байна. Аав минь намайг анх “Чи эмч болох ёстой” гэж хэлж байсан. Надад ч эмч болох хүсэл байв. Харин мэс заслын эмч болъё гэсэн хүсэл тээж явсан нь өнөөдөр биеллээ олсон хэрэг. Мөн мэс заслын эмч болоход МонголУлсын төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бундан багш маань надад их тус болж байлаа” гээд багшийгаа бас дурсав.
АЖЛЫН ГАРАА БУЮУ АНХНЫ ТОМИЛОЛТ
Амьдрал алдаа оноо, хөгжилтэй хөөртэй дурсамжаар дүүрэн байдаг. Ц.Даваацэрэн эмчийн анхны томилолт, ажлын гараагаа эхэлсэн түүх бас л сонин. 1984 онд Анагаахын дээд сургууль төгссөн, шинэхэн эмчид Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт очиж ажиллах хуваарь таарчээ. Сургуулиа төгсөхдөө эхнэр, хүүхэд, гэр бүлийн амьдралаа төвхнүүлээд амжсан сэргэлэн оюутан нутагтаа очиж ажиллана гэсэн бодол тээн хөдөө явах хуваариа сонсохоор сургууль дээрээ иртэл, Анагаах ухааны хүрээлэнгийн Мэс заслын секторт, эрдэм шинжилгээний туслах ажилтан, их эмчээр томилсон сайдын тушаал уншив. Говь-Алтай аймагт очиж ажиллахаар намайг мэс заслын эмчээр ажиллуулдаг болов уу, яадаг бол гээд бодож, зогстол ийнхүү хотод хуваарилагдчихсан байв. Тэрээр өмнө нь Анагаах ухааны хүрээлэнд Ц.Бундан багшийн удирдлагад хэд хоног дадлага хийж байсан нь багш, шавь хоёрыг анагаахын салбартай, тэр дундаа зүрхний мэс засалч болох энэ хувь заяатай холбож өгчээ.
“...Намайг дадлага хийж байх үед Ц.Бундан багш надаас “Чи мэс заслын эмч болох уу. Зүрхний мэс заслын эмч болвол яаж байна? гэж асууж байсан юм. Би мэс заслын эмч болох хүсэлтэйгээ хэлж байлаа. Харин багш тэр үед юм хэлээгүй. Анагаах ухааны хүрээлэнгийн Мэс заслын секторт хуваарилагдсан нь ийм учиртай байв. Гэтэл Говь-Алтай аймгаас “Бид хүнээ авч ажиллуулмаар байна” гэсэн бичиг ирээд болдоггүй.
Нэг өдөр ЭМЯ-ны Боловсон хүчин Лхамжав гэж хүн намайг дуудаад, “Чи хөдөө явж ажилла. Хотод юугаа хийгээд байгаа юм бэ” гэж загнав. Багшдаа хэллээ. “Намайг Говь-Алтай явж ажилла гэж байна. Нэгэнт миний хуваарь гарчихсан учраас явъя” гэхэд юм хэлсэнгүй. Гурав хоногийн дараа багш намайг дуудав. “Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр очиж ажилла“ гэж байна. Социализмын үед бүх юм дэгтэй байсан. Тэгээд Баян-Өлгий аймаг руу зургаан сарын хугацаатай очиж ажиллахаар болов. Баян-Өлгийд таних хүн байхгүй. Эмнэлгийн нэг булангийн өрөөнд түр байрладаг юм. Баян-Өлгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга нь Марзей гэж хүн намайг Ногоон нуур гээд сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр хуваарилснаа дуулгав. Би үнэнээ хэллээ. “Би саяхан сургуулиа төгссөн. Олгой ч олигтой авч чадахгүй. Хүн хохироож чадахгүй” гэлээ. Тэгээд багшаасаа айж, эмээж байсан ч утасдаад хэлсэн. Ц.Бундан багш маань их мундаг хүн. Дуу цөөнтэй, олон таван үггүй, хүн ялгаж харьцдаггүй хүн байсан. Гэтэл багш маань юу ч хэлсэнгүй, утсаа салгачихсан. Оройхон намайг Марзей дарга дууддаг юм байна. “За чи манай нэгдсэн эмнэлгийн Мэс заслын Н.Есей эмчийг дагалдаж, ажилла” гэж байна. Бөөн баяр болж байлаа. Анхны томилолт, ажлын гараа минь ингэж л Өлгий нутгаас эхэлж байв. Тэндээс сурсан зүйл их бий” хэмээн түүх сөхөв.
“Ц.БУНДАН БАГШ ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛЧ БОЛОХ ЗАМЫГ ЗААСАН”
Эмч хэмээх хариуцлагатай ажил албыг сайн багшгүйгээр төсөөлөхын аргагүй.Шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг шиг бид сурсан, мэдсэнийхээ шидийг үзэх бүрт л багшаа дурсч, дотроо талархаж явдаг. Бидний яриа ч бас энэ сэдвийг тойрсонгүй. Ц.Даваацэрэн эмч яриан дундаа багшийгаа байнга магтах нь Ц.Бундан багшийн үг, сургаалийг сэргээн санах боломжийг бас олгов. Тэрээр “Ц.Бундан багш минь их сайхан хүн байлаа. Хүнд дандаа зөвийг хэлж өгнө. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй. “Чи стор битгий эмчил. Хүнээ үз, хүнээ эмчил” гэж их хэлдэг байлаа. Багшаасаа их юм сурсан. Даанч дэндүү эрт яваад өгсөнд нь одоо хүртэл харамсаад байдаг юм.
Анагаах ухааны хүрээлэнд Мэс заслын секторт эрдэм шинжилгээний ажилтан, туслах эмчээр ажиллахад амаргүй байлаа. Энэ хооронд Говь-Алтай руу томилолтоор явах гээд бас хөөгдсөөр л байв. Багш минь хөөцөлдсөөр энд авч үлдсэн.
1986 онд Ц.Бундан багш минь намайг бие дааж хоёр хавтаст хавхлагийн нарийсалтай хүнд мэс засал хий гэхэд нь их сандарч билээ.Тэр миний хийсэн анхны хагалгаа байв. “Би ийм хүнд хагалгаа хийж чадахгүй” гэтэл багш маань“Ингээд байвал яаж эмч болох юм” гээд загнасан. Тэгээд аргагүйн эрхэнд тэр хагалгааг бие даан хийж билээ. Халшрах, айх эмээх, санаа зовинох зүйл их байлаа.Тэгээд маш их хичээсэн, хагалгаа амжилттай болсон. Удалгүй өвчтөний маань бие нь илааршаад сайхан болсон. Тэр үед багш минь надад урмын үгийг харамгүй хайрлаж байсан. Багшийн минь магтаал, зэмлэл хоёр намайг хурцалж, өдий хүртэл энэ мэргэжлээр ажиллах урам зориг, эрч хүчийг өгсөн. 1987 онд Москва хотын Бакулевийн нэрэмжит Зүрх судасны мэс заслын институтэд зүрхний мэс заслын мэргэжил дээшлүүлэх курст суралцаад ирсэн.Түүнээс хойш багшийнхаа зааж сургасан ач буянаар, энэ чиглэлээр ажиллаж явна даа” гэв.
Хүмүүний амьдралд баяр гуниг хосолж байдаг жамтай. Эрүүл мэндийн салбарт, хүний халуун амийг амрахын төлөө нойр, хоол, амрах цаг заваа хугаслан яваа эрхэм эмч маань ижий, аав болон багшийгаа эрт явсанд нь дотроо жаахан харамсч, гунигийн сүүдэр тээж явдагаа нуусангүй.
“...Миний аав “Өглөө эрт босч бай. Хүнд худал хэлж болохгүй. Амласан бол амласнаа заавал биелүүл. Чадахгүй, мэдэхгүйг бусдад битгий амла” гэж хэлдэг байв. Аав минь их залуухан, 55 настайдаа биднийг орхисон. Ээж минь түүнээс хойш 64 нас хүрсэн.Байвал байх л нас. Би заримдаа өөрийгөө тавилан муутай хүн юм даа гэж бодож суудаг. Аав, ээж хоёр минь, багш минь залуугаараа хорвоогоос явчихсан гээд гуниж суух өдөр олон байдаг юм. Аав минь намайг оюутан байхад өнгөрсөн. Биднийг сургууль соёл төгсч амжаагүй, амьдралын зухаас атгаж амжаагүй байхад явчихсан. Ааваас хойш ээж минь биднийг гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэх гэж их хичээсэн. Есөн хүүхдийг ажилтай, амьдралтай болгох гэж бидний төлөө бүхий л сэтгэлээ чилээсэн.
Би заримдаа боддог юм. Өгсөх хүн ээжтэйгээ үлдэж, уруудах хүн эцэгтэйгээ үлддэг гэдэг үнэн байх. Миний ээж, намайг эмч болох, эрдмийн зэрэг хамгаалахыг үзсэн. Харин аав минь харж амжаагүй” хэмээн сэтгэлээ уудлав.
“ЗҮРХ Л ЦОХИЛВОЛ, АМЬДРАЛ ДАХИАД ҮРГЭЛЖИЛНЭ...”
Өвчин бага ч үхэхийн шалтгаан гэдэг. Тиймээс зүрхний хагалгаа гэдэг том, жижиг гэлтгүй амаргүй байж таарна. Өвдсөн зовсон хэн нэгнийг хагалгаанд ороод гарах, хагалгаа амжилттай болох, ард нь тэр хүний бие тэнхрэх хүртэл мэс заслын эмчийн санаа ер амардаггүй. Хагалгаа амжилттай болсон ч дараагийн хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй. Шарх идээлэхээс эхлээд зүрхний дутагдалд орох зэрэг олон хүндрэл гарна. Харин тэр хүн хөл дээрээ босох үед үрчлээ тэнийх шиг сэтгэл хөнгөн суух тэр мэдрэмж хамгийн сайхан... хэмээн ажил, мэргэжлээрээ бахархах нь сэтгэлийг бас хөдөлгөх аж.
Ц. Даваацэрэн эмч 1995 онд мэс заслын тэргүүлэх зэрэг хамгаалсан, 2000 онд “Зүрхний төрөлхийн гажиг, ховдол хоорондын таславчийн цоорхойг мэс заслаар эмчлэх үеийн ба дараах хүндрэлийг бууруулах арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2011 онд клиникийн профессор цол хүртсэн, 2015 онд дэд профессорын зэрэг хамгаалсан. 2016 оны “Оны шилдэг эмч”-ээр шалгарсан байдаг. Тэрээр ажлынхаа амжилт бүрийг багшийн минь, хамт ажиллаж буй баг, хамт олны минь гавъяа гэж ярих дуртай аж.
“...Миний өдий зэрэгтэй явж байгаа нь хамт ажиллаж буй баг хамт олны минь ач. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич, доктор, профессор Н.Баасанжав, гавъяат эмч Ж.Моондой, О.Бадамцэрэн, Д.Цэгээнжав, О.Сүхбаатар, мэс заслын эмч н.Цэцгээ, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, нутгийн эмч Ё.Бодьхүү гээд олон мундаг эмчийн нөмөрт ихийг сурч, өдий хүртэл явж байна” гэв. Мөн хамт ажиллаж буй тасгийнхаа баг, хамт олон залуу эмч нараа магтаж, урамшуулахаа мартсангүй.
“Манай тасаг дотроо зүрхний төрөлхийн гажиг, зүрхний олдмол гажиг, судасны гэсэн гурван чиглэлээр төрөлжөөд ажиллаж байна.Нийт 10 эмч, 24 сувилагч ажилладаг. Нэг хагалгааны ард нойрсуулагч эмч, цусны зохиомол эргэлтийг ажиллуулдаг эмч, кардлиогийн эмч гээд хагалгаа бүрийн ард 7-8 эмч ажилладаг. Залуу эмч нар маань бүгд чиглэл чиглэлээ хариуцаад ажиллана. Одоо тэд надгүйгээр ч зарим хагалгаагаа гардаад хийчихдэг болсон. Харин сувилагчгүйгээр бидний ажил урагшлахгүй. Манай залуус бүгдээрээ идэвх зүтгэлтэй, санаачлагатай. Цалин багатай, цаг зав багатай, сарын 500 мянган төгрөгийн цалинтай гэж голж, гомдоллохгүйгээр ажилдаа сэтгэлээ гаргаж ажилладаг. Ёстой л санаагаар болдог бол залуу эмч, сувилагч нараа төр, засгаас бодлогоор дэмжээсэй гэж боддог. Гэхдээ нэг үеэ бодвол биднийг төр, засгаас дэмждэг болсон. Эмнэлгийн захиргаанаас ч тусалж, дэмжиж байна. Бидний ажил түрүү түрүүчийнхээсээ ч илүү цэгцрээд, ажиллахад урамтай сайхан болсон. Одоо бидэнд өмнөө тавьсан зорилго их байна.
П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн залгамж халааг бэлтгэх тал дээр эмнэлгийн дарга Ц.Төмөр-очир, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С. Наранцэцэг нар их анхаарч байгаад дотроо их баярлаж, талархаж суудаг юм. Энэ ганц манай эмнэлгийн асуудал бус улсын хэмжээний, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй нарийн асуудал учраас төр засгаас эмч, эмнэлгийн биднийг дэмжиж ажиллаж байгаад баяртай байдаг... хэмээн ихийг төлөвлөж суух нь бас л урамтай сайхан санагдав.
“СЭТГЭЛ БАЙВЧ НАДАД ЗАВ БАЙСАНГҮЙ. ЭХНЭРТЭЭ ИХ ТАЛАРХАЖ ЯВДАГ ДАА”
Мэс заслын эмч байна гэдэг яггүй ажил. Дээрээс нь аливаа ажил үйлс урагштай сайхан явна гэдэг ард нь дандаа сайн хань ижил, гэр бүлийн дэмжлэг нуугдаж байдаг.Тиймээс зав муутай, яаруухан суух эмчийн хувийн амьдрал руу өнгийж, хэдэн зүйл асуув.
Ц.Даваацэрэн эмчийн эхнэр Увс аймгийн Хяргас сумын уугуул Ч.Цэрэн гэж эмэгтэй байдаг аж. Яриан дундаа ажил, албаа магтах эмч маань хувийн амьдралаа төдийлөн дэлгээгүй. Харин асуултанд минь төвөггүйхэн хариулсан. Тэрээр “Би нэг бодлын бас их азтай хүн. Бүх л амьдралын минь туршид ажлыг минь ойлгож, хүндэлж, үр хүүхдээ эрүүл саруул өгсөх, сургууль соёлтой, зөв хүмүүжил төлөвшилтэй болоход бүхий л сэтгэлээ зориулан суугаа хань ижилдээ талархаж явдаг юм. Эхнэр минь эх баригч, бага эмчийн мэргэжилтэй. Эрүүл мэндийн салбарыг ойлгодог хүн. Сүүлд өөр мэргэжлээр ажилласан. Бидний мэдэх эх нялхсын төвд статистикч эмчээр олон жил ажилласан” гэв.
Шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг, эр нөхрийн эзгүйд айл гэрийнхээ бүхий л ажлыг амжуулж суудаг түүний гэргийг олон сайхан үгээр магтмаар санагдав. Хүний ажил мэргэжлийн онцлог байх. Ц.Даваацэрэн эмч жаахан тэвдүү зантай. Харин эхнэр нь дөлгөөн, тайван зантай хүн байдаг гэв. Алив юмны учир, утга орчлонд дандаа тэнцэж байдаг гэдэг л энэ байх. Түүний яриан дунд бас эхнэр нь мөн ч тэвчээртэй, ухаалаг бүсгүй юм гэж бодохоор зүйл олон цухалзав.
Ц.Даваацэрэн эмч “Үнэнээ хэлье. Би өнөөдөр талхны үнэ хэд байгааг ч мэдэхгүй. Үр хүүхэддээ оймс, гутал авах гээд нэг ч удаа зах гарч байсангүй. Сэтгэл байвч надад тийм зав байсангүй. Ийм л амьдрал дунд ар гэрийн минь бүхий л ажлыг асуудал багатайгаар шийдвэрлэж ирсэн ханьдаа талархаж амьдрахгүй ч гээд яах юм. Би өнөөдөр энэ л хүний дэмээр өдий зэрэгтэй яваа”...хэмээн магадгүй, эхнэртээ нэг ч удаа хэлж байгаагүй, талархлын үгсийг сониноор минь дамжуулсан юм. Ц.Даваацэрэн эмчийнх дөрвөн хүүхэдтэй. Гурван охинтой, ганц хүүтэй. Ганц хүүгээ эмч болгоё гэж бодож байсан ч гэрийн бараа хардаггүй, энэ ажлыг хүүдээ өвлүүльё гэж бодсонгүй. Хүү минь эдийн засагч мэргэжилтэй болсон гэв. Мөн “Хүн заавал дээд боловсролтой байх албагүй. Харин чаддаг зүйлтэй байх хэрэгтэй. Хүний өөрийн хүссэн, сонирхсон мэргэжил ажил амьдралдаа сэтгэл хангалуун явах тэр орчныг бүрдүүлж өгдөг. Би үүнийг аавынхаа ухаанаас олж харсан” хэмээн ярих нь бас санаж, сэрэх үг санагдав. Бидний яриа мөн энэ хүрээд өндөрлөв.
Хүний алтан амийг аврахын төлөө өдөр, шөнийн алинд ч мэс заслын ширээний ард минут, секунттэй уралдан зогсох эрхэм зүрхний эмч Ц.Даваасүрэн таньд эрүүл энхийг хүсье. Бусдад буян болвол хариу нь дандаа ирдэг билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин