
Т.САЙХАН
Улс төр мэдээллийн www.polit.mn сайт өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
1.Н.Энхбаяр, М.Энхболд, Х.Баттулга нар Ерөнхийлөгчид нэр дэвшлээ
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Н.Энхбаяраа нэр дэвшүүлэхээр болсон. Харин
МАН энэ сарын 3-нд болсон бага хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Тус намын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлж Бага хурлын гишүүд М.Энхболдыг дэмжлээ.
Харин АН бүх гишүүдийнхээ олонхын саналаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Тодруулбал, АН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаанд зургаан хүн өрсөлдсөнөөс намын гишүүдийн дунд орон даяар зохион байгуулсан санал хураалтад УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон саналыг авсан юм.
Ингэснээр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гурван эрхмийн нэр ил болов.
2.МАХН-ынхан жагсав
МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр батламжилсан. Харин СЕХ түүнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байгаа. Үүнтэй холбогдуулан МАХН-ын гишүүд өнгөрсөн баасан гараг /05.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын дарга, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нарт шаардлага хүргүүлсэн юм.
Шаардлагад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль шүүхийн байгууллага тулгамдаж байгаа асуудал, ялангуяа хуулийг завхруулж байгаа явдлыг таслан зогсоох ёстой гэсэн асуудлыг хөндсөн юм байна. Мөн МАХН-ынхан Их хуралдай зохион байгуулж улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх шийдвэрт хүрчээ.
3. “Рио Тинто” Монголын эрх баригчдыг яллаа
УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтаас болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ажилд гацаа үүсээд байгаа билээ. Тиймээс эрх баригч намынхан бүлгийн хурлаараа уг асуудлыг хэлэлцээд дээрх заалтыг өөрчлөх шийдвэрт хүрсэн юм. Уг асуудлыг өчигдөр /05.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 65.5 хувийн саналаар дэмжин баталлаа. УИХ-ын гишүүн Ч.Даваасүрэн шууд баталж байгаа нь эргээд Үндсэн хуулийн цэцэд дуудагдан хууль зөрчсөн асуудалд орох вий гэсэн болгоомжлол байгааг хэлсэн юм. Монголын баялаг Монголын банкаар гарах ёстой гэсэн утга бүхий дээрх тогтоолын заалтыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүд санал оруулж дэмжүүлсэн. Гэвч уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид тэр дундаа “Рио Тинто”-д дээрх заалт таалагдаагүй учраас ОУВС-д шахалт үзүүлж, манай улсын хөтөлбөрийг хойшлуулаад байгаа юм” гэлээ. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Би Засгийн газрын гишүүн биш. Ардчилсан намыг эрх барьж байхад би ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаач ээ гэж хэлдэг байсан. Бие биенээ айлгаад доромжлоод энэ хямралт байдлаас гарахгүй. Ийм учраас хөтөлбөрт орох ёстой” гэлээ. Ямартай ч хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой гэсэн заалт хүчингүй болж байна.
4.“Эрх ашгаа хамгаалъя” тайван жагсаал боллоо
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр өнгөрсөн даваа гарагт тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал зохион байгуулж байна. Засгийн газраас долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр болж УИХ-аар батлуулсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Монголын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэн “Эрх ашгаа хамгаалъя” тайван жагсаалыг зохион байгуулсан юм. Уг жагсаалаар өнгөрсөн 2016 онд УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогч, иргэдэд амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байлаа.
5.Ерөнхийлөгчийн сонгуулийг нийтээрээ бойкотлох хэрэгтэй гэв.
Хотын дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байсан ч гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаас болж АН-ынхнаасаа итгэж хүлээж чадсангүй. Мэдээлэл хийх үеэрээ тэрээр “Ажлаар намайг гүтгэн гүжирдэж, биднийг хүчин мөхөсдүүлэх зохион байгуулалттай дайралтын цаана маш том луйвар хийх гэж байгааг илчлэхээр та бүхэнд хандлаа. 2016 онд би ажлаа өгөхөөсөө өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн дуусаагүй барилгуудыг дуусгахаар 76.5 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж, 40 тэрбумыг нь бэлэн болгосон. Нийслэлийн төсөвт 20 тэрбумыг суулгаж, арилжааны банкуудаас 20 тэрбумыг гарган 10 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгуудыг дуусгахаар шийдвэрлэсэн. Нийт 25 барилга баригдаж дуусахад 3291 иргэн, тэр дотор газраа чөлөөлсөн 1200 айл 2016 оны намар орон сууцанд орох байсан. Тэгтэл Ардын нам, Хотын дарга Су.Батболд гарч ирээд нийслэлийн төсөвт тодотгол хийхдээ 20 тэрбумыг байхгүй болгосон. 10-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудын ажлыг зогсоосон. Гол шалтгаан нь өөрсдөө борлуулалтын хяналтыг тавих гэж байна. Гадны компаниар хөрөнгө оруулалт хийлгээд борлуулалтынорлогыг нь өөрсдөө авдаг бизнес хийх гэж байна. Гэр хорооллын газрыг маш хямд үнээр авах бусармаг үйлажиллагаа явуулах гэж байна. Энэ үйл ажиллагаагаа хаацайлахын тулд намайг гүтгэн, гүжирдэж байна. Тиймээсби гэр хорооллоор явж, иргэдтэй нэг бүрчлэн уулзаж, луйврыг илчилнэ” гэв. Мөн тэрээр намын гишүүддээ хандаж “Луйвар булхайн мөнгөний сонгуульд битгий оролц. Нийтээрээ бойкот хийххэрэгтэй” гэсэн уриалсан.
6.“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт болов
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн баасан гаригт /05.05/ болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд 226 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр 75 ажил хийхээр салбар яамд нь төлөвлөжээ. Энэхүү ажлын эхлэл болгож 40-65 насны иргэдэд В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон юм. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулжээ. Харин 40-65-аас бусад насны иргэд ирэх оноос шинжилгээ оношлогоонд хамрагдах боломжтойг А.Цогцэцэг сайд мэдээлсэн билээ.
7. “Авирагч сэтгүүлч”-ийг шалгаруулна
Монголын Үндэсний олимпийн хорооны санаачлагаар “Авирагч сэтгүүлч-2017” спорт авиралтын нээлттэй тэмцээнийг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй зохион байгуулагчид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийлээ. Олимпийн төрөлд шинээр орсон энэхүү спортыг олон түмэнд таниулах зорилгоор сэтгүүлчдийн дунд шилдгүүдийг шалгаруулахаар болсон байна. Нэг сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн URSA спорт бэлтгэлийн төвд болох юм. Бүртгэлийг galkhuu@olympic.mn, tungalag@olympic.mn цахим хаягаар авах буюу МҮОХ-ны байранд бүртгэж байгаа аж.“Токио 2020” олимпод спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл нэмэгдсэн. Тиймээс спорт авиралтын төрлөөр сар бүр тэмцээн зохион байгуулахаар болж, шилдэг тамирчдыг тодруулж байхаар болжээ.
8. Э.Содномпилжээ Дэлхийн цомд дахин түрүүллээ
Унгарын Эгер хотноо болж буй пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрээр 97 кг-ын жинд өрсөлдөж, 221 кг-ыг шахаж, түрүүлсэн бол "Бээжин-2008" паралимпийн хүрэл медальт Иракын Ал-Али 210 кг-аар мөнгө, Узбекстаны Нуриддин Давлатов 180 кг-аар медалийн тавцанд зогслоо. Унгарт болж буй парапауэрлифтингийн Дэлхийн цомд Их Британи, Унгар, БНСУ, Казахстан зэрэг арваад орон оролцож байгаа бөгөөд өнөөдөр /05.07/ өндөрлөнө. “Рио 2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ он гарсаар хоёр дахь Дэлхийн цомын алтан медалийг хүртээд байна.
Эх сурвалж:www.polit.mn