
Б.ЗАЯА
Монгол Улсад олон мянган хүнийг хохироосон сүлжээний бизнесүүд маш олноор гарч байсан удаатай. Энэ удаагийнх “G-Time” сүлжээ. Тус сүлжээний бизнесийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард хуулийн байгууллага зогсоон шалгаж эхлээд буй. Ар араасаа “цэцэглэсээр” байгаа луйврын бизнесийн талаар УЕПГ-ын Сургалтын төвийн хяналтын прокурор, сургагч багш, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.
-Манай улсад сүлжээний гэх тодотголтой бизнес гарч олон мянган хүнийг хохироосон түүх бий. Сүүлийн жишээ ч байна. Яагаад ийм төрлийн луйврын бизнес манайд цэцэглээд байна вэ?
-Сүлжээний бизнес гэх сүүлийн үед шуугиан тариад байгаа хэрэг анхных биш. 2000 оны эхээр Монгол Улсад нэлээд олон сүлжээний бизнес нэртэй иргэдийг хохироосон луйврын шинжтэй үйл ажиллагаа гарсан. Тухайлбал, “Шинэ санаа”, “Математикийн үйлдлийн шинжилгээний нийгэмлэг” гээд хэрэг байна. Глобал ньюс, Монголын оюунлаг залуусын холбоо гэх мэт. Нэлээд олон хэрэг шүүхээр шийдэгдсэн. Бараа бүтээгдэхүүн борлуулж борлуулагч нартаа урамшуулал өгөх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бизнесийн нэрийг ашиглаж, энэ нэрээр халхавчилж бэлэн мөнгөөр иргэдийг татах, өөрөөр хэлбэл, хөнгөн хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн сонирхол дээр тулгуурлаж хэдэн хүн энэ прамид шатлалтай системийг Монголд оруулж ирж байгаа юм. Энэ прамид шатлалтай систем нь дэлхий нийтэд луйврын шинжтэй үйл ажиллагаа гээд хүлээн зөвшөөрөгдчихсөн. Тэгэхээр иргэдийг татан оролцуулж байгаа хамгийн гол арга нь олон сүлжээний хэргээс аваад үзэнгүүт эхлээд маркетингээ боловсруулж байна. Үүний дараа иргэдийг татахын тулд хүмүүст урамшуулал амлаж байна. Энэ бүхний ард бараа бүтээгдэхүүнээр халхавчилж байна. Үнэн чанартаа бараа бүтээгдэхүүн зарах зорилгогүй. Доржоос авсан мөнгийг Туяад өгдөг. Ийм маягаар цааш өгсөөр хүмүүсээс авсан мөнгөний 50 хувь нь надад ашиг болж орж ирэх жишээтэй. Энд ерөөсөө тэр маркетингийг зохиосон, үйл ажиллагаа явуулаад байгаа хэдэн хүн л баяждаг. Үүний эцсийн үр дүнд иргэд орохоо болингуут энэ үйл ажиллагаа нуран унадаг. Учир нь үүнийг явуулж байгаа компани үйлчилгээ эрхэлдэггүй. Үйлдвэрлэл эрхэлдэггүй, нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаггүй. Ямар ч бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй.
-Яагаад тэгвэл үйл ажиллагаа явуулаад байна вэ?
-Үйл ажиллагаа явуулж байгаа чиглэл нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа олон улсын худалдаа, бараа бүтээгдэхүүн сурталчлах, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гээд ороод ирдэг. Эхний ээлжинд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурталчлаад хүмүүсийг татаж эхэлдэг. Ингэж эхлэнгүүт өөрийнхөө 10-20 хүн элсүүлээд энэ бизнесийнхээ далд утга санааг ойлгуулаад нөгөө хүмүүстээ нэг сая төгрөг өгсөн хүн гурав хоногийн дараа гурван сая төгрөгтэй гараад явчихдаг. Тэгээд тэд үүнийгээ цааш нь нийгэмд сурталчилдаг. Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмагаас гадна амар хялбараар мөнгө олох гэж байгаа хүсэл эрмэлзэл, сэдэл, хувь хүний сонирхол дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Бэлэн мөнгөний сүлжээ гэх бизнес хаана ч байхгүй. Сүлжээний бизнес гээд одоо бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа компанийн үйл ажиллагаатай холиод, энэ нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мессежийг нийгэмд цацаад өнгөн хэлбэр дээрээ түүнийгээ пи-ар болгож иргэдийг татаж эхэлж байгаа юм.
-Та энэ төрлийн хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай хүн. Энэ бизнесийг анхнаас нь төлөвлөөд байна уу?
-Сүлжээний бизнесийг төлөвлөхгүйгээр хийнэ гэж байхгүй. Асар том маркетинг зохиочихсон байдаг. Үүнийг зохиодог бүлэг хүмүүс байна. Өөрсдөө үүнийг зохиогоод нийгэмд нэвтрүүлж чадвал хэдэн хувийн ашиг авах вэ гэдгээ тооцоолсон байдаг. Та бод доо. 2000 онд 1500 ам.доллар гэж ямар их мөнгө байв. Тэгвэл тухайн үеийн сүлжээнд 1500 ам.доллар өгөөд элсэх боломжтой хүн хэд байв. Гэтэл тэр маркетинг боловсруулсан хүмүүс нь өөрсдөө өсөр өндөр боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс байсан. Тэр сүлжээнээс цуглуулсан мөнгөнийх нь үнийн дүн бол аймшигтай байсан. Тэр өдөр 1500 ам.доллар өгөөд ирж байсан хүмүүсийг хараад бид ч гайхаж байсан. Байр тухайн үед банкны барьцаанд тавихад 4000-5000 ам.доллар болж байсан. Нөхрийгөө, дүүгээ итгүүлээд байраа барьцаанд тавиад гурван хүн тус тусдаа 1500 ам.доллар сүлжээнд өгөөд гурав хоногийн дараа тэр хүмүүс 12000 ам.доллар буцааж авсан тохиолдол бий. Пирамид тогтолцоогоор эхэлж нэгээс тооллоо гэхэд доошоо дөрөв, таван үед байгаа хүмүүс бүгд ингэж ашиг авсан. Энэ нь юу гэж хэлж байна вэ гэвэл, би мөнгө олоод өгчих юм бол баяжих юм байна, надад ажил эрхлэх шаардлага алга гэж бодох болсон. Тэгэнгүүт энэ мэдээллийг бусдад тарааж эхэлдэг. “Худлаа гэвэл хар, би ийм хэмжээний мөнгөтэй болчихсон” гэдэг. Өөрөөр хэлбэл, пирамид хэлбэрийн тогтолцооны хамгийн аюултай тал нь иргэдээр өөрсдөөр нь өгөөш болгодог. Эцсийн үр дүндээ маркетинг зохиосон хүмүүс хождог. Энэ нь цаанаасаа удаан хугацаанд бодож төлөвлөгдсөн ажил. Олон жилийн хугацаанд сүлжээний бизнес бол шууд худалдаа биш. Шууд худалдаа нэрийн дор, эсвэл тэр улсаас ийм бараа бүтээгдэхүүнийг та бүхэнд авчирч үзүүлнэ гээд сурталчилж байгаа. Энэ бол зүгээр л халхавчилсан нэр нь. Үнэн чанартаа бэлэн мөнгө эргэлдүүлэх зорилготой.
Үнэхээр Монгол Улсад энэ луйврын бизнес хашрахаар гарлаа. Богино хугацаанд хурдан хүчээ авч байна. Нэр дурдагдаад байгаа аж ахуйн нэгж үүсгэн байгуулагдаад сар болоогүй асар их хэмжээний ашиг олж байна. Мэргэжлийн хүмүүс, тухайлбал, татварын байгууллага үүнийг шууд анхаарах ёстой. Гэнэтийн шалгалтыг хийх ёстой. Яагаад манай дүүрэгт дөнгөж саяхан байгуулагдаад энэ олон гишүүнийг татаад бараа бүтээгдэхүүн зарагдах хугацаа ч олгохгүйгээр ашиг олоод байгааг шалгаж илрүүлэх ёстой байсан.
-Тэгвэл татварын байгууллага ийм хэргийг илрүүлж таслан зогсоож байсан тохиолдол байдаг уу?
-Ерөөсөө үйл ажиллагаа хянагдаад явчихсны дараа энэ ажиллагаа гарч ирдэг. Татварын байгууллагын дүгнэлт гарсан тохиолдол байдаггүй. Хүмүүс хохироод, хэл ам гараад ирэнгүүт цагдаа, хуулийнхан юу хийж байв гэж дайрдаг. Аж ахуйн нэгж байгууллага дүрэмд заагдаагүй үйл ажиллагаа явуулж байгаа мессеж нийгэмд цацагдаж байгаа нь цагдаагийн байгууллагын шалгах асуудал биш. Татварын байгууллагынхны ажил.
-Монголд гарсан хамгийн сүүлийн хэрэг бол “G time”. Энэ сүлжээний хохирогчид эдүгээ хохирлоо барагдуулж чадахгүй байгаа. Зарим нь олон нийтэд хандаж “Сүлжээг хэвийн ажиллуул. Бид хохирлоо нөхөж олмоорх байна” гэж мэдэгдсэн. Энэ нь хэр зөв үйлдэл вэ?
-“G time” корпораци Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг 2016 оны арваннэгдүгээр сард олгож гэрчилгээ өгсөн. Энэ үйл ажиллагааг зогсоосон. Хохирсон бухимдсан, эд зүйлээ алдсан иргэдийн сэтгэл зүйг ойлгож байна. Гэхдээ аливаа зүйлд өөрийн үндэслэл бий. Төр энэ луйврын үйл ажиллагааг зөвшөөрөөгүй. Анх орж ирэхдээ дээр хэлснээр аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгүүлэхдээ бараа бүтээгдэхүүн борлуулах, борлуулагч хүмүүсээ диллер гээд нэрлэчихсэн. Диллер нь борлуулагч, тоглогч. Хэрэглэгч биш. Яг ийм байдлаар бараа бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа, оффис бүхий л зүйлээ харуулчихдаг. Үзүүлэнгийн цонхон дээр үнэхээр бараа бүтээгдэхүүн нь байдаг. Ингээд л үйл ажиллагаа эхэлдэг. Энэ хэдэн мянган хохирогч хэдхэн хоногийн дотор бий болчихдог. Сүлжээний бизнесийн аюултай тал нь энэ. Нэг өдөрт 1000 гаруй хүн элсч байдаг. Гэтэл үйл ажиллагааг үргэлжлүүлээч гэж хохирогчид хэлж байгаа. Ингэх боломжгүй. Төр “Туяа та дахиад хоёр хүнийг хуурч хохироогоод мөнгө аваад ир. Тэгээд хохирлоо ав” гэж хэлэх юм уу. Үгүй. Харин ч энэ луйврын үйл ажиллагааг зогсоосон нь олон хүнийг эрсдэлд орохоос хамгаалсан гэж бодож байна, хуульч хүний хувьд. Энэ бол үйл ажиллагаа биш. Танаас мөнгө аваад өөр нэгэнд дамжуулж байгаа явдал бизнес биш. Зүгээр л бэлэн мөнгөний эргэлт.
-Тэгвэл яагаад иргэд ажилласаар байдаг юм бэ?
-Энэ хүмүүс ийм ажиллагаанд орохдоо компанийг ямар нэгэн борлуулалтын үйл ажиллагаа явуулахгүй байгааг шууд ойлгодог. Ойлгосон хэрнээ яагаад татагдаад байдаг вэ гэхээр өгсөн мөнгийг нь өсгөөд өгчихдөг. Тиймээс татагдаж ар гэрийнхнээ бүгдийг оруулаад ирж байгаа юм. энэ нь аливаа асуудалд хөнгөмсөгөөр хандсан, эрх зүйн сул доройгоос гадна мэдээж амар хялбар аргаар маш богино хугацаанд олон хүнийг хамруулаад их мөнгө олъё гэсэн зорилго. Манайд бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж бий. Тэгвэл Германд шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэж байдаг. Бэлэн мөнгө эргэлдүүлээд байгаа хууль бус үйл ажиллагаа өөрөө шударга бус өрсөлдөөн. Үүнийг Герман хуулиараа зохицуулчихсан. Шударга бус өрсөлдөөний эсрэг хуулийнхаа 14 дүгээр зүйл дээр хатуу зохицуулчихсан байдаг. Дээр нь түүнд аж ахуйн нэгж татан оролцох юм бол бүр хүнд шинжтэй. Гэтэл манайд шударга өрсөлдөөнийг зохицуулах газар нь байна. Дүрэм журам нь ч байна. Гэтэл шударга бус өрсөлдөөн нийгэмд давамгайлаад гараад ирвэл яах вэ. Яг үүнтэй холбоотой зохицуулалт байна уу. Аж ахуйн нэгжийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт үүнийг бүрэн утгаар нь зохицуулж чадахгүй байгаа. Асар богино хугацаанд вирус шиг нийгмийг идээд хүмүүсийг амьдралаар нь сүйрүүлж байгаа үйл ажиллагааг юу гэж тодорхойлох вэ. Гэтэл үүнийг бизнесийн үйл ажиллагаа гэж итгэчихээд ажлаа явуулъя гээд эсэргүүцээд байгаа.
-Ер нь энэ төрлийн гэмт хэргийг манай хууль эрх зүйн орчинд хэрхэн тусгасан байдаг вэ?
-Эрүүгийн эрх зүйн нэг томъёолол байна. Гэмт хэргийг санаатай үйлдэх гэж. Бэлэн мөнгөний сүлжээ эргэлдүүлж иргэдийг хохироосон энэ хэргийг өнөөдөр хүртэл Монгол Улсын шүүхийн практикт яагаад залилангийн хэрэг гэж үзсэн бэ гэж. Бусдын өмчлөх эрх эд зүйлийг авахын тулд би таныг төөрөгдөлд оруулж бодит бус биелэгдэхгүй зүйлийг бодитой мэтээр итгүүлнэ. Эсвэл хэлцлийн аргаар, эсвэл өгөөш тавьж итгүүлээд эд зүйлийг нь авдаг. Үүнийг хуулийн хэллэгээр бид залилан мэхлэх гээд байгаа. Энэ бол ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэмд тустай ч юм уу аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа биш байтал энэ жинхэнэ санаагаа нуун далдлаад хүмүүсийг урьж оролцуулангуутаа итгээд ашиг авчихсан хүмүүсийг өгөөш болгоод тавьчихдаг.
-Одоо тэгвэл гарц нь юу байна вэ?
-Олон жил сүлжээний бизнес нэртэй бэлэн мөнгөний үйл ажиллагаанд иргэд хохирлоо. Нэгдүгээрт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьдаг эрх бүхий байгууллага ажлаа хийгээч, хуулий эцсийн байдлаар судлаач, иргэдийн эрх зүйн байдал, санхүүгийн боловсролыг 10 жилийн сургуулиас нь зохицуулъя. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж аймаг, дүүрэг бүрт ажиллаж байгаа. Энэ хүмүүс дүүрэг, хороо, аймгаас нь хэдэн зуун мянгаар нь хохироод явж байхад юу хийж байсан юм. Олон жилийн хугацаанд давтамж статистикаар нь 10-хан хүний зохион байгуулсан маркетинг нэг, хоёрхон сарын дотор бүтэн нийгмийг хамарч байгаа гашуун туршлага байна. Мэдээж энэ бүх асуудлыг зохицуулах гол үндэслэл нь эрх зүйн баримт бичиг.
Эх сурвалж: www.polit.mn